Өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг З.Энхболдод дахин өргөн барилаа. Энэ хуулийн төслийг 2015 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлээд байсан юм. Гэсэн хэдий ч Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид нь буцаагаад байсан билээ. Урьд нь уначихаад байсан хуулийн төслийг эргэн барьж байгаа нь нэхэл хатуу байгаагийн шинж байх. Гэхдээ Шийдлийн Засгийн газрынханд энэ хууль шиг “амь тариа” одоогоор эрээд олдохгүй байгаа нь үнэн. Хуулийг батлуулж чадвал өрийн таазаа нэмэгдүүлэх боломжтой болно. Хамтрах сайхан ч хамтарсан хойноо эмээлийн хоёр бүүрэг шиг эсрэг тэсрэг харж санал зөрөлдөхийн хэцүүг Ч.Сайханбилэг яс махандаа тултал мэдэрч байж мэдэх юм. Учир нь МАН-ын хувьд өрийн таазыг нэмэхгүй гэсэн байр суурин дээрээ итгэл төгс хэвээр байна.
Мөнгөний эрэлд хатаж, зээл зүүдэлж Сарандаваа үзмэрч дээр очиж даллага авахуулахаас наахнуур байгаа Засгийн газарт өрийн таазыг нэмэгдүүлнэ гэдэг бол “сүх далайтал үхэр амар” байх боломж авчирна. Тиймээс л энэ хуулийн төслийг дахин дахин өргөн бариад байгаа хэрэг. Ингэхдээ өмнөх хуулийнхаа төслийн “нүүрийг нь жаахан будаж, нүдэнд нь сормуус наачихаад” оруулж ирж байгаа нь энэ.
Тухайлбал, өрийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлж, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувь тус тус хэтрүүлэхгүй байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн 2015-2016 онд л өрийн тааз хамгийн өндөр хэмжээнд байж цаашид зугуухан буурахаар байна. Ч.Сайханбилэгийн засаг тэргүүлэх цаг хугацаатай өрийн тааз өндөр байх үе давхцаж байгаа нь анзаарагдана. Ийм нэг өөрийнхөө байх үеийг аргацаах хуулийн төслийг дахин дахин өргөн барилаа гэж өөнтөглөх хүн байж мэдэх юм.
Гэхдээ юманд учир бий. Ялгаж салгаж ойлгох юм бас байна. Энэ хуультай хуульгүй өрийн тааз эдүгээ 55 хувьд хүрчихээд байгаа нь бодит үнэн. Өрийн таазыг нэмснээр Засгийн газар баахан мөнгө зээлж ард иргэдээ өрөнд оруулчихна гэж ойлгож болохгүй. Учир нь дотоодын томоохон аж ахуйн нэгжийн үр ашигтай төслүүдийн зээлэнд Засгийн газар баталгаа гаргаж өгнө гэж байгаа. Энэ зээл 20 жилийн хугацаатай 2 хувийн хүүтэй байна гэж дуулдаж буй. Зээлийнхээ эрсдлийг тухайн аж ахуйн нэгж даагаад явна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлэх үеэрээ бизнес эрхлэгчдийн дайсан үгийг “Өрийн тааз гэж худал юмаа өөрчлөөч. Өр чинь таазаа цоолчихлоо. Одоо засгийн өрийн ДНБ-д эзлэх дээд хэмжээ 40 хувь биш 53 хувь болсон. Бодитоор хар, мөнгөө зээл. Мөнгөгүй зээлгүй бол яаж үйлдвэр босох юм бэ гэж байна” гэдгийг дамжуулсан.
Гадаадын хөрөнгө оруулалт саарч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уначихаад байгаа энэ цаг үед үндэснийхээ баялаг бүтээгчдийг дэмжих, зээл авах, бүсээ чангалах гэхчлэн хэдхэн арга зам л бий. Яаж ч төсөөлсөн мөнгөгүй бол улсын эдийн засаг бүхэлдээ царцана. Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурь эх оронч харагдаж байж мэдэх юм. Гэхдээ энэ цаг үе, ийм нөхцөл байдал дунд хэр оновчтой алхам байх бол.
П.Булган
Сэтгэгдэл ( 2 )
аагүй шүү дээ энэ мэтээр өнгөрсөн хугацаанд авсан мөнгийг тооцвол авсан мөнгөний эргэн төлөлт авсан зориулалтын дагуу төлсөн үү гээд олон асуудал дагуулна. сайхан билэг баярцогт 2 одоо хэдэн төгрөг олж ирээд өөрийн хэдэн компанид өгөөд л явна 2016 оны сонгуулиар нөгөө бүтэхгүй ажил байсан гэж яриад сууна. баярцогтод итгэх юм алга оюу толгойг олгой болгосон хүн үүнийг амархан дөнгөнө. ардын намынхан ухаантай байгаарай болохгүй бол засгаас гар л даа яах гэж засагт орсон гээд бодвол их олон асуудал гарна шүү. эрдэнэбат сайдыг солих хэрэгтэй туйлбартай байж чадахгүй байна
ӨМНӨ ТАРААСАН 3 ИХНАЯД ТӨГРӨГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИР БАЙГАА СУДЛАХ ГЭЭД ЗААВАЛ ГАДНААС АВАХ ХЭРЭГ БАЙНА УУ ГЭЭД ОЛОН АСУУДАЛ ГАРНА. ӨРИЙН ТААЗ НЭМЭЭД МӨНГӨ АВААД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ӨГВӨЛ ӨРНӨӨСГАРАХ ЮМ ЯРИХ ЮМ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. тэр мөнгө өнөө маргаашдаа тулгараад байгаа хмлыг л давахад хэрэглэхгүй бол улс орны бүтээн байгуулалтанд бага хүүтэй мөнгө гэж ярих юм бол нөгөө алтанхуягийн тараасн үнэ тогтворжуулахад өгсөн их мөнгө хаачив аатэр мөнгийг авсан аж ахуйн нэгжүүд яг юу хийв гээд бодох асуудал олон байна тухайлбал цемент импортлогч нарт мөнгө өгсөөр байхад тэд өнгөрсөн зун цементийн үнийг буулг