ЗАВХАН: “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 19

Монгол Улс Хүнсний тухай хуулийг анх 1995 онд баталсанаас хойш хүнсний хангамж, аюулгүй байдалд анхаарал хандуулж 2009-2016 онд “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусах шатандаа ороод байгаа юм. Гэвч энэ хөтөлбөрт хүн амын хоол тэжээлийн асуудлыг тодорхой тусгалгүй орхисон байна.  Хэдийгээр хүн амын дунд хоол тэжээлээс хамаарал бүхий эмгэгийг бууруулах, түүнээс сэргийлэх, эрүүл, зөв хооллолтыг хэвшүүлэх асуудлыг Засгийн газрын бодлого, стратегид тусгасан ч үйл ажиллагааны хамрах хүрээ нь хязгаарлагдмал, тогтмол бус, салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо хангалтгүй байгаа тул бүх салбарын оролцоог хангасан хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах зорилго бүхий “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг 2016-2025 онд хэрэгжүүлэхээр МУ-ын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 447-р тогтоолоор батлагдсан юм. Хүн амын хоол тэжээлийн байдалд ядуурал, хүнсний хангамж болон хүртээмж, усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн дадал, өвчлөл, амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйл ихээр нөлөөлдөг.  Өөрөөр хэлбэл хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах асуудал зөвхөн эрүүл мэндийн салбарын хүрээнд бус хөдөө аж ахуй, хоол хүнс үйлдвэрлэл, худалдаа, нийгмийн хамгаалал, боловсрол, дэд бүтэц зэрэг бусад олон салбарын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан зохицуулах шаардлага тулгараад байгаа юм. Тиймээс хоол тэжээлийн талаарх хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, хоол тэжээлээс хамааралтай өвчин эмгэгийг бууруулах зорилго бүхий энэхүү 10 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөтөлбөрийг танилцуулах сургалт өнөөдөр Нутгийн удирдлагын ордны Их танхимд боллоо.

Сургалтад аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц, эрүүл мэнд, спорт хариуцсан мэргэжилтэн Д.Бадамсүрэн болон аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ,  Хүнс хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс зэрэг байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцож мэдээлэл өглөө. Уулзалтаар “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийн танилцуулгыг хийснээс гадна “Тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн дутал ба өвчлөл”, “Монгол улс дахь хүнсний аюулгүй байдлын эрх зүй”, “Хүн амын хоол тэжээл” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХХААГ-ын оролцоо, “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, шалгуур үзүүлэлт” сэдвээр тус тус мэдээлэл өгч өрхийн хүнсний хэрэглээний судалгааг  танилцуулсан юм. 

Үндэсний статистикийн хорооноос 2013 онд хийсэн судалгаагаар манай улсын 5 хүртэлх насны хүүхдийн 10,8 хувь нь өсөлтийн хоцрогдолтой, 1,6 хувь нь тураалтай, 1,0 хувь нь туранхай, нийт хүн амын амин дэм, бичил бодисын дутал 10 жилийн өмнөх түвшинд хэвээр байгааг тогтоожээ.  Мөн манай улсын насанд хүрсэн хүн амын талаас илүү буюу 54,4  хувь, 5 хүртэлх насны 6 хүүхэд тутмын нэг буюу 16,7 хувь, өсвөр насны  8  хүүхэд тутмын нэг буюу 12,5 хувь нь илүүдэл жин, таргалалттай байгаа юм. Иймд цаашид хоол тэжээлийн шимт бодис, амин дэм, эрдэс бодисын найрлага, хэмжээнд анхаарал хандуулж, “эрүүл шимт хоол хүнс” хэрэглэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Завхан аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Эрүүл хүнс, Эрүүл Монгол хүн” дэд хөтөлбөрийг батлуулахаар тусгасан нь “Хүн амын хоол тэжээл” хөтөлбөрийг дэмжсэн чухал заалт юм. Мөн аймгийн Засаг даргын Завхандаа үйлдвэрлэсэн ба Завхан аймагт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх, албан байгууллага, айл өрх бүр тавгийн идээгээ Завхандаа үйлдвэрлэсэн цагаан идээ, хүнсний бүтээгдэхүүнээр засч байх тухай уриалга нь хүн амыг эрүүл хоол тэжээлээр хангахыг уриалсан, дэмжсэн санаачилга мөн гэдгийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц энэ үеэр онцоллоо.

Цаашид аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилж, холбогдох байгууллагуудын оролцоотойгоор “Хүн амын хоол тэжээл” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх юм.

Б.Оюун-Эрдэнэ /Завхан аймаг/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэн(103.9.88.154) 2019 оны 02 сарын 20

ээш энэ одоо тэгээд мэдээ юу? Үргэлжилсэн үгийн зохиол шиг

0  |  0
Top