ЗУРВАСХАН БОДЛУУД

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21
 ГАНЦААРДСАН ҮЕДЭЭ...

Зүгээр л хаашаа ч хамаагүй гараад л алхмаар. Сэтгэлийн гунигаа сэвэлзүүр салхиар хучмаар, сэхүүн зангаа нарны илчээр аргадмаар, цээж дүүрэн амьсгалж модны сүүдэр дор зогсмоор. Уртаар амьсгалж уулын оройг ширтэхүйеэ,  бодол минь  үүлсийн тэртээд тэнүүчилнэ.

Зүгээр л хэнтэй ч хамаагүй уулзаж ярилцмаар.  Давчидсан бодлоо инээмсэглэлээр халхалмаар, ээдэрсэн дурсамжаа элдэв дэмий яриагаар даруулмаар, алдарсан итгэлээ чанга инээдээр эргүүлмээр. Сатаарах яриа нь сэмжин үүлнээс газарт дуслах борооны дуслууд шиг дүрсгүйтэн үсчинэ.

Зүгээр л хэн нэгнийг хайрламаар. Зөрүүд сэтгэлээ энгэртээ тэврэх бүсгүйн үсэнд зөөллөмөөр, ганцаардсан гунигаа зөөлөн үнсэлтээр аргадмаар, нуусан хайраа нулимсыг чинь арчиж илчилмээр.

Лугших зүрхэндээ өөрийгөө мэдэрч, тэвэрсэн цээжиндээ чамайг энхрийлж, чиний л өмнө сөгдөн чин сэтгэлийн хайрыг гуйх сан.
 
ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙХ ҮЕДЭЭ...

Зүгээр л өөрийнхөөрөө байх сайхан. Хэн нэгэнд таалагдах гэхдээ "баг" өмсөж, худлаа зусардаж, хоосон магтах хэрэг юун. Худал зусардахад нүүр минь улайж, хоосон магтахад сэтгэл минь ичингүйрнэ. Гүвээ даваад баригдах худлын дэнсэн дээр, туулайд баригдах үнэнд нэрээ барж яана. Үнэнийг нь нүүрэн дээр нь хэлчихээд, өөр рүүгээ нулимуулж байсан нь хамаагүй дээр.  Дараа нь хэн нэгэн рүү цэх харахад, бусдын нулимдас нүүрэн дээр унадаггүй юм.
Зүгээр л өөрийнхөөрөө байх сайхан.  Бусдаас дутахгүй гэсэндээ "баян" хүний дүр эсгэж, бусдад гайхуулах гэсэндээ "ухаантай" төрх харуулж,  бусдаас илүү гэдгээ нотлох гэж хэн нэгнийг "доош" хийн муулах хэрэг юун. Алдаа онооны дэнсэн дээр хэн ч ухааждаг тавиланд, хүндээ хөнгөнөөс өгч яана. Саараа бусдад мэдрүүлчихээд сайхнаа дараа нь харуулж  бахдуулж байсан нь хамаагүй дээр. Дараа нь хэн нэгэн рүү  сэтгэлээсээ инээмсэглэж байхдаа,  чин сэтгэлээсээ баярлуулж чаддаг.

Зүгээр л өөрийнхөөрөө байх сайхан. Өөрөө уйлж бусдыг инээлгэж ирдэг энэхэн тавиланд, өрөөлийг уйлуулж өөрөө инээж буцдаг заяанд өөрөө өөртөө эзэн нь болж чадах юутай сайн. Чи энэхэн хорвоогийн нэгэн эс, хэзээ ч давтагдахгүй бурхны бүтээл. Заавал бусдад таалагдах гэж шаналж яана. Энэ тавилан чиний л тохиол болохоор эзэн нь болж чадахгүй юм бол "хүн" болж төрөх хэрэг юун. Ядаж л хүмүүсийн сэтгэлд сайнаар дурсагдаж, бас үгүйлэгдэж чадах юм бол, энэ чиний хувьд ертөнц дээр гишгэсэн мөр.
 
ХАЙРЛАСАН ҮЕДЭЭ...
Зүгээр л сэтгэлээ нуумаар.  Зөрж өнгөрөх нэгнээс   хайрласан харцаа нууж өнгөрмөөр, зөөлөн шиврэх бороонд  шалба норж алхмаар, зүггүйтэж   хээр талд  ганцаараа хашгирмаар. Дараа нь зөндөө удаан инээж, догдолж цохилсон зүрхээ гараараа зөөлөн илмээр, бас энхрийлмээр. Зүрхний минь цохилт надтай "хуучилж", намайг "тайвшир" гэж аргадна.

Зүгээр л хэн нэгнийг баярлуулмаар. Баясаж догдолсон сэтгэлээ хувинд хийж дүүргээд цалгиулалгүй зөөлөн алхмаар, багын найзтайгаа хуучилангаа  сэмэрсэн дурсамжаа сэргээмээр, балчир жаахан хүүд чихэр авч өгчихөөд магнайг нь гараараа илж аргадмаар, бас учирламаар.  Дараа нь өөртөө талархаж сэтгэлээ ариусган, зүлэгт цэцэгс дундуур зөөлөн зөөлөн алхаж, хөлөөрөө хайрыг мэдэрнэ.

Зүгээр л хайртай түүнээ аргадмаар. Зүггүйтэж чамайг шоглон байж уйлуулчихаад элгэндээ нааж аргадмаар, гомдлын нулимсыг тань болор жүнзэнд  дүүргэж хайрын үгсийг урсгамаар, буцаж ундрах хайрыг тань цэцэгсийн баглаа болгож эргүүлэн баримаар.  Дараа нь хайрын цэцэгсээр амталсан  дарсаа хамтдаа амтлан байж, холын хол руу гар гараасаа чанга атгалцан хамтдаа одно, зөвхөн чамтайгаа хамтад.
 
                                                     Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top