Архи уудаг жирэмсэн эхчүүдийг жигшье

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

Ажил хийдэггүй, хийлээ ч олсон хэдээ хар усанд өгчихдөг ээжүүд, аавууд бидний нүдэн дээр олширч байна. Нүднээс далдуур юу ч болж байгааг хэн мэдэх вэ? Ялангуяа амжиргааны түвшин доогуур гэр хорооллын айлуудад архинаас болж гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн тоо өссөөр байдаг. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төсөлд авах ч юм байна, хаях ч юм байна. Тэрбээр өмнө нь Тамхины хяналтын тухай хуулийн төслийг батлуулж байсан болохоор энэ хуулийг “Архины хяналтын тухай хууль” гэж нэрлэж байна. Энэ төсөлд шүүмжлэх зүйл олон ч хамгийн гол нь нэгэнт архинд донтсон иргэдээ яах вэ, тэднийг хэрхэн эргэн нийгэмшүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулжээ.

Архи уудаг жирэмсэн эхчүүд хэр олон бэ?

Манайд согтууруулах ундааг сар бүрийн эхний өдөр зардаггүй. Харин одоо ажлаа тараад найз, нөхөдтэйгээ уулзъя гэвэл хатуу юм олдохгүй болох нь, шинэ хуулиар. Градус өндөртэй согтууруулах ундааг амралтын ням гарагт 18 цагт, бусад өдрүүдэд 21 цагаас хойш зарахгүй болох тул 18 цагт ажлаа тардаг бид төрсөн өдөр тэмдэглэх, найр хурим хийх ч хэцүү даваа болох нь. За, үүнээс ч илүүтэйгээр жирэмсэн эхчүүдэд архи зарахгүй гэсэн Л.Эрдэнэчимэг гишүүний санаа олон нийтийн бараг л хөх инээдийг хүргэж орхилоо. Гэхдээ үнэн хэрэгтэй уг хуулийн төсөлд архи худалдан авахыг биш, архи уухыг хориглосон. Эмэгтэйчүүд жирэмсэн болсон даруйдаа архи уух нь байтугаа амсдаг ч үгүй байгалийн хуультай. Энэ байгалийн хуулийг давтаж, заавал цаасан дээр хуульчилах шаардлага байна уу гэж асууж байна. Бас нэг хэсэг нь “ашиггүй, дэмий заалт” гэж байх шиг.

Гэхдээ Л.Эрдэнэчимэг гишүүн ийм эмэгтэйчүүд олон байдаг гэж үзсэн бололтой. Үнэхээр жирэмсэн хэрнээ архи уудаг бол тэр эмэгтэйчүүдийг жигшье. Тийм хүнээ байсан эхчүүд цөөхөн биз ээ.

“Бөбөчид”-ийн тоо нэмэгдсэн гашуун түүх давтагдах уу?

Энэ хуулиар архины лицензийн тоог багасгахыг зорьж байгаа. Ингэснээр архины нийлүүлэлт буурч, архины үнэ тэнгэрт хадах нь. 1990-ээд онд архи олдохгүй болсноос зарим нь шагийн архи буюу найруулсан спирт ууж, шар цавуу үнэрлэдэг “бөбөчид”-ийн арми бий болсон гашуун түүх бий. Тиймээс архины үнийг нэмнэ гэж дуугарахаас өмнө сайн бодолцож үзэх хэрэгтэй. Мөн архины тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн дарга нар олгоно гэж байгаа нь хурган дарга нарын авлига цэцэглэх үр болох нь тодорхой юм. Тэгээд бас архи худалдаалах цэг байгуулахдаа орчин тойрныхоо айлуудаас санал авах ёстой гэх. Айл болгоны хаалгыг тогшоод “Надад саналаа өгөөч” гээд УИХ-ын гишүүд шиг доншуучилж явах уу? Нөгөө нам байгуулахдаа 800 хүний гарын үсгийг цуглуулдаг шиг хуурамч гарын үсэг эсвэл бяцхан авлига цэцэглэх вий. Тиймээс энэ заалтуудыг амьдралд нийцээгүй, хуурай хууль болох нь гэж шүүмжилж эхэллээ.

Бага насны хүүхэдтэй эмэгтэй, 70-аас дээш настай хүнийг албадан эмчлэхгүй

Гэхдээ энэ хуулийн төсөлд авах зүйл бас байна аа. Одоогийн байдлаар манай улсад албадан эмчлэх газар ганцхан Багахангай дүүрэгт байдаг. Сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад нэг жилд эмчлүүлэгчдийн тоо 295-1038-ын хооронд хэлбэлзэж байна. 2013 оны эхний гурван улирлд Багахангайн албадан эмчилгээнд 591 өвчтөнг эмчилгээнд хамруулжээ.

Архинд живсэн хүмүүсийн тоо байнга өссөөр ирсэн тул албадан эмчлэх газрын хүчин чадал нь хүрэхээ байжээ. Тиймээс ийм газруудын тоог нэмэх эсвэл албадан эмчлүүлэгдчийн асуудлыг бодлогоор шийдэж, ачааллыг нь багасгах хэрэгтэй болж. Манай хуульд албадан эмчлэхийг хориглосон заалт байдаггүй тул 18 насанд хүрээгүй, жирэмсэн, гурав хүртэл насны хүүхэдтэй эмэгтэй болон 70-аас дээш настай хүнийг албадан эмчлэхийг  хориглосон заалт оруулсан байна.

           Судалгаанаас үзэхэд 2008-2012 оны хооронд 60-аас дээш насны 65 хүн энд эмчлүүлсэн учир насны дээд хязгаарыг 70 насаар тогтоосон аж. Эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний явцаас хамаарах учир хуулийн төсөлд зөвхөн доод хязгаарыг нэг сар гэж заажээ.

Архиа эмчлүүлэхдээ биеэ ч үнэгүй эмчлүүлнэ

Албадан эмчлэх газраас гаргасан судалгаанаас үзэхэд согтуурах донтой өвчтэйн улмаас эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүсийн 50-60% нь ямар нэгэн суурь өвчтэй ирдэг бөгөөд үүнээс болж эмчилгээнд хамрагдах боломжгүй, эсхүл эмчилгээг дундаас нь зогсоох  болдог аж. Өвчнөө эмлүүлье гэхээр өөрт нь ч мөнгө байдаггүй, улсын төсвөөс ч гар сарвайдаггүй. Тиймээс архины эмчилгээнд хамрагдаж байгаа хүнд илэрсэн бусад өвчнийг эмчлэх, эмнэлгийн хувцас, эмчилгээний хоолны болон өвчтөнийг  буцаах зардлыг албадан эмчлэх газрын зардалд оруулж тооцох юм.

2010-2013 оны байдлаар нийт 249 хүн харшлах өвчний улмаас архины эмчилгээнд бүрэн хамрагдаж чадаагүй гэсэн мэдээлэл байна. Тиймд эмнэлгийн дүгнэлт гаргахад тухайн хүн албадан эмчилгээ хийлгэхэд харшлах өвчтэй эсэхийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээ хийж тогтоосон байхыг шаардаж,  харшлах өвчтэй тохиолдолд албадан эмчилгээнд явуулахыг хориглох юм байна. Танил маань хааяа архи ууж, агсам согтуу тавьдаг нэгэн. Эхнэр нь тэсэхээ байх үедээ цагдаа дуудаад өгчихдөг. Харин нэг л өдөр хэсгийн цагдаа нь архины албадан эмчилгээнд явуулна гээд шууд өмссөн хувцастай нь аваад явчихаж. Гэрийнхэн нь бие муутай түүнийг явуулахгүй гэсэн ч нэмэр болсонгүй ачигджээ. Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар хэсгийн цагдаа албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж үзсэн бол шууд ингээд л аваад явчихдаг. Харин шинэ хуулийн төслөөр сонголт өгч байна. Архины эмчилгээ хийлгэх ёстой гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсны дараа өөрөө сайн дураараа эмчилгээ хийлгэх хүсэлтээ гаргасан, гэр бүл нь дэмжсэн нөхцөлд албадахгүй байхаар зохицуулалт нэмсэн. Мөн архины эмчилгээний төлбөр, гарсан зардлыг улсаас хариуцна. Архинд живсэн монгол хүнийг, түүний гэр бүлийг эмнэх нь нийгэмд хэмжихээргүй эерэг нөлөө авчрах нь тодорхой.

Архины эмчилгээнд албадан хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно

Өмнө нь эрүүлжүүлэхийг байхгүй болгож, согтуучуудыг шууд эмнэлэгт рүү явуулж байх хууль гарсан ч амьдрал дээр хэрэгжихгүй гэдэг нь нэгэнт ил болсон. Агсам согтуу тавьдаг, хашгичиж зодоон хийдэг согтуучуудыг эмчлэх эмч ч тэр, эмнэлэг ч тэр манайд алга. Л.Эрдэнэчимэг гишүүн энэ асуудлын зах зухаас шийджээ. Гэхдээ эрүүлжүүлэхэд биш архины эмчилгээнд ирсэн агсам нөхдийг эмнэлгийн дэг журам зөрчиж, архидан согтуурч, мансуурсан тохиолдолд тусгаарлах өрөөнд эмчийн зөвшөөрлөөр, хамгаалалтын ажилтны хяналтад эрүүлжүүлэх юм байна.

Манай улс 2005 онд Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенци болон Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцид нэгдэн оржээ. Тиймээс эдгээр конвенцид хуулийн заалтыг нийцүүлэх, нөгөө талаар согтуурах донтой өвчтөнг албадан эмчлэхийн хажуугаар албадан хөдөлмөр хийлгэх нь эмчилгээний горимд харшилдаг учир одоогийн хуулин дахь албадан хөдөлмөр хийлгэх зохицуулалтыг өөрчилөх заалтыг оруулжээ.

Энэ “архины хяналтын” гэх хуульд архи үйлдвэрлэх лицензийн тоог багасгаж, архи үйлдвэрлэгчидэд улсаас ямар нэгэн татвар, хөнгөлөлт олгохгүй байхаар заасан. Тиймээс УИХ-аар орж, батлагдах хүртлээ олон саад, тотгорыг давах биз. Ямартаа ч шүүгдсээр яваад архинд автсан иргэдийн тоог цөөлж, иргэдийн амьдралд хэрэгждэг сайн хууль гараасай. Ингэхэд архийг хянах тухай хууль санаачилсан “Монос”-ын хатагтай Л.Эрдэнэчимэг өөрөө “Домог” гэх рашаан-архийг гаргаж байгаа гэнэ үү?

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top