Өнгөрөгч баасан гаригт Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо цалин нэмүүлэх асуудлаар жагсаал зохион байгуулсан. Энэ сэдвийн хүрээнд “Шууд ардчилал” ТББ-ын захирал, улстөр судлаач, доктор А.Саруулаас байрь суурийг нь сонслоо.
-Улс төр судлаачийн хувьд та өнөөдрийн жагсаалын талаар ямар бодолтой байна вэ ?
-Таалагдахгүй байна, зүгээр л улс төрчдийн тоглоомын бөмбөг шиг харагдаж байна. Цалин гэхээр л жагсах юм. Жинхэнэ асуудал нэхэж жагсах хэрэгтэй. Хэзээ индэр засчихсан жагсаал байлаа даа. Индрийг чинь их өндөр үнээр түрээлсэлдэг биз дээ.
-Цалин нэмэх тухай “асуудал” биш юм бол жинхэнэ асуудал тавьж жагсах гэдэг нь юуг хэлэх вэ?
- Цалин нэхэж болно. Зарим эмч нар иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлж сурчихаад цалин нэхмээр. Танил эмчгүй бол ер нь хэцүү. Гэтэл тэд яагаад хорт хавдрын эсрэг жагсахгүй байгаа юм бэ. Багш нар ч мөн ялгаагүй. Зарим багш нар хичээлээ орохгүй, сайн хүүхдээрээ хичээл заалгаж, дэвтэр засуулчихаад л. Гэтэл багш нар сургуулийн хүүхэд нас барлаа, эсвэл сурагчид биеэ үнэлж байна гэхэд таг чиг. Үнэхээр л нийгмийн төлөө юм бол үүний төлөө ам нээмээр. Төгсөгчид ажлын байргүй байна гэхэд төр засаг руу бурууг нь чихдэг. Үнэндээ мэдлэг нь гологдоод байна шүү дээ. Зарим багш оюутан сурагчиддаа гологддог. Хуучин лекцээ элэгдтэл нь эргүүлээд шинээр баяжуулахгүй, баяжуулах гэхээр хэл ус мэдэхгүй. Нийгмийн чухал сэдвүүдийг багш, эмч нар тоодоггүй, тэдний эрх ашиг нэг талын дэндүү жижиг байна. Учир нь яг эмч, багш нар хамгийн түрүүнд толгой нь сэтгэл нь өвдөж байх ёстой баймаар. Ер нь жагсаал гэдэг их бодлоготой, сөрсөн бодлогын шийдэл нэхсэн байж үр дүнд хүрнэ шүү дээ. Түүнээс биш мөнгө нэхээд л гэртээ телевиз үзээд сухаар яаж үр дүнд гарах юм бэ. Цалингийн эх үүсвэрийг тэндээс, эндээс гарга гэж шаардах хэрэгтэй.
-Тухайлбал тэр бодлого нь юу байх ёстой гэж ?
-Эмч, эмнэлгийн ажилтанууд эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг байх ёстой. Чадалтай эмч хувийн секторт очиход хүмүүс тэдэн рүү л хошуурч байна. Тухайлбал германд иргэд эрүүл мэндийн даатгалын компаниудаас өөрөө сонгодог. Тэр хэрээрээ боломжийн үйлчилгээ авдаг. Орлогын хэмжээнээс хамаарч оюутны, гэр бүлийн гээд олон төрлийн даатгал бий. Төлж чадахыгаа сонгоно. Эмч нар нь даатгуулагчдад үйлчилж, тэр хэрээрээ цалинждаг. Тэр эмчид хичнээн олон хүн хандана, даатгалаас тэр хэрээр цалинжина гэсэн үг. Тэгэхээр үйлчлүүлэгчид нь эмчийн чансааг тодорхойлж байгаа биз дээ. Даатгалдаа зэрэглэл тогтоогоод, ямар даатгалаас яг ямар төрлийн үйлчилгээ авч болдог нь тун ойлгомжтой байдаг. Германд эрүүл мэндийн даатгалд хамгийн түрүүнд хамрагдах сэтгэлгээ тогтсон байдаг. Эмчилгээ үнэтэй учраас даатгал бол аврал. Даатгалдаа хамрагдсан гадны хүнд оршин суух эрхийг нь олгодог. Даатгалтай хүн яаж ч өвдсөн эмнэлэгт айх зүйлгүй ханддаг. Мөн эмч нар ч үйлчлүүлэгчээ нэмэхийн тулд иргэддээ сайн үйлчилж, даатгалтайгаа сайн гэрээ байгуулдаг. Хүн очдоггүй эмч тэгээд л дампуурна. Даатгал нь зөвхөн мөнгөний төлөө биш. Ямар тохиолдолд даатгал таны эмчилгээний төлбөрийг хийх нь тодорхой байдаг учраас өвчтөн ба эмч хоёрын хооронд хэрүүл маргаан гардаггүй. Эмч ч, өвчтөн ч анхнаасаа даатгалынхаа гэрээ байгуулахдаа заалтуудаа маш сайн уншиж танилцаж байж гэрээ байгуулдаг учраас. Хүсвэл даатгалын компанитай хийсэн гэрээгээ цуцалж, өөр даатгал сонгож болно.
Эмч нар нь даатгалын компаниудтай маргаан хийдгээс биш манайх шиг төрөөс цалин нэхэж жагсдаггүй. Даатгал нь урамшуулалтай. Бас хүмүүсээ эрүүл байлгахын тулд болзол тавьдаг.
-Тэр болзол нь ...?
-Хорт хавдарын урдчилсан үзлэгээ байнга хийлгээгүй хүн өвдсөн хойноо даатгалаас үйлчилгээ авах бол тариф нь өөр. Хэт таргалсан хүн очиход хагалгааг даахгүй, учир нь өөртөө анхаарч урьдчилсан байдлаар үзлэгт орж байх хэрэгтэй гэх мэт.
-Хүмүүсийг эрүүл мэнддээ мөнгө зарцуулах, анхаарах ёстой гэдгийг нь ухааруулж өгдөг байх нь ?
-Яг тийм. Ер нь манайхан хүний төлөө яваа юм шиг байх юмаа. Иргэн хүн өөрийнхөө төлөө явах л ёстой. Эрүүл мэндийн даатгалыг ч утга учиртай болгох хэрэгтэй. Би л лав яах гэж даатгал төлж байгаагаа ойлгохгүй л байна. Германд бол хамгийн түрүүнд эрүүл мэндийн даатгалынхаа төлбөрийг шилжүүлж байж санаа амардаг зуршилтай байв.
- Таныхаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо ажлаа буруу хийгээд байна, тийм үү?
-Үйлдвэрчний эвлэл нэг л бишээ. Энэ байгууллага чинь ажлын байрны нөхцөл, эхчүүдийн цэцэрлэг, амралтын цаг гээд чухал асуудлуудыг цалин хөлстэй нь уялдуулан шаардах үүрэгтэй. Гэтэл зөвхөн цалин нэм гэж л ярина. Цалингаас гадна хүний амь насанд чухал асуудлууд байна шүү дээ. Барилга дээрээс хүн унаж нас барахад таг чиг. Эмч, багш нарын ажлын байрны тохижилт, эрүүл орчин цалинтай л адил чухал.
- Эдийн засгаа аврах гэж Засгийн газар их олон зүйлийг хасаж танах шинжтэй байна. Орон тооны цомтгол, хүүхдийн мөнгө, одонгийн мөнгө гээд л ...Ер нь манай эдийн засаг яавал сэргэх бол?
-Засгийн газар авилгачдынхаа дансыг эргүүлж татаад төрийнхөө санд хийвэл эдийн засаг шууд сэргэнэ. Эхчүүд, хүүхдийн мөнгөний хувьд Засгийн газар ялгавартай хандана гээд зөв л ярьж байна лээ. Өмнө нь хүүхдийн мөнгийг бүгдэд өгнө гэж хавтгайруулсан. Гэтэл хүүхдийн мөнгө хэрэггүй хүмүүс нь тоож авахгүй байсаар байгаад халамжийнхан халааслаа биз? Очих эзэндээ хүрэхгүй замаас нь хичнээн төгрөг буруу гараар оров? Эхчүүд ч адил, одонгийн мөнгийг хэрэгцээтэй эхчүүдэд нь өгөх нь зөв. Ер нь хаана ч гэсэн нийгэмд ялгаа бий, хэрэгцээтэй хэсэгт нь зориулж жинтэйхэн тусалсан нь дээр. Хүүхдийн тоог тодорхой гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол өмнөх шигээ алдаа болно. Бас нэг асуудал бол заавал хууль гарч байж хүүхэд харна гэх юм. Гэтэл хэдэн ээж хоорондоо ярилцаад л ээлжлээд харчихаж болдог. Би лав германд бусад ээжүүдтэй ярилцаад ээлжлээд хүүхдүүдээ харчихдаг байсан. Оюутнууд тэгэж л хүүхдээ хардаг шүү дээ. Нэг ээж өөрийнхөө хүүхдийг бусад ээжийн 5 хүүхэдтэй хараад, нөгөөдүүл нь ажил орлогоо бодоод, хүүхдийнхээ мөнгийг яаж ийгээд төлнө. Манайд энэ зүйл дутагдаад байна. Хүүхдийнхээ төлөө мөнгө гаргаж, байгаа жаахан орлогоороо зохицуулж сурах хэрэгтэй.
-Иргэд ядуу байна гэж бараг хүн бүр л ярьж байна. Харин таныхаар “ядуу хүн” гэж хэн бэ?
-Үнэхээр эм авах мөнгөгүй, хоол авах чадалгүй, гэр оронгүй хүнийг ядуу гэнэ. Манайд гол нь настай хүн, хүүхдүүдийг л ядууралд хамруулмаар байна. Ажил хий гэхээр хийдэггүй хүмүүсийг ядуу гэхгүй. Ядуурлын эсрэг арга хэмжээнд албадлагаар хөдөлмөр эрхлүүлэх гэсэн арга ордог шүү дээ. Хөдөлмөр нь нийгэмшүүлэх гэсэнтэй утга нэг. 20.000-ыг зүгээр өгч байхаар гэрийнх нь орчин тойрны, хашаа хороог нь цэвэрлүүлж байж өгдөг бол авч байгаа хүндээ ч мөнгө шиг санагдах байх. Хүнд мөнгө өгөх нэг хэрэг, харин чи хүн шүү, хэрэгтэй юм хийж байна шүү гэх сэтгэл өөр шүү дээ. Хуучин социалист орнуудад өнөөдөр ядуурлыг буурулахын тулд “албадан хөдөлмөрлүүлэх” гээд төслүүд хэрэгжиж байна. Хүмүүсийг ажилд сургаад, баг, хороондоо хэрэгтэй зүйл хийлгэж бусдаар магтуулахад хүн их урам ордог юм байна. Хөдөлмөр хийхгүй бол 20.000-ыг нь өгөхгүй. Ер нь манайхан залхуугаасаа болж их ядуурч байна. Туслах малчин хийж болмоор, тэгсэн хөлсөө голоод хийдгүй гэнэ. Мөнгө голж байгаа бол ядуу биш л байна гэж бодлоо. Ядуу хүн чинь үмх махны төлөө зүтгэнэ шүү дээ.
- Та сая эмнэлэг, эмнэлгийн ажилтнууд даатгалаас санхүүждэг байх хэрэгтэй гэлээ. Үүнийг төрийн оролцоогүйгээр хийх боломж хэр нээлттэй байгаа вэ?
- Төр бүхнийг шийдэх, зохицуулах гээд баларч байна. Сангийн яам сумын халуун усыг засах ажлыг зөвшөөрөхгүй... Ер нь төвлөрөл гээч төсвийг ч, хүмүүсийн сэтгэлгээг ч хөгжүүлэхгүй хумиж, өөртөө яршиг удах юм. Даатгалын комданиудын хуулийг гаргах нь төрийн үүрэг. Харин эмч, үйлчлүүлэгч нар даатгалтайгаа сайн гэрээ хийвэл болно. Үйлчлүүлэгчид угаасаа эмчээ сонгож очих учраас чадалтай, чадалгүйгээрээ шигшигддэг. Даатгалын нөхцөл их нарийн байх, хэн хэнээ хохироохгүй, ашигтай байх.Тэгвэл хөдөөнөөс хот руу шилжих шилжилт хөдөлгөөнд ч нөлөөтэй. Хот руу шилжиж ирэх иргэд даатгалд заавал хамрагдахыг шаардана. Мөнгөгүй гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ даатгалын нөхцлүүд тодорхой бол мөнгөө яаж ийгээд хуваарилж сурна. Бүр үнэхээр ямар ч орлогогүй хэсэгт нь төрөөс даатгалын тодорхой хэсгийг даах зэрэг бодлого хэрэгтэй.
- Монголчуудын амьдрал өрнөөс өрний хооронд, линзиггүй ч хүн гэж алга. Энэ нь тэднийг цалин мөнгөнөөс өөр зүйлийг харах сөхөөгүй болгоод байгаа юм шиг ээ?
-Мэдээж мөнгөний ханш унаад хэцүү л байна. Гэхдээ л иргэд жагсахдаа цалингаа ямар эх үүсвэрүүдээс нэмэгдүүлэхээ зоригтой нэрлээд жагсвал яасан юм бэ. Жагсаал нь зүгээр л хэрүүл, мөнгө нэхэж дарамталсан мэт харагдаад байна. Сэхээтнүүд уг нь илүү ухаалаг лоозон барьж нэхэл хатуу баймаар.
- Авилгачдын данс гэснээс Шилэн дансны тухай хуулийн талаарх таны бодлыг сонсмоор байна?
-Шилэн дансны тухай хуулийг дэмжиж байгаа. Ямар мөнгийг хэний тушаал, тогтоол шийдвэрээр гаргаж байгаа нь тодорхой болно гэдэг сайн хэрэг. Хариуцлага их чангатай, ойлгоод хэрэглэвэл иргэдэд их том зэвсэг өглөө. Бид Шилэн дансны тухай хууль бариад явбал авилгачдыг хариуцлагад татах нэг алхам. Жишээ нь Засаг даргын нөөц хөрөнгө гээд халдашгүй төсөв байна. Түүнийг шалгуулах эрхтэй болж байна. Даатгалын мөнгө хайшаа урсаад байгааг нэхэх эрхтэй боллоо. Тэр нөхдийн хөлийг ер нь тушиж эхэлж байна. Энэ л бидэнд хэрэгтэй байлаа шүү дээ. Энэ хуулийг хүчтэй болгох өөр хуулиуд хүлээгдэж байна.
Эцэст нь хэлэхэд өнөөдрийн жагсаал зөвтгөх ч буруутгах ч аль аль нь байна. Зөвтгөх тал нь бол Засгийн газрын авилгачдаасаа мөнгөө эргүүлж авч чадахгүй байгаа учраас иргэд бухимдах нь зөв. Буруутгах тал гэвэл зарим эмч, багш нарын ажил, үйлчилгээний чанар нийгэмд үнэндээ гологдож байна. Сайн эмч, багш нар хувийн сургуульд багшлах, хувийн эмнэлэгт ажиллах, том компаниудад зөвлөхийн ажил хийх зэргээр мэргэжлээрээ сайн амьдарч чадаж байна. Тэд өөрсдөө ажлаа үнэхээр мундаг хийж байвал жагсах нь түмэн зөв.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 3 )
Чи МАН-аас мөнгө нэхэж жагсахаар болдог, Үйлдвэрчин АН-аас мөнгө нэхэж жагсахаар болдоггүй юм уу. АН төр барьж чадахгүй байгаагаас хямрал эхэлсэн.