Зиндаа.мн сайт эрхмийн эрхэм хүмүүсийн тухай өгүүлэх “ЭРХЭМ ЗИНДАА” хэмээх хөрөг нийтлэлийн шинэхэн булангаа уншигч танаа хүргэж эхэлсэн билээ. Холч мэргэн ухаан, хосгүй ховор авьяас билгээрээ өөрийн зиндааг хэдийнэ тодорхойлж, уншигч та бүхний хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүмүүсийн хөргийг та “ЭРХЭМ ЗИНДАА” булангаас маань цувралаар уншаарай. Энэ удаагийн "Эрхэм зиндаа" булангаараа "Гал голомт" Үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөөг уулзуулж байна.
Өөрийгөө өмчилсөн, өмчөөрөө бахархсан өнөөгийн бидний үед хүнд хайртай хүн ховор болжээ. Харин түүнээс эх орондоо, ирээдүй хойч үедээ, энэ нийгмийн төлөө, эх үрсийн төлөө, Монгол түмний гал голомт өрх бүрийн төлөө гэсэн сэтгэл үнэртэнэ. Түүнтэй уулзахад яриад л суугаад баймаар, ярихгүй ч суугаад л баймаар нэг тийм сонин мэдрэмж төрсөн. Юутай ч Д.Мөнхөө гэдэг хүн мөнхийн завгүй хүн юм. Бусдын замыг гэрэлтүүлэхээр асаасан лаа шиг... Гэрэлтэхийн, гэрэлтүүлэхийн тулд амьдарч байгаа ч юм шиг. Бурхан түүнд ийм л хувь тавилан оноожээ. Үнэндээ нийгмийн сайн сайхны төлөө “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө гэхээр Монголд түүнийг мэдэхгүй хүн үгүй биз. Яг мэддэг нь ч бас цөөн биз.
АМЬДРАЛЫГ ҮЗЭХ ҮЗЭЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖЛЫН ТУРШЛАГА, БОДИТТОЙГООР АСУУДАЛД ХАНДАХ БОЛОМЖИЙГ ӨГСӨН ОН ЖИЛҮҮД
Дөрвөд далай хан аймгийн Зоригт ханы хошуу одоогийн Увс аймгийн Өмнөговь сумын үзэсгэлэнт Мянганы уулсын Овоот гэдэг газар бичин жилийн зун ард Доржийнд нэгэн охин мэндэлсэн нь өдгөөгийн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Мөнхөө юм. Дээрээ хоёр ахтай, айлын отгон охин. Аав нь Увс аймагт анх байгуулагдсан тэнхимд орж суралцан бичиг үсэгтэй болж улмаар цэргийн албанд мордон бичиг үсэгтэй хүмүүсийг бага эмчийн курст суулгахад тэнд суралцан хүний бага эмчийн мэргэжил эзэмшсэн ард олондоо “доовтор Дорж” хэмээн хүндлэгдсэн сайхан буурал байжээ. Харин ээж Ж.Булган нь түүний арын албыг тунчиг олон жил залгуулж, төр нийгмийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэх боломжийг олгосон буянтан. Ийм сайхан хоёр хүний отгон охин болж төрснийх насаараа тэдэндээ эрхэлж, гаргасан гурван хүүхдийнхээ хамгийн багыг таван нас хүртэл нь өсгүүлсэн азтай хэмээн тэрээр хүүрнэнэ.
Увс аймгийн Өмнөговь сумын Шар цэхээн бригадын бага сургуульд нэгдүгээр ангид орж суралцсан Мөнхөө охины хувьд ангийн дарга болж, бичиг үсэг мэдэхгүй хэрнээ “Та нарыг томоотой суухгүй бол багшид хэлнэ шүү. Нэрийг чинь тэмдэглэн авч байна гээд суудаг охин байсан гэх. Багаасаа “даргын өвчтэй” байсан байгаа биз хэмээн хүүхэд насаа дурсан инээмсэглэнэ. Үнэндээ тэр багаасаа оргилуун тэмүүлэлтэй, манлайлагч нэгэн байсан нь түүний бичсэн амьдралын түүхээс бэлхнээ харагдана. Бага сургуульд орж суралцаад удаагүй байхад аав нь аймгийн Гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах хэлтэст байцаагчаар ажиллах болсон тул тэднийх тэмээгээр нүүн хоёр хоног явж Улаангомд иржээ. Улмаар Улаангомын бага сургуульд орж дөрөвдүгээр ангиа төгсөөд, аймгийн 10 жилийн дунд сургуульд орж 10 дугаар ангиа онц төгссөн байна. Энэ хоорондоо бас л даргын сэтрээс салсангүй. Есдүгээр ангид байхдаа 10 жилийн сурагчдын зөвлөлийн дарга хийж, зургаа дахь өдрийн сүүлд олон онц авсан хүүхдүүдэд туг гардуулж, муу авсан хүүхдүүдэд гахай гардуулдаг мундаг ажилтай байж.
Үүнийгээ ингэж л хүүхдүүдийг идэвхжүүлдэг байлаа шүү дээ. Тэрчлэн сургуулийн дотуур байр маш дэг журамтай, эцэг, эхээсээ хол байгаа хүүхдүүдийг хамгаалах байнгын жижүүртэй, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн байр тус тусдаа байлаа хэмээн дурссан.
Харин түүнийг сургуулиа төгсөх тэр үед гадаад инженерийн мэргэжлээр хүүхдийг их явуулдаг байсан учир аравдугаар ангиа онц төгсч байсны хувьд тоо физикийн талын хүн болно гэж боддог байж. Гэсэн ч аав нь “миний охин аавынхаа мэргэжлийг өвлөөд эмч бол” гэснийг үг дуугүй биелүүлэн Анагаах ухааны дээд сургуульд элсэн суралцах болсноор МУИС-аас дөнгөж өрх тусгаарлаж байсан АУДС-ийн анхны суралцагчдын нэг болж, хүүхдийн эмч мэргэжлийг эзэмшсэн түүхтэй.
1966 онд АУДС-ийн Хүүхдийн эмчийн ангийг төгсөгчид
Тухайн үед АУДС хүүхдийн эмч, шүдний эмч, эм найруулагч гэсэн гурван мэргэжлээр элсэлт авч байсан гэнэ. Мөн л манлайлагч оюутан байж, сургуулиа онц төгссөн түүнийг сургуульдаа багшаар үлд гэсэн ч өөрийнх нь хэлснээр “нийгмийн идэвхтэй амьтан” юм болохоороо хөдөө явж амьдрал үзнэ хэмээн зүтгэж Сэлэнгэ аймгийн Орхон суманд их эмчээр очжээ. Энэ үед хоёр буурал нь ч охиноо дагаад нүүсээр л.
Ийнхүү 1966 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн шинэхэн эмч Сэлэнгэ аймгийн Орхон сумын хүний их эмчийн салбараас ажил амьдралын гараагаа эхэлж, хожим нь 20 жилийн дараа энэ нутгийн ард түмний итгэлийг өвөрлөн УИХ-ын гишүүнээр сонгогдож төр түшилцэж явсан тухайгаа тэрээр эргэн дурсахдаа “энэ нутагт ажилласан зургаан жилийн ажил үйлс минь талаар өнгөрөөгүй гэж сэтгэл өег байдаг” хэмээнэ билээ.
Сэлэнгэ аймагт ажилласан тэр он жилүүд түүнд амьдралыг үзэх үзэл, эрүүл мэндийн ажлын туршлага, бодиттойгоор асуудалд хандах боломжийг өгсөн байна. Ямартаа л сумын эмчээр очоод, хөгшчүүлээ буулгаад гэрээ барих гэж байхад нь анхны дуудлага нь ирж байхав. Нэг үхэрчин сүрьеэгийн менингитээр өвдөөд ухаан алдлаа, эмчээ гэсэн дуудлага. Энэ мэтчилэн дуудлага тасрахгүй. Мориор, трактороор, мотоциклээр гээд есөн шийдийн унаагаар дуудлагад явна. Шинэхэн эмч байхдаа нохойд уруулсан хүүхэд ирэхэд хуурай пенцилин хийж байгаад оёдол тавиад эдгээгээд явуулчихсан хойноо номноос нохой юмуу, зэрлэг амьтанд уруулсан хүнд заавал галзуугийн эсрэг вакцин хийх ёстой гэдгийг уншиж мэдчихээд айхдаа тэр зүгээс ирсэн хүн болгоноос өнөө хүүхдээ сураглаж, дөчөөд хоноод галзуурч магадгүй үе нь дуусахад сая л нэг тайвширч байсан бол түүний энэ алдаа сумынханд “сайн эмч ирж. Эмчилсэн хүнээ байнга л асууж сураглаж, санаа тавьж байх юм” гэж нэр хүндийг өргөж өгч байсан хөгжилтэй дурсамж ч бий. Эмнэлгийн 69 машинд жирэмсэн хүн төрүүлж, коор өвчин дэлгэрсний улмаас аравхан ортой эмнэлгийн тасагтаа дөчин хүүхэд хэвтүүлчихээд нойргүй хэдэн шөнө ажилласны улмаас айлын дуудлагад оччихоод чагнуураа тавьж чадахгүй үүрэглэж байсан, алт шиг туршлагатай ахмад үеийнхнийхээ зөвлөгөө дэмжлэгийг авч, эм хэрэгсэл дутсан үед хусны нүүрс шатаан хүүхдийн гэдэсний дүүрэнгэд уулгаж байсан, эмнэлгийн засварыг өөрсдөө хийж, ууланд гарч мод бэлтгэж, түлээгээ бэлдэж, ургац хураалтын өдрүүдэд унтах ч завгүй дуудлагад дарагдах гээд одоогийн залуус ойлгох ч үгүй хүнд бэрхийг даван туулж байсан ч огтхон ч шантарч байсангүй.
Үүнийгээ “Эх орны бүтээн байгуулалтыг хийх ёстой. Та нарт үнэгүй боловсрол олголоо. Та нар ажиллах ёстой” гэсэн идеал биднийг жолоодож байлаа. Энэ бүхэн бидэнд амьдралын асар их туршлага, сургамж, хүлээц, тэвчээр, энэ хүмүүсийн төлөө зүтгэх ёстой гэсэн эрхэм идеал болж байлаа. Тэгэхдээ тэр үед боловсон хүчинтэй ажилладаг бүхэл бүтэн систем байсан. Залуучуудыг ажил дээр гарахад ахмад хүнд хариуцуулж өгнө. Эвлэлийн төв хороо, эмэгтэйчүүдийн байгууллага, залуучуудын байгууллага, Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг, Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг, Үйлдвэрчний байгууллага, Ардын хянан шалгах төв гээд энэ бүх байгууллага иргэний асар том төлөвшил олгодог байсан. Одоо бол социализмын үед захиргаадаж байсан гэдэг. Үгүй, тэнд үнэхээр асар их иргэний төлөвшил олдог байсан юм. Одоо тэгж залуучуудтай ажиллаж байгаа ямар механизм байна. Үүнийг бид бодох ёстой. Хамт олныг бүрдүүлэх, нэгнээ ойлгох, алдаа дутагдал гаргах, мэдлэг чадвар дутах үед нь бүгд тусалж, дэмжиж, өсгөж өндийлгөдөг байлаа. Яг монголын оршин тогтнох үндэс нь иргэний төлөвшил юм шүү дээ. Ийм иргэний төлөвшилтэй байж энэ улсыг чинь тэр хүнд хэцүү үед авч үлдсэн юм шүү дээ” хэмээн тодорхойлсон.
Түүний энэ л ярианаас салмааргүй. Магадгүй бид энэ л иргэний төлөвшил гээч юмыг хэт орхигдуулсан нь, авах гээхийн ухаанаар хандаж чадаагүй нь өнөөгийн энэ нийгмийн, өнөөгийн хүний хэтэрхий аминчхан төрхийг бий болгосон байх хэмээн бодогдоно.
Бас түүнд Орхон сумын эмч байхдаа АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайг хүлээн авч, аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргаар ажиллаж байхдаа 1971 оны намар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал даргын ажиллах бэлтгэл хангах аймгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан сайхан дурсамжууд бий. Тэр үед Ж.Самбуу даргын ууцыг салфитик шиг нимгэн хэрчин идэж байсан нь их л сайхан санагдаж ердөө ч мартдаггүй бол Ю.Цэдэнбал даргын энгүүн сайхан зан, айлын хүүхдүүдэд чихэр тарааж өгч, сурлагынх нь тухай нэг бүрчлэн ярилцаж, сургуулийн хүүхдүүдийн халуун усны газрыг хүртэл биечлэн үзэж, өөрийнх нь хүүхэд насанд тохиолдож байсан бэрхшээлийг хойч үеийн хүүхдүүд үзэх учиргүй гэж ярьж байсныг тэмдэглэн үлджээ. Тэр үнэхээр түүхэн жилүүдийн амьд гэрч юм.
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АСУУДАЛД ОРОЛЦОХ БОЛОМЖ ОЛДСОН ОН ЖИЛҮҮД
Дөч шахам жил төр, олон нийтийн албанд зүтгэж, өнгөрсөн зууны сүүлийн арван жилд монгол оронд өрнөсөн түүхэн өөрчлөлтөд гар бие оролцож, төр, нийгэм, эдийн засгийн огцом эргэлтийг нүдээр үзсэн түүний яриа сонирхолтой ч, сургамжтай ч. Харин энэ төр нийгмийн улсын хэмжээний асуудалд оролцох замыг нээж өгсөн хэмээн тэрээр С.Удвал гуайд талархаж явдаг гэсэн. Д.Мөнхөө гуай мундаг зохион байгуулагч ирээдүйтэй залуу эмэгтэй гэсэн тодорхойлолтой байсан. Үүн дээр нь 1972 оны Олон улсын эмэгтэйчүүдийн баярын төвийн хурал дээр Сономын Удвал ахайтан илтгэл тавихдаа “Сэлэнгэ аймгийн Эрүүлийг хамгаалахын газрын дарга Доржийн Мөнхөө гэж өсөх ирээдүйтэй залуу эмэгтэй ажиллаж байна” гэсэн нь түүнийг ёстой л одоогийн хэлээр “од” болгож орхисон гэдэг. Энэ хурлаас хойш түүнийг Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар зохион байгуулагчийн курст явуулахыг, МАХН-ын Төв хороо Коммунист намын дээд сургуульд явуулахыг, аймгийн захиргаа хариуцлагатай дарга болохыг санал болгож боловсон хүчний нөөцөд орох зам нь тавигджээ. Тиймээс тэрээр С.Удвал гуайд баярлаж явдаг гэж даруухан өгүүлсэн. Харин тэрээр эдгээрийн алинд ч явалгүй МХЗЭ-ийн XVI их хурлаас Эвлэлийн төв хорооны сургууль, оюутан залуучуудын хэлтсийн эрхлэгчээр томилогдсон байна.
Эмчийн мэргэжилтэй, хөдөө орон нутагт зургаан жил ажилласан түүний хувьд энэ нь цоо шинэ ажил байсан бөгөөд залуу үеийнхнийхээ төлөө үйлсэд би зүтгэж ажиллаж ёстой гэсэн ганцхан зорилгод бүхнээ зориулах хичээл зүтгэлийг бий болгожээ.
Тиймдээ ч сурган хүмүүжүүлэх ухааны номыг долоо хоногийн дотор уншиж судалж, өөрийгөө боловсруулан биеэ дайчлан ажилласаны учир ажилдаа гологдсонгүй. Ер нь тэр хаана ч гологдохооргүй сэхээтэн байсан гэж болно. Гэвч өнөөх л эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдгийн үлгэрээр тэр үеийн системын бодлого, иргэний төвшил олгож байсан мундаг системын ач хэмээн даруухан өгүүлнэ. МХЗЭ нь залуучуудад нийгмийн болон зохион байгуулах ажлын туршлага олгодог дарханы газар байлаа. Бас залуу үеийнхний хүсэл сонирхол эрэлт хэрэгцээг олж мэддэг, улс эх орны хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тэдний оргилсон эрч хүч, хүсэл тэмүүлэлийг зангидан чиглүүлдэг хүчирхэг механизм байсан гэнэ. Үүнтэй үнэндээ маргах аргагүй юм.
Харин тэрээр ийнхүү бүх нийтийн үйлсэд хүч боломжоо зориулах замыг нээж өгсөн гэх С.Удвал гуайтайгаа Эвлэлийн төв хороонд ирснийхээ дараа Ази, Африкийн эмэгтэйчүүдийн бага хурлын төлөөлөгчийн бүрэлдэхүүнд орсноороо уулзах завшаан тохиож, Сангийн яамны нэгдүгээр сайд байсан Долгормаа, Хөдөлмөр, цалин хөлсний хорооны дарга Лхамсүрэн гээд тэр мундаг сэхээтэн бүсгүйчүүдтэй танилцаж, хар арьст хүнийг анх удаа дэргэдээс нь харжээ. Энэ тухайгаа бид үнэхээр ингэж л амьдрал дундаас зүтгэж дэмжлэг авч байлаа гэж тодорхойлсон. Одоогийн дэмжлэг ч нэг л биш байгааг хэлээд авна лээ.
Төрийн шагнал гардсан баярт мөч. 2005 он
Эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна гэдгээрээ бахархаж байсан үед түүний залуу нас өнгөрсөн. Түүний үеийнхэн атар эзэмшиж, говь усжуулж, ургац хурааж, төл бойжуулж, шинэ хот байгуулж, хөдөөгийн малчин ардуудад эмнэлгийн тусламж хүргэж, малчны хүүхэд эрдэм ном заахаар хөдөөг зорьж, монгол хүн монгол эх орныхоо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр жигүүрлэж өнөөгийн энэ сайхан амьдралыг бидэнд авчирсныг хойч үеийн бид хэзээ ч мартах учиргүй гэсэн бодол ийнхүү түүнтэй ярилцаж суухад өөрийн эрхгүй сэтгэлд улам бат хадагдах аж. Дээр дурьдсан бүхэн түүний хийж бүтээсэн ажлуудын зөвхөн өчүүхэн хэсэг нь.
Эвлэлийн төв хорооны хэлстийн даргаар ажиллаж байхдаа илгээлтийн эзэн залуучуудыг их дээд сургуульд шалгалтгүй элсэх асуудлыг шийдүүлж, Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн медалийг бий болгож, тэрхүү медалиар одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж шагнагдаж байсан гээд сонин сайхан дурсамжууд дуусашгүй хөвөрнө. Миний дээр өгүүлсэн бусдыг гэрэлтүүлэгч лаа байсаар, асаалттайгаар туулсан олон ажил амьдралын түүх түүнд бий. Эвлэлийн төв хорооноос МУЗН-ын гүйцэтгэх хорооны дарга, дараа нь АУДС-ийн дэд захирал, Эрүүл мэндийн яамны эх нялхсын асуудал хариуцсан орлогч сайд, Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга, УИХ-ын гишүүн, “Сэргэн мандалт” компанийн марктенг хариуцсан дэд захирал, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар үндэсний зөвлөх, тэгээд өөрийн үүсгэн байгуулсан “Гал голомт” Үндэсний хөдөлгөөний тэргүүн гээд түүний цуцашгүй, зогсолтгүй хөдөлмөрлөсөн он жилүүд одоо ч үргэжилсээр байгаа юм.
Энэ л цаг үеүдийг “Өөрөө би тийм ажил хийе гэдэг үе байсангүй. Та тийм ажилд оч гэж томилдог үе байлаа. Тэрийг намын даалгавар гэж үздэг байлаа. Би тийм ажил хийнэ гэж өөрийгөө үнэлдэг үе байсангүй. Та тийм ажил хийх чадвартай, туршлага хуримтлуулсан байна. Тиймээс та тийм ажил хий гэж даалгавар өгдөг үед бидний залуу нас өнгөрсөн юм даа. Өө би тийм ажлыг чинь хийхгүй гэж хэлэх эрх байхгүй байлаа шүү дээ. Ямар сайндаа л эмч хүн сургууль, оюутан залуучуудын асуудал эрхэлсэн эвлэлийн ажилтан болоод, дараа нь МУЗН-т очиж байхав. Би чинь МУЗН-ийн анхны болоод эцсийнх нь бие даасан дарга шүү дээ” хэмээн өгүүлнэ. Тэр хэзээ ч даалгавраа муу биелүүлж байсангүй. Очсон газар болгондоо сэтгэлээ шингээж ажиллаж байсныг нь өнөө хэр гэрчлэх баримт хангалттай бий юм. МУЗН-т очоод донорын хөдөлгөөнийг өрнүүлж, архаг өвчтнүүдийг асрах сайн дурынхныг зохион байгуулж, зөвхөн гадаад харилцаа голлосон байгууллага байсныг жинхэнэ энэрэнгүй үйлсийг түгээх, ард түмэнд хүрч үйлчлэх тийм байгууллага болгож чадсан гавьяа түүнийх.
МУЗН-ийн ахмад үеийнхний дунд. МУЗН-ийн Гүйцэтгэх хорооны дарга
/1977-1982/
Харин Эрүүл мэндийн яамны орлогч сайдаар ажилласан таван жил бол түүний монголын эх нялхсын төлөө хичээл зүтгэлээ зориулсан таван жил байсан гэдэг. Түүнийг сайд байх үед буюу 1988 онд Монголын хүн ам хоёр сая болсон. Хоёр сая дахь иргэнээ хүлээж авах гэж шөнөжин нойргүй хонож, төрсөн бүх хүүхдийг бүртгэж, эрүүл мэндийн үнэлгээ хийж байж. Тэр үед бид улс даяар зарлалгүйгээр бэлтгэлээ базааж байлаа. Харин энэ жил чинь гурван сая дахь иргэнээ хүлээж авах гэж бүтэн жил пиардлаа шүү гээд намуухан инээх. Гэхдээ бас “Би хоёр сая дахь иргэнийг хүлээж авахдаа авахдаа 530 хүүхдийн хэсэгтэй, 226 сүүний газартай, 21 мянган ортой 441 яслитай, хэчнээн билээ жирэмсэн эх, хүүхдийн нэмэгдэл хоол өгдөг дэлгүүрийн тасагтай, ийм л хүлээж авч байсан юм. Та нар гурван сая дахь иргэнээ юутай хүлээж авч байгаа юм бэ дээ. Надад мэдээлэл алга” хэмээн бяцхан бардамнаад авсан гэж байгаа.
Тэгэхдээ үүнийгээ “Би үнэн юм хэлж байгаа юм. Үнэн биз дээ. Өнөөдөр хүүхдийн хэсэг байна уу?, ор нь ч байхгүй, эмч нь ч байхгүй ээд л шуугиан дэгдэх юм. юу болж байна. Зүгээр л гурав дахь сая гээд л пиардаад л байх юм. Энэ болгон дээр би санал нэгдэж чаддаггүй юм. Тэгж болохгүй ш дээ. Би бол социал үзэлтэй хүн” гэж тодотгоод авав.
Түүний зөв юм. 20-р зууны эхэнд монгол орон 500-гаадхан мянган хүн амтай, төрж байгаа мянган хүүхдийн тэн хагас нь ойндоо хүрэхгүй энддэг, төрүүлсэн 100 эхийн 13 нь төрөхийн хүндрэлээс амь насаа алддаг, жил дараалан цэвэр өсөлт нь буурч байсан тийм л орон байсан нь нууц биш. Тийм учраас Чингисийн монгол мөхлөө гэж дэлхийн эрдэмтэд дуу дуугаа авалцаж байсан гэдэг. Тэрийг 20-р зуунд өөрчилж чадаад, хоёр сая иргэнээ хүлээж авсан нь маргашгүй үнэн түүх юм. Тэр өөрчлөлтийг хийлцсэн хүмүүсийн нэг нь бас тэр юм.
1985-1990 онд ЭХЯ-ны эх нялхсын асуудал хариуцсан орлогч сайдаар ажиллахдаа БНМАУ-д эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний 2000 он хүртлэх хугацааны зорилтот программ”-ыг боловсруулах ажлыг хариуцан хийж, Монгол Улсын Засгийн газраар зөвшөөрүүлэн, хэрэгжүүлэх ажилд гар бие оролцож байсан. Монгол Улсад анх удаа Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний төвийг байгуулах асуудлыг шийдвэрлүүлж, ажиллуулж эхэлсэн нь одоо “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. 1988 оноос Улаанбаатар хотод дутуу нярай хүүхдийг торниулах тасгийг байгуулах асуудлыг шийдвэрлүүлсэн нь одоо “Нярайн сувилал” нэртэй ажиллаж байна. Эхчүүд хүсвэл хүүхдээ 2 нас хүртэл тэтгэмжтэй чөлөө авч асран, ажил албан тушаалаа баталгаатай хадгалах зэрэг олон асуудлыг санаачлан шийдвэрлүүлжээ.
Шинэ Үндсэн хууль баталсан АИХ-ын 33 дугаар тойргийн депутат
Түүгээр ч зогсохгүй 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож шинэ Үндсэн хууль батлах түүхэн үйл явдалд оролцсон есөн эмэгтэйн нэг нь болсон ховорхон хувь зохиол ч түүнийх юм. Тэр есөн эмэгтэй монголын хүн амын 50 гаруй хувийг төлөөлж байсан учир эмэгтэйчүүдийн бүлэг байгуулаад Үндсэн хуулийн асуудалд зөвшил хийхэд нэг саналын эрхтэйгээр орж байжээ. Тэгээд ч нийгэмд хэрэгтэй, хүн ардад хэрэгтэй саналуудыг Үндсэн хуульд суулгаж чадсан гавьяатай. Шинэ Үндсэн хууль баталсаны дараах анхны байнгын парламентад гурван эмэгтэй гишүүн сонгогдсоны нэг нь бас тэр байлаа. Тэр он жилүүдийг “Би өөрөө байсан учраас магадгүй энэ он цагийн УИХ дотор, хамгийн туршлагатай, салбарын туршлагажсан мэргэжилтнүүдээс бүтсэн, тийм их хурал байсан. Яагаад гэхээр 137 багц хууль баталсан юм шүү дээ. Зөвхөн нийгмийн даатгалын хууль гэхэд л дотроо дөрвөн том хууль байгаа байхгүй юү. Шинэ үндсэн хуулийн үзэл санаанд Монгол Улсын эрхзүйн орчинг бүхэлд нь нийцүүлж өөрчлөх тийм ажлыг хийсэн их хурал. Одоотой адил байнгын хороо гэж 10 хүн суучихаад 5 нь байхаар олонхын саналаар баталлаа гэж байгаагүй. Тэр үед долоо хоногийн таван өдөр хуралддаг байсан. Хууль бүрийг өгүүлбэр бүрээр нь баталдаг байсан. Шинэ юм гэдэг чинь амаргүй, бид өөрсдөө суралцах хэрэгтэй, мэдэх хэрэгтэй. Ухаандаа зөвхөн ДОХ-ын эсрэг хууль батлах гэж гадаадын 10-аад хуулийг орчуулж үзэж байлаа. Тэр үед Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа байсан. Хуулиа хэлэлцүүлэхдээ олон улсын жишиг нь ийм байна, манай онцлог нь ийм байна, эрүүлийг хамгаалахын чадавхи нь ийм байна гээд ийм учраас эрхзүйн зохицуулалтыг ингэж хийнэ ээ гээд л орж ирж байлаа. Нийгмийн даатгалыг анх удаа иргэн өөрөө төлдөг даатгалын системд шилжих тэр үед би байнгын хорооны дарга байсан. Ямар их асуудлыг ойлгох гэж бидний хооронд зовлон жаргал болж байсныг төсөөлөхөд хэцүү. Тэр их ажлыг хийсэн. Би хамгийн олон хуулийг баталсан, хамгийн амаргүй УИХ-д ажилласан. Бид чинь социализмын үеийн хүмүүжилтэй, итгэл үнэмшилтэй хүмүүс, зах зээлийн нийгэмд тохируулж юмаа өөрчилнө гэхэд амар байгаагүй. Тэгэхдээ бид өөрчилж чадсан. Яагаад гэхээр манай улстөрийн хүчин залуу үед итгэж байсан юм. Одоо хулганы хамраас цус гаргаагүй, цонх хагалаагүй ардчилсан хувьсгал хийсэн гээд л байна. Энэ чинь хэний сайнд хийсэн юм бэ. МАХН өөрийн бүх эрхээсээ татгалзаж, энэ өөрчлөлтийг хийх боломж олгосон байхгүй юү. Тэр бүү хэл улсын бага хурал байгуулсан, ерөнхийлөгчтэй болсон, нам улс орныг чиглүүлэх хүч гэдэг Үндсэн хуулийн үүргээс татгалзсан тэр бүх шийдвэрийг тэр үеийн МАХН-ын гишүүд 87-92 хувийг нь эзэлж байсан тэр Ардын их хурал, Улсын их хурал гаргасан шүү дээ. Яг тэр үед социализмаас капитлизмд шилжихийн тулд энийг нь ингэж хийнэ ээ гээд аятайхан нийтлэл биччихсэн хүн хэн байсан юм бэ, хэн ч байгаагүй байхгүй юу. Би нийгмийн арга хэмжээг дордуулахын эсрэг үнэхээр үзэж байлаа. Бүх дээд сургуулийг үнэтэй болгохын эсрэг яаж ч чадахгүй байсан шүү дээ. Хязгаар нутгийн малчдын хүүхдүүд яаж наана чинь сурах юм бэ. Түүнд орвол оюуны чадавхитай энэ орныг авч явах хүнээ шалгаруулаад, тэгээд тэр хүнд нь өгдөг юмаа өгөөд сургаач ээ, эмнэлгийг үнэтэй болгоно гэх юм, үгүй ээ өнөөдөр мөнгөө төлөөлд үзүүлдэг хүн хэд байна вэ, та нар зах зээл их хөгжсөн орнуулын юм бодоод хийнэ гээд байна, өөрийнхөө орны хөрсөн дээр буугаачээ” гээд үзэж тарж байлаа.
1992-1996 оны УИХ-ын гишүүн
Өмч хувьчлалын тухай их том зөвлөгөөн болсон юм. Тэр үед Бямбасүрэн гуай Ерөнхий сайд, Да.Ганболд шадар сайд байсан юм. Тэгээд Ардын хурлын депутатууд, тэр үеийн үйлдвэр аж ахуйн дарга нар тэр зөвлөгөөнд орж нэг аймаг, нэг үйлдвэр дээр ягаан, цэнхэр тасалбараар хувьчилдаг аргыг хэрэглэж үзье ээ, тэгээд энэ сургамж дээр нийт өмчийг яаж хувьчлах вэ гэдэг концепцио боловсруулья гэсэн зөвлөмж гарсан юм. Гараад 14 хоносны дараа үйлдвэрүүдийг ягаан, цэнхэр тасалбараар хувьчлах тухай Засгийн газар шийдвэр гаргасан. Бүгдийг нь. Тэгээд Зүүн хараагийн САА-д очиход 500 үнээний фирм нь хөлдчихсөн, ёстой өрөвдмөөр дүр зураг угтаж байсан ш дээ. 14 аж ахуйн нэгж болоод хуваагдчихсан. Нэг дарга, нэг нягтлантай байсан газар 14 дарга, нягтлантай болчихсон. Нэг айлын хоёр хүнийг хоёр өөр компанийн хүн болгоод биччихсэн байсан ш дээ” хэмээн өгүүлсэн. Энэ бол бидний, түүний бүтээлцсэн, туулж өнгөрүүлсэн түүх. “Өнгөрсөн түүхээ хайрладаггүй, түүнийг цоо шинээр эхлэх гэж хүсдэг ард түмэн бол золгүй ард түмэн” гэж их сэтгэгч Н.Бердяев хэлсэн үг түүний бичсэн номонд байгаа нь нэгийг өгүүлнэ. Өөрчлөлт шинэчлэлтийн энэ давалгаан дунд МАХН-ын гишүүн гэхээсээ ч зарим хүн болгоомжилж байсан нь үнэн юм. Харин түүний хувьд тэгж урваж шарваагүй. Хийж бүтээх хүслээсээ ч ухарч няцаагүй. Гэрэлтүүлэгч л байсан, гэрэлтүүлэгч л байгаа юм.
ШИНЭ ӨРСӨЛДӨӨН, ШИНЭ СУРГАМЖТАЙ ОН ЖИЛҮҮД
Гэхдээ тэр “Оршихуйн заяаг дээдлэхүй” номондоо “Бид үнэхээр бэлэн биш. Бидний үнэт зүйл үнэгүйдэх бүх технологи аль хэдийн ажил хэрэг болчихоод байхад эх орон, ард түмний сайн сайхны төлөө би ажиллах ёстой гэсэн хуучин нийгмийн үнэт зүйлтэйгээ зуурсаар байсан юм. Энэ маань хоцрогдол боллоо” хэмээн бичжээ. Тэр л хоцрогдлынхоо улмаас 1996 оны сонгуульд одоогийн УИХ-ын гишүүн, тэр үеийн залуу улстөрч С.Баярцогтод ялагдсан гэх.
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Үндэсний зөвлөх. /1999-2007/
Шинэ өрсөлдөөний ялагдал нь ийм түүхтэй. 1996 оны УИХ-ын сонгуульд тэрээр залуу улстөрч С.Баярцогттой Сэлэнгэ аймгийн нэг тойрогт өрсөлдөхөөр болжээ. Түүнийг тус аймагт ажиллаж амьдарч байхад С.Баярцогтын аавынх айл хошоо амьдардаг, ах нь Д.Мөнхөө гуайн том хүүтэй нас сацуу, үерхэж тоглодог байсан гэнэ. Ингээд зургадугаар сард Ерөө сумын сонгогчидтой тэр хоёрын уулзах уулзалт нэг өдөр, нэг цагт товлогдсон байв. Гэтэл түүний уулзалтад 60 гаруй хүн, Баярцогтын уулзалтад 10 орчим хүн, дуучин Чимэдцэеэ автобустай ирсэн байв гэнэ. Тэгээд нэр дэвшигч Баярцогт Мөнхөө гуайд уулзалтаа нийлүүлээд хийчихье гэхээр нь айл саахалтын хүүхэд хүсч байхад үгүй гээд яахав хэмээн уужуухан сэтгэж зөвшөөрчээ. Тэгэхэд л шинэ үйл явц, шинэ технологи, харьд боловсрогдсон сонгуулийн технологийн талаар ямар ч боловсролгүй байснаа нэг сайн мэдэрсэн гэнэ. Учир нь Баярцогт нүүрэн дээрээ тэр үеийн ерөнхий сайд Жасрай гуайтай хамт авахуулсан зурагтай, сонин тарааж эхлэхэд түүнд тараах юм юу ч байсангүй. Тэр ч байтугай уулзалтын үг эхлэхийг залуу нэр дэвшигчдээ санал болгоод “нам авахуулах” нь тэр. Үг эхлэхийг дуртайяа хүлээн авсан Баярцогт “Жасрай гуай хонгилын үзүүрт гэрэл гарч байна гэж ард түмнийг хуурч байна” гэж үгээ эхэлсэн нь түүнд ёстой аянга ниргэх шиг л сонсогдсон гэдэг. Дахиад л хоцрогдсоноо мэдрэв. Нэг сонгогч эмэгтэй их дээд сургуулийн төлбөрийн талаар асуухад тэрээр намын мөрийн хөтөлбөрт туссан зүйлээ л тайлбарлаж. Гэтэл залуу нэр дэвшигч “Би Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн хувьд Герман улсад очиж энэ чиглэлээр дэмжлэг авахаар гэрээ хэлцэл байгуулсан. Хуучин шиг төлбөргүйгээр дээд боловсрол олгох болно” гэж мэдэгдлээ. Сонгогчид ч дэмжээд сүйд. Харамсалтай нь АН ялсан ч тийм зүйл болоогүй юм. Ингэж л сонгогчдын саналыг авахын тулд бодитой бус амлалт авч болох шинэ соёлыг дэмжээгүйгээрээ хоцрогдлоо давтан ойлгосон гэдэг. Тэр сонгуульд тэр ялагдсан. Гэхдээ харамсаагүй. Залуу нөхөддөө амжилт хүсээд л гарсан. Бас хийж бүтээх их хүслээ орхиогүй, гэрэлтүүлэхээ ч болиогүй. Гэрэлтсээр л байгаа.
Шагнал гардсан ёслолын ажиллагаа. Йохансбург. 2012 он
Ер нь хүний амьдралд алдах зүйл бишгүй л бий. Гэсэн ч тэр бүхнээ дэлгээд байх дургүй. “Би аливаа шийдвэрийг гаргахдаа нэг их хурдан гаргахыг боддоггүй. Аль болохоор судалж, харж, уншиж байж гаргадаг. Дарга нарт асуудал танилцуулахдаа ч тухайн асуудлаар өөрийн гэсэн байр суурьтай болж байж ордог. Тэгээд өөрийгөө жаахан өмгөөлж хамгаалах гээд байдаг талтай. Тэрнээсээ болоод биеэ тоосон, өөрийнхөөрөө гэгдэж л байлаа. Ер нь өөрөө шийдээд өөрөө гаргасан алдаандаа хүн харамсдаггүй юм. Харин бусдын бодлоор, бусдын шийдээр хийсэн зүйлдээ харамсах зүйл гарна. Харин надад хэзээ ч тэрнээс боллоо гэж бодож байсан үе байсангүй” гэх.
Энэ л бодлынхоо үзүүрээс 1990-ээд оны дараа нийгмийн ажлын асар их туршлагатай олон арван хүн идэвхтэй амьдралд орох боломж нь алдагдах үед нэгдээд нийгмийн нэг том асуудлаар хамтарч ажиллабал яасан юм бэ гээд 40 эмэгтэй нэгдэж “Гал голомт” Үндэсний хөдөлгөөнийг байгуулжээ. Энэ бол нам дагасан жижиг хөдөлгөөн байсангүй, нийгмээ гэсэн социал үзэлтэй хүмүүсийн бөөгнөрөл байв. Одоо ч байгаа. Энэ бүхнийхээ төлөө найман хүүхэд өсгөж, 20 гаруй ач зээгийн эмээ болсон насан дээрээ ч тэр мятрашгүйгээр зүтгэж байгаа юм. Түүний энэ мятрашгүй зүтгэл, цуцашгүй хөдөлмөрийг төр засаг болоод олон улсын байгуулагууд үнэлж, 2005 онд Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, 2007 онд “ Эмэгтэйчүүдийн нэр төр, эрүүл мэндийн төлөөх”, 2011 онд “ Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн төлөө” Олон улсын шагнал хүртсэн юм.
Өнөр гэр бүлийн эзэгтэй. 1975 он
Түүнийг санааг зовоодог асуудал нь сүүлийн жилүүдэд ор тас мартагдсан иргэний боловсрол, төвшил, хүний хөгжил. Үүнийхээ ч төлөө тэр өнөөдөр төр нийгмийн асуудалд хүчтэй дуу хоолой болж, мэдлэг туршлагаа харамгүй хуваацаж явна. Монголын төр нийгэмд зүтгэсэн олон хүчирхэг эмэгтэйчүүд бий. Түүний нэг нь яахын аргагүй Доржийн Мөнхөө гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Маргалаа ч түүний ажил амьдралын түүх маргашгүй үнэнийг өгүүлэх л болно. Харин тэр том түүхийг ганцхан нийтлэлд багтаана гэдэг бүтэшгүй зүйл юм. Монголын төлөө л гэсэн сэтгэлийн ганц зарчимтай явсныхаа төлөө тэр өнөөдөр бүтэн инээмсэглэж яваа. Тэр дандаа л бүтээж, гэрэлтэж явдаг хүн. Угаасаа л бурхан түүнд бүтээгчийн, манлайлагчийн хувь тавилан оноосон. Тэр ч энэ тавиландаа дуртай. Олж харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй ургадгийг мэднэ. Нээж олсон тэр л цэцгийн хүрээлэндээ шинэ анхилам цэцэг нэмж тарих гэж хүн бүхний олж хараагүй тэр зүгээс цэцгийн үр хайж яваа. Их салхи дэнг унтрааж, түүдгийг дэврээдэг билээ.
Ш.Анхтуяа
Сэтгэгдэл ( 12 )
Dr.Harry Poter Би эрхтэний мэс засал хийдэг мэргэжилтэн бөгөөд бид Бөөрний худалдаа хийхийг сонирхож байгаа, эсвэл биеийнхээ аль ч хэсгийг худалдаалахыг хүсч байгаа хүнээс худалдан авдаг. Бидэнд илүү их мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. И-мэйлээр бидэнд хандаарай: clinichealth2014@hotmail.com
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн ш
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн ш
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн ш
Мөнхөө гуай эмэгтэйчүүд бидний , тэр тусмаа улс төрч, төрийн түшээ за тэгээд бүх л эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болсон хүнд олон сайхан хүүхнүүдийн өмнөөс хайр хүндлэлийн дээдийг барья! Бид Танаас эмэгтэй гэдгээрээ түрий бариад дураараа бураад байхгүй мөртлөө өөрийн байр сууриндаа цэх хатуу байж чаддаг, хатан ухаан хатан зоригийг хослуулж чаддаг төрийн түшээ эмэгтэй хүний нарийн ухааныг сурдаг шүү, хүндэтгэсэн
2 talaasaa 3-4 huuhedtei niilj amidralaa hamt tuulsan humuus gesen, Batbold geed neg mengetei nohor baidag sh dee, ter neg dagavar huuhed ni gesen,
ene tsag ued iim humuus olon bgaasai.uneheer baharhaj bna
Mongoliin tor niigemd zutgesen huchirkheg emegteichuudiin neg monoos mon shuu.Odoo iim huchirkheg emegteichuud oguulegdej bna daa. Martagdsan aral.
Busdad duurailtai shn emegtei shuu.tand sn shniig husen erooe
Сайхан хүний тухай сайхан нийтлэл байна. Зөв мөртэй ийм хүмүүсийн үлгэр дууриал их билээ. Баярлалаа.
saihan ger bul bn daa
МЕНХЕЕ ГУАЙДАА ЭРУУЛ ЭНХИЙГ ХУСЬЕ!!!