УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Бие даагчдын зүгээс Засгийн газарт орж ажиллах уу?
- Бид Н.Алтанхуягийн Засгийн газар унасан үеэс эхлэн байр сууриа илэрхийлсэн. Ч.Сайханбилэг Засгийн газраа МАНАН болгон байгуулвал бид сөрөг хүчин болж ажиллана. МАНАН үүссэн тохиолдолд хяналтын чиг үүрэг алдагдана. Тиймээс бие даагч гишүүд сөрөг хүчин болох ёстой гэж харж байгаа. Бид цаг алдаж болохгүй үед байна. Хэн ч байсан бид дэмжинэ. Тэгэхгүй бол гурван яам санхүү төсөвгүй болоо. Цаашдаа ямар бүтцээр явах нь одоогоор тодорхойгүй байна.
- Сөрөг хүчин Засгийн газарт орохгүй гэдгээ мэдэгдсэн. Бие даагч гишүүд шинэ Засгийн газрын бүтцийг хэрхэн харж байгаа вэ?
- Хуучин Засгийн газрын бүтцийн нэг агентлагт л өөрчлөлт орвол дөнгөж сая батласан 2015 төсөвт тодотгол хийх шаардлага гарна. Ялангуяа яам, агентлаг нэмэгдвэл. Нэгдүгээр сарын нэгнээс төсөвт ороогүй агентлаг хөрөнгө мөнгөгүй болно. Тиймээс шинэ байгуулагдаж байгаа Засгийн газар одоогийн бүтцээр л ажиллахгүй бол 2015 оны төсвөө тодотгох шаардлагатай болно.
- Эдийн засгийн хөгжлийн яам сайдаасаа болж асуудал үүссэн ч энэ чиглэлийн яам байх нь зайлшгүй шаардлагатай гэсэн хандлага байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
- Чухал асуулт байна. Эдийн засгийн хөгжлийн яам байх нь зүйтэй. Хуучин Засгийн газрын алдсан гол зүйл нь Эдийн засгийн хөгжлийн яамд байна гэж боддог. Энэ яамд Дунд хугацааны бодлого төлөвлөлт байгаагүй. Энэ нь эргээд төсвийн хөрөнгийг үр ашиггүй болгосон. Бид Эдийн засгийн хөгжлийн яамтай болъё гэвэл дэмжинэ. Дунд хугацааны бодлого төлөвлөлтгүйгээр хөгждөг улс орон гэж байдаггүй. Хуучин бид 1990-ээд оноос өмнө тав таван жилээр төлөвлөөд явдаг байсан шүү дээ. Хөрөнгө оруулалт төсвийг үр ашигтай болгоё гэвэл Засгийн газарт, энэ төрд бодлого төлөвлөлт зайлшгүй байх ёстой.
- Шинэ Ерөнхий сайд өрийн босгыг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Бие даагчдын зүгээс үүнийг дэмжих үү?
- Муу өр сайн өр гэж байхгүй. Өрийг үр ашигтай зүйлд зарцуулж байна уу, үгүй юу гэдэг нь чухал. Хуучин Засгийн газарт оносон зүйл ч бий, алдаа ч бий. Хамгийн гол алдаа нь өр тавиад түүнийгээ юунд зарцуулахаа огт тооцоолоогүй. Үрж дуусгасан. Өнгөрсөн хоёр жилд энэ өрийн босгыг дээшлүүлэхээс өөр аргагүй байдалд биднийг оруулсан байна. Хэрвээ өрөө нэмэх гэж байгаа бол энэ өрийг юунд зарцуулахаа УИХ ард түмэнд тодорхой байлгах ёстой. Хоёр жил хагас хадаасаа үйлдвэрлье, гангын үйлдвэр байгуулъя, нефьтийн үйлдвэр хаачсан бэ гэж асууж байсан. Өрийг юунд зарцуулах вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй. Юу хийх вэ гэдгээ ярьсны дараа Засгийн газрын бүтцээ гаргах ётсой. Шинэ Ерөнхий сайд төрийн өмчийг хувьчилна гээд ханцуй шамлаад дайрна гэдэг бол 25 жилийн өмнөх алдааг давтаж байна гэсэн үг. Төрийн өмчийг битгий хар. Тэнд идэж уудаг зүйл байгаа. Гэхдээ эхлээд хяналтаа, хариуцлагаа нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ ав. Эмнэлгүүдийг хувьчилна гэж яриад байх юм. Энэ асуудлыг Ерөнхий сайд салбарынхантай нь, татвар төлсөн иргэдтэй ярилцаж шийдэх ёстой. Одоо баячуудад зориулсан хувийн эмнэлэг дүүрэн байна. Тэнд мөнгөгүй, орлого багатай хүмүүс үйлчлүүлдэггүй. Эмнэлгийг хувьчилбал хүнд суртал арилна гэж байхгүй. Төрийн эмнэлэг байгаа учраас орлого багтай хүмүүс эмнэлэгт хандах боломжтой байгаа юм шүү. Хариуцлага, үр дүнг нь сайжруулах менежмент ярих ёстой болохоос биш ханцуй шамлаад орж болохгүй. Ч.Сайханбилэгт нийгмийн тухай хичээл заах хэрэгтэй юм байна. Зах зээлийн эдийн засаг гэдэг бол нийгмийг, улс орныг шууд хар зах дээр гарга гэсэн үг огт биш.
Л.Одончимэг
Сэтгэгдэл ( 1 )
ynen ynen ynen yrijee odoo hybichlalaar yah ni ve bygdiig ni hamgiin ashigtaigaa ynegyidyyleed hybichaald taraagaa biz dee..saihanbilegt niiegmees gadna ediin zasag geed l zondoo yrgaltand syyh heregtei,Ih deeshee tasarhai hymyys gazar deerh mainiin amidraliig oilgohod hetsyy,hyviin ynetei emnelgt bid l ochij chadadgyi bas mongoo tolood yeh magadlal mash ondor,Ene ybdld Ydval said hamaagyi eldveeer helyyleed ene ih hel amta olgarhyudin ger bylee tednes ailgyi ajlaa hiigeed zytgej bnai