”Монгол чөтгөр”-ийг буулгаж авах хятад санаархал биелэлээ олов уу

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 04

Монголчууд аливаа зүйлийг сүржин хүлээж авдаг ч харамсалтай нь хурдан мартдаг нэг муу талтай. Сар гаруйхны өмнө  монголын хүлэг морьд, хятад руу ачигдаж, хилийн боомтод хоол ундгүй хашигдан, өлдөж үхэж байна гэх талаар амтай бүхэн л ярьж, хүн бүр “Хөөрхий дөө, хайртай хүлгүүд минь” хэмээн халаглаж байв.

Халаглаж, харамсаад зогсохгүй сошиал ертөнцөд хаягтай бүх л хүн морины зургийг нүүр хуудсандаа “залж”, морьдын сайн сайхны төлөө, монгол морьдын өлмөн зөлмөн байгаа бодит байдлын тухай ярилцаж байсан ч энэ яриаг өнгөрөгч өдрүүдэд тохиосон “Шинэ жилийн баяр” нам дарж орхив.

Шинэ оноо инээд хөөрөөр угтсан ард түмэн сар гаруйн өмнө болсон өнөөх сэтгэл эмзэглүүлэм дүр төрх, өлдөж үхсэн адуунуудын талаар сонсохыг ч хүсэхгүй байх шиг...

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Бичигт”-ийн боомтод 800 гаруй тооны адуу ачсан “том” машинууд Хятадын хилийг давахаар хоног тоолон хүлээж байна. Гэвч олон хоног хоол усгүй, машины чиргүүл дээр хоригдсон адуунууд эхнээсээ эхлээд өлдөж үхэж байна” гэх мэдээлэл сошиал ертөнцөд тарахтай зэрэгцээд Монгол Улсын Шадар сайдаар толгойлуулсан монгол түмэн “Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулж тэвчихгүй” хэмээн ундууцан, салбарын яам ч яаралтай хуралдаж “БНХАУ руу ирэх дөрөвдүгээр сарыг хүртэл амьд адуу экспортлохгүй байх” шийдвэрийг гаргаж, Бичигтэд “хоригдож” байсан хүлгүүдийг буцаан татахыг үүрэгдсэн...

Гэвч түүний дараа юу болов. Яг ингэж сонсоод эрхэм монголчууд маань тайвширчихав. Энэ тайван амгалан, гэнэн итгэмтгий зан монголчуудын хамгийн том сул тал гэдгийг төрийн эрхэм түшээд, түмэн зүгийн харилцагч, харийнхан маань даанч андахгүй аж.


Өнөөгийн байдлыг дурдая. Өлдөж туйлдаа хүрэн, согтуу хүн шиг гуйвах өнөөх хэдэн адуу маань “Эмээлт” захын мал нядалгааны газар хэзээ үхэхээ хүлээн, өлмөн зөлмөн хашигдсаар өнөөдөр “дуусав”. Албан бус эх сурвалжийн ярьж буйгаар “Бичигт”-ийн боомт хүрээд буцсан адууны тоо хэвлэлийнхний болоод салбарын яамны мэргэжилтнүүдийн ярьж байснаас нэг дахин их байсан аж. Албаныхны өгч буй мэдээллээр бол “Бичигт”-ийн боомтод 64 адуу үхсэн гэж байгаа ч, угтаа 200 орчим адуу өлбөрч үхжээ.

Монгол хүний уужуу зан гарган “За үхсэний хойноос үхэх биш” хэмээн цааш өгүүлье. Улаанбаатарт ирсэн 1000 гаруй тооны адуунаас боломж бололцооныхоо хэрээр худалдан авч, эх оронд нь үлдээх зорилго өвөртөлсөн монгол залуус олон нийтийг сар орчмын хугацаанд уриалан дуудав. Тэд боломж бололцоогоороо мөнгө цуглуулан, ядахнаа арван адуугаа алуулчихалгүй аваад үлдчихсэн хэмээн зүтгэж...

Гэвч аль хэдийнэ худалдан аваад өмчилчихсөн байсан агтны худалдаачид үнээ нэмж хэлээд, гурваас илүүг зарахгүй гээд гүрийчихэж...

Омог бардам зангаа дарж ядан, өмнө хойно нь гарч гүйгээд ч амжилт олсонгүй. “Биднийг үзэж хараад сэтгэлээр унацгаа. “Молор эрдэнэ” хэмээн хайрлаад байдаг морьдыг чинь бид мянга мянгаар нь нядлаж байна, харцгаа” гэж байгаа мэт цохыг нь цөм цохисон адуунуудын толгойг бидний өмнө овоолон, бах таваа хангаж байна, ЭНЭ ХЯТАДУУД. Өмнөх зуунд монголчуудад дарлагдаж явсан өсөө өнөө цагт монгол морьдоос минь авч, монголчуудыг сөхрүүлэх их хүслээ хангаж байгаа юм байлгүй” хэмээн өгүүлэх энэ эрхмийг Б.Болдбаатар гэдэг. Тэрбээр Монголын морьт харвааны тамирчин төдийгүй өөртэйгөө ижил мэргэжилтэй залуусыг уриалан, морь худалдаж авахаар “Эмээлт”-ийг зорьсон ч, гурвыг л худалдан аваад арга мухарджээ.

Агтны ченжүүд нэг бага адууг, малчдаас 300-400 мянган төгрөгөөр худалдан авдаг боловч морьдоо авч үлдэх гэсэн залууст 900 мянгаас доош үнээр зарахгүй гэсэн байна. Гэвч залуус “Үнээ буулга” хэмээн гуйгаагүй гэх... Ийнхүү эхний хэдийгээ худалдан аваад, хоол ундтай залгуулчихаад буцаад очих хооронд өнгөтэй өөдтэй болгоныг нь түүж нядлаад, “өгөхгүй, зарахгүй” гээд сууж байжээ.

Энэ талаар Б.Болдбаатар “Гэнэт л бидэнд зарахгүй гэчихлээ. Хэдийгээр энэ агтыг харж байгаа хүмүүс нь монголчууд боловч эдний цаана дандаа Хятад ченжүүд байна. Хамгийн гол нь бидэнд зарахгүй гээд байгаа нь энд байгаа адуунуудын ихэнх нь хулгайн адуу учраас тэр байх гэж бид хардаж байгаа. Хэрвээ тэднийгээ бидэнд зарчихвал баригдана гэдгээ мэдээд ингэж байгаа байх. Бид нэг ч гэсэн Монгол адуугаа эх оронд нь үлдээх гэсэн зорилгыг өвөртөлж ирээд, гуравханыг л авч үлдэж байх шиг байна. Өнөөдөр /уржигдар/ энд 100 гаруй тооны л адуу үлдсэн. Өлдөж, турж эцсэн гэдгийг үгээр хэлэхийн аргагүй... Түүнээсээ болоод гүүнүүд нь хээл хаяж, үсжиж амжаагүй унаганы сэг болсон байна.

Энд нүд нь сохлогдсон, хөлөө хугалуулсан олон морьд ирсэн. Бид хэл амаа ололцож байгаад хэдэн адуугаа салгачихаад дараа нь тэр зургийг олонд дэлгэе гэж бодож байсан юм. Хэдхэн сарын өмнө сүржин зүйлс яриад байсан эрхэм төрийн түшээд, сайд дарга нар нь яагаад энэ хэдэн хоногт ирээд, нөхцөл байдалтай танилцсангүй вэ. Би гайхаж байна. Өнөөдрийн энэ нөхцөл байдлаас би ганц л зүйлийг маш сайн ойлголоо. Төрийн түшээд нь ч, түүхий эдийн захын хамгаалагч нь ч бүгдээрээ хятадын гар хөл болчихсон юм байна. Хүний үнэргүй хятадуудын мөнгө их олон монгол хүний нүдийг сохолчихжээ” хэмээн бухимдаж байв. /Ярилцлагын дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой/

Тэд ийнхүү тэмцэж, монголчуудынхаа дэмжлэг тусламжийг авч чадсанаар дахин гурван хүлгийг эх нутагт нь үлдээж чаджээ. Хүн байсан бол монгол морьд минь өөрсдийг нь авч үлдсэн залууст “баярлалаа” гэж хэлэх байсан биз ээ. Гэхдээ мянган адуунаас дөнгөж зургаа...

Монгол Улс оны өмнөхөн мал сүргийнхээ тооллогыг улс орон даяар хийсэн. Энэ тооллогоор Монгол Улсын мал сүргийн тоо 61 сая 542 мянгад хүрч өмнөх онтой харьцуулахад 9.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ жилийн мал тооллогоор хонин сүргийн тоо толгой өсч, эсрэгээрээ үхэр, ямааны тоо буурсан бол адуу, тэмээний тоо толгойд өөрчлөлт ороогүй хэмээн ХХААХҮЯ-ны албан мэдээнд дурджээ.


2015 оны мал тооллогоор адуун сүргийн тоо толгой 3634.9 мянга байсан бол өнөө жил энэ тоо нэг  ширхэгээр ч нэмэгдсэнгүй. Уг нь адуу гэгч амьтан өсч үржихдээ амархан, уналга эдэлгээнд эвтэй, хол бээрийг туулахдаа урамтай хэмээн хөдөөгийн хөх өвөгчүүд ярьдагсан...

Гэтэл бүтэн нэг жилийн хугацаанд нэмэгдсэнгүй гэх тоон мэдээллийг харахад сэтгэл өвдмөөр... Арга ч үгүй биз.. Сард мянга мянгаараа Хятад руу зөөгдөж, харийн нутагт тамлагдаж, буцаж ирж чадаагүй молор эрдэнүүд олон бий. /Энэ талаарх нийтлэлийг ЭНДЭЭС уншина уу/

Урт өгүүлэн үүнийг нуршсаны учиг шалтгаан гэвэл, зөвхөн өнгөрөгч сарын хугацаанд улс оронд минь дарж нууж, дуугүй өнгөрч боломгүй ийм зүйл болж, молор эрдэнэ хэмээх морьд минь мянга мянгаараа нядлагдаж байна хэмээх аймшигт мэдээ намжиж ч амжаагүй байхад дахин нэг цочролын мэдээг нийт монголын ард түмэн сонслоо. Энэ бол хүмүүний орчлонд ирээд сайн муу, сайхан муухайг ялгаж ч амжилгүй согтуу Хятадын гарт зэрлэгээр хөнөөгдсөн дөрөвхөн настай хүүгийн талаарх мэдээ байв.  

-“ЗААЗУУРЧИН ХЯТАДУУД”-ЫН ЗАДАРСАН ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТРЭВ-


Хэргийг эргэн сануулбал: 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уусан архиндаа хөлчүүрхсэн Хятад эрийн гарт Монгол Улсын гурван иргэн өртөж, дөрөвхөн настай хүү харамсалтайгаар амь насаа алдлаа. Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар Хятад эр дөрвөн настайг хүүг заазуурдаж, амь насанд нь хүрсэн байна. Үүгээр ч зогсохгүй Хятадын иргэн Ө-гийн гарт амиа алдсан бяцхан хүүгийн ах 13 настай Т эмнэлэгт хүргэгдэхдээ нэг гарын дөрвөн хуруу нь заазуурдуулсан байдалтай буюу цөөн хэдэн судсан дээрээ санжигнасан байдалтай очсон гэж зарим эх сурвалж ярьж байлаа. /Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС/


Яг энэ мэт аймшигт хэрэгт ихэвчлэн хятад иргэд оролцсон байдаг. Тэд яагаад ийнхүү монголчуудыг дорд үзэж, морьдыг нь мянга мянгаар зөөж, нүдийг нь сохлон, хөлийг нь хугалан тамлаж, хүүхдүүдийг нь хороон зугаацаад эхлэв. Бид үүнийг дуугүй сонсож, хэсэг хугацааны дараа мартсаар байх хэрэг үү...

Ер нь хятадууд монголчуудыг зодож, дээрэлхэж, аминд нь хүрсэн тохиолдол ганц үүгээр тогтохгүй. Тохиолдол бүртээ хүйтэн мэс хэрэглэдэг “Заазуурчин хятадууд”-ын жишээ урт үргэлжилнэ.

Хэдэн баримт өгүүлье. -Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард  "UB TREED” хэмээх цагаач хятад иргэдийн байгуулсан компанид ажиллаж буй 100 гаруй монгол ажилчид дөрвөн сарынхаа цалинг аваагүй, байнгын зодож дарамталдаг талаар мэдээлэл гарсан. Сүх, заазуур барьж байнга дарамталж, монгол ажилчдыг зоддог энэхүү хятад иргэнийг шалгаж байгаа нэрийдлээр хэдэн өдөр хорьж байгаад, хэдхэн төгрөгийн төлбөр тавиад нутаг буцаасан билээ. Тухайн үед энэ Хятад эр монголчуудад хандан "Хүрэх газраа хүртэл заргалдаад үз. Та нар юу ч олж долоохгүй" хэмээн хэлж байсан бөгөөд үнэхээр л түүний хэлснээр болсон юм.

-2012 оны зургаадугаар сарын 8-ны өдөр “Улс төрийн тойм” сонинд “Хятадууд 16 настай хүүгийн хөлийг хугартал зоджээ" гэх нийтлэл гарчээ. Үүнд "...Налайх дүүрэг дэх тоосгоны үйлдвэрийн хятад эзэд 16 настай монгол хүүхдийн хөлийг хугартал зодсон хэрэг гарсан байна. Зодуулсан хүүхэд нь тоосгоны үйлдвэрийн ажилчин байсан аж. Тус үйлдвэрийн 50 гаруй Монгол ажилчин ажлын байрны нөхцлөө сайжруулахыг шаардаж, хятад эзэддээ хандсан юм байна. Гэтэл хятад эзэд нь шаардлагыг нь хүлээж авахаас татгалзсан аж. Энэ үеэр тэдний шийдвэрийг эсэргүүцсэн 16 настай хүүг тэд хөлийг нь хугартал зодсон байна..." гэжээ.


Энэ үйл явдал өнөөдөр ил, далд хэлбэрээр байсаар байна. Налайх дүүргийн иргэдийн хувьд  нүүрсний уурхай, тоосгоны үйлдвэртээ ажиллаж амьдралаа авч явдаг гэвэл хилсдэхгүй. Гэтэл Налайхад үйл ажиллагаа явуулдаг тоосгоны үйлдвэрүүдийн олонх нь Хятад эзэдтэй. Хэдийгээр очоод шалгахад тухайн үйлдвэр монгол хүний нэр дээр байх боловч цаана нь дандаа хятад эзэд байдаг хэмээн нутгийнхан ярьж байна. Хятад эздийн тоосгоны үйлдвэрт 15-22 насны залуус голчлон ажилладаг гэх. Тэдний цалин 120-200 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй арай ядан дэнслэх мөнгөөр монголчууд хамгийн хүнд, аюултай нөхцөлд ажиллаж, бас болоогүй амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна... /Энэ талаар ЭНДЭЭС/

-Эдгээрээс гадна "МCS-ийн 200 хятад монголчуудыг зоджээ", "Монгол залууг хятадууд бүлэглэн зоджээ"“Хужаа нар монгол цагдааг зодов”“Орхон аймагт хятадууд монгол залууг зоджээ" гэх мэдээллүүд шил шилээ даран нийтлэгдэхэд бид бараг дөжирч эхлэв.

Биднийг ийнхүү чихэн дүлий, нүдэн балай сууж байх хооронд монголчуудыг дэлхий нийт "үхэр монгол" гэцгээдэг болж. Дэлхийн талыг захирч байх цагт монголчуудыг арслан, бараас өөр амьтантай харьцуулах аргагүй байсан атал өнөө цагт “Үхэр” гэгч цолыг зүүчихсэн 3 сая хэнэггүй монголыг яах вэ.

Яг үнэндээ бидэнд зүүлгээд байгаа “үхэр” хэмээгч цол “хүнддээд” хонин дээр буухаар болчихсон юм уу гэх бодол төрөх боллоо. Үхэр хэдий номхон дөлгөөн амьтан хэдий ч дургүй хүргэснийгээ мөргөчихөж дөнгөнө, гэтэл хонь хонио л дээрэлхэхээс биш сүргээ хамгаалах ямар ч чадваргүй амьтан.

Оны өмнөхөн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт ӨМӨЗО-ны дуучин хөгжмийн зохиолч С.Тэнгэр оролцож, монголчуудын тухай жаал хөөрөлдөв. Тэрбээр сэтгэл эмзэглүүлэм атлаа, бодит биелэлээ олж байгаа нэгэн Хятад үлгэрийн тухай ярьж өгсөн билээ. Тэрхүү үлгэрт “Монгол чөтгөрийг балбаад байх тусам хүч орж, зузаараад барахад амаргүй болдог.  Харин Монгол чөтгөрт будаа идүүлээд, хоол өгөөд, мөнгө, эд агуурс, торго дурданд дурлуулаад байвал БАРАХАД ХЯЛБАР болно" хэмээн өгүүлдэг аж.

Яг энэ үлгэр өнөөдрийн монголд биелэлээ олоод байх шиг. Жил бүр дор хаяж нэг Монгол  иргэн харь хүний гарт амиа алдаад байхад үүнд тоймтой дуугарч, иргэнээ хамгаалах тухай хэн ч ярьсангүй.

Гэтэл Монгол орны баялаг нь мал сүрэг, газар тариалан, уул уурхай, мөнгө, эрх мэдлийн алин ч биш Монгол хүн өөрөө юм шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны есдүгээр сарын 1-нд сурагчдад хичээл заах үедээ “Монголын баялаг бол бүтээлч хүн, хүний баялаг бол эрдэм мэдлэг юм” хэмээн өгүүлж байв. Гэвч өнгөрөгч хугацаанд Монголын баялаг болсон хүмүүсийнхээ төлөө яг ямар арга хэмжээ авсан бэ. Монгол хүн харь хүний гарт амиа алдах бусармаг үйлдэл таслагдаж чадсан уу...

Яг ингэж ярихаар манайхан “Улс орны гадаад харилцаа, аюулгүй байдал чухал. Ганц хүний амины төлөө сүржигнэлээ” хэмээн дайрцгаадаг. Гэхдээ...

Олон улсын судалгааны байгууллагуудын дүн мэдээлэлд “Монголчууд хятадуудад хэзээнээс таагүй хандаж ирсэн нь батлагдсан” хэмээн бичжээ. Тэрхүү хандлагыг нь улам нэмэгдүүлэх гэсэн мэт Хятад улсын олон нийтийн цахим хуудсуудаар бараг өдөр бүр Монголыг, хятадтай нэгтгэх эсэх талаар, монголыг хэрхэн эзлэх вэ гэх мэтчилэн санал асуулга, тойм нийтлэлүүд гарч байдаг.

Тусгаар тогтнолоо зарлан тунхаглаад 100 гаруй жилийн нүүрийг үзэж буй монголчуудын хувьд хятадын хараат болно гэдэгт айж сандарна гэж юу байхав. Гэхдээ атгаг санаа бүрийг нь ойлгож, тунгааж байх учиртай.

2013 онд Хонконгийн “Wenweipo” сонинд Хятадын блогчин Liqiu Yue-гийн бичсэн “Ирэх 50 жилд Хятад улсын хийх ёстой зургаан дайн” нийтлэл цахим ертөнцөд ихээхэн шуугиан тарьж байв. Liqiu Yue-гийн бичсэнээр Хятадын хийх ёстой тав дахь дайн бол гадаад Монголыг Хятадтай нэгтгэх юм. Энэ дайныг 2045-2050 оны хооронд  хийх ёстой аж. Тэрбээр энэ талаар “Гадаад Монголыг нэгтгэх агуу ажлыг хийх цаг нь одоо биш. Бид Монголыг нэгтгэх хүсэлтэнгүүдийг сонгож олоод тэднийг Засгийн газарт өндөр албан тушаалд гарахад нь тусалж, цаг нь болтол хүлээнэ. Монголын дотоодод ч Хятадтай нэгдье гэсэн сурталчилгаа, үзэл суртлын дайн явуулах болно. 2040 онд Өмнөд Түвдийг буцаан авсны дараа Засгийн эрхэнд гарсан манай хүмүүс Гадаад Монголыг нэгтгэх нь манай улсын гол бодлого хэмээн зарлах юм. Хэрэв Гадаад Монгол энх тайвнаар нэгдвэл Хятадад ашигтай. Харин эсэргүүцэл үзүүлбэл цэргийн хүч ашиглахад бэлэн байх хэрэгтэй. Энд Тайваньд хэрэглэсэн тактик хэрэг болно. “2045 он гэхэд Хятадад нэгд” гэсэн шаардлага Монголд тавиад хэдэн жил хүлээнэ. Татгалзвал шууд дайрах. Энэ үед дөрвөн дайн дуусчихсан байх учир бид Гадаад Монголыг эзлэх цэрэг, улс төр, дипломатын хүчин чадалтай болсон байх болно. Суларч доройтсон Орос, Америк дипломат эсэргүүцэл илэрхийлэхээс хэтрэхгүй бол Европ тодорхой бус байр суурьтай, Энэтхэг, Төв Ази чимээгүй байна. Гадаад Монголд гурван жил  зарцуулан бүрэн эзэлснийхээ дараа Оросын хил дээр том хэмжээний цэргийн анги байрлуулж, Оросыг хянаж эхлэх болно. Оросоос алдсан газар нутгаа эргүүлэн авахын тулд Монголд цэрэг дайны дэд бүтэц барихад 10 жил хэрэг болно” хэмээн нарийн төлөвлөж бичсэн байв. Түүний гаргасан зургаан дайны зураглал төлөвлөгөө нь боломж олгоод, буулгаж авах зүй тогтолтой. Нэг үгээр хэлбэл өгөөш өгчихөөд сууж, сууж сая үмхэнгүүт нь татна гэсэн үг.


Энэхүү нийтлэлийг монголын нэрт орчуулагчид сийрүүлэн  “Хятад монголыг 2045 онд эзэлнэ” хэмээн гарчиглаж, хэвлэлийн хуудаснаа тавьж байх үед олон нийт уурлан бухимдаж, нүдэндээ харагдсан харь хүн бүрийг зодож балбаж байсан тул БНХАУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамнаас иргэддээ анхааруулан, ганц нэгээрээ гарч орохгүй байхыг ч сануулж байв. Ингээд нэг хэсэг цөс нь хөөрсөн монголчууд, сар гаруйн дараанаас мартаж эхэлсэн.

Гэтэл Хятадуудын бага багаар мэрж идэх гэсэн санаа үлгэрээс, үйл хөдлөл болон хэрэгжиж, гагцхүү боломж бололцоогоо хүлээн, анаж буй...

Олон хүн энэ санаа байж болох хувилбар гэдэгт санал нэгддэг. Тухайлбал, Гадаадын иргэн, харьяатын газраас гаргасан мэдээлэлд Монгол Улсад түр оршин суугч гадаад иргэдийн олонх нь Хятад улсын иргэд гэдгийг дурдсан байдаг. Тэдний дийлэнх нь уул уурхай, барилгын салбарт ажилладаг бөгөөд энэ салбаруудын голлох хөрөнгө оруулагчид нь Хятадууд.

Нийтлэлийн эхэнд дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд л гэхэд 32 гадаадын иргэн түр оршин суудаг бөгөөд тэдний олонх нь мөн л Хятадууд.

Ингээд бодохоор Монгол тун удахгүй Хятад иргэнд “Монгол Улсын иргэн” хэмээх үнэмлэх гардуулаад зогсож байхад нэг их гайхаад байх зүйлгүй.

Гудманд таарсан 10 монгол хүнээс “Хятадыг Монголтой нэгтгэх боломжтой юу” гэж асуухад бүгд “Тэр цагийг би бүү хараасай. Гэхдээ тийм боломж ойрын хэдэн мянган жилд тохиохгүй гэдэгт итгэж байна” гэж хариулж байна. Зарим нь бараг уурлаж бухимдан, барьж аваад балбах гэх...


Тэгвэл Хятадууд үүнд ямар бодолтой байгааг БНХАУ-ын “Quora” хэмээх олон нийтийн сайтад хэлэлцүүлжээ. Энэхүү хэлэлцүүлэгт олон хятад иргэн оролцсон бөгөөд тэдний дотроос Хятадын угсаатны зүй судлалын мэргэжилтэн Стефэн Яны хариултыг хамгийн их хүн үзэж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хувьд “Яг одоо бол би ҮГҮЙ гэж хариулна. Миний бодлоор Монгол бол Хятадад таагүй ханддаг топ 3 үндэстний нэгт баталгаатай орно. “Нэгтгэх” гэдэг үг нь ихэнх Монголчуудад эзлэн түрэмгийлэл гэж харагдах бөгөөд эцэстээ үр дагавар нь ашиггүй, хор хөнөөлтэй байх болов уу. Хэрвээ хэл усны ялгаа төдий нь “нэгтгэхэд” хамгийн том саад болж байгаа бол бид Бурханд талархах хэрэгтэй. Хоёр орны албан ёсны харилцаа үргэлж Монголчуудын Хятадаас болгоомжлох болгоомжлолын сүүдэрт дарагдаж байдаг. Үүний шалтгаан нь дараах хэдэн үндэслэлтэй:

  1. Монгол болон Хан үндэстнүүд, Монголын болон Хятадын төрийн хооронд гарч байсан түүхэн зөрчил тэмцлүүд
  2. Зөвлөлтийн гараас дөнгөж мултарсан Монголчууд дахин өөр нэг коммунист улс болох Хятадын хяналтад орохоос болгоомжилдог. Мөн олон жилийн Европжсон соёл нь үүн дээр Хятадын эсрэг үзлийн (sinophobia) "үнэр" нэмж өгдөг.
  3. Ичгүүргүй Хятад наймаачдын хулхидалт, бүдүүлэг Хятад жуулчдын эвгүй харьцаа нь Монголчуудын жигшил зэвүүцлийг нэмэгдүүлдэг” гэжээ.

Өөр нэгэн Хятад иргэн Стефэн Яны үндэслэлүүдийг зөвтгөөд “Хятадуудад дургүйцлээ илэрхийлэх монголчуудын арга зам нь маш хатуу ширүүн байх бөгөөд үүнтэй харьцуулбал Хонг Конг, Тайваний тэмцэгчдийг бяцхан хүүхэд гэж үзэж болно” гэсэн байна.


Энэ мэтээр монгол, хятад хэмээн мэтгэлцэж, маргалдаж байх хооронд Монголыг хятаджуулах далд бодлого газар авч, монголын иргэд, молор эрдэнүүд минь цөөрч эхэллээ. Хорин жилд дөнгөж нэг саяар нэмэгддэг монгол хүнийг хоёрхон секундэд 20 саяар нэмэгддэг хятад хүмүүстэй харьцуулж болохгүй.

Хятадууд “Нэг Хятад” бодлогодоо баригддаг бол Монголчууд “Нэлээд Монгол” болох гэж зүтгэж байна. Гэтэл хаа нэгтэйгээс цагаачилж ирсэн харь хүний гарт, жирийн иргэдээ нэг нэгээр нь алдаад байвал яах вэ.

1990-ээд онд нэгэн америк Хөвсгөл аймагт монгол залууг 7 буудан хорооход Очирбатын Дашбалбар эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулж байв. О.Дашбалбараас хойш, олон монгол хүн  харь хүмүүсийн гарт амь үрэгдэж байхад, манайхан дахиж үндэстнээ өмөөрч цуглаагүй. Гэхдээ жагсаал цуглаан зохион байгуул гэж уриалж байгаа хэрэг биш гэдгийг эрхэм та ойлгож буй болов уу. Хамгийн чухал нь өнөөгийн монголчуудад үндэстнээ өмөөрдөг сэтгэл, зүтгэл хэрэгтэй байна.

Нэг хэсэг Хятадууд монголчуудыг зодлоо, аллаа гэхэд том, том биетэй булиа залуусын хөдөлгөөнийхөн давхиж очоод хашраадаг байв. Гэтэл өнөө цагт тэд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг алт олборлогчидтой учраа олоод завгүй болж. Тэдний үндсэрхэг үзэл нь эцэстээ шантаажлах арга болсон хэмээн олон нийт ярилцах болсон.

Айл гэрийн эзэн гэртээ байсаар байхад огт танихгүй этгээд хойморт завилж суучихаад, эхнэр хүүхдийг нь зодож, тарчлаагаад байвал ямар вэ. Огт танихгүй нэгэн хээр байгаа хэдэн сайхан хүлгийг нь тууж аваачаад тамлаад байвал ямар санагдах вэ. Ямартай ч таатай санагдахгүй л болов уу.

Төгсгөлд нь дахин хэлье. Адууг амьдаар нь хил давуулдаг “харгис” шийдвэрээ түр бус бүр цуцлана уу, ЭРХЭМ ТҮШЭЭД МИНЬ. Алт эрдэнэсээс ч илүү монголын баялгийг, монгол хүнийг хамгаалдаг хууль тогтоомжоо сайжруулж туслана уу...

Монгол хэмээх улсын эцэг нь Ерөнхийлөгч та бол энэ улсын иргэн бүр таны хүүхэд билээ. Тиймээс хүнээ, хүүхдээ харийн гарт алдсан эцгийн сэтгэлээр асуудалд хандаач... 

О.Шинэтуяа

Эх сурвалж: ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GGG(202.21.124.133) 2017 оны 01 сарын 05

TIIMEE GADNII GAR HUL BOLOGSOD BIDNIIG UDURUUS UDURT TENEG MUNHAG BOLGOJ BGAAD HAMAG UCHIR BGAN

0  |  0
Дорж(202.21.106.115) 2017 оны 01 сарын 05

Хятадын хамгийн их айдаг зүйл нь Монгол үндэстэнүүд нэгдэн нэг гэр бүл болохоос. Тэгэхээр бидний шүтээн бол Нармай монгол үзлийг хөгжүүлэн дэвэргэх. Ийм байвал хятадууд бидний өмнө мөнхөд номхон зогсоно.

0  |  0
mgl huu(202.179.31.61) 2017 оны 01 сарын 05

hytadtai suuj b.gaa huuhnuudiig bugdiig ni usiig ni husaj uragsh ni hytadruu suusan hytadtai huuj yvuulaad mongol ulsaa tseverlie umhii hujaagin door altsaij hevtsen huuhnuudiig gaihah yum shan mongol zaluu oldohgui b.nuu ydaj deer chin garahad umhii uner hanhlahgui sain bod mongol huuhnuud min sain bod hunii muu huyjaa gedgiig sain sanaj yvaarai

0  |  0
балдан(150.129.141.217) 2017 оны 01 сарын 05

нэг дахин их гэж хэд гэсэн үг вэ.кккк

0  |  0
будааа(202.126.89.171) 2017 оны 01 сарын 05

санал нэг байнаа.энэ сонин төр засаг ер юу хийгээд байна даа

0  |  0
зочин(103.26.195.108) 2017 оны 01 сарын 04

Төрийн сүлдэндээ залсан адуугаа хар хятадын хоол болгож, өлбөрүүлж, буудуулж байхад монголын хийморь доройтолгүй яахав. Чингисийн үеэс дэлхийг тамгалсан монгол адуу минь цөвүүн цагт 21-р зуунд билчээр дээрээ хулгайч бүлэгт буудуулж, хар хятадад очиж тамлагдаж буй эзэд нь монголчууд өөрсдөө шүү. Адуу буудсан хулгайчийг малчид өөрсдөө газар дээр буудаач.

0  |  0
Jhjjj(37.167.47.122) 2017 оны 01 сарын 04

Mash zub bichsen bn tur alsiig harsan bodlogo barih bailgui dee 1000 joliin tsaagahiig harj bodlogo bolobsoruuldag erunhiilegchtei yum chin ha ha togloom bishee turiin tom alband tseber mongol hun tabij bh hetegtei.odoo dan erliizuud ihees gadna haytaduudaas hahuuli absan tomchuud buruu qhuud gargaad bn gj bhidoj bn

0  |  0
Jhjjj(37.167.47.122) 2017 оны 01 сарын 04

Mash zub bichsen bn tur alsiig harsan bodlogo barih bailgui dee 1000 joliin tsaagahiig harj bodlogo bolobsoruuldag erunhiilegchtei yum chin ha ha togloom bishee turiin tom alband tseber mongol hun tabij bh hetegtei.odoo dan erliizuud ihees gadna haytaduudaas hahuuli absan tomchuud buruu qhuud gargaad bn gj bhidoj bn

0  |  0
нэгдэгч(103.229.121.192) 2017 оны 01 сарын 04

Монголчууд одоо л эв эеээ хичээж эвлэлдэн нэгдэнж нэг Монгол болж улс орноо Тусгаар тогтнолоо хамгаалах цаг аль хэдийн болсон шүү биднийг зөв удирдан чиглүүлж нэгтгэх ухаалаг удирдагч хэрэгтэй байна даа

0  |  0
unshigch(202.9.41.57) 2017 оны 01 сарын 04

Mash zuv!

0  |  0
irgen(66.181.191.222) 2017 оны 01 сарын 04

tsag ni tulval hytadtai l negdehgui yum shuu. bur arga muhardval orostoi negdeh ni arai deer baih bolov uu?

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 01 сарын 04

Ene asuudliig tv-eer mash tom asuudal bolgoh heregtei,,,,,,net-eer hangaltgui toonii hymyys orj baigaa uchraas niitiig hamrah heregsleer ene asuudlaar tom nevtryyleg zagt barigdalgui hiih heregtei,,,!!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 01 сарын 04

Tord Mongol ulsaa gesen hymyys hovor baidag uchraas horongo gadagshaa ursaj, hyatad bolon gadniihan Mongoliin tuhai eldeveer ni heleh, bichih bolson ,,hyatad hezeech gargaj baigaagui zan torh gargaj Mongoliin tord shuud tushaaj ailgadag, daramtaldag bolj baigaa chin eroosoo Mongoliin tord archaagui uls ornoo geh chadvargui, chadalgui , huviin erh ashigaa l boddog , ulsiin horongoos harmaaldag hymyys baisnaas bolj ulsiin ayulgui baidal ayuliin irmeg deer irsen,,,gadnii har ajilchid hyrtel toriin hynii ner barj luivar hiideg bolson chin mongoliin tord yamar hymyys baigaag todorhoilj baina,,,,

0  |  0
ЦАГААН САР(59.153.115.73) 2017 оны 01 сарын 04

БОЛЬЁ ОО

0  |  0
ҮХЭР МОНГОЛ(202.179.11.10) 2017 оны 01 сарын 04

АДУУГАА УНАГА ЭДЭЛГЭЭНД АШИГЛАХАА БАЙСАН Ш ДЭЭ НААД ХӨДӨӨНИЙХӨН ЧИНЬ ХЯТАД МОТОЦИКЛЭЭР МАЛАА ХАРИУЛДАГ БОЛСОН ТЭГЭЭД Ч НААД ЗАРСАН ХЭДЭН АДУУ ЧИНЬ ТЭР МАЛЧДЫН АДУУ \. ӨӨРИЙНХӨӨ ЮМЫГ ХЭНД Ч ЗАРСАН ЕР НЬ ХЭНД ХАМААТАЙ БАЙНАА. ТИЙМ Л СҮРХИЙ ЮМ БОЛ ИНГЭЖ ЯРИАД БАЙГАА ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ МАЛЧДААС МАЛЫ НЬ ХУДАЛДАЖ АВААД ТЭДНИЙГ МӨНГӨТЭЙ БОЛГООЧ ЭЭ. ТЭД АРГАА БАРААД Л ХЭДЭН ТГРӨГНӨӨС ӨӨРИЙХӨӨ ӨМЧИЙГ ЗАРЖ БАЙНА

0  |  0
hmm(24.132.162.177) 2017 оны 01 сарын 04

hjtaduudiig bygdiig nutag ryy hoon zailuul,byy tedentei oir baichgaa ted bol ene delhiin novsh bqakteryyd um,hol baichgaa mongolchuudaa bid zovhon mongoloo geh zohiloh zyrhtei baih estoi.

0  |  0
Зочин(202.9.40.61) 2017 оны 01 сарын 04

үхэр монголчуудын сул тал нь хоорондоо эвлэрэн нэгдэж чаддаггүй.

0  |  0
зочин(202.55.184.251) 2017 оны 01 сарын 04

Хэдэн халтар мөнгөний төлөө эх орон газар шороо баялаг үр хүүхэд өөрсдийгөө ч худалддаг болсон харанхуй мунхаг байдлаасаа хүн бүр салж , хийх бүтээх, суралцах, боловсрох,тэмцэх , зорилготой бүтээлч байх оюун санааны хөгжилд хүрэх хэрэгтэй байна шүү. Мөнгөө олоод яадаг вэ гэхээр оффшорт хийх , гутал хувцасыг худлаа их үнээр авч өрсөлдөх, хор болсон хоол унданд өгөх.Арай л мунхаг амьдраад байна шүү дээ.

0  |  0
zochinЗочин(116.44.154.116) 2017 оны 01 сарын 04

usuudaliig mash huchtei hondoj tavisan SHINETUYA daa Bayrllaa AMJILT

0  |  0
unshigch(188.63.13.9) 2017 оны 01 сарын 04

gazar shoroon deeree hiatadiin bool bolson sygnyyd bol mongol. omhii yhryyd Heden 1000 Jil 1 hegee yzen iadaj alaltsaj irsen. hohi chini

0  |  0
zochin(116.44.154.116) 2017 оны 01 сарын 04

mash ih tugshij uur hilen butsalj baij unshlaa odoo yah ve ene ardchilal chn bidnii hudiig soholj MONGOLCHUUD hezee ch har hytadtai negdehgui hytad tegej zurhlebel oorsdoo ch orshin togtnoh undeslelgui bolno

0  |  0
Эх оронч (202.21.118.222) 2017 оны 01 сарын 04

Сайхан нийтлэл болжээ төрийн түшээд минь монголоо хайрлаач та нар минь нэг удаа ч болох нээ мөнгийг мартаад хүн ёс улсынхаа эрх ашгийг бодооч

0  |  0
bi mongol(103.229.123.122) 2017 оны 01 сарын 04

Tiimee.aduug amidaar ni hileer gargahiig burmusun zogsoohiig husej bn.Shaardaj bn.Eserguutsej bn. gazar shoroogoo hudaldsan.undesnii baharhalaa hudaldaj bn.daraa ni yugaa hudaldaj ideh gee be.yu uldsen ym be bidend...munhag shunaltai suwdag setgeleesee bolood gadniihnii hul gar bolohoo bolioch ee..

0  |  0
Зочин(66.181.187.251) 2017 оны 01 сарын 04

Үнэн зүйл бичжээ . Адуу малыг амьдаар нь хилээр гаргахыг бүр мөсөн хориглох хэрэгтэй . Хамгийн эхлээд цагдаа болон төрд байгаа хятадын гар хөлнүүдийг олж тасдаж тайрч хаях хэрэгтэй бнаа Монголчуудаа

0  |  0
erdenet(202.9.43.56) 2017 оны 01 сарын 04

ZODUULAD ALUULAAD BGA NI BIDNI BURUU HYATADIN ZUV. SHARIN SHASHIN IIM BOLGOSON MGL~g. DEER NI MGL HUNII AMIA BODSON MUNGU DARGA HARAAD UHAANA ALDDAG HUGIIN ZAN NI IIM BOLGOJ BGA YUM DAA UM MA NI BAD ME HUM

0  |  0
Баяраа(202.55.180.103) 2017 оны 01 сарын 04

Бид арай л арчаагүй байдалтай байгаад байна. Бид бие биенээ хүндлэхгүй бол өөр хэн биднийг хүндлэх билээ, хоорондоо учраа ололцохгүй, урд зүгийнхэний өгөөшийг үмхээд ялзарч байна. Сэрцгээе

0  |  0
Би Монгол хүн.(202.179.29.168) 2017 оны 01 сарын 04

Маш сайн нийтлэл байна. Бас л юм бодогдуулж байна шүү гэхдээ ард түмэн бодоод бодоод дээр байгаачуул юу ч хийхгүй бол яах ч билээ.

0  |  0
Top