Б.Ууганхүү: Паралимпийн медаль хонхтой, жингэнэх бүрт нь ижийгээ боддог

2017 оны 01 сарын 05

Монголын тамирчид Рио­гийн олимп, паралимпээс нийт дөрвөн медаль хүртсэн. Эрүүл тамирчдын хувьд хоёр медаль гэдэг нь тийм ч өндөр амжилт биш. Харин парагийнхан таван тамирчинтай яваад хоёр нь медальтай ирсэн. Товчхондоо бол бараг л 50 хувийн амжилттай гэсэн үг. Олимпийн медальтнууд амжилтаа үнэ­лүүлж төрийн хишиг хүртэн, бас гавьяат тамирчин хэмээх эрхэм цолоор энгэрээ цоолуулсан. Түүнчлэн медалиа аваад эх орондоо ирснээс хойш нутгийн зөвлөлөөс эхлээд уулзалт тасраагүй гэхэд болно. Тэгвэл олимпийн медальтнуудын нэг шинэхэн гавьяат Болормаагийн Ууганхүүг энэ удаагийн зочноороо урилаа. Тэрбээр олимпийн медальтан болсноос хойш амьдрал маань арай дээр болсон. Хүний амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлт ордог л юм билээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд гурван өрөө сайхан байртай болсон. Шинэ он гарахын өмнө шинэ байрандаа амжиж орлоо. Гэтэл удалгүй гавьяат тамирчин цол хүртсэн. 2016 он үр өгөөжөө хайрласан үнэхээр сайхан жил байлаа” гэснээр бидний ярилцлага эхэлсэн юм. Ингээд шинэхэн гавьяатын ярилцлагыг хүргэе.

-Паралимпийн наадамд гаргасан амжилтаа төр засагтаа үнэлүүлж гавьяат хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаалаа. Мөн оны шилдэг тамирчин боллоо. Олимпийн медальтны эгнээнд багтлаа. Олимпоос ирснээс тань хойш уулзаж амжаагүй учир хамтатгаад баяр хүргэе. 2016 оноо дүгнээд ярилцлагаа эхлүүлэх үү?

-Баярлалаа. 2016 он маш сайхан жил байлаа. Ялангуяа пара жүдогийн тамирчид олимпоос анхны медалиа авсан. Пара жүдочдоос хоёр тамирчин эрхээ авч оролцсоноос миний бие медалийн тавцанд зогслоо. Хязгааргүй их баяртай байгаа. Миний гаргасан амжилтыг үнэлж төр засаг, спортын зүтгэлтнүүд хамгийн дээд шагналаа хайрласанд явдал чин сэтгэлийн угаас талархал илэрхийлье. Энэ бол зөвхөн миний Бөртэ чоно, миний гавьяат тамирчин цол биш юм. Ийм амжилтад хүрэхэд нөлөөлсөн, тусалсан бүх хүний шагнал. Цаашлаад Монголын пара жүдочдын шагнал. Паралимпээс медаль аваад ирлээ гээд хүн бүхэн л баяр хүргэж, урмын сайхан үг хайрласан. Энэ бол ганцхан миний бус олон хүний хүч хөдөлмөр, итгэл сэтгэлийн дэмээр хүрсэн хамтын амжилт. Жүдо бөхийн спорт, пара тамирчдыг үргэлж дэмжиж тусладаг Х.Баттулга ерөнхийлөгчтэй Монголын жүдо бөхийн холбоо, Х.Цагаанбаатар ерөнхийлөгчтэй Монголын пара жүдо бөхийн холбоо, Монголын хараагүйчүүдийн холбооны хамт олон, дасгалжуулагч Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа, О.Болд-Эрдэнэ, Я.Дорж болон Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, Энхтүвшин дарга, УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан, Монголын ард түмэн, тусалж дэмждэг албан байгууллага гээд олон хүнд баярласнаа илэрхийлмээр байна. Цаашид амжилтаараа хариу тус хүргэнэ. Миний шагнал бол та нарынх шүү.

-Ерөнхийлөгчөөс гавьяатын тэмдгээ гардах мөч, Риогийн дэвжээнд медалиа авах хоёрын алинд нь илүү сэтгэл хөдлөв. Ийм том шагнал, медаль авч байхад юу бодогддог юм бол?

-Хоёуланд нь сэтгэл хөдөлсөн. Олимпийн медалиа зүүж байхдаа маш их хөөрч байлаа. Харин сая гавьяатын тэмдгээ авч байхдаа нэлээд сандарлаа. Бас айсан. Медалиа зүүж байхдаа, гавьяатаа авч байхдаа хамгийн түрүүнд ээжийгээ л бодсон. Би эхээс ганцаараа. Уйлах, дуулах, баярлах, гуних бүхий л цаг мөчид ээж минь л миний дэргэд байдаг. “Рио-2016”  паралимпийн медаль хонхтой, дуугардгаараа онцлогтой. Хараагүй тамирчдад зориулж хонхтой урласан юм билээ. Одоо ч гэсэн медалийнхаа жингэнэх дууг сонсох бүрт ээжийгээ боддог, бас өөрөөрөө бахархдаг. Олимп, дэлхийн аваргын дэвжээнд амжилт гаргасан хүн өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах хэрэгтэй. Хэдийгээр олон хүний хүч хөдөлмөрөөр ийм амжилтад хүрсэн ч миний бас хөлс дусалсан гэдгийг мартаж болохгүй. Харин ерөнхийлөгчөөс шагналаа авч байхад одоо байгаагаас илүү хүнд ачаа нуруун дээрээ үүрсэн юм шиг санагдсан. Намайг амжилт гаргасныг үнэлэхээс гадна цаашид медалийн өнгөө хувиргаарай, илүү сайн хичээгээрэй гэсэн үүрэг өгч байгаа мэт сэтгэгдэл төрсөн.


-Айдас төрсөн гэж хэллээ. Яагаад?

-Надад ийм сайхан цол хэргэм өгч байхад, хүн бүр надад итгэж байхад би итгэлийг нь алдвал яана, олон хүний найдварыг хөсөрдүүлэхвий гэхээс айсан. Гэхдээ нэг талаараа бас зоригтой, зорилготой болж байгаа юм. Хэдийгээр айсан ч гэсэн энэ шагнал надамд маш том урам хайрласан учраас 2020 оны олимпоор медалийнхаа өнгийг заавал хувиргана гэж бодож байна.

-2020 оны олимпод оролцоно гэсэн үг үү?

-Тийм ээ. Шууд одоо хэлж байгаад зарим хүн гайхах байх. Тэр үед юу ч болох юм билээ гэж бас бодож магадгүй. Гэхдээ миний бодол арай өөр. Би 2020 оны паралимпийн наадамд оролцож амжилтаа ахиулмаар байна. Яагаад гэвэл миний нас залуу шүү дээ. 38 настай тамирчин паралимпийн наадамд барилдаж байхад надад ч бас боломж байна гэж харсан. Тиймээс одооноос Токиог чиглэсэн бэлтгэлээ хийнэ дээ. Гэхдээ наана нь эрхээ авах ёстой. Ер нь л дөрвөн жилийн дотор их зүйл болно. Тэр бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ, хүч чадал надад хэрэгтэй.

-Өнөөх алдарт дөрвөн секундын ялалтыг өнөөдөр ч гэсэн хүмүүс ярьж байна. Нэг хэсэгтээ мартагдахгүй байх. Тиймээс энэ барилдааны талаар дахиад нэг дурсаач?

-Олон хүн барилдааны бичлэг үзсэн. Би ч бас олон хүнд ярилаа. Хэрхэн ялсныг хүн бүр мэдэж байгаа. Мэддэг мөртлөө надаас тааралдсан хүн болгон асуудаг. Би ч түүнд нь түүртэлгүй хариулах дуртай. Яагаад гэвэл тийм сайхан ялалтын талаар ярихад юундаа төвөгшөөх билээ. Дуртай гэгч нь ярина шүү дээ. Тэр ялалт миний зүрх сэтгэлээс хэзээ ч гарахгүй. Ер нь бол Ибрахимовыг ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ тийм богино хугацаанд ялна гэж бодоогүй. Ибрахимов бол мундаг бөх шүү дээ. Аваргыг ялж аварга болдог гэсэн бодлоор л дэвжээнд гарсан. Би сэтгэл хөдлөл багатай хүн. Гэтэл тэр ялалтын дараа маш их сэтгэл хөдөлж, түүнийгээ ч барьж дийлээгүй. Өмнө нь тийм байдлаар сэтгэл хөдлөлөө ил гаргаж байснаа огт санахгүй байна. Паралимпэд оролцох эрх авах, медаль хүртэх ямар хэцүү билээ. Тэгэхэд би бүр паралимп, дэлхийн аваргыг дөрөвхөн секундад ялаад, хүрэл медаль авчихлаа гэж бодохоор л сайхан санагдаж байна. Тэгээд л хөөрсөн байх.

-Тамирчид олон оронд очсон байдаг. Таны очсон орнуудаас хамгийн сайхан дурсамж үлдээсэн газар нь Бразил гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Бразилд манай жүдогийнхон гурван удаа очсон. Анх 2013 онд Бразилийн Сан Паолод очихдоо багаараа амжилт гаргаж байлаа. Дараа нь 2016 оны олимпийн өмнө бас гранпри тэмцээнд манай паражүдогийн баг өндөр амжилт үзүүлсэн. Тус улсад очсон гурав дахь тохиолдол нь олимп болов. Бүгдэд нь л манай тамирчид сайхан амжилт гаргасан. Тэгэхээр Бразил бол бидний сэтгэлд хамгийн сайхан дурсамж үлдээх нь ойлгомжтой байгаа биз. Маш сайхан газар шүү дээ. Пара жүдочид жилд 2-3 тэмцээнд л ордог. Очсон орон нь ч тийм их биш. Гарын арван хуруунд л багтах байх. АНУ, Бразил, Герман, Солонгос, Турк гэх мэт. Анхны олон улсын тэмцээндээ оролцохын тулд Туркийг зорьж байлаа. Тэр утгаараа Турк ч надад маш гоё дурсамжийг үлдээсэн байдаг. Нэг зүйлийг хэлэхэд би Риог зорихдоо Монголоос сүү авч явсан. Нэлээд баглаж, боогоод явсан ч Риогийн онгоцны буудлын хаалгаар гарахад сүү маань задарчихсан миний цүнхээр урсаад л байсан. Түүнийг би “Бразилд сүүн цагаан замаар явж байна. Амжилт гаргах нь дээ” хэмээн бэлэгшээж билээ.

-Жүдо бөхийн спортод хөл тавьж, амьдралаа холбосон үеийнхээ дурсамжаас хуваалцана уу. Эрэгтэй хүүхэд сонирхон, хичээллэх боломжтой олон спортын төрлөөс яагаад заавал жүдог сонгосон юм бэ?

-Би багадаа их хөдөлгөөнтэй, хөдөөний бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдах дуртай хүүхэд байсан. Гэхдээ олимпийн аварга Н.Түвшинбаяр намайг жүдогийн тамирчин болоход хамгийн их нөлөөлсөн гэж боддог. Түүнийг төрийн дууллаа эгшиглүүлж байхад, өрсөлдөгчөө нараа ялж байгаа тэр гайхалтай барилдаанд нь миний жүдоч болох дур хүслийг бадраасан гэхэд болно. Анх чөлөөт бөхөөр хичээллэсэн ч гурван сар болоод л жүдог сонгосон доо. Гэтэл одоо хэдийнэ найман жил өнгөрсөн байна. Чамгүй л амжилт гаргасан. Одоо дэлхийн аваргаас медаль авах зорилготой. Мэдээж дээр хэлсэнчлэн 2020 оны паралимпийн наадамд зодоглоно.

-Хоёулаа спортоо түр орхиод, ярианы сэдвээ өөрчлөх үү. Таны медалийг мялааж байр өгсөн, бас төр засаг хишгээ хайрлалаа. Паралимпээс хойш амьдралд тань өөрчлөлт гарсан уу?

-Мэдээж тодорхой хэмжээний өөрчлөлт гаралгүй яах вэ. Амжилтыг минь мялааж нутгийн зөвлөлөөс гурван өрөө байр өглөө. Саяхан тэр байрандаа нүүж орсон. Түүнээс өмнө би эхнэр, хүүхэдтэйгээ нэг өрөө байр түрээсэлж амьдардаг байсан шүү дээ. Тэр үед олон зүйлийн тухай боддог л байлаа. Харин одоо амьдралын хүнд ачаа маань хөнгөрөх шиг болсон. Манай байрны өртөг нэлээд өндөр юм билээ. Бараг тансаг зэрэглэлдээ орно. Олны танил ихтэй. Тэр утгаараа над шиг шигшээ багийн цалингаас өөр орлогогүй хүнд жаахан хүнд тусч байгаа. Хэдий тийм ч шинэ байрандаа сайхан л амьдарна даа. Байрны асуудлаа шийднэ гэдэг чинь эр хүний хувьд хамгийн чухал. Дараагийн зүйл нь яваандаа болох байх. Дорноговьчууд маань зөвхөн байр өгөөд зогсоогүй. Хандивын аян зохион байгуулж надад 30 сая төгрөг. Бас төрийн хишгээ ч авсан. Шинэ оныг шинэ байрандаа угтаад сайхан л байна. Одоо хоёр идэхгүй, хоосон хонохгүй л бол боллоо. Удахгүй охин маань хоёр нас хүрнэ. Цэцэрлэгт өгөхөөр гэргий маань ажилд орно. Тэгэхгүй бол ганц хүний, тэр тусмаа шигшээ багийн цалингаар хотод амьдарна гэдэг хэцүү шүү дээ. Шигшээ багийн цалин гэхэд 380 мянган төгрөг. Энэ нь бидний амьдралд арай л хүрэлцэхгүй байна. Би бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийх юмсан гэж хааяа боддог юм. Даанч цаг наргүй бэлтгэлээс шалтгаалаад боломжгүй юм даа. Гэхдээ бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байдаг.

-Нууц биш бол Засгийн газраас өгсөн мөнгөн шагналынхаа дээжээр хамгийн түрүүнд юу авсан бэ?

-Хамгийн түрүүнд ээждээ, эхнэртээ, охиндоо зориулсан. Мөн шинэ байранд орсон болохоор гэрээ тохижуулахад тодорхой хэсгийг нь зарцууллаа. Түүнчлэн олимпийн медаль бол ганцхан миний амжилт биш учраас пара жүдогийн баг хамт олон, дасгалжуулагч нартайгаа хуваалцсан. Шинэ жилээр баг хамт олондоо гэнэтийн бэлэг барьсан. Товчхондоо бол өөрт хамгийн ойр байдаг хүмүүстээ шагналын мөнгөө зориулсан даа.


-Шинэ жил гэснээс энэ баяраар танайх нэлээд хөл хөдөлгөөнтэй байв уу?

-Гайгүй шүү. Хотод байдаг ах, дүү нар маань ирсэн. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга Ц.Энхтүвшин, улсын харцага А.Цацабшир тэргүүтэй нутгийн ах нар манайхаар зочлоод гарсан. Ер нь бол шинэ оноо даруухан угтсан даа.

-Та 2014 онд гал голомтоо бадраасан. Өрх гэрийн тэргүүн, аавын “албан тушаал”-аа хэр сайн, нэр хүндтэй хашиж байна вэ?

-Миний ханийг Ц.Уянга гэдэг. ХААИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эхнэртэйгээ 2010 онд танилцаж, 2014 онд гэр бүл болж байлаа. Миний өнөөгийн амжилт ханьтай минь салшгүй холбоотой. Тамирчин бидэнд тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилалт гээд гэр бүлдээ гаргах зав тун хомс. Гэхдээ энэ бүхэн зөвхөн өөрийнхөө бус гэр бүлийнхээ төлөө гэдгийг эхнэр маань маш зөвөөр ойлгодог, намайг үргэлж дэмждэг. Тэмцээн болох дөхчихсөн, ачаалалтай бэлтгэл хийн, цүнхээ даахгүй шахам гэртээ ирэх үе надад олон бий. Эхнэрийнхээ хийсэн хоолыг идэн, охиныхоо инээж хөхрөхийг хараад л тэр бүхнээ умартдаг. Түүнээс илүү жаргал гэж юу байх вэ дээ.

-Та Дорноговийн унаган хүү. Танай нутагт спорт хэр хөгжсөн байдаг юм бол?

-Сагсан бөмбөг сайн хөгжсөн. Бөхийн төрлөөс гэвэл чөлөөт бөхөөр хичээллэгсэд олон байна. Ер нь бусад аймгийг бодвол спортын хөгжил харьцангуй сул гэж боддог. Цөөхөн төрөл байна даа.

-Өөрийгөө тодорхойбол?

-Ер нь нэлээд даруу хүн шүү дээ. Гэхдээ даруу байлаа гээд аливаа зүйлээс хойш суудаггүй. Нийгмийн идэвх сайтай. Миний эргэн тойронд байгаа хүмүүс ч ингэж дүгнэдэг.

-Тэгвэл авьяас хэр вэ. Таныг дөрвөн мөрт холбохдоо эвлэгхэн гэж сонссон шүү?

-Намайг л цаашлуулсан байх. Ёстой шүлэг зохиож үзээгүй хүн шүү дээ. Харин монгол хүн бүр найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэдэг. Миний хувьд ч гэсэн дуулах дуугаа солгойрохгүй эвтэйхэн дуулчихдаг. Тийм л авьяас байна. Түүнээс биш шүлэг, уран зохиол бол надаас хол.

-Паралимп дууссанаас хойш таны нэг өдөр хэрхэн өнгөрч байна вэ. Жишээ нь өнөөдөр ямар ажил төлөвлөж гарч ирэв?

-Өглөө босч гүйнэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй ойрхон болсон болохоор бүр ч амар. Тэгээд өглөөний бэлтгэл хоёр цаг орчим хийнэ. Тэгээд л хүмүүстэй уулзах гэх мэт ажилтай. Эдгээрийг эс тооцвол ихэнх цагаа гэр бүлдээ зарцуулж байгаа. Олимпийн циклд завгүй байсан болохоор гэр бүлдээ олигтой цаг гаргаж чадаагүй. Тиймээс ирэх олимп хүртэл гэр бүлдээ илүү зав гаргамаар байна. Мэдээж оролцох ёстой тэмцээн уралдаандаа оролцоно.

-Энэ жилийн тэмцээний төлөвлөгөө гарсан уу?

-Үгүй. Миний хувьд улсын аваргад оролцох бодолтой байгаа.

-Ингэхэд та яагаад харааны бэрхшээлтэй болсон юм бэ. Юунаас болов?

-Төрөлхийнх. Харамсалтай нь ямар ч эмчилгээ байхгүй гэсэн. Нэлээд олон газраас асууж сурагласан. Миний хараа тогтож өгдөггүй гэх юм уу даа. Гэрэл зургийн аппаратаар яривал фокус таардаггүй гэсэн үг. Түүнээс биш ерөнхий зүйлийг тод сайн харна.

-Хэрвээ тамирчин болоогүй бол гэж бодож байв уу?

-Манай ах нар Замын-Үүдийн боомтоор ачаа зөөдөг юм. Би ч тэднийг дагаад том тэрэг бариад ачаа бараа зөөж байх байсан болов уу. 

Б.Мөнхзул


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
до(64.62.175.73) 2017 оны 01 сарын 07

ар шандын хүү аварга болноо бид итгэлтэй байна

0  |  0
до(64.62.175.73) 2017 оны 01 сарын 07

ар шандын хүү аварга болноо бид итгэлтэй байна

0  |  0
амжилт(202.9.40.197) 2017 оны 01 сарын 05

Мундаг. амжилт хүсье

0  |  0
Top