Алтны нөөц ашигласан татвар 2.5 хувь байхаар төсөлд тусгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нар танилцууллаа.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварын бодлоготой холбоотойгоор Монгол Улс 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд зургаан тонн болж буурсан байна. Алтны дэлхийн зах зээлийн үнэ 2000 оноос хойш сүүлийн 13 жил тасралтгүй өсч улмаар 2009 оноос хойш огцом өсөлттэй байгаа. Сүүлийн жилүүдэд ойр ойрхон гарсан дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямралын үед зарим улсын Засгийн газар, томоохон банк, санхүүгийн байгууллагууд алтыг их хэмжээгээр худалдан авч нөөцлөн цаасан мөнгөний үнэгүйдлээс хамгаалах болсон.

Алт олборлогч болон алт худалдан авагч этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гарах хандлага байсаар байна. Иймд алт олборлогч аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах, Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг нэмэгдүүлэх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлэх, борлуулсан алтанд ногдох орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогт, хуулийн төсөл өмнөх хуулиас муудаж орж ирсэн байна гэсэн шүүмжлэлийг хэллээ. Мөн алт олборлогч тухайн жилд алтаа заавал тушаана гэж байгаа мөртлөө Монголбанкинд юмуу арилжааны банкинд алтаа худалдана гэсэн байна. Энэнээс өөр гарц байхгүй. Иймд тушаана, худалдана гэсэн ойлголтын зөрүүг яаж харж байгааг тэрээр тодруулсан бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, хувиараа алт олборлогчдоос алт худалдан авах үйл ажиллагааг яаж зохицуулах тухай асуудлыг хөндөв. Мөн Оюутолгой компани биет бус алтаа тушаалт хийвэл 2.5 хувийн хөнгөлөлт эдлэх эсэхийг асуулаа.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариултдаа “Монголдоо Монголбанкнаас зөвшөөрөл авсан арилжааны банк Монголбанкинд алтаа тушаасан тохиолдолд нөөц ашигласны төлбөр 2.5 хувьтай байхаар хуулийн төсөлд тусгасан. Өмнө нь энэ хуулийн төсөл нь алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай бие даасан хууль байдлаар орж ирж байсан. Энэ хууль ямар нэгэн компанид зориулагдаагүй. Бичил уурхайгаас алт хэрхэн худалдаж авах талаарх заалт хуулийн төсөлд орсон байгаа. Монголбанкнаас гадна арилжааны банкууд алт худалдаж авна. Бичил уурхайчдаас алт худалдаж авдаг мэргэжлийн компаниуд дэлхий нийтэд байдаг юм байна. Тэрийг холбогдох байгууллагууд нь зөвшөөрөл өгөөд хэрэгжүүлэх боломжтой.  Биет болон биет бус гэдэг ойлголт нь арилжааны хэлбэр” гэдгийг  тэрээр тайлбарлав. Мөн хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг ярилцаад улам боловсронгуй болгох боломжтойг хэлж байсан юм.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erdes(182.160.41.124) 2014 оны 04 сарын 06

shal hudal huivaldaan!!

0  |  0
Top