УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай энэ оны төсвийн тодотгол болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ оны төсвийн тодотголыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Нэлээд олон татвар нэмсэн, халамжуудыг танасан тодотгол орж ирлээ. Хэр зөв тодотгол гэж та бодож байна вэ?
-2015 оны төсвийн тодотголтой холбоотой хэд хэдэн зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, төсөвт гаргадаг алдааг дахин давтан оруулж ирлээ. 2014 онд ажил нь хийгдэж байсан, 2015 он руу шилжиж орох ёстой 210 тэрбум төгрөгийг орхигдуулаад төслөө оруулаад ирсэн. Энэ нь улсын нэг жилийн төсвийн хөрөнгө оруулалтын 30 орчим хувь. Хөрөнгө оруулалтын зардал дээр ч 30 хувийг дутуу тооцоод оруулж ирсэнийг сайн төсөв болж гэж хэлэхэд хэцүү. Хоёрдугаарт, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн данхагар бүтцийг багасгах ёстой гэж МАН-ын зүгээс шаардаж ирсэн. Учир нь энэ хугацаанд төрийн албан хаагчийн тоо 30 мянгаар нэмэгдсэн. Төсвийн гол хэмнэлтийг төрийн бүтцээс хийх байх гэж хүлээж байсан ч харамсалтай нь эхчүүд, хүүхдүүдийн мөнгөнөөс хэмнэлт гаргахаар оруулж ирж байна. Гуравдугаарт, 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед, төсвийг тодотгохдоо нийгмийн халамжийн мөнгө рүү орж байгаагү. Зөвхөн төрийн бүтэцтэй холбоотой зардлуудаас хэмнэлт гаргах замаар хямралыг давж байсан. Тэгвэл одоо иргэддээ өгдөг халамжаасаа танаж байгаад харамсаж байна. Дөрөвдүгээрт, энэ Засгийн газар нийгмийн бодлого, нийгмийн халамж хоёроо нэг зүйл гэж ойлгоод байна. Энэ хоёр бол тусдаа зүйл. Алдарт эхийн одон, хүүхдийн мөнгийг халамжийн бодлого гэж үзэхгүй. Монголчуудынхаа тоог нэмэх, хүн амын бодлоготойгоо уялдуулж гаргаж ирсэн арга хэмжээнүүд. Гэтэл үүнийг халамжийнх гэж ойлгож, хүүхдүүдийг ялгаварлах гэж байна. Үндсэн хуульд хүүхдийг ялгаварлаж болохгүй гэдэг заалт байдаг учраас бүх хүүхдийг хамруулсан түүхтэй. Тавдугаарт, буюу хамгийн гол зүйл бол эдийн засгийн хямралтай нөхцөлд таван төрлийн татварыг нэмнэ гэж оруулж ирж байна. Энэ нь нийгэмд маш буруу мессеж өгч байгаа юм. Татвар нэмж хямралаас гардаг туршлаг дэлхийн хаана ч байхгүй. Үүнийг анх удаа Монголд туршиж үзэж байгаа юм байна. Гэхдээ туршилт амжилтгүй болно гэдэгт эргэлзэхгүй байна. Уг нь энэ саналаа Засгийн газар татаад авчих ёстой. Хямралтай үед татвар нэмэх асуудлыг ярьж болохгүй. Бууруулж гийгүүлдэггүй юм гэхэд тогтвортой байлгах нь хөрөнгө оруулагчидад зөв мэдээ болж очих ёстой. Нийслэлийн аж ахуйн нэгжүүдээс борлуултын ашигаас авах нэг хувийн татвар авна гэнэ. Энэ маш их дарамт болно. Мөн үл хөдлөх хөрөнгө, өөрөө явагч авто хэрэгслийн татварыг гурав дахин, бууны татварыг 15 дахин нэмсэн. Татвар нэмэх замаар хямралаас гарах оролдлого хийж байгаа нь буруу. Төгсгөлд нь өрийн босго. МАН, АН хоёр хамтарч засаг барихаар тохиролцохдоо өрийн босгыг нэмэхгүй гэсэн. Гэтэл өнөөдөр өрийн таазыг ДНБ-ний 70 хувьд хүргэнэ гэж АН тохирооноосоо гурав дахь удаагаа буцаж байна. Өр нэмэгдэнэ гэдэг нь цаанаа эдийн засгийн олон олон сөрөг үр дагаварыг авчирна. Тиймээс МАН өрийн таазыг нэмж болохгүй гэдэг байр суурийг барьж байгаа.
-Зах зээлд мөнгө оруулж ирэхгүй бол мөнгөний хомсдолд орно гэж Ерөнхий сайд хэлээд байгаа. Хөрөнгө оруулагчид яваад өгсөн энэ үед өр тавихгүй байхаас өөр эдийн засгаа тэлэх ямар арга зам байна вэ?
- Эдийн засгийг тэлдэг байгууллага нь хувийн хэвшил. Өрийн дээд хэмжээ ДНБ-ний 40 хувиас хэтэрч болохгүй гэсэн тоо нь Засгийн газрын өрийн хэмжээ. Гэтэл Монгол Улс Засгийн газар нь их хэмжээний өр, зээл аваад өөрөө бүтээн байгуулалт хийнэ гэсэн ойлголт нь хамгийн том алдаа. Харин хөрөнгө оруулагчид, хувийн хэвшилийхэн зээл авахад хамаагүй шүү дээ. Тэд зээл авч, хөрөнгө оруулалт хийн, үйл ажиллагаагаа сайжруулж явах нь зүйтэй. Түүнээс хувийн хэвшлийн барьж байсан төмөр замыг төр булааж аваад санхүүжилт гаргана гэдэг буруу бодлого. Жишээлбэл, хувийн хэвшлийн 800 сая долларын өрийг төр өөр дээрээ авч байгаа байхгүй юу. Тэгэх шаардлага байхгүй. Хувийн хэвшлээр нь хийлгэ, тэд ашигаа олоод яваг. Энэ мэтчилэн гарцууд байна. Өрийн босгыг нэмнэ гэхээр л эдийн засаг тэлнэ гэсэн ойлголт байхгүй. Эдийн засгаа тэлнэ гэдэг нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх, Оюутолгой, Таван Толгойгоо явуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчидаа дэмжих хэрэгтэй. Энэ нь эдийн засгаа тэлэх арга хэмжээ. Түүнээс Оюутолгойд өмнө нь өчнөөн тэрбумаар нь хөрөнгө оруулат хийчихсэн аж ахуйн нэгжүүдийг элдэв, бусаар хэлээд, ойлголцохгүй байж болохгүй шүү дээ. Хөрөнгө оруулаад, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар нэмнэ шүү гэж айлгах шаардлага байхгүй.
- Ерөнхий сайд өрийн таазыг 70 хувьд хүргэнэ гэж байгаа нь “Засгийн газар өр нэмж авахгүй, хувийн хэвшлийхэнд баталгаа гаргаж өгнө” гэж байсан. Тэгэхээр Засгийн газар нэмж өр тавихгүй юм биш үү?
-Яалаа гэж. Засгийн газрын өр гэдэг бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулиар зохицуулагдсан зүйл. Засгийн газрын авсан зээл мөн Засгийн газар хариуцлага хүлээсэн буюу баталгаа гаргаж өгсөн бүхэн Монгол Улсын өр. Иргэдэд бодит байдлыг байгаагаар нь хэлэхгүй, Засгийн газрын өр биш гэж хэлчихээд улсын өрийн хэмжээг нэмнэ гэж байгаа нь логикийн зөрчилтэй байна.
-Энэ тал дээр МАН, АН хоёр зөвшилцөхгүй бол МАН засгаас гарах дээрээ хүрнэ гэж удирдлагын түвшинд яригдсан гэж байсан?
-Энэ асуудал нээлтэй шүү дээ. Ойлголцохгүй бол Засгаас гарна. Учир нь Н.Алтанхуягийн Засгийн газарт ч, одоогийн засагт ч нэг л зовлон байна. Ерөөсөө л асуудлыг шийднэ гэхээр өр зээлийг нэг номерт тавьдаг. Амнаас нь хөрөнгө оруулагчидыг ойлголцуулъя, итгэлийг нь олж авъя гэсэн үг ерөөсөө гардаггүй. Өрийг биш хөрөнгө оруулалтыг дэмжих талаар тархи толгой, үзэл бодол, сэтгэлгээгээ өөрчилөж байж Монгол Улс хөгжинө.
-Шийдлийн Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр, өргөн барьж байгаа төсвийн тодотголоос харахад хурдан хугацаанд хямралаас гаргаж чадахаар байна уу?
-Н.Алтанхуягийн Засгийн газар эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлнэ гэхэд УИХ-ын чуулган дээр би “100 хоногт эдийн засаг эрчимжихгүй, унаж дуусахгүй” гэж хэлж байсан. Тэгэхэд намайг муу амаллаа гэцгээсэн. Муу амтайдаа би тэгэж хэлээгүй ээ. Хямралд хүргэсэн алдаатай бодлогуудаа засаагүй учраас тэр ажилд эерэг дүн гарахгүй гэдгийг мэдэж хэлсэн. Одоо бол энэ хямралын хамгийн хүнд үе энэ оны аравдугаар сард нэлээн тодорхой болно.
-2012 оноос хойш төрийн албан хаагч 30 мянгаар нэмэгдсэн гэж байна. Энэ хүмүүсийг нэг дор цомхотговол хүндрээд байгаа эдийн засагт бүр ч илүү дарамт болох юм биш үү?
-Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотголоор 1600 төрийн албан хаагчийг халахаар байгаа. Олон агентлагийг өөрчилнө, татан буулгана гэж ярьчихаад түүндээ хүрээгүй. Энэ 1600 хүний 250 нь шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтан. Тэгэхээр 1600 хүнийг хална, тэдэнд гэнэт халагдсаны тэтгэмжийг олгохоор төсөвт суулгаж оруулж ирсэн байна.
-Хэмнэлтийг эрх баригчид өөрсдөөсөө хийсэнгүй гэсэн шүүмжлэл их байна. Гэтэл хотын дарга Э.Бат-Үүл дөрвөн орлогчоо төсвийн мөнгөөр цалинжуулахгүй гэсэн мэдэгдэл хийгээд байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? Цалингүй ажиллана гэж байж болох уу?
-Баасан гаригийн УИХ-ын чуулганаар энэ асуудал хэлэлцэгдсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулиар аймгийн Засаг дарга нэг, нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой байна гэж тоог нь заагаад өгчихсөн. Хэрвээ үүнийг зөрчиж ажиллаж байгаа бол холбогдох хуулийн хариуцлага хүлээнэ. Төрийн алба Монгол Улсын хуулиар зохицуулагддаг.
-Таван толгойн төсөл хэлэлцээрийн шатандаа явж байна. “Брогоулд”-ыг ашигласан компанид Таван толгойг өгөхөөр боллоо. Энэ төсөл манайд нааштайгаар шийдэгдэж чадах уу?
-Би Оюутолгой ,Таван толгойн ордын гэрээ хэлэлцээрт ажиллаж байсан. Одоо яг ямар нөхцлөөр Таван толгойн хөрөнгө оруулагч нарыг сонгон шалгаруулахаар болов? Сонгон шалгаруулалтад орсон компаниуд ямар шаардлага тависан бэ гэдэг нь бидэнд ойлгомжгүй байна. Гэхдээ Таван толгойн асуудлыг бид шийдэж явах учиртай. Шийдэл нь зөв байгаасай гэж л бодож байна. Асуудлыг шийдэхгүйгээр цаг алдах нь эргээд Монгол Улсын хөгжил дэвшилд сөрөг нөлөө үзүүлнэ. Төмөр замын асуудлыг хэдэн жил ярив. МАН гарч ирэхээр хувийн хэвшлээр хийлгэнэ гэдэг. АН гарч ирэхээр эргэж төрдөө авна гэж ярьдаг. Хэдэн удаа эргэж буцаснаас болоод өнөөдөр Таван толгой төмөр замгүй байна. Авто машинаар зөөж байгаа учраас бидний экспортлох нүүрсний хэмжээ хязгаартай байгаа. Нүүрсний үнэ унасан энэ тэр гэж юм ярьж байна. Дэд бүтцийг нь хийчихсэн болоод экспортлох нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлэхэд л орлогоо олоод л явчихна. Тэгэхээр энэ асуудлыг шийдээд явах нь зүйтэй. Энд популизм байх шаардлагагүй гэж бодож байна.
-Оюутолгой, Таван толгойн асуудал шийдэгдсэнээр манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, гаднаас ирэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлж чадах уу?
-Мэдээж, тэгэлгүй яахав. Хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгох том алхам болно.
Л.Одончимэг
Сэтгэгдэл ( 4 )
тендерээс мөнгө идэж тэрбумтан болох хаанахын туршлага вэ? хүрэлбаатараа.чи тэр идсэн мөнгөө буцааж өгвөл хямралаас гарахад хэрэг болно шүү. Ерөөсөө хямрал бол төрөөс хэр олон тэрбумтан төрнөөс ч шалтгаалсан байх магадлалтай даа
Энэ улс төрчдөд баруун зүүн гарт нь утас уяж өгөхгүй бол барууны намынхан нь зүүний бодлого, зүүн нь барууны бодлого яриад самуурч өгөх юм. уул нь наадахыг чинь энхрий хайрт Ардчилсан намынхан ярьж байх ёстой асуудал. Нөгөөдүүл нь өөрсдөөс нь илүү зүүнтэн болчихоор энэ Хүрэлбаатар аргаа бараад ярьж суугаа юм байхдаа. уул нь байр байрандаа байвал улсаа хөгжүүлж болдог гэдэг. Ингээд холилдчихоороо улс орон хөгждөггүй юм байна дөө хө.
Uursdiig ni songoson ard irgedees yu husehdee ehchuud, emegteichuud, leasingiin priustei yaduu ard ruugaa changaraad baigaa yum be???
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номйын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮