Эрхэм Зиндаа: Тунгаамал

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 13

Х.Уртнасан гуайтай уулзахаар  очсон тэр өдөр  Монголын найрал дууны хаврын баярын өдөр давхцаж таарав.  Хөгжим бүжгийн коллежийн хоёрдугаар  давхарт байрлах  тэнхмээр нь орвол хичээл сургуулилтын цаг таарсан бололтой, төгөлдөр хуурын ард нэг шавьтайгаа хичээллэж дуулж, дуулуулж байна.  Маргааш нь буюу хагас сайн өдөр Х.Уртнасан багш Дорнод ниснэ гэж байсан болохоор амжиж уулзахаар хүлээв.  Тус коллежийн дуулаачийн ангийн оюутнууд  Дорнодод анхны тоглолтоо хийж буй гэнэ. Тиймээс  тэнхмийн эрхлэгчийн хувьд тийшээ зорих хэрэг гарчээ. Хүүхдүүддээ торт авч очих уу, цэцэг аваачиж өгөх үү, аль нь дээр бол гэж ярьж байсныг нь саналаа. 

Энэ цаг үеийн эгэлгүй хүний нэг нь зууны манлай дуучин Хорлоогийн Уртнасан гуай билээ. Тэрбээр Монгол Улсын Ардын жүжигчин, төрийн соёрхолт  дуучин. Монголчууд байтугай дэлхий ч таньж магадгүй. Хилийн чанадад  хэчнээн ч удаа дуулж  байсан юм бүү мэд,  лавтайяа дэлхийн 40 гаруй улс орны тайзан дээрээс  ая дуугаа өргөж  “Монголын алтан гургалдай” гэж нэрлэгдэж байсан нь үнэн түүх.  Дуурийн дуулаачдын мөрөөдөл болсон дэлхийн таван том театрын нэг-Москвагийн  Их  /Большой/ театрт  хэдэнтээ уригдан дуулах завшаан энэ хүнд тохиосон. Зарим жилд бүр 2-3 удаа очиж дуулж байсан. Их театрийн тайзнаа тэрбээр  Тоска, Евгений Онегин, Чио Чио сан дуурийн  гол дүрийг амилуулж байв.  Монголоос Ардын жүжигчин  Ц.Пүрэвдорж  агсан,  Х.Уртнасан нар л  Их  театрын  урилгаар тэдний   уран бүтээлчидтэй  хамтран энэ хүндтэй тайзан  дээр дуулж байсан гэх юм билээ.  Тэр дундаа Большой театрын тайзан дээр дуулсан анхны монгол эмэгтэй. Монгол Улс сонгодог урлагаараа Азидаа  дээгүүрт үнэлэгддэг. Харин энэ урлагийг Монголд хөгжүүлэхэд  үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хүн бол урлагийнхны нэрлэдгээр “Унд” буюу  Х.Уртнасан гуай юм.  

Урлагийн гавяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган  түүнийг  “Өөрийнхөө цаг үед манлайлж байсан дуучин” гэсэн бол  Ардын жүжигчин А.Дашпэлжээ   “Он цагийг эзэлсэн сайн дуучин. Түүгээр ч барахгүй олон улсын тайзнаа монголын дуурийн дуучдын салхийг хагалсан” хэмээн тодотгосон юм.  Энэ хавар Х.Уртнасан гуайн  70 насны ойд зориулсан  “Их яруу дуун” цэнгүүн нижгэр сайхан болж өндөрлөсөн. Ойд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр  зохион байгуулагчид нь “Бидэнд цаг, боломж олдсонгүй. Хамтран дуулсан гадаадын олн сайхан уран бүтээлчид ирэх хүсэл, сонирхол байсан гэдгийг хэлмээр байна”  гэж онцолж байсан  билээ.

Далан нас гэдэг бол амьдралаа эргэн харах нас юм байна 

Х.Уртнасан  гуай бид хоёрын  яриа энэ 70 насны ойн хүндэтгэлийн цэнгүүнээс  эхлэв.

-Таны 70 насны ойд зориулсан  “Их яруу дуун” хүндэтгэлийн цэнгүүн их сайхан болж өнгөрсөн гэж дуулдсан.  Баяр хүргье.

- Баярлалаа. Үүнийг  би баяр ёслол хэмээн хүлээн авсан. Далан нас гэдэг бол өндөр нас биш, харин амьдралаа эргэн харах нас юм байна.  Гэхдээ ухаантай, хүнд бол цаг хугацаа мөнөөс мөн. Мэргэжил нэгт олон нөхөд,  шавь, бишрэгчид болон үзэгчдийг нэгтгэсэн  сайхан өдөр боллоо.  Миний 70 насыг ингэж өргөн тэмдэглэсэн нь мэргэжлийн маань ач буян, өгөөж гэж ойлгож байгаа.

-Тиймээ, дуучин гэдэг сайхан мэргэжил.  Тэр дундаа дуурийн дуучин. Хүмүүст дандаа ухаарал уярал  бэлэглэж байдаг...  

-Бараг  ахадсан гэмээр л хүндэтгэл байлаа. Ихэд сүслэн хүлээж авсан. Би тайзнаасаа холдож, багшийн ажил эрхлээд  20 жил болж байна. Сүүлийн  15 жилд нь  Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна.  Дуурийн дуулаачдын залгамж халааг бэлтгээд тэднийхээ тоосон дунд л явж байна. Гэхдээ би тайзнаасаа нэг их холдоогүй юм байна гэдгээ энэ үеэр илүү мэдэрлээ.

-Олон  шавьтай болж байгаа байх. Шавийн эрдэм багшаас гэж үг бий...

-Сайн багштай таарна гэдэг тухайн хүнд амьдрал, мэргэжлийнх  нь луужин болж өгдөг учраас  шавь нартаа зүрх сэтгэлээ бүрэн зориулах  учиртай.  Энэ утгаараа багш бол маш хариуцлагатай чанд ажил байх ёстой гэж боддог.  Тийм болохоор би шаардлага өндөр тавьдаг.  Хатуу байж цаана  нь сайн юм үлддэг. Ер нь дуулаач гэдэг маань гарын шавь байдаг.  Цоо багш маань  /Ардын жүжигчин, төрийн соёрхолт Л.Цогзолмаа/ “За Уртаа минь чиний авах ухаан, багшийн чинь өгөх ухаан энэ хоёр чамд их л хэрэг болно доо” гэж хэлж байсныг нь би мартдаггүй юм. Тэгэхээр дуурийн дуучин гэдэг чинь багшаасаа их шалтгаална гэсэн үг. Гэхдээ сонгодог дуулаачдын дэлхийд тогтож хэвшсэн дэг гэж байдаг. Өөрөөр хэлбэл  сонгодог дуулаачдын хувьд нэг л дэг жаягтай байдгаараа онцлоготой.

...Хөгжим бүжгийн коллежийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат  “Уртаа багшийг ажиллаж байх үед би сургуулиа дөнгөж төгссөн юу ч мэдэхгүй хүүхэд ирж байлаа. Тэр үеэс энэ хүний урлагт хэрхэн хоёргүй сэтгэлээр зүтгэх, дээр нь урлагийн хүн зарчимтай, хатуу байр суурьтай байж амжилтад хүрдгийг мэдэрсэн. Тэр чанараараа өнөөдөр 70 нас хүрсэн ч Д.Жаргалсайхан багштай хамт Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн салбарыг үүсгэн байгуулаад 17 жил болоход шавь нар нь олон улсын уралдаанд байр эзэлж байгаа нь энэ хүний гавьяа гэж хэлмээр байна” хэмээн ярьж байсан.  Тэгэхээр Уртаа багшийн шавь нар дэлхийн тайзан дээр хэдийнэ гарчихсан гэсэн үг байх.  Багш хүнд үүнээс илүү эрхэм сайхан мэдрэмж, бахархал  гэж юу байх билээ.

 “Амны хишиг  таарч буусан” алдартан

Х.Уртнасан гуайг сайхан хувь заяатай хүн гэж тодотгохоос  аргагүй. Ажилч хичээнгүй, авьяас төгөлдөр  аав ээжийн охин болж төрсөн, олон сайхан дүү нарын нэр хүндтэй эгч, алдар гавьяа, үр хүүхэд, ач зээ, хань нөхөр, хамт олон, найз нөхөд гээд бүхий л амьдралынхаа турш  хайранд өлгийдүүлж яваа хүн шиг анзаарагдсан.  Х.Уртнасангийн  ээж нь  Батсүмбэрийн саальчин  А.Авирмэд  гэж Монгол Улсын анхны хөдөлмөрийн баатар эмэгтэй байв.   Зууны манлай маань ээжийгээ их сайхан дуулдаг хүн байсан хэмээн  тодотгоно билээ. Нэг сонирхолтой гэмээр ховорхон тохиол гэвэл ээж нь 31 насандаа Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан бол охин  нь мөн энэ насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх  эрхэм алдрын эзэн болж байжээ.   Ээж,  эгч хоёрынхоо араас дүү, Төв аймгийн театрын дуучин  Х.Далантай  мөн  гавьяат жүжигчин цол хүртжээ. Ийнхүү нэг  гэрэээс гурван алдар цолтон төрсөн нь нутаг усныханы нэгэн бахархал болдог.  Х.Уртнасан 1976 онд гавьяат цол авч,  үүнээс  таван жилийн дараа буюу 1981 онд 36-хан насандаа Ардын жүжигчин хэмээх эрхэм алдрын эзэн болж,  улмаар гурван  жилийн дараа 1984 онд Төрийн соёрхол хүртэж байжээ. Ийм цэл залуухан насандаа алдар хүндлэлийн эзэн болсон нь  түүний оргилсон их авьяас,  хоёргүй сэтгэл, хичээл зүтгэл байсан хэдий ч тэрбээр өөрийгөө  “амны хишиг  над дээр таарч буусан нь энэ” хэмээн даруухан өгүүлнэ билээ.  

-Намайг ахмад үеийнхэн маань бүгд л хайрладаг байлаа. Тэднээсээ их зүйл сурсан. Сураад л байсан.  Ер нь сурч дуусдаггүй урлаг. Би Ж.Чулуун багшаасаа их эмээх.  Гэтэл багш маань нэг удаа “Та нар Уртнасан шиг ажилсаг бай”  гэдэг юм байна. Айдаг хүнээсээ сайшаалын үг сонсоно гэдэг сайхан. Урам зориг ороод л явчихаж байгаа юм.  П.Цэвэлсүрэн багш миний халамжлан хүмүүжүүлэгч байлаа. Ямар сайхан монгол эмэгтэй байсныг тайз дэлгэцэнд мөнхөлсөн  дүрээр нь мэдэх байх.  Л.Цогзолмаа, Л.Хайдав, Пүрэвсүрэн гээд  дандаа  сайхан хүмүүсийн шавь  байж, тэдний яндашгүй их авьяас чадвараас суралцаж байсан маань  миний бас нэг аз байлаа. Ер нь би их азтай хүн. Намайг ахмад үеийнхэн маань хайрлаж, эрхлүүлж өдий зэрэгт хүргэсэн. 

-Урлагийнхан цаг наргүй ажилтай хүмүүс шиг анзаарагддаг. Энэ нь нэг талаасаа ар гэр, амьдрал ахуй гээд бэрхшээлтэй байдаг болов уу гэмээр?

-Хоногийн 24 цаг ч багадах үе их гарна. Дандаа томчуудтай  хамт ажиллаж байсан болохоор тэднийхээ эн зиндаанд хүрч гарна гэдэг ямар их хүч хөдөлмөр хэрэгтэй гэдэг  нь тодорхой. Би дуурийн дуулаачаар ажиллаж байх үедээ  нэг  өдрийн акт ч авч үзээгүй.  Гадаад  дотоод, хөдөө гадаа гээд жилийн дөрвөн улирлын ихэнхийг  эзгүй өнгөрөөнө. Хавар газар ногоорч байхад гараад намар ногоо гандаж байхад л орж ирнэ шүү дээ. Гурван хүүхдээ төрүүлэхийн нь би төрүүлсэн ч өсч өндийлгөхийг нь  нөхөр маань хийсэн. Өлгийтэй хүүхдээ тэвэрч авчирч хөхүүлчихээд эргээд гарна шүү дээ.  Миний амжилтын тэн хагас нь тэр буянтай ханийн маань халамж ач тус байсан юм. Ямар сайндаа л тэр үеийн Хүнсний 50 дугаар дэлгүүрийнхэн “Зохиолч Банзрагч та хоёр гэж хоолны торноос салдаггүй хүмүүс байна аа” гэж нөхрийг маань шоолж байхав дээ.  Банзрагч гэдэг нь  Норовбанзад гуайн нөхөр. Тэр үед урлагийнхан ийм л цаг наргүй хөдөлмөрлөдөг байлаа.

-Танай нөхрийг сэтгүүлч хүн байсан гэж сонссон?

-Тийм. С.Адъяасүрэн гээд сэтгүүлч, зохиолч  хүн байлаа.  “Ардчилал”  сонины анхны эрхлэгч. Ар гэр, хань ижил үр хүүхдийнхээ төлөө ажил мэргэжил,  авьяасаа гаргуунд гаргасан. Тэгснээс нэр алдартай сайн сэтгүүлчдийн нэг байх байсан гэдэгт огтхон ч эргэлздэггүй. 

-Хүн болох багаасаа гэдэг шиг таны дуулах авьяас багаасаа л тодорсон байх.  Дуулдаг хүүхэд байсан уу?

-Би  жирийн л нэг хөдөөний хүүхэд. Айлын том охин, үнээ ивэлгэж, тугал хариулж өссөн.  Олон дүү нартай.  Аав маань лам байж байгаад цэргийн хүн болсон. Ээж маань саальчин. Аав намайг бага байхад цэргийн концертонд  дуулуулдаг байлаа. Тэр үед би 4-5 настай л байсан байх. Маш дэлгэр хангай минь гээд л дуулна.  Аав, ээж минь анзаарсан юм байлгүй намайг их урамшуулах. Хожим нь сургуулийн концерт надгүйгээр болдоггүй байсан санагдана.  Ингэхээрэ багаасаа л дуулж эхэлсэн байх нь. Дуулах авьяасын тухайд гэвэл ээж маань сайхан дуулдаг хүн байсан.

-Анх урлагийн хүн болсон түүхээ хуучлахгүй юу?

-Анх 1962 онд ээж маань хотод дагуулж ирээд Ардын дуу бүжгийн чуулгад  жүжигчин болгохоор  хөтөлж авчирч шалгуулж байлаа.  Ингэж би Л.Цогзолмаа багшийн шавь болж байсан түүхтэй. Ээж минь  намайг энд л байх учиртай хүн гэж бодсон юм байлгүй. Их урлагийн алтан хаалгаар анх  хөтөлж оруулсан ачтай хүн минь.  

-Шууд л жүжигчнээр ажилласан уу?

Үгүй үгүй, анх дагалдан дуучнаар ажилласан. Харин жүжигчний тухайд гэвэл  “Сэтгэлийн дуудлагаар”,  “Амьдралын цуурай” гээд хоёр ч кинонд  дүрээ гаргаад амжсан шүү.

-Харин дуурийн дуучин болсон тухайд ямар учир тохиол байв?

-Анх намайг дуурьт уруу татсан хүн бол Хайдав багш.  Ч.Лодойдамба гуай Соёлын сайд байх үедээ 1964 онд  дуурийн дуучин бэлтгэх студи гэж байгуулж анх 12 залуу элсүүлж сургасны нэг нь би байв. Дуурийн  дуучин болох замнал маань эндээс эхэлсэн.  Энд Г.Хайдав,  Ж.Чулуун, Ж.Бадраа, Ш.Лувсаншарав гээд  тухайн үеийн сор болсон авьяастнууд багшилдаг байлаа. Тэр анхны 12-ын дунд  дуучин Д.Баадайжав, Ц.Ерөө, Ц.Дашнамжил /Д.Сүхбаатарын дүр бүтээсэн/ дуучин Гэцэл гэхчлэн  хожим нь алдар хүндэд хүрсэн олон авьяастан байсан юм.   Дараа нь  Соёлын яаман дээр  “А.Загдсүрэнгийн дараа дуулах хүн хэрэгтэй. Энэ хүүхэд л ирээдүйтэй” гэж  ярилцаад намайг Болгарт сургахаар шийдвэрлэсэн юм билээ.  1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 

-Дуулахад авьяас чадвараас гадна ур ухаан их хэрэгтэй байдаг байх. Дүрэндээ орж дуулна гэж яриалцдаг...

-Тэгэлгүй яахав. Ухаан заръя гэж их боддог, ухаанаараа дуулах гэж их хичээдэг байлаа.  Ер нь урлагийн тайз бол хамгийн шударга орчин шүү дээ. Үзэгчдийн алга ташилт аяндаа тухайн уран бүтээлчийн авьяас чадварын хэмжүүрийг илэрхийлээд өгдөг.  Үзэгчид шиг  шударга шүүгчид хаана ч байдаггүй.  Уран бүтээлийн өрсөлдөөн гэж байснаас биш атаа хорсол ч гэж байсангүй. Тийм юм бодох  илүүдээ гарсан цаг зав ч гэж байсангүй.  Тийм л сайхан үе байж дээ. 

-Таныг арай л эрт тайзаа орхичихлоо гэж ярилцаж байхыг нэг бус  сонссон шүү?

-Хүмүүст  тэгж санагддаг байх. Цогзолмаа багш маань  намайг бүр арван хэдтэй байхад хэлж байсан. "За, жүжигчин байна гэдэг сайхан. Гэхдээ  цагаа олж тайзнаас буух  нь өөрийнхөө хийсэн бүтээлийг мөнхлөх агуу их ухаан байдаг юм шүү. Тэрэнд сайн суралцаарай” гэж.  Ид гялалзаж байгаа уран бүтээлчдийг л тайзан дээрээ тогтоож байдаг нь урлагийн бичигдээгүй хууль юм даа. Би энэ дагуу л шийдвэрээ гаргасан.  Чио Чио санд   “одоо би 15 настай” гээд дуулдаг хэсэг байдаг юм. Нэг удаагийн тоглолтоор  яг ингээд  дуултал үзэгчид нэг нирхийгээд л чимээгүй болсон.  Тэгээд Чулуун багшдаа хэлсэн. Чио Чио сан-гаасаа ингэж  зодог тайлж байв. 

...Зууны манлай  Уртнасан гуай  зөвхөн дуучин төдийгүй  сайн найруулагч, шилдэг сурган хүмүүжүүлэгч гээд олон талтай нэгэн.  Тэрээр  1984 онд Б.Ямпиловын “Шидэт ваар”, 1991 онд Дж.Пуччиний “Чио Чио Сан”, 2002 онд Д.Лувсаншаравын түүхэн “Хар Хорум” дуурийг найруулан тайзнаа амилуулсан төдийгүй  “Хар Хорум” дуурийг анх удаа Хархоринд  гадаа тоглож байжээ.  1973 онд Берлин хотноо болсон Дэлхийн залуучууд оюутны Берлиний  Х их наадмын тэргүүн байр, 1980 онд Олон улсын дуурийн залуу дуучдын IY байр, 1989 онд Солонгосын “Хаврын баяр”-ын  тэргүүн дээд,  Монголдоо болсон дуурийн дуулаачдын  тэргүүн байрын  шагнал гээд оролцсон бүхэндээ “цулбуур өргүүлж” явсан хийморлог  нэгэн  хэмээн тодотгож болно.

ЗХУ-ын /хуучин нэрээр/ Ардын жүжигчин Дугаржав “Үзэсгэлэн төгс миний Тоска, дур булаам Чио Чио сан. Монгол болоод Буриадад хамт дуулахын аз жаргалыг надад хайрласанд гүнээ талархаж цаашид  СССР-ийн  Их театрт хамт дуулахыг минь бурхан тэтгэх болтугай” гэсэн бол Новосибирскийн дуурийн театрын дарга, СССР-ийн ардын жүжигчин В.Егудин  “Уртнасаан, Пуччини хөгжим  гайхамшигтай, таны дуу хоолой чухам тэрхүү суу билэгт ханш тэнцэн зохирчээ” хэмээн  үнэлж байв.  Большой театрын гоцлол дуучин  С.Маслов “Оросын өлгий нутаг Шаляпинийг төрүүлсэн-Таныг Монгол. Тантай хамтран дуулагч болоод Их театрын сонсогчид хамт шүү” гэсэн нь Уртнасан гуайн бүтээсэн дүрүүдийн төгс  төгөлдөр байдал хийгээд  тунгаамал  их авьяас, хичээл зүтгэлийнх нь тухай үнэлэлт юм.  

Цаг үеийг эзэлсэн энэ их дуучин Монголын дуурийн урлагт өөрийн хэзээ ч үл бүдгэрэх  жим мөрөө  одоо ч гэсэн мөнхөлсөөр л явна.

 

Бүтээсэн дүрүүд:

Дж.Пуччини “Чио чио сан” Чио Чио Сан 1967 онд

Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа 1970 онд

А.Бородин “Игорь ван” Ярославна 1972 онд

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа 1976 онд

Дж.Верди “Травиата” Виолеттад 1977 онд

П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяна 1980 онд

Дж.Пуччини “Тоска” Тоска 1981 онд

А.Даргомыжский “Лусын дагина” Наташа 1982 онд

П.И.Чайковский “Иоланта” Иолантад 1984 онд

Дж.Верди “Отелло” Дездемона 1989 онд

Дж.Пуччини “Турандот” Турандот 1990 онд зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээсэн.

 Найруулагчаар:

1984 онд Б.Ямпилов “Шидэт ваар”,

1991 онд Дж.Пуччини “Чио Чио Сан”,

2002 онд Д.Лувсаншарав "Хар Хорум"  дууриудыг найруулан тавьсан.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чойдог(103.229.121.117) 2015 оны 05 сарын 17

Бидний бахархал нээрэн олон улс хулээн зовшоорч урин залдаг байсан энэ хунд Улсын баатар огдоггуй юм бол хлдолморийн баатарыг огох ёстой

0  |  0
ts. dorj(103.229.121.117) 2015 оны 05 сарын 17

Argui delhiid gaihagsan sod avyastan Mongol uls duur bui hel undesni soel muhuj baihad ene hun Mongoliin neriig gargaj jadsan bid medehgui oilgohgui baihad meddeg evrop huleen zuvshuursun ium shuu

0  |  0
MuK(122.201.22.195) 2015 оны 05 сарын 14

Gaihaltai emegtei, gaihamshigtai duuchin. Saihan yariltsjee

0  |  0
usa. chicago(76.16.174.6) 2015 оны 05 сарын 13

Mongoliig delhiid gargaj yvsan aldart duuchin.Jinhene margashgui OD.Tand az hargal huseye.Ta Saihan emegtei,gaihamshigtai duuchin.Tanaar jiriin emegtei baharhaj yvdag shuu

0  |  0
Ган(202.126.89.176) 2015 оны 05 сарын 13

Монголын нэрийг дэлхийд гаргаж явсан хүн дээ. Аз жаргал, урт удаан наслахыг ерөөе. Суу их авьяас билгээ залуу үедээ өв болгон үлдээж байгаад тань баярлалаа

0  |  0
Top