Дэлхийд номхорсон нефтийн үнэ Монголд догширох шалтгаан

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

Үнэ үргэлжид өсч, ханш байнга унаж байгаа нь өнөөгийн Монголын аж амьдралын онцлох өнгө будаг гэж харагддаг. Энэ бол сүүлийн хоёр жил шахмын хугацаанд хөвөрч буй тууз.

Дэлхий ертөнц глоболчлагдаж, харилцан хамааралтай болсон. Гэхдээ бидэнд нүүрлээд буй хямрал бол Монголынх. Тэр дундаа манай улс төрчид, шийдвэр гаргагчдын  гарын “бүтээгдэхүүн” гэвэл үнэнд  илүү ойртоно. Тэгснээс дэлхий ертөнц, тэр дундаа бидний хамааралтай улс орнуудын эдийн засаг явдагаараа явж, бүсээ чангалах дээрээ огтхон ч хүрээгүй байна.  Харин ч зарим суурь үнэ дэлхийн зах зээл дээр буурч эхлээд байна. Үүний нэг тод жишээ гэвэл газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн жилүүдэд үзэгдээгүйгээр буурч байна.

Үүнийг “Газрын тосны шок” хэмээн хэдийнэ нэрлэчихээд байгаа.  Шинжээчдийн хэлж байгаагаар бол  сүүлийн гурван сарын дотор нефтийн үнэ 30 хувь буураад байна. Ингэж буурах нэг шалтгаан нь АНУ-д занарын нефтийн олборлолт нэмэгдсэн, Саудын Араб демпингийн бодлого явуулж эхэлсэн гэхчлэн тайлбарлаж байна. Лондонгийн бирж дээр Хойт тэнгисийн Брент маркийн нефтийн үнэ баррель нь 61.8  ам.доллар болж “доош орсон” нь саяхных. Энэ Брент маркийн нефть  дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг тогтооход хамгийн идэвхтэй нөлөөлдгийг дашрамд  дурдая. 

Дэлхийн  ертөнцөд  нефтийн үнэ ханш нэг иймэрхүү янзаар өрнөж байхад Монголд байдал таг чиг, мөнөөх  хуучин үнэ ханш хэвээр байна.  Ер нь манайхан гадаад орчинд үнэ ялимгүй өсөхөд сургаар нь өртөгөө  нэмдэг бол харин эргээд буурахад нь эсрэгээрээ  мэлийж мэлтийгээд мэдээгүй дүр эсгэж  өнгөрөөдөг.  Мөнөөх өмнөх өссөн үнэ нь эргээд жишиг доод үнэ болон тогтож үлдэх нь олонтаа. Ялангуяа нефть импортлогчдын хувьд.  Эдүгээ ч тэр л жишгээрээ явж байна.

“Morgan Stanley” банкны шинжээчдийн тооцоолсноор ирэх жил газрын тосны нийлүүлэлт  ихсэх тул нэг баррелийн үнэ 43 ам.доллар хүртэл буурах магадлалтай гэжээ. Гэтэл энэ таамаглалыг батлах гэсэн шиг хоёр гуравхан хоногийн өмнө ОПЕК-ийн  /Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага/ орнуудын Газрын тосны сайд нар Австрийн Вена хотноо болсон уулзалтаараа  газрын тосны олборлолтыг бууруулахгүй, одоогийн түвшиндээ барих шийдвэр гаргалаа. Одоогийн түвшин гэдэг нь өдөрт ойролцоогоор 30 сая баррель болж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл олборлолтыг багасгах замаар үнийг бууруулахгүй гэсэн үг болж байна. Ингэхээр нефтийн үнэ эргээд өсөх магадлал ирэх оны хувьд бага байх нь. Нэг талаасаа энэ бол хэрэглэгчдийн хувьд, тэр дундаа дан ганц импортоор хэрэглээгээ хангадаг манайх шиг орны хувьд таатай мэдээ.

Харин  “Газрын тосны шок”-т хамгийн их нэрвэгдэж мэдэх улс бол манай хойт хөрш. Экспортынх нь гол бүтээгдэхүүн нефть. Тэгээд дээр нь Барууны орнуудын хоригт  багалзуурдуулчихаад байгаа болохоор ОХУ-ын эдийн засагт мэдээж хүндхэн цохилт болж байгаа нь маргаангүй. Тухайлбал, газрын тосны үнийн бууралтаас  тус улсад жилд 90-100 тэрбум ам.долларын алдагдал учирна гэсэн тооцоог  ОХУ-ын Сангийн сайд   А.Г.Силуанов мэдээлсэн нь бий. 

Үнийн бууралт Монголд огт мэдрэгдэхгүй байгаа нь учир шалтгаантай. Бид ОХУ-тай нефтийн бүтээгдэхүүнй тогтвортой үнийн гэрээ гэгч юм байгуулчихсан.

Дэлхийд буурч буй энэ хямдрал Монголд харин огтхон ч мэдрэгдэхгүй байна. ШТС-уудын  самбар дээр мөнөөх хуучин үнэ дурайсан хэвээрээ байна.  Гэхдээ үнийн бууралт Монголд огт мэдрэгдэхгүй байгаа нь учир шалтгаантай.  Бид ОХУ-тай нефтийн бүтээгдэхүүнй  тогтвортой үнийн гэрээ гэгч юм байгуулчихсан.  Ийм урт хугацааны гэрээ байгуулсан талаар 2011 оны сүүлчээр тухайн үеийн Газрын тосны газрын дарга мэдэгдэж байсан нь бий.

Нефтийн хэрэглээ маань ОХУ-ын “Роснефть” хэмээх ганцхан цоргоноос хамааралтай байдгийн гай энэ л дээ. Гуйлгаж байж өгдөг,  дургүй нь хүрвэл  крантаа хаачихдаг,  хүссэн үедээ үнэ өртгөө нэмчихдэг байсан болохоор ийм гэрээ бидэнд хэрэггүй биш, хэрэгтэй байсан.  Гэхдээ холыг хараагүй, эдийн засгийн аюулгүй байдлыг ганц улсын хамаарлаас гаргах талаар санаачилгагүй байсны  тусгал нь энэ гэрээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэгчээр одоо дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ навс  уначихаад байгаа энэ үед ч бид тогтвортой үнийн гэрээ ёсоороо хаана ч байхгүй өндөр үнээр нефтийн бүтээгдэхүүнээ худалдаж авсан хэвээр байгаа гэсэн үг. Үүн дээр валютын ханшийн өсөлт сайхан хачир болж өгч байгаа нь тодорхой.  Үнэ өртгийн ийм хоёр том хүчин зүйлийн дарамтан дор Монголын хэрэглэгчид хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэгч болчихоод байна.

П.Булган

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.255) 2014 оны 12 сарын 17

Gereegee tsutslah delhii une hanshtai oirtuulj hiih ni zuv

0  |  0
soch(202.126.89.176) 2014 оны 12 сарын 17

Тогтвортой байдлын гэрээ өмнөх Захсмгийн үед байгуулагдсан. Энэ гэрээнээс олохоосоо илүү алдсан байх.

0  |  0
Тэнэг удирдлагыг хал(202.55.191.76) 2014 оны 12 сарын 17

Манай усан тэнэгүүд Оросуудтай рубльээр наймаагаа хийх ёстой байсан юм алсын хараагүй тэнэгүүдээр салбар битгий удирдуулаад байгаачээ

0  |  0
Top