Хувийнхан л эдийн засагт хувьсгал хийж чадна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 19

Улирч буй 2014 он  монголчуудад  олон юмыг мэдрүүлж өглөө. Газрын баялагтай байх нь сайхан. Гэхдээ бид олборлогч болохоос боловсруулагч биш. Ингэхээр энэ үнэ ханш гадаад зах зээлээс хамаардаг. Бас баялагтаа эрдээд эдийн засгийн бусад салбараа  орхигдуулж болдоггүйн том сануулга ирлээ. Энэ бүхэн эдийн засгийн сааралтаас  бидэнд үлдэж буй сургамж, дохио юм.

Хэдхэн хоногийн өмнө Зиндаа.мн сайт 2014 оны онцлох 10 тууз хайчлалтыг нэрлэсэн. Тэдгээр нь зөвхөн төлөөлөл нь байсан. Эдийн засаг хүндэрсэн ч энэ онд  олон үйлдвэр шинээр хаалга үүдээ нээснийг онцлох учиртай байх. Импортын хэт хамаарлаас гарах гарцыг үндэсний үйлдвэрлэгчид л нээж өгч чадна.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Монголдоо бүтээх уриа дуудлага түлхүү сонсогдож байсанд талархах ёстой байх. Ч.Сайханбилэгийн үед бүр ч эрч хүчээ нэмнэ гэсэн хүлээлт буй. Засгийн зүгээс үг яриагаар бус үйл хэргээрээ дэм болох алхмууд хийгдэж  байгаа. Үүний нэг жишээ нь үйлдвэржилтийг дэмжих төсөл сонгон шалгаруулж,  хөрөнгө мөнгөөр дэмжсэн явдал.

888 төслийг дагаж 40 мянган ажлын байр бий болохоос гадна нийт төслүүдийн үр ашиг 4.5 жилийн дотор гарна

Засгийн газраас зарласан шалгаруулалтад 1151 төсөл ирснээс 888-ыг нь шигшиж санхүүжүүлж эхлээд буй. Энд нийтдээ 7.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 4.2 их наядын зээлийн хүсэлт ирсэн гэж мэдээлж байсан билээ. 

Хөгжлийн банкны захирлын  хэдхэн хоногийн өмнө хэлснээр эдгээрээс одоо 111 төслийн санхүүжилтийг олгоод байгаа аж.  

Тооцож буйгаар 888 төслийг дагаж 40 мянган ажлын байр бий болохоос гадна нийт  төслүүдийн  үр ашиг 4.5 жилийн дотор гарна  гэж эдийн засагчдын хийсэн тооцоо бий.  

Хэрэгжиж, хэлсэн ярьснаараа болбол 888 үйлдвэр гэдэг тоо талаасаа чамлахааргүй. Харин энд чанар, үр ашиг гээд яривал арай өөр дүр зураг харагдаж мэдэх юм. Лавтайяа сонссоноос энэ “шилдэгүүд” дунд үхрийн фермийн 200 орчим, барилгын материалын мөн өдий тооны, вакуум цонх хаалганы 10 гаруй төсөл бий гэх сураг байгаа.  Шинэ сэргэг, оюуны багтаамжтай эсвэл өндөр технологийн төсөл хэд байгааг хэлж мэдэхгүй.  

Өнөөдөр дэлхий ертөнц глобалчлагдсан, энэ утгаараа “нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог” болсон. Ялангуяа эдийн засгийн салбарт. Аливаа орны эдийн засгийн төлөв байдал сулрах үед авч гардаг зүтгүүр нь үндэсний томоохон үйлдвэрлэгчид байдгийг  судлаачид  онцолдог.  Зүйрлэвэл, манай Эрдэнэтийн  багцааны хэдэн үйлдвэртэй байхад ямар ч эрсдэлийг  дажгүй даваад улсаа, иргэдээ хямралын  шуурганаас халхлаад өнгөрөх бяр чадал суудаг аж.  Хэрэв энэ жишгээр авч үзэж, ийм өнцгөөс нь харвал томоохон төслүүдээ түлхүү дэмжих гаргалгаа харагдана.

Ерөнхий сайд асан Д.Содном гуай телевизээр ярьж байна. Түүний хэлснээр МАК-ийн хэрэгжүүлж байгаа Хөх цавын цементийн үйлдвэрийн төслийг ялихгүй хөрөнгө санхүүжилтээр дэмжээд өгвөл ирэх онд ашиглалтад орох боломжтой гэж байна.  Дэлхийн хамгийн шилдэг технологи бүхий энэ үйлдвэр жилдээ 1.0 сая тонн цемент үйлдвэрлэнэ. Ингэснээр жилд 100 сая ам.долларын импортыг хаана гэж байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний мөнгө Монголдоо үлдэнэ гэсэн үг.

Энэ мэт  бүтээн байгуулалт нь эхэлчихсэн үр ашигтай өөр томоохон төслүүд  хэд хэд бий. Тэдгээрийг эхний ээлжинд дэмжиж,  үйл ажиллагааг нь эхлүүлчихвэл  зэлэн дээрээ хэдэн тугалтай үнээ уячихсан малчин лугаа болно. Саалийн ганц гэгддэг Эрдэнэттэй маань хүч хавсарч эх орны эдийн засагт хүч нэмнэ шүү дээ.

Монголд үйлдвэр, тэр дундаа хүнд үйлдвэр хөгжих хүчин зүйлийн нэг нь Сайншанд, Багануурын аж үйлдвэрийн парк  болно гэсэн хүлээлт буй.  Дуулдаж буйгаар энд гангийн үйлдвэр, нүүрс баяжуулах гэхчлэн томоохон төслүүд яригдаж байгаа гэх.

Монголд үйлдвэрлэл хөгжүүлэх өөр нэг хувилбар нь концессийн гэрээ болж байгаа юм байна.  Өнгөрсөн зун Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг QSC компанид  30 жилийн хугацаагаар эзэмшүүлэх концессийн гэрээг байгуулсан. Энэ хугацаанд тус компани нийт 700 сая ам.долларын хөрөнгө оруулж, хүдэр баяжуулах болон ангижруулсан төмрийн үйлдвэр барихаас гадна төмөр зам тавьж, техник, технологийг нь шинэчилнэ гэж байна.  Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хучин чадал зургаа дахин өсч, 300 мянган тонн ган үйлдвэрлэх юм байна. Түүнчлэн 60 төрлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн тус үйлдвэрийн захирал Д.Батжавхлан  ярьж байсан.

Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх дараагийн нэг том бүтээн байгуулалт нь  Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон хурдны зам байна гэж яригдаж байгаа. Уг нь энэ замын ажил есдүгээр сард эхэлнэ гэж байсан ч хойшлоод арванхоёрдугаар сар болсон. Гэтэл  өнөө хэр чимээгүй байна.

Цаашид төрийн гэсэн том малгай дор хувааж хүртдэг, үнэгүйдүүлдэг явдлыг таслан зогсоох шилдэг аргын нэг нь энэ концессийн гэрээ байх магадлалтай.
Энэ бүхнийг дурдахын учир гэвэл томоохон бүтээн байгуулалтуудаа түрүүлж дэмжье гэсэн санаа юм. Ингэвэл эргээд эх орны эдийн засагт унах унац нь арвин,  үндэсний үйлдвэрлэл хөгжих даацтай суурь болж өгч байгаа юм. Үүнийг дагаад ханган нийлүүлэгчдээс эхлээд жижиг дунд үйлдвэлэл, үйлчилгээний салбаруудаа дагуулж хөгжүүлэх бэлээхэн боломж бүрдээд ирнэ. Ингэж л төсөөлөгдөж байна.

Аливаа шийдэлд сонголт,  дэс дараалал, давуу тал гэж буй. Энд жижиг дунд үйлдэрлэлээ хөгжүүлэх гэсэн санал санаачлагыг мохоож үгүйсгэж байгаа хэрэг огтхон ч биш бөгөөд ач холбогдол, улсын эдийн засагт үзүүлэх жин бан, төсөвт оруулах хувь хэмжээ,  эрэмбэ зангараг зэргийг нь харгалзан хамгийн оновчтой дарааллаар хандаасай гэсэн санаа юм. Ер нь төр засаг нь дэмжээд өгвөл хувийнхан эдийн засагт хувьсгал хийж чадах нь тодорхой

 П.Булган

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
soch(202.126.89.176) 2014 оны 12 сарын 21

Tur zasag huviin hevshliig daramtaldagaaq bolih hr\eregtei. Tur tednii ajild gar huluu dureh hereggui

0  |  0
Top