Бэлчээрийн мал аж ахуй бол бэлэн зэлэн брэнд юм шүү дээ, уг нь

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Амьд таван эрдэнэ хэмээн монголчууд таван хошуу малаа нэрлэдэг. “Амьд эрдэнэ” үүнээс илүү яаж ингэж оновчтой тодотгох билээ. Нөхөн төлждөг, үржиж олширдог гэсэн санаа нэвт шувт анзаарагдана. Монголын мал сүрэг цаг хугацааны энэ урт удаан орчил дунд нүүдэлчдийн амыг тосдож,  баяжуулж бялхалзуулаагүй ч гэсэн бусдын өмнө алга тосуулж,  хоосон хонуулж байсан нь үгүй. Тиймдээ ч Монгол газар хүн өлсч өлбөрч байсан түүх үгүй ажгуу.

“Бэлчээрийн мал аж ахуй” гэсэн бэлэн зэлэн бренд нэр зөвхөн бидэнд л хаяглагддаг байх.  Ийм малын мах, сүү гэдэг тэр аяараа амт шимт, амин дэм. Дэлхийн улс орнуудад бол дээгүүр үнэлэгдэх чанар гэсэн үг. Гадаад орнууд махаа чанар байдлаар нь ангилж үнэлдэг. Тэр дунд нь бэлчээрийн малын мах хамгийн өндөр үнэтэй нь. Гадагшаа хөл тавьсан хэн бүхэн ийм байдгийг анзаарсан байлгүй.  Хэрэв ингэж харвал  бэлчээрийн малын махыг авахаар ногоон мөнгө өвөртөлсөн гадныхан Монголын үүд хаалган дээр дугаарлаж баймаар санагддаг, төсөөлөгддөг.  Гэтэл  аваач гэж гуйгаад байхад авдаггүй,  бүр “айж болгоомжилж” байгаагаа эелдэгхэнээр илэрхийлдэг болжээ.

Монголын тал нутгаар 50 сая шахам мал бэлчээрлэж байна. Гэвч манай малын мах умар зүгт Уралын нурууг давж чадаагүй, урагшаа ил далд аргаар гарсан ч Эрээнээс цааш холдоогүй байх.  Уг нь хоёр хөршид мах авах хэрэгцээ байгаа юу гэвэл байгаа. Гэсэн хэрнээ манай махнаас цааргалаад байгаа шалтгаан нь тов тодорхой. Монголын мал эрүүл бус, мах бэлтгэх технологи нь  болхи бүдүүлэг.  Энэ нутагт байсхийгээд шүлхий мэтийн малын гоц халдварт өвчин гардаг. Мөнөөх бэлчээрийн малын маханд ийм “хориг” үйлчилсээр ирлээ.

Өнгөрсөн намар ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монголд айлчлах үеэр уламжлал ёсоор махаа нийлүүлэх саналаа дайгаад явуулсан. Гэтэл хүсэхэд хясах гэгчээр өнгөрсөн арваннэгдүгээр сард  ОХУ-ын Хөдөө аж ахуйн хяналтын албанаас Монголын малын маханд түр зуурын хориг тавьчихсан байгаа. Ингэхээр найдаж хүлээх зүйл бага байгааг ОХУ-ын хяналтын албаны энэ шийдвэр нотолно. Саяхан ОХУ-ын нэгэн цахим сайтад “Оросууд Монголын махны аюулгүй байдалд эргэлзэж байна” гэсэн гарчигтай мэдээлэл гарсан байна билээ.

Монголоос ОХУ-д мах нийлүүлэх асуудал өнгөрсөн намраас эхлэн урьдын адил яригдаж эхэллээ.  Өвлийн хүйт эхлэхээр энэ асуудал хил орчмын тухайлбал, Бурят, Забайкал,  Эрхүү болон Тува мужийн оршин суугчдын сэтгэлийг зовоодог. Монголд мал эмнэлэг  болон урьдчилан сэргийлэх үйлчилгээний чанар муу байдаг нь тус улсаас махыг их хэмжээгээр худалдан авахад гол саад тотгор болж байгааг эндэх нутгийн Засаг захиргааныхан байнга л ярьсаар ирсэн” гэдгийг тэнд онцолжээ.

В.Путиныг Монголд айлчилж, мах нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсны дараа ОХУ, тэр дундаа хил орчмын бус нутгийн оршин суугчдын дунд нэгэн маргаан дэгдс эн юм.  Латин америкийн орнуудаас  ОХУ мах импортолдог. Гэтэл Монголын малын мах чанар байдлаараа эндхийн махтай өрсөлдөж чадах уу гэдэгт олон хэрэглэгч эргэлзэж тээнэгэлзсэн байдлаар хандаж байсныг дурдах нь зөв байх. Учир нь бидний “бэлчээр”-ийн гэж бренд болгоод байгаа мах маань хилийн цаана нэг иймэрхүү үнэлэмж цэгнэлттэй байдаг  гэсэн үг.

ОХУ, Монголын бизнес уулзалтын үеэр Забайкальскийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засаг, аялал жуулчлалын сайд Баир Галсанов “Монголоос малын мах авахдаа маш нарийн хяналт хийх хэрэгтэй” гэдгийг онцолж байсан удаатай. Тэрбээр “Ерөнхийлөгч В.Путины Монголд айлчлах үеэр гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрийн ачаар хоёр орны бүс нутгуудын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа эрчимтэй урагшилж байна. Үүний нэг нь Монголоос мах импортолж манай үйлдвэрүүдэд  боловсруулах асуудал юм.  Харамсалтай нь Монголд төрийн мэдлийн мал эмнэлгийн хүчтэй  үйлчилгээ байдаггүй бөгөөд зөвхөн хувийн мал эмнэлэг, мэргэжлийн холбоод л  байдаг.  Энэ нь малын аливаа өвчний дэгдэлтийг түргэн зуур таслан зогсоож чаддаггүй. Тиймээс Монголын аль бүс нутгаас мах импортлох вэ гэдгээ сайтар бодож сонгох хэрэгтэй” гэж сайд  сануулж байсан нь бий. Энэ нь үндсэндээ амьд мал импортлох тухай ярьж байгаа хэрэг юм.  Забайкальскийн хязгаарт сүүлийн жилүүдэд малын тоо толгой ихээхэн буурсан.  Тиймээс малаа өсгөх зорилгоор Монголоос зөвхөн эх мал импортлохыг илүүд үзэж буй хандлага юм.     

Монголын нийлүүлэх махны өртөг өндөр байснаас Эрхүү мужийн үйлдвэрлэгчид Монголтой гэрээ байгуулж чадахгүй байгаа тухай ОХУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн сард мэдээлж байсан нь бий.  ОХУ-ын рублийн ханшийн өнөөгийн ханшийн уналт мах экспортлогчдод бас асуудал үүсгэж мэдэхээр байна.

Монголд мал эмнэлгийн үйлчилгээ, үзлэг урьдчилан сэргийлэлт энэ хэвээр байсан цагт малын махаа ногоон мөнгө болгох мөрөөдөл хэзээ ч бүтэшгүй зүйл хэвээр байх нь. Өөрөөр хэлбэл махны экспортод бид өөрсдөө хориг тавьчихдаг хэрэг. 

П.Булган

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
od(119.40.97.95) 2014 оны 12 сарын 19

maliinhaa mahiig shijleed busad ornii maliiin mahtai haritsuulsan sudalgaa hiigeed eruul baigali eruuul ows urgamlaar tejeej ymar ch himiin bodisiin noloogui organik buteegdehuun gdgiig ni sudalgaagaar notloson buteel bdag ym bolow uuu. sul tal deeree analiz hiigeed maliinhaa tuuhii ed mahiig gadaadad ezportlochih ym bol ulsiii tosowt gsn dem bolomooor malchdiiin amidral ch gsn deeshlemeeer deee

0  |  0
Зочин(202.126.89.176) 2014 оны 12 сарын 19

Малаа махаа гадаадад гаргахгүй бол дотоодын хангамж нэмэгдэж үнэ буурах байх оо

0  |  0
mm(193.6.61.20) 2014 оны 12 сарын 18

mm

0  |  0
Top