Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд, Сангийн Сайдын хамтарсан тушаалаар ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр болсон. Ойжуулалтын ажлыг мод бэлтгэх үйл ажиллагаа эрхэлдэг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага аймаг, нийслэлийн Байгаль орчны газартай гэрээ байгуулан хийж гүйцэтгэнэ. Гүйцэтгэгч байгууллага нь гэрээний дагуу төсөвт зардлын урьдчилгаа төлбөр болон өөрийн хөрөнгөөр суулгацаа тарина. Тэдний тарьсан суулгацын 75 хувиас илүү нь амьдрах чадвартай, ургаж мод болох боломжтой нөхцөлд үлдсэн төлбөрийг олгох юм. Тарьц, суулгац 50-74,9 хувийн амьдралттай ургасан бол гүйцэтгэгч өөрийн зардлаар 90 хувь хүртэл нөхөн тарилт хийж, актаар хүлээлгэн өгснөөр үлдэгдэл санхүүжилтээ тухайн жилдээ багтаан авах боломжтой. Харин тарьсан тарьц, суулгац нь 25-49,9 хувийн ургалттай бол гүйцэтгэгчид урьдчилгаагаар олгосон нормативт зардалд хүрэхүйц шаардлагатай нөхөн тарилтыг гүйцэтгэгчийн хөрөнгөөр хийлгэж дараа жилийн намар хүлээж авна. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тарьсан тарьц, суулгац нь 24,9 хувь хүртэл хэмжээнд ургасан бол уг ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж гүйцэтгэгчээр ойжуулалтын ажлын урьдчилгааг эргүүлэн төлүүлэх ажээ.

Сэтгэгдэл ( 1 )
Ойжуулах зорилгоор авч байгаа арга хэмжээг дэмжиж байна Энэхүү арга хэмжээнд байгаль орчны чиглэлээр сургуулиа төгсөөд ажилгүй байгаа залуусийн санал хөтөлбөрийг илүүтэй дэмжиж өгвөл сайн байна