“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор 10 мянган мод тарина

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгуулж буй бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлж, 70 гаруй байгууллага, хамт олон, гэр бүл оролцож, мод тарилаа.

Арга хэмжээг нээж НИТХ-ын дарга Д.Ихбаяр үг хэллээ. Тэбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 онд НҮБ-ын индэр дээрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхий нийтэд зарлаж, улс орон даяар хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо.

Мөн хавар, намрын мод тарих өдрүүдийг тогтмол зохион байгуулснаар иргэдийн экологийн боловсрол, оролцоо нэмэгдэж байна. Энэ жилийн тухайд, нийслэл хотод төвлөрсөн Улаанчулуут, Нарангийн энгэр, Цагаандавааны хогийн цэгт мод тарина. Нас биед хүрсэн нэг мод дунджаар 194 сая төгрөгийн экологийн болон нийгмийн үр өгөөжтэйг санаж иргэн бүр мод тарихыг уриаллаа.

Энэ удаагийн бүх нийтийн мод тарих арга хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд өргөнөөр оролцож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулж 10 мянган мод тарих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top