Г.Цацрал: Кизомба бүжиг эмэгтэй хүнийг илүү гоо сайхан болгодог

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 09

Сүүлийн үед манай залуусын ихээр сонирхон хичээллэх болсон Кизомба бүжгийн талаар “Кizomba passion” клубийн багш Г.Цацралтай ярилцлаа.

Кизомба гэх бүжгийн талаар товч мэдээлэл өгөхөд, энэхүү бүжиг нь 2000-аад оноос дэлхий даяар маш хурдацтай тархсан. Бөмбөрийн хэмнэл мэт аян дээр уян налархай хөдлөн хосоороо бүжиглэдэг Кизомбаг хайрын бүжиг ч гэж тодорхойлох хүмүүс бий. Манай улсад энэ бүжиг 2014 оноос хөгжиж эхэлжээ. Одоо олон залуусын хобби, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх хэвшил болсон билээ.  

-Эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар бүжгийн багш вэ?

-Сайн байна уу, намайг Цацрал гэдэг. “Кizomba passion” клубийн багш. Кизомба бүжгээр дагнасан сургалтыг бид хоёр дахь жилдээ явуулж байна.

-Бүжгийн урлагт ороход юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Аав маань урлагийн маш их авъяастай хүн байдаг юм л даа. Тэр их нөлөөлсөн байх. Кизомба бүжгийн хувьд гэвэл их сургуульд байхдаа  найзынхаа зөвлөснөөр тухайн үед Туул ресторанд болдог байсан Салса үдэшлэгт анх очиж, маш их таалагдсан учраас тэрнээс хойш тасралтгүй дөрөв дэх жилдээ энэ бүжигтээ дурлаж байна даа.

-Их сургуульд байхдаа гэлээ. Үндсэн мэргэжлүүд чинь өөр байх нь ээ. Ямар, ямар мэргэжилтэй хүмүүсийг Кизомба бүжиг өөртөө дурлуулж байна?


-Манай кизомба бүжиг бол нийтийн бүжиг. Хүссэн хүн бүр бүжиглэх боломжтой. Тиймээс бүх төрлийн мэргэжилтэй хүмүүс шохоорхож дурласаар байгаа. Жишээ нь: Их сургууль болон дунд сургуулийн багш нар, цагдаа, хуульч, эмч, төрийн тусгай, хувиараа бизнес эрхлэгч, IT инженерүүд, сэтгүүлчид гэх мэт.

-Кизомбаг манайхан латин америк бүжиг гэж боддог. Гэтэл уянгалаг аян дээр удаан бүжиглэдэгийг хараад Латин америкийн гал цогтой дэврүүн бүжиг биш байна гэдэг. Кизомба хаанаас үүсэлтэй бүжиг вэ?

-Кизомба бүжиг нь Африкийн Ангол улсаас гаралтай бүжиг байгаа юм. Кизомба бүжиг 2000-аад оноос дэлхий даяар маш хурдацтай тархаж байгаа нийтийн бүжгийн төрөл. Монгол Улсад маань 2014 оноос хурдацтай тархаж, олон залуусыг эгнээндээ нэгтгэсээр байгаа.

Кизомба гэдэг нь “Кизомбадас” буюу “Үдэшлэг” гэх үгнээс гаралтай. 1900-гаад оны үед Ангол улсын үндэсний баяр наадам, үдэшлэгүүд дээр хэд хэдэн төрлийн бүжиг голчлон бүжиглэдэг байсны нэг нь Семба бүжиг. 1960-аад оноос анголчууд Семба бүжгийг бусад бүжгээ бодвол илүү өргөн цар хүрээтэй бүжиглэх болсноор 1980 он хүртэл бараг үндэсний бүжиг нь болтлоо хөгжсөн. 1975 онд 400-гаад жил үргэлжилсэн Португалийн колончлол нуран унаснаар Ангол улс тусгаар тогтносон улс болсон. Тэр цагаас хойш Америк болон НҮБ-тай харилцаа холбоогоо зузаатгасны нөлөөгөөр 1980 онд Карибын тэнгис дэх Гуадэлүүп арлаас Кассав хэмээс уянгалаг зүүк хөгжмийн хамтлаг Анголд ирснээр Кизомба хэмээх бүжгийн төрөл үүсэх гол үндсийг тавьсан гэж үздэг. Иргэний дайн дууссанаар Кизомба бүжиг Португаль хэлээр ярьдаг бусад орнуудаар тархаж эхэлсэн байдаг. Европын бусад орнуудаар ч гэсэн бага багаар хүрээгээ тэлсээр байсан.

-Монголд энэ бүжиг хэрхэн, хэзээ орж ирсэн бэ? 

-Анх Монголд 2010 оны үед Ихаб, Грег, Ананд нар Кизомба бүжгийг бусдад зааж дэлгэрүүлж эхэлсэн. Улмаар уг бүжгийн сургалтыг Ананд, Энхжаргал,  Баярмаа багш нар зааж эхэлснээр бүжиг маань хөгжих эхний алхам тавигдсан юм.

-Ихэвчлэн аль насныхан Кизомбаг илүүтэй сонирхож байна?

-Лхагва гараг бүр зохион байгуулагддаг Кизомба бүжгийн үдэшлэгт маань 2015 оны сүүлч хүртэл 20-35 насныхан сонирхож бүжиглэдэг байсан бол сүүлийн үед 35-аас дээш насны бүжиг сонирхогчид маань ихээхэн сонирхож хичээллэх болсон. Ийнхүү сонирхогчдын хүрээлэл улам бүр тэлсээр байна.

-Кизомбагийн бусад бүжгээс ялгарах онцлог тал нь юу вэ. “Ийм учраас л та кизомбаг сонгож хичээллээрэй” гээд хэлвэл?

-Нэн тэргүүнд бүжгийн ая нь маш уянгалаг сонсголонтой тул ядраадаггүй. Энэ бүжиг эмэгтэй хүний ихэмсэг болоод уян налархай байдлыг, эр хүний эмэгтэйгээ хүндэлж, удирдан авч явах байгалийн зан чанарыг илүү тодотгон харуулдаг.

Мөн энэхүү бүжгээр хичээллэснээр эмэгтэй хүмүүсийн бие зөв галбиржиж, алхаа нь цэх ихэмсэг болдог, амьдралд цоо шинэ өнгө төрх нэмдэг гээд л дурдвал маш олон сайн талууд байна даа.

-Кизомбаг бүжиглэж сурснаар хүн ямар болох вэ. Зарим хүн уян хатан болох гэж гэдэг ч юмуу, сайхан алхдаг болох гэж энэ бүжгийг сурч байгаа гэж ярьдаг...

-Ер нь бол анхаарал төвлөрөл сайтай болдог. Мэдээж эмэгтэйчүүдийн хувьд уян хатан болж, цэгцхэн алхаа гишгээтэй болдог. Харин эрэгтэйчүүдийн хувьд заавал уян хатан байх шаардлагагүй. Хосоор бүжиглэх удирдлагын эв дүйтэй болдог.

-Кизомбагаар хичээллэвэл турна гээд энэ бүжгийг сонгосон хүмүүс байдаг. Энэ бүжиг тураадаг уу?

-Тураах төрлийн эрчимтэй бүжиг биш учраас жин хасах явц нь бага зэрэг удаан. Гэхдээ хүн хүний онцлогоос их шалтгаалдаг гэх юм уу даа.  Ер нь бол хөдөлгөөний дутагдлаас өөрийгөө ядраахгүйгээр бүрэн сэргийлэх боломжтой.

-Кизомба бүжиглэхэд тусгайлан тийм хувцастай байх ёстой гэсэн дүрэм байдаг уу. Интернэт дахь дэлхийн алдартай бүжигчдийг харахад эмэгтэй нь өндөр өсгийт, бэлхүүсээ тодотгосон хувцастай харагддаг...

-Тусгай хувцас шаардлагагүй ээ. Хүн бүр хүссэн хувцасаа өмсдөг. Голдуу биедээ эвтэйхэн, бүжиглэхэд төвөг болохооргүй хөнгөхөн хувцас өмсдөг.

-Партнёраа танилцуулаач. Та хоёр хамт бүжиглээд хэдэн жил болж байгаа вэ?

-Партнёрыг маань Жавхлан гэдэг. Мөн адил “Кizomba passion” клубийн багш. Бид хоёр хоёр дахь жилдээ хамт бүжиглэж байна. Нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэдэг, үзэл бодол маш сайн нийлдэг, бие биенийхээ дутууг нөхдөг маш сайн партнёр шүү. Манай партнёр Хас банкинд ажилладаг.

-Ихэвчлэн аль орныхон энэ бүжигт гаршсан байдаг вэ. Та хоёр аль аль орноор явав. Тэгэхэд ажиглагдсан зүйл?

-Кизомба бүжиг нь Франц улсад хамгийн их хөгжсөн байдаг. Тэндээс төрөн гарсан маш олон мундаг багш нар байдаг. Бидний хувьд ОХУ-руу явж фестивальд оролцон дэлхийн олон орноос ирсэн бүжгийн мастеруудтай бүжиглэж тэмцээнд оролцож үзсэн. Үүнээс манай Монголд энэ бүжиг дөнгөж хөгжиж эхэлж байгаа гэхэд дэлхийн бусад орныхноос огт дутахааргүй юм байна гэж дүгнэсэн дээ.

-Кизомба бүжгийг их сонирхож хичээллэмээр байгаа ч “Би бүжиглэж чадахгүй”, “Би ёстой “мод”-шдээ” гэх зэргээр хойш сууж сургалтад ирэх зориг нь хүрэхгүй байгаа хүмүүст хандаж хэлэхэд?


-Та бүжгийн сургалтад заавал хамрагдаж үзэх хэрэгтэй. Эвсэлгүй хүн гэж байдаггүй. Хөгжүүлж чадвал бүх хүн бүжиглэж чадна. Энэ нь Кизомба буюу нийтийн бүжгийн давуу тал юм. Манай хамт олон дунд урьд нь өөрийгөө бүжиглэж чадна гэж бодож байгаагүй маш олон хүн байдаг. Одоо бүгд л хичээл чармайлтынхаа үр дүнд тааваараа бүжгээ бүжээд л явж байна.

Манай клубийн бас нэг давуу тал бол сургалтад хамрагдаж байгаа залуустаа сургалтын цагаас гадна үнэ төлбөргүй давтлагын цаг гаргаж, суралцах боломжийг хангалттай бүрдүүлж өгдөг.

-Кизомбаг зарим хүн их эротик бүжиг гэж үздэг. Энэ бүжиг үнэхээр тийм эротик бүжиг үү?

-Мэдээж хостойгоо ойрхон тэвэрч, эмэгтэй нь уян налархай хөдөлж бүжиглэдэг учраас хүмүүс халуухан бүжиг гэж хардаг. Үнэндээ энэ  бүжиг маань задгай цагаан, хүмүүн төрөлхтөн гэх зэрэг бүжгүүдтэй л адил орчин цагийн хосын төрлийн нийтийн бүжиг шүү дээ.

-Анхлан суралцах гэж байгаа хүмүүст өгөх зөвлөмжиндөө эргээд оръё. Кизомбаг анхлан суралцаж байгаа хүмүүс ихэвчлэн юун дээр алдаа гаргадаг вэ?

-Анх сонирхож ирж байгаа хүмүүс маань нэг хоёр удаа хичээллээд л эмэгтэйчүүд нь маш гоё уян налархай, эрчүүд нь эмэгтэйгээ мундаг гоё удирдаж авч явж чадна гэж бодох хандлага мэр сэр байдаг. Дөнгөж хичээллэж эхлээд л бодож байсан шиг нь амархан биш юм байна гэж шантраад бүжиг сурах хүслээ хаядаг хүмүүс байдаг. Гэхдээ цөөхөн л дөө. Гэтэл энэ чинь бүжиг шүү дээ. Нэг удаа заалгаж давтаад л сурдаг бол хүмүүст бүжгийн сургалтын хэрэг байхгүй байхсан. Тууштай хичээллэсний үр дүнд л маш сайн бүжиглэдэг болно. Тиймээс яагаа ч үгүй эрт битгий шантраарай, тууштай бүжгээ сураарай гэж зөвлөмөөр байна.

-“Кizomba passion” клуб ямар ямар сургалт явуулж байна. Сургалтууд хэдэн шаттай явагддаг вэ?  

-Манай клуб Кизомба бүжгээр дагнасан сургалт явуулдаг. Сургалт маань анхан шат, дунд шат, ахисан шат гэсэн гурван түвшинтэй. Сургалтын төлбөрийн хувьд 60-70 мянган төгрөгийн хооронд байдаг.

-Кизомба бүжгийг Монголд дэлгэрүүлж, хөгжүүлэхэд танай клуб хувь нэмрээ оруулсаар байгаа. Цаашид төлөвлөөд байгаа ажлуудаасаа манай уншигчидтай хуваалцаач...

-Баярлалаа. Манай клуб Кизомба бүжгийг нийтэд түгээн дэлгэрүүлж таниулахын тулд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Нэн түрүүнд лхагва гараг бүр зохион байгуулдаг бүжгийн үдэшлэгээ дурдъя. Энэхүү үдэшлэгт маань бүжгийн сургалтад сурсан хүмүүс уулзаж, бүжиглэж, шинээр сонирхон ирж байгаа залуустаа зааж өгч зөвлөж бүжиглэдэг. Үдэшлэгийн эхэнд анхлан суралцагч нартаа зориулсан танилцуулах анхан шатны хичээл ордог. Энэ хичээлд хамрагдсанаар шинээр сонирхогчид хуучин гишүүдтэй бүжиглэхэд илүү дөхөм болдог.

Мөн бид тодорхой давтамжтай хугацаагаар сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Яг одоо бидний төлөвлөж байгаа ажил бол хотын захын тохижилт болон санхүүжилт муутай нэг сургуулийн номын сангийн өрөөг тохижуулж, ном хандивлах гэгээн үйлсийг хийх гэж байна. Бид хараахан сургуулиа сонгож аваагүй байгаа. Судлаад, ярилцаад явж байна.

Мөн манай клубийн зүгээс 2015 оны 9-10 дугаар сард Кизомба бүжгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан нь энэ бүжгийг мэдэхгүй хэдэн мянган хүнд хүрч таниулж чадсан. Энэхүү тэмцээн жил бүр уламжлал болон явагдана. Энэ жилийн 9-10 дугаар сард илүү том хүрээг хамран зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Нэмэж мэдээллэхэд “Кizomba passion”  клуб тавдугаар сарын 2-нд шинэ элсэлтээ авч байгаа юм. Тиймээс Кизомба бүжгийн сургалтыг сонирхож буй уншигчиддаа дараах мэдээллийг хүргэе. 

#Кизомба бүжгийн анхан шатны сургалт.

Kizomba PASSION клубын зүгээс 5-р сарын 2-ны өдөр эхлэх шинэ ангид залуусыгаа бүртгэн авч байна.

★Би бүжиглэж чадахгүй
★Би хөшүүн биетэй
★Би ичимхий
★Би бүжиглэх хүн биш гэж та бодож байна уу?

Тэгвэл та заавал манайхыг зориорой :)

Учир нь :

✔️ Бид бүгд адилхан суралцсаар л байгаа
✔️Амьдралдаа бүжиглэнэ гэж бодож байгаагүй олон олон залуус бидэнтэй нэгдсээр байна
✔️ Бидний дунд мэргэжлийн бүжигчид маш цөөн
✔️Чөлөөт цагаа үр дүнтэйгээр өнгөрөөх хамгийн эерэг орчин
✔️Та бүжиглэж сурсанаар олон шинэ найз нөхөдтэй болж манай клубын зүгээс зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд оролцох боломжтой

Хичээллэх цаг :
Даваа: 19:00-20:30, Баасан: 19:00-20:30
Үргэлжлэх хугацаа: 1 сар.

Байршил: Чингисийн талбай, хуучнаар Ленин клубын 3 давхарт Кизомба Пэйшн клуб.

Сургалтын төлбөр: 70,000₮
Хосоороо : тус бүр 60.000₮
Оюутан залуус : 60.000₮

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88005278 утсанд хандана уу.

Ярилцсан: О.Саша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top