Монголчууд ядуу ч Монгол баян. Улс төржиж, барьсан гэр рүүгээ чулуу шиддэг ч эх орны минь амьдрал хөх тэнгэрийнхээ дор хөсөг нүүдлийн цуваа шиг үргэлжилсэн хэвээрээ. Амьдралд сайн нь саараасаа илүү болохоор итгэл төрүүлж, нэг сайхан доргичихмоор гэгээн мэдээ олонтаа дуулддаг. Тэгвэл сүүлийн үед газрын тосны салбар ийм наалдацтай мэдээгээр дүүрэн байна.
...Нийтлэлч Баабар саяхны нэг нийтлэлдээ “Их нуурын хотгорт дэлхийд эхний тавд орох газрын тосны орд бий талаар урьдчилсан таамаг гарсан. Энэ нөөц долоон тэрбум баррел хүрэх аваас хоолойгоор татах тухай ч ярьж байна. Үүнийг нотлохын тулд хайгуул хийж, цооног өрөмдөж, сейсм тавихаас өөр аргагүй. Засгийн газар энд тендэр зарлан шалгаруулчихаад ялсан компани яг ирээд хийх гэхээр нь унжаад хэвтчихсэн. Унжих байсан юм бол явдал болгож шалгаруулалт явуулах ямар хэрэг байна” гэжээ. Хэрэв энэ таамаг нотлогдвол тэнгэрийн од шүүрснээс өөрцгүй бөгөөд зөв гараар ашиглавал Монгол Төв Азийн Кувейт боллоо гэсэн үг.
Ганцхан сарын өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Галбын говийн “Галба-11” талбайд хийсэн 14 өрөмдлөгийн бүгдээс нь газрын тос илэрсэн. Үүний гурван цооногоос нь 20 хоногт туршилтын журмаар 1500 шоо метр түүхий тос олборложээ. Энэ талбайд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Зон Хэн Юу Тиан" компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан юм. Одоо “Галба-11” талбайд өрөмдөх цооногийн байршлыг тогтоохоор гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг гүйцэтгэж эхлээд байна.
Нийт талбайнхаа тэн хагас шахам хувьд буюу 358.9 км.квадрат талбайд чичирхийллийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн гэх мэдээлэл байсан. Одоо бараг дуусч байгаа байх. Хээрийн боловсруулалтын түвшинд маш сонирхолтой бүтэц, тогтоцууд тогтоогдож байгаа гэсэн эерэг мэдээллийг "Зон Хэн Юу Тиан" компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй "ВGP" компанийн мэргэжилтнүүд манайханд дуулгажээ. Тухайлбал, одоо хийгдэж байгаа чичирхийллийн судалгааны ажлын үр дүнгээр тос илэрсэн блокоос ч илүү сонирхолтой хотгор тогтоогдсон гэнэ. Тиймээс ирэх жил хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлж, ашиглалтын 20 цооног өрөмдөхөөр төлөвлөж байгаагаа компанийн удирдлагууд мэдэгджээ. Газрын тосны газрын Хайгуул судалгааны хэлтсийн дарга О.Энхбаярын хэлснээр хичнээн гүн хотгор байна төдий чинээ тос үүсэх магадлал өндөр байдаг гэсэн.
"Галба-11" талбайн хувьд одоогоор албан ёсны нөөц нь тогтоогдоогүй ч "Зон Хэн Юу Тиан" компанийн судлаачид Тамсагаас дутахгүй орд илэрнэ гэж үзэж байгаа аж. Манай газрын тосны мэргэжилтнүүд ч бас Тамсагийн ордтой дүйцэхүйц хэмжээний нөөц илэрнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн. Хоёр гурван жилийн өмнөх тоо баримтаар бол Тамсагийн бүсэд 119. сая тонн түүхий газрын тосны нөөц илэрсэн гэж яригдаж байсан санагдана. Түүнээс хойш нэмэгдсэн байх магадлалтай. Тэгвэл Галбын говьд үүнээс багагүй нөөц байгаа гэсэн үг.
О.Энхбаяр даргын хэлснээр 1992 онд өмнө нь хийж байсан судалгаанд үндэслэж газрын тос байх магадлалтай 22 талбайг ялгасан аж. Нэмж талбай ялгаж, зарим талбайг хувааснаар газрын тосны хайгуулын 31 талбай болж нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар хоёр талбайгаас олборлолт явуулж байгаа бөгөөд “Галба-11” талбай удахгүй гурав дахь нь болох магадлал өндөр байна.
Ханбогдод нийтдээ олон улсын хэмжээнд нээлттэй тендер зарласан 22 талбай бий. Тэднээс ямар үр дүн гарахыг одоогоор хэлэхэд эрт ч их говийн хээлэнд хар алтны нуур тэнгис “цэлэлзэж” байхыг үгүйсгэх аргагүй.
АНУ-ын “Exploration Associates international-Texas” компани Монголын газрын тосны нөөцийг 4-5 тэрбум тонн гэж үнэлсэн. Энэ бол өөдрөг төсөөлөл, гэхдээ бодит мэдээлэл дээр тулгуурласан тоо баримт байж таарна. Бас нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй.
Хэдийгээр Монгол руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт саарсан ч хамгийн их эрсдлэлтэйд тооцогддог газрын тосны салбарт эрэл хайгуул идэвхжиж байна. Энэ нь өнгөрөгч долдугаар сард Газрын тосны тухай хууль батлагдаж, энэ салбарт баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болсонтой холбоотой.
Газрын тосны салбарт баримталж буй Бүтээгдэхүүн хуваах гэрээ хэл ам дагуулдаг. Гэхдээ нефтийн хайгуул судалгаа маш их эрсдэлтэйг санах хэрэгтэй. Хөрөнгө мөнгө, ажиллах хүч, техник технологи гэхчилэн хөвөрч өгнө. Ганцхан талбайн чичирхийллийн судалгаан дээр гэхэд л 300-350 хүн ажилладаг, нэг өрөмдлөгт 50-60 хүн ажиллаж наанадаж 1-2 сая ам.доллар зарцуулах жишээний. Харин Монголын хувьд эрсдэл өндөртэй хайгуулын ажлаа гэрээлэгчдийн хөрөнгөөр хийлгэчихдэг учир үүрээд байх эрсдэл гэж үгүй. Хэрэв тос олдвол бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу борлуулалт хийгдсэн өдрөөс нь л ашгаа хүртэж эхэлдэг давуу талтай.
Газрын тосны салбар Монголын хөгжлийн баталгаа болж харагдаж эхэллээ.
П.Булган
Сэтгэгдэл ( 7 )
Ашгүй дээБаялагаа зөв ашиглаасай.Бинзенээ монголдоо үйлдвэрлэдэг болоосой.гадагш нь битгий зөөгөөсөй.
Deeguur dooguur hulgai hiidgee l bolichihvol Mongol mini hugjnu!
hanbogd sumiin nutagT barag 3-4 jil haiguulin urumdlugiin ajil hiigdej baigaa sh tee ungursun 8sard urumdlug n buugaad chichirhiileliin sudalgaa hiine geed shoroo shig olon hyataduud irchihsen baisaN GAZRIINTOSNII GAZRIINHAN HYANALTAA BUREN TAVIJ CHADDAG YUM BOLOV UU DAA DAHIAD EH ORNII MINI BAYLAG GADAGSHAA URSAH BII DEE HAIGUUL HIIJ BAIGAA GAZRIIN HARALDAA HILIIN TSAANA HYATADIIN GAZRIIN TOSNII TSOONOGUUD BDAG GESEN TEGEHEER MANAID CH GESEN IHEEHEN HEMJEENII NEFT BAIH MAGADLALTAI L GESEN UG
Монголын заяа буян их ээ. Сайхан амьдрах сайхан өдөр ирэх байлгүй дээ.
Монголын заяа буян их ээ. Сайхан амьдрах сайхан өдөр ирэх байлгүй дээ.
manai bayachuud munguu niiluuleed hiivel chadahgui ym gej ugui, zaaval gadnii hurungu mungu gelgui, genco, mak, mcs geed uchnuun garuud bna. ted nartaa uguud hunii nohoi idheer uuriin nohoi ideg geed suuj baisan ni deer
Гайхалтай. Гагцхүү энэ ордуудаа Оюутолгой шиг гарынхаа салаагаар бүү урсгаасай. Газрын баялгийг хэрхэн яаж ашиглахаа лоббид автсан хэдэн хууль тогтоочид бус ард түмнээрээ хэлэлцэж шийдвэрлэдэг байх хэрэгтэй