Хүн болгон эрхэм, хүн төрөлхтөн бүгдээрээ эрхэм. Гэхдээ ард түмэн өөрсдийнхөө бахархал, хүндэтгэл, онцгой гэснээ хэний ч оролцоогүй өөрөө бүтээдэг. Гуравхан сая монголчуудын минь дунд ийм эрхмийн эрхэм хүмүүн цөөнгүй. Алдар хүндийн тавцанд өөр өөрийн арга барил, өөр өөрийн онцлох замаар гарсан ч тэднийг адилтгах нэгэн зүйл нь өөрсдийнх нь бүтээсэн зиндаа байдаг байх. Тийм ч учраас Зиндаа.мн сайт энэхүү эрхмийн эрхэм хүмүүсийн тухай өгүүлэх “ЭРХЭМ ЗИНДАА” хэмээх хөрөг нийтлэлийн шинэхэн булангаа сар шинийн босгон дээр уншигч танаа хүргэж байна. Холч мэргэн ухаан, хосгүй ховор авьяас билгээрээ өөрийн зиндааг хэдийнэ тодорхойлж, уншигч та бүхний хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүмүүсийн хөргийг та “ЭРХЭМ ЗИНДАА” булангаас маань цувралаар уншаарай.
Энэхүү хөрөг нийтлэлийн булангийн маань анхны зочин нь эгэл жирийн атлаа эгэлгүй авьяастай нэгэн эрхэм юм. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан хоёр малчин байдгийн нэг нь энэ хөргийн эзэн Дундговь аймгийн Дэрэн сумын малчин, уртын дуучин Г.Дадьсүрэн. 50 гаруй насандаа урлагийн тайзан дээр гарсан тэрээр төв халхын боржигон, тэр дундаа Тэгшийн хонхорын ая дангаар дуулдаг өнөө цагт бол өдрийн од шиг ховордсон дуучдын нэг. Тэр ч байтугай дэлхийд анх удаа мазаалай баавгайг амьдаар нь барьж, шинжлэх ухаанд үнэтэй цэнэтэй нотолгоог олж өгсөн ховор сонин намтрын эзэн юм.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан малчин хоёрхон бий гэж ярилцдаг. Ийм хүндэтгэлийн эзэд гэвэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ерөөлч магтаалч Г.Оргой, Дундговь аймгийн Дэрэн сумын малчин уртын дуучин Г.Дадьсүрэн нар болой. Насаараа мал дагасан хэрнээ салбарынхны хүсээд тэр бүр олддоггүй эрхэм цолны эзэн болно гэдэг ховорхон заяа байж мэднэ. Мэргэжлийнхнийг давж түрүүлж, илүүрхэж баймаажин л жирийн нэгэн малчин энэ алдар нэрийг хүртэх хувь тохиох биз ээ.
Дундговийн Дэрэн сум гэж дэлгэрхэн зуны гурван сардаа адуу айраг, уртын дуугаар балгаж цалгиж байдаг нутаг бий. Айргийн үнэртэй салхинд нь Ар хөвчийн унага шуранхайлсан энэ нутгаас алдарт дуучин Намжилын Норовбанзад, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Цэндийн Чимэдорж гэхчлэн олон алдартан төржээ. Бас энэ нутгийн “Сарьсан” Тавхай хэмээх алдартай дуучин байсныг мэдэх юм. Хэрэв бүр өмнөх түүхийг ярих гэвэл XYIII зууны үед Арван засагт залагдан дуулж хуурдаж явсан олонд “Гооч” хэмээн алдаршсан Лувсанжамба гэгч энэ нутгийн хүн байжээ. Тэрбээр гурван хоногийн найранд нэг дуугаа давтан дуулдаггүй дуучин байсан гэлцдэг. Дуу дуучны тухайд гэвэл ийм л баялаг үүх түүх, өв уламжлалтай газар гэвэл Дэрэн. Энэ бүхний залгамж холбоо болж яваа өнөө цагийн ахмад дуучин нь Гарамын Дадьсүрэн гуай юм.
Дуу дуучин хоёр эндээс л төрдөг
Дундговийг дуу хуурын нутаг хэмээн тодотгодог. Ахуй байгаль хийгээд амьдралын хэв маяг нь дуу хуураас ангид байхын аргагүй нутаг л даа. Үнэхээр л хурд хургаж, уртын дуу хоргодсон газар билээ. Адуу мал, айраг дагасан зан үйл нь ихэвчлан найр наадам, наргиа цэнгээн дагуулж байдаг. Эндхийнхэн гүүний үрс гаргах, ногтны, унага тамгалах гэхчлэн найр хүндэтгэл хийнэ. Боржигон найр гэдэг хэзээнээсээ хатуу дэг жаягтай. Айргаа дундлах гэж айл хотлоороо цуглан хуруудана, хуалана, дэмбээдэнэ. Ажил амьдралын ийм орчил дуу дуучин хоёроо төрүүлдэг авай.
Хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу болон Боржигон сэцэн вангийн хошууны зааг нутгийнхныг Тэгшийн хонхорынхон гэлцдэг. Энэ нь өнөөгийн Дундговь аймгийн Дэрэн сумынхан юм. Дэрэн олон дуучинтай. Тэд бүгдээрээ нэг нэг дуугаараа овоглочихсон, тэр дууг нь тийм энд хүрч дуулах дуучин хэтрүүлж хэлбэл Монголд бараг үгүй. Тухайлбал “Сарьсан” Тавхайн Сэрүүн сайхан хангай, Ваанчиг тойны Уяхан замбуу тивийн наран, Цэнд-Аюушийн Ар хөвчийн унага гэхчлэн ярина. Өнө цагийн хэллэгээр бол нэг нэг бренд дуутай байдаг байжээ. Тэгээд хаа хол хэдэн өртөө газраас зөвхөн тэр дууг нь дуулуулах гэж урьж залдаг байсан гэлцэх.
Уртын дуу ая дан, дуулах арга барилаараа онцлоготой. Гэхдээ ерөнхийдөө бол Дэрэнгийнхэн Боржигон аяараа дуулна. Тэр нь дотроо Зуутын жасын, Тэгшийн хонхорын, Үйзэнхай, Ачитынх, Бараат, Өнжүүлийнх гэхчлэн ялгараад явчихна. Барагтай хүн бол анзаарахааргүй тийм нарийн торгон зааг ялгаатай. Тухайлбал, Бараатын аялгуу үг нь тодорхой, амьсгаа их шаарддаг бол Боржигон сэцэн вангийн аялгуу амьсгаа бага шаарддаг, үгээ бүдэг бадаг хэлэх хэрнээ маш нарийн уран гоё, чамин нугалаа шуранхайтай байх жишээний гэж байна.
Уяхан замбуу тивийн наран дууны үг аялгууны холбоо зохицол үнэхээр гайхамшигтай. Н.Норовбанзад гуайг “Уяхан замбуу тивийн наран” дуугаа дуулж байхыг сонссон гадаадын нэг иргэн “Энэ юуны тухай дуулж байна вэ” гэж асууж гэнэ. Аа, энэ тэнгэр огторгуйн тухай дуулж байнаа гэвэл “Тийм байх аа. Энэ аялгуу аль эрт газраас тасраад явчих шиг санагдсан юм” гэсэн гэдэг. Уртын дуу ингэж л аялгуугаараа хүчтэй мэдрэгдэж байгаа хэрэг.
Монгол ардын уртын дуу ихэвчлэн зургаан бадаг шүлэгтэй байдаг. Харин “Бор борын болжмор”, “Өвгөн шувуу хоёр” гэхчлэн гүн ухааны учирлал аястай дуунууд дээд тал нь 72 бадаг шүлэгтэй байдаг хэмээн дуучин маань тодотгоно билээ.
Тавин нас хүрч тайзан дээр анх дуулсан гавьяат
Г.Дадьсүрэн гуай өнгөрсөн жил 20 гаруй дуутай “Хээрхэн халтар” цомгоо гаргажээ. Бас сумынх нь 90 жилийн ой тохиож, зав зай хомсхон байлаа хэмээн тодотгов. Би чинь хожуу төрсөн дуучин шүү дээ гэж өөрийгөө голсхийж байна. Тавин нас хүрсэн хойноо тайзан дээр анх дуулснаа илэрхийлж байгаа нь энэ.
Цэргийн гурван жил Сэгсцагаан богдын заставт эх орны хилээ манаж байгаад эргэж ирэв. Нутагтаа амьдрал зохиолж, малаа маллаж, өтгөсөө асарч үр хүүхдээ өсгөж, найрандаа дуулж явтал нэг л мэдэхэд нас зуугийн талыг давжээ. Тэр жил Улаанбаатарт Дундговь аймгийн соёл урлагийн арав хоног гэж томоохон арга хэмжээ болжээ. Ёстой л юу чаддагаа үзүүлдэг том арга хэмжээ байсан юм. Энэ наадамд уртын дуугаараа оролцох урилга даалгавар хамт иржээ. Ингэж нутаг нугын хэмжээнд танигдаад байсан нуугдмал авьяасаа нийслэлд ирж “гэрэл цохиулчихаад” буцжээ.
Энэ цагаас хойш түүнийг зүгээр суулгасангүй. Сав л хийвэл урилга, заллага ирж малаа маллахаас илүү энд тэндхийн урлаг соёлын арга хэмжээнд алгасахгүй шахам уригдаж явжээ. “Дээлнээс өөр гоёлгүй, Дэрэнгээс өөр газар явах биш дээ” гэж бодож явсан тал нутгийн малчин эх орныхоо нутгаар хэдэнтээ хөндлөн гулд аялж, хилийн чанад Хөх хотод хүртэл дуулах ур ухаанаа зааж зөвлөх хувь тохиожээ. Найранд дуулж явсан болхоос биш наадамд дуулна чинээ санасангүй. Ийн түүний авъяас дуулах ур чадвар нутаг уснаасаа хальж, “албан ёсны” дуучин болжээ.
Энд өгүүлэн буй Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Гарамын Дадьсүрэн Дэрэнгийн Тэгшийн хонхортоо төрж өсч, энэ нутагтаа нас биеэ элээж яваа нэгэн. Нэгдэл нийгэм гэж байх үед шинэ үсгийн багшаас эхлээд багийн дарга, малчнаар ажиллаж хажуугаар нь урлаг уран сайханд “дайчлагдаж” өдийг хүрсэн гэнэ. Сургууль номыг нь үзээгүй ч өөрийнх нь хэлснээр бууцны шар хойг ханхалсан малчны хотон дунд л дуучин болсон гэх.
Дадьсүрэн гуай бол төв халхын боржигон, тэр дундаа Тэгшийн хонхорын ая дангаар дуулдаг өнөө цагт бол өдрийн од шиг ховордсон дуучдын нэг. Нэг үгээр хэлбэл тэр ая данг эзэмшсэн жинхэнэ тунгаамал гэсэн үг.
Тэрбээр 1943 оны мичин жилийн зуднаар төржээ. Өөрийнхөө бага насны тухай ажил амьдралын дөр суух гэж хичээж явснаас эрхлэх тоглох зав байсангүй хэмээн ярьсан юм. Хичээл зүтгэлийнхээ ачаар гайгүй сайн бичиг үсэгтэй болж шинэ үсгийн багш болжээ. Энэ тухайгаа тэрбээр яг л “Шинэ үсгийн багш” гэдэг кинонд гардаг шиг гэж тодотгосон. Тэр үед 10-аадхан настай байж. Багшаа гэж тоож байгаа хүн ч гэж цөөхөн. Өнөөх шавь нар нь багшаараа хүзүү толгойгоо бариулж, зарим нь тугал хурга руу гүйлгэнэ. Ийм л байж. Гэхдээ энэ нутаг ус, аав ээж нь түүнд дуулах их авьяас, ур дүй хайрласан байжээ.
-Үг аялгууны жинхэнэ зохирол найрал уртын дуун дээр их тод мэдрэгддэг. Уртын дууг найр юм уу морин дэл дээр маш амархан сурдаг. Тэгснээс ширээний ард, шилэн цонхны цаана суучихаад уртын дуу заахаар нэг л шингэц муутай, хоосон хөндий санагдаад байдаг юм. Ардын урлаг гэдэг ахуйтайгаа ямар айхтар холбогдож төрдгийн илрэл энэ шүү дээ. Ялангуяа сар асгарсан саруулхан шөнө морин дэл дээр дуулж явахад эр хүний жаргал эзгүй хээр гэсэн үгийг эрхгүй санагдуулдаг юм. Дуу намайг олон газар, олон хүнтэй танил болгосон. Тэр жил Хөх хотод охиноо эмчлүүлж байх зуур тэндхийн Нарантуяа гэдэг доктор хүүхнээр дамжуулан холбогдож урлагийн сургуулийн хэдэн өвөрлөгч охид надаар уртын дуу заалгасан. Тэдгээрийн зарим нь одоо нутаг усандаа нэртэй дуучид болсон гэнэ лээ хэмээн малчин гавьяат маань ярина лээ.
Уртын дуу, дуучин хоёр бол монголчуудын урлагийн үнэт өв соёл юм. Үүнийг дэлхийн их өв соёл хэмээн том харж ч болно. Тийм учраас л гал алдуулахгүй, удам таслахгүй авч явах ёстой юм. Дээхнэ үеийн хүмүүс хэн нэгнээс жаахан авъяас цухуйх л юм бол хүний өөрийнгүй өлгөж аваад зааж сургаад өгдөг байлаа. Ингэж байж л уламжлалт дуу хуураа өдий болтол авч ирсэн хэмээн Г.Дадьсүрэн гуай сануулсан.
Тавь гарсан насандаа тайзан дээр анх гарсан малчин, уран сайхан ч маань 2011 онд дал дөхсөн насандаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагджээ.
“Номхон бор”-ыг ногтолсон нь
Г.Дадьсүрэн гуайд дуучнаас гадна бас нэг тодотгол дагалдаж явдаг. Тэрбээр шинжлэх ухаанд анх удаа говийн баавгай буюу мазаалайг амьдаар нь барьсан хүн болой. Энэ жинхэнэ амьд нотолгоо болжээ. Цэргийн гурван жилээ Сэгсцагаан богдод хилийн манаанд алба хаасныг дээр өгүүлсэн.
...1968 оны дөрөвдүгээр сарын 22. Сэгсцагаан богдын хилийн заставынхан В.И.Лениний төрсөн өдөр тохиосон тул хүчлэн хамгаалалтад гарчээ. Г.Дадьсүрэн тэргүүтэй гурван хилчин уулархаг хад асгатай Ямаан усны хяр хэмээх газраар харуулын үүрэг гүйцэтгэж яваад нялх хүүхэд хөтөлсөн хүнийх мэт урьд өмнө харж байгаагүй үл мэдэх мөртэй таарчээ. Мөрийг мөшгиж байгаад дурандвал бамбаруушаа дагуулсан мазаалай байна гэнэ. Эх нь хар сэр авсан шинжгүй чулуу бариад бажууны үндэс ухах агаад бамбарууш нь хамхуул тэврэн нааш цааш өнхрөх нь өхөөрдөм хөөрхөн гэхээс өөрөөр илэрхийлэх аргагүй мэт байна гэнэ. Мөнөөх мазаалай гэнэт хилчдийг олж харснаа бамбаруушаа дагуулан уул даван арилжээ. Гэтэл оройхон хэрд тэр бамбарууш эхээсээ төөрөлдсөн бололтой нэгэн уулыг давтал хилчдийн өөдөөс гэнэт гараад иржээ. Ингэж тэд мазаалайн бамбаруушийг хэрэндээ сандран байж гартаа оруулж авчээ. Урьд нь 1966 онд кино оператор Уртнасан гэдэг хүн мазаалайн тухай кино хийх гэж Сэгсцагаан богдоор ирээд ганц мазаалай шархдуулж нохойгоор боргуулж байж зураг аваад буцсан тухай хилчид сонссон байжээ.
Бамбаруушаа заставтаа тэжээж гайгүй сайн гаршуулж байтал энэ тухай мэдээ тэр үеийн нам, төрийн удирдлагуудад хүрчээ. Тэгээд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Ц.Дүгэрсүрэн гэгч хүн Өмнөговь аймагт очих болж Сэгсцагаан богдын заставт байгаа мазаалайн бамбаруушийг яаралтай авчирахыг урьдчилан үүрэгджээ. Ингээд заставын хэдэн хариуцлагатан Өмнөговь аймаг руу бамбаруушаа торгонд боох нь холгүй бөөцийлж авч оджээ. Эндээс харахад мазаалайн бамбаруушт ямар их ач холбогдол өгч байсныг анзаарч болмоор байгаа юм. Түүнээс хойш удалгүй “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүл дэлхийд анх удаа мазаалай баавгайг амьдаар нь барьсан тухай зураг хөрөгтэй нь нийтэлсэн байжээ. Энэ нь баавгайн шинэ төрөл гэдгээрээ шинжлэх ухааны хувьд үнэ цэнэтэй баримт нотолгоо болсон гэнэ. Түүнчлэн мазаалай барьсан дайчдад Шинжлэх ухааны академиас талархлын захидал ирүүлж энд тэнд үхсэн мазаалайн сэг зэм, яс үс олдвол бидэнд яаралтай хандаарай хэмээн хүссэн байжээ.
1970 онд Дадьсүрэн хотод ирэхдээ мөнөөх бамбаруушийнхаа мөрөөр сураг ажиг тавьжээ. Өсч томорсон бамбарууш шинжлэх ухааны байгууллагын мэдэлд байсан ч циркийн амьтан сургагч Цэрэндорж гуайн анхаарал халамж дор байсан бөгөөд “Номхон зөөлөн ааштай. Юм сурахдаа амархан” хэмээн магтаж байжээ. Циркийнхэн мазаалайгаа “Номхон бор” хэмээн нэрлэдэг байсныг амьтан сургагч, “Баавгай” хэмээх Лувсандорж гуай Дадьсүрэнд дуулгажээ. Энэ мазаалай Монголын циркт нэлээд хэдэн жил “жүжигчинээр ажиллажээ”. Харин хоол унд нь нөлөөлсөн үү хожим шүд нь өвчилж, шүдийг нь авснаас нь болж дэлхий дэрлэсэн гэх юм билээ. Тэгээд чихмэл болгож Улсын төв музейд байрлуулсан байсныг нь Дадьсүрэн гуай 1970-аад оны сүүлчээр хотод ирэхдээ бамбаруушаа таньжээ.
Г.Дадьсүрэн гуай эдүгээ хүүхдүүдээ дагаад сумын төвдөө төвхнөжээ. Уртын дуугаа хүүхэд залуучуудад зааж сургасан шиг, ахмад хүний буурь суурь, намба төрхөөрөө үлгэрлэсэн шиг амьдарч байна. Орон нутгийнхаа ажил амьдралд идэвхийлэн оролцож, хот хүрээнд уригдаж уртын дууны ур дангаа өвлүүлж үлдээсээр байна.
“Дэрэнгийн дэлт хар” хэмээн амьд ахуй үедээ нэрлэгдэж явсан яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн асан Ц.Чимэддорж “Миний Дэрэнд алт байдаггүй” шүлэгтээ:
Манай нутагт алт байхгүй
Майхан хөсөг болж битгий наашаа зүгэл
“Алтат” нэртэй олон газар байхгүй ч
“Алтангадас” гэж ганцхан бууц бий.
Эрхэс гаригаа хонхортоо аргамжаад налайх энэ бууцанд
Эрхэм Дадь гэж их сахалтай буурал хуурдаж суудагиймаа” хэмээн шүлэглэсэн нь буй.
Энд өгүүлэн буй “Алтангадас” нэртэй бууцны эзэн их сахалт Дадь бол танд толилуулан буй Гарамын Дадьсүрэн гуай билээ.
П.Булган
Сэтгэгдэл ( 22 )
Ахынхаа тухай сайхан нийтлэлийг уншлаа. Үнэхээр сэтгэл хөдөллөө. Нийтлэлийг бичсэн сэтгүүлч таньд маш их баярлалаа.
Hodoo ooriinhooroo, duugaa evdehgui yag nomoor n saihan duuldag hijeel nasnii humuus baidag shuu, odoonii zaluus hudlaa duulj baihaar ehleed suraad, sudlaad zov duulaasai. Original halh hund tsaanaasaa neg duulah yum bii dee ug n. Sain saihan iig husye.
хөдөөгийн эрдэнэ хөдсөнд боолттой гэж энэ дээ, сайхан байна.сайхан хүний тухай уншихад сэтгэл уяхан болчихлоо.Урт насалж удаан жаргаарай .
saixan medee unshlaa
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
zondoo sonin saihan sonsoogui zuiliin tuhai bichcen bn Dadi ahdaa bolon ger buliihend n eruul enhiig hucii
Minii aawiin tuhai saihan niitlel bichsend mash ih bayrlalaa. Aawdaa bolon Mongoliinhoo bvh ard tvmend sar shiniin mend dewshvvley
the real man-жинхэнэ монгол эр хүн байна
Жинхэнэ ориг монгол эр хүн байна шүү
Багшийнхаа нутгийн эрхэм хүний тухай сайхан нийтлэл уншлаа Дадь гуай та урт наслаж удаан жаргаарай Баянхошууны багш ламын шавь
Нутгийнхаа ахын тухай сайхан зүйл уншлаа. Танд болон нутгийнхандаа сар шинийн мэнд дэвшүүлье.Сайхан шинэлээрэй.
Сайхан хүний тухай гоё нийтлэл байна. Дандаа хов жив, улс төр уншсаар байгаад бүр залхчихсан байна шүү. баярлалаа
goy umaa
Гайхамшигтай
Jinhen mongol uwgun bna goy ym aawigaa sanalaa