Төслийн нэр: Улаанбаатар - Лондон нэг жилийн гүйлт
Алсын хараа: Халдварт бус өвчнийг даван туулсан хүн төрөлхтөн
Эрхэм зорилго: Халдварт бус өвчинтэй тэмцэхэд хүн төрөлхтөнийг уриалах, Дэлхий нийтэд Монгол улсыг сурталчлах
Уриа: Монгол гүйж байна
Нийт туулах зам: 10210 км
“УЛААНБААТАР – ЛОНДОН НЭГ ЖИЛИЙН ГҮЙЛТ” ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Нэг. Үндэслэл, зорилго “Халдварт бус өвчний эсрэг” уриатай “УЛААНБААТАР – ЛОНДОН” нэг жилийн гүйлтийг 2011 оны 7 сарын 25-ны өдрөөс 2012 оны 7 сарын 25 хүртэл буюу хүн төрөлхтний спорт, эв нэгдлийн их баяр Лондонгийн зуны олимпын ХХХ наадмын нээлтийн өдөр хүртэл зохион байгуулах гэж байна.
Зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг эмгэг болон чихрийн шижин зэрэг зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд хүний эрүүл мэнд болон хөгжилд ихээхэн хохирол учруулж байна. Энэхүү дөрвөн өвчин нь дэлхийн хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаанууд болж, жил бүр 35 сая гаруй хүний амийг авч одон нас баралтын 60%, буурай болон дунд хөгжилтэй орнуудад нас баралтын 80%-ийг нөхцөлдүүлж байна. ХБӨний улмаас нас барсан хүмүүсийн тал хувь нь 70-аас доош настай байсан байна. ДЭМБ-ын тооцоолсноор ирэх 10 жилийн хугацаанд ХБӨ-ний улмаас шалтгаалсан нас баралт 5-6 саяар нэмэгдэх төлөвтэй.
2010 онд хуралдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар “Халдварт бус өвчин”ний улмаас дэлхийн эдийн засагт учирч буй хохирол эрчимтэй нэмэгдэж байгааг нэн тэргүүнд анхааруулж, шаардлагатай арга хэмжээ авахыг уриалсан билээ. Монгол Улсын хувьд халдварт бус өвчлөлтэй тэмцэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр МУ-ын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн Газар, холбогдох яамд, агентлагуудын зүгээс олон арга хэмжээ, хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлж байна. Халдварт бус өвчнөөр өвчлөхгүй байх гол үндэс нь хөдөлгөөний дутагдалгүй байх, буруу зуршилгүй байх, зөв хооллох, гүйлтээр хичээллэх явдал билээ. Хөдөлгөөний дутагдал, зөв хооллолт, тамхи, архинд донтох, чихрийн шижин, хорт хавдар, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, хэт таргалалт, агаарын бохирдол, зам тээврийн осол гэмтэл зэрэг халдварт бус өвчлөлүүдийн талаар болон тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар хүн төрөлхтөнд сурталчлан таниулах, хөдөлгөөн-гүйлтийн ач тусыг ойлгуулах нь “УЛААНБААТАР – ЛОНДОН” нэг жилийн гүйлтийн үндсэн зорилго байх болно.
365 хоногийн хугацаанд өдөр бүр 30 хүртэл км замыг гүйж туулахдаа Монгол, ОХУ, Белорус, Польш, Чех, Герман, Франц, Англи зэрэг 7 орны 40 гаруй томоохон хот, 230 орчим тосгон, сууринг дайран өнгөрөх болно. Анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг билэгдэн Монгол орны газар нутгаар 2220 км замыг гүйж туулах болно.
Хоёр. Гүйлтийн зохион байгуулалт
“УЛААНБААТАР – ЛОНДОН НЭГ ЖИЛИЙН ГҮЙЛТ” нь хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөөх хамгийн хол зайг гүйж туулж байгаагаараа онцлогтой бөгөөд дэлхийн хэмжээнд анхны хэт холын зайн албан ёсны гүйлт болж байгаа юм. Ажлын хэсгийн төлөвлөж байгаагаар 6 дугаар сард “Хөдөлгөөн – эрүүл мэнд” сэдэвт сарын аяныг УБ хотноо санаачлан ЭМЯ, БТСГ, МХАХтой хамтран зохион байгуулах, 7-р сарын 20-нд Орхон аймагт, 7-р сарын 22-нд Дархан-Уул аймагт бүх нийтийн эрүүл мэндийн гүйлт (30 км), 7 сарын 25-нд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Олимп 2012 – Монгол гүйж байна” бүх нийтийн эрүүл мэндийн гүйлт (30 км), 7 сарын 27-нд Дундговь аймагт бүх нийтийн эрүүл мэндийн гүйлт (30 км), 7 сарын 28нд Өмнөговь аймагт бүх нийтийн эрүүл мэндийн гүйлт (30 км), 7 сарын 29-нөөс 8 сарын 2-ныг хүртэл Даланзадгад-Цогтцэций (110 км) олон өдрийн гүйлт зэрэг нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээнүүдийн үеэр халдварт бус өвчний талаар болон тэдгээрээс урьчилан сэргийлэх, эрүүлжих, хөдөлгөөн, гүйлтийн ач холбогдлыг сурталчлан таниулах арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахын зэрэгцээ соёл урлагын тоглолт, сугалаат худалдаа, олимпизмын сурталчилгаа зэрэг дагалдах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Дайран өнгөрөх улс орнуудын нийслэл хотууд болон томоохон хотуудад халдварт бус өвчний эсрэг төрөл бүрийн арга хэмжээг тухайн улсын холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Зохион байгуулах арга хэмжээнүүдийг албаны хүмүүс, урлаг соёлын одод, олны танил хүмүүстэй хамтран зохион байгуулах. Гүйлтийн бүх хугацаанд гүйлтийг баталгаажуулсан видео бичлэг хийж, фото зураг авах болно. Эдгээр фондыг ашиглан гүйлтийн явцын талаар баримтат кино, мэдээ, сурвалжлагууд бэлтгэн өөрийн орны олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэхээс гадна гадаадийн мэдээллийн агентлагуудад ярилцлага, сурвалжлага өгөх ажлыг зохион байгуулна. Дайран өнгөрсөн хот, суурин газрын захиргаа болон холбогдох газруудаас батламж, тодорхойлолт авна.
Энэхүү гүйлтийн ач холбогдол нь халдварт бус өвчлөлийн эсрэг хүн төрөлхтнийг уриалахын зэрэгцээ монгол хүний тэсвэр тэвчээр, эр зориг, хатуужлыг дэлхий дахинд батлан харуулах, монгол орноо дэлхий дахинд сурталчлахад оршино.
Гурав. Багийн бүрэлдэхүүн
Тамирчид Багийн ахлагч - Бямбаагийн Буджаргал хөнгөн атлеткийн спортын мастер, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Холын зайн гүйлтийн холбооны ерөнхийлөгч. “УБ-Бээжин 2008” 1500 км гүйлтийг зохион байгуулж оролцсон.
Багийн гишүүд Базархандын Цэвээндаш – Монголын Марафон гүйлтийн холбооны ерөнхийлөгч, "Номос пресс" ХХК-ийн захирал, Пүрэвийн Бүрэнжаргал – ММГХ-ны УЗ-ийн гишүүн, “Индиго Софт – Монголиа” ХХК-ийн захирал.
Багийн гишүүд нь 2008 оноос эхлэн хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд энэ хугацаанд Говь челленж /220км/ олон өдрийн гүйлт, Хэт холын зайн УАШТ /100 км, 50 км/, Шири Чинмойн гүйлт /75 км, 24 цаг, 12 цагийн гүйлт/, /, Улаанбаатар марафон /42км/, Дархан марафон /21км/, Цонжин болдог /21 км/, Уулын гүйлтийн УАШТ /9,6 км/ зэрэг тэмцээнүүдэд оролцсон.
Зохион байгуулах Ажлын хэсэгтэй холбогдох утас: 99115366, 98266626