1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал бол манай ард түмний хамтын ялалт байсан төдийгүй бидний үед олон чухал ул мөрийг үлдээсэн билээ. Тэдний нэг нь одоогийн Дархан уул аймгийн Дархан сумын Алтан хундага дахь дурсгалын багана юм.
Энэхүү баганыг 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үед Сүхбаатар жанжин, түүний удирдсан Монголардын журамт цэрэгт уналганы морьд, хувцас хунар, хүнсний мал нийлүүлсэн хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны нутгийн ардуудыг гамин цэргүүд мэдээд даруй цуглуулж, буу шийдмээр сүрдүүлж хоёр гэрт бөөгнүүлж оруулаад галдан шатаасан гунигт түүхэн үйл явдал болоод тэдгээр эрэлхэг зоригт нутгийн ардуудад зориулан 1986 оны 6-р сарын 25-нд Хараа голын доод гүүрнээс 4-5 км зайтай Улаан эргийн баруун хойхно орших Алтанхундага хэмээх эргэн тойрон алтан шаргал элсээр хүрээлэгдсэн хонхорын баруун дээр босгосон байдаг. 2005 оны 09.24 нд Дархан сумын ЗДТГ, Дархан дээд сургуулийн Аялал жуулчлалын удирдлагын тэнхим хамтран нөхөн сэргээсэн байдаг.
Тухайн үеийн Эрдэнэ вангийн хошуунд өрнөсөн гамин цэргийн талаар хувьсгалт партизан Г.Бумцэнд (1881-1953 он) хожим дурсан ярихдаа:Олноо өргөгдсөний аравдугаар (1920)-он болов. Би 39 нас хүрсэн боловч бие дааж айл гэр толгойлон амьдарсаар хэдхэн жил болж байсан цаг.Энэ үед манай нутаг Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны дэвсгэрт гамин хэмээх хятад цэрэг тун олширсоор байв. Энэ цэрэгт нийлүүлэх алба үлэмж бөгөөд баг толгойлж байсан надад энэ нь маш их дарамт болж байв. Гамин цэргүүд өдөр бүр 2—3-аар айл хэсэж уналга морь үхэр тэрэг, хүнсний мал дайчлан авдаг болов. Би багийнхантайгаа ярилцаж гамин цэргийн хөлөөс дайжиж хэдэн малаа аваад ой мод, голын бургасанд бүгж хэсэг зуур нуугдаж үзлээ.
Монголын цагаан сар (1921 оны 2 сарын 8) болоод би ихэд бэлэгшээж гэртээ ирж гэргий хүүхэдтэйгээ шинэлэв. Гэтэл нэгэн өглөө буутай хэдэн гамин цэрэг гэнэт манай хот айл дээр ирэв. Тэд буу занган үл ойлгогдох үгээр зандран биднийг босгоод гэрийн доторхи бүх юмсыг онгойлгон үзэж басхүү өмссөн дээлийг хүртэл тайлуулан чармай нүцэглэж нэгжив. Дохисон заасан бүхний нь мэхийн хүлээж, үг дуугүй биелүүлж байсны ачаар арай л буудуулчихсангүй хэдэн халуун амь мэнд гарав. Манай хот айлынхан зөвшин ярилцаж тэр өдөртөө нүүхээр шийдэв. Би муусайн юмаа хоёр үхэр тэргэндээ багтахын хэрээр ачаалж Орхон гол орохоор хөдлөв. Хайлааст хэмээх газар ирж буудаллаад хэд хонов. Энд ч дайсан хэзээ хэзээгүй ороод ирэх аюул занал нөмрөн байх тул яах ч аргаа олохгүй дэмий л өдөр шөнөгүй морьт эргүүл хайгуул гаргаж сэргийлдэг байлаа. Бид цагийн байдлыг ажиж хүмүүсийн яриаг чагнана. Хойд хязгаар орос нутагг хувьсгал гарч ардын эрхт засаг мандан бэхжиж байгаа мэдээ бүдэг бадаг сонсогдоно. Бас Сүхбаатар тэргүүтэй монголын хувьсгалчид харийн дайснаас эх нутгаа чөлөөлж түмэн ард юугаа жаргуулах түвшин сайхан төрийг мандуулах их хэргийг сэдэвлэн явуулж буй тухай зүйл бүрийн мэдээ чимээ айлаас айлд дамжин тархаж байв. Энэ их хэрэг явдлын учрыг ойлгох гэж хүн бүр шамдан байсан цаг билээ.
Хираан харуулын Гүн нуурт өвөлжөөлөн суугаа Цэрэнпэлийнд олон гамин цэрэг ирж эд юмсыг дээрэмдэн авгай хүүхдийнх нь амь насыг бусниулахад хүрч байсныг зүүн харуулын монгол цэргүүд жанжнн Сүхбаатарын удирдлагын дор цохиж устгасан гэнэ гэсэн мэдээ ард олны дунд тархлаа. Цааш нь Монголын бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжин Сүхбаатар Ханын хөндийд үлэмжхэн цэрэг элсүүлээд байна гэнээ. Энэ цэрэг нь гамингийн дарлал дээрэмдлэгтэй тэмцэж монголын ард түмнийг хамгаалж яваа шударга ардуудаас бүрдэл болсон юм гэнэ гэж бас сонслоо.
Удалгүй Шаамарын Шар тохойд зуу илүү гамингийн зэвсэгт цэрэг ирж ардуудын малын тэжээлд нөөцөлсөн өвсийг дээрэмдэж байхад нь их жанжин Сүхбаатар цэрэгтэйгээ очоод дан биеэрээ гамингийн цэргүүдийн дундорж дарга нартай нь уулзаж шаардлага тавьсанд эсбиелүүлсний учир дайсныг цэргийнхээ хүчээр дайран устгасан тухай мэдээ тархлаа.Монголчууд бид өөрийн цэрэгтээ туслах хэрэгтэй гэсэн нийтийн ухамсар бий боллоо. Сүхбаатарын цэрэгт элсэхээр хувийн унаа морь, зэвсгээ авцгааж мордох идэр эрчүүдийн тоо ч нэмэгдсээр байв. Энэ үед миний ингэж суух нь буруу. Арчаагүй амьтан болон хэвтсээр эцсийн бүлэгт харийн дайсны гарт эхнэр хүүхдийнхээ хамт амь үрэгдэхэд хүрч болзошгүй байгаагаа ойлгов. Эхнэр хүүхэддээ учрыгухуулж амьд мэнд л байвал хэдэн хоногийн түр зуурын явдлууд юун хамаа хэмээн итгүүлэв. Тэгээд хойд хязгаарт ирсэн дарга түшмэдүүдтэй уулзах юмсан, надад тэдэнтэй ярилцах зүйл байна гэх зэргээр айлынхандаа үг цухуйлгаад мордох бэлтгэлээ битүүхэн хийв. Мөн оны цагаан сарын 30 (1922 оны гуравдугаар сарын 9)-ны шөнө улс амьтныг унтаж гүйцсэн хойно гамингаас авч үлдсэн ганц цагаан морио унаад Сүхбаатарын цэрэг хуралдуулж байгаа Орхон-Сэлэнгийн бэлчир Алтан хэмээх газрыг зорив. Шөнө дүлэн явсаар маргааш өглөө нь наран мандах үеэр монгол цэрэг дээр очсон юм гэжээ.
Энэхүү тэмцэлд Эрдэнэ вангийн хошууны Уялга харуулын Цэдэнбалжир Галдаа Базарцэнд, Гомбожав, Магсарын Цэрэндорж, Магаагийн Дамба, Чагтайн харуулын Ёндон, Содномдаш, Хасбаатар, Хяраан харуулан занги Дамдинсүрэн, Авирмэдийн Данзансүрэн, Гялаан харуулын Өнөхишиг, Гүн Цэрэнпил, Дашням, Бумцэнд, Дэндэвдорж, Буурын Данзан лам тэргүүтэн шулуудан боссон билээ.
Эрдэнэван Намсрай 1921 оны 3-р сарын эхээр Нийслэл хүрээнээс өөрийн хошууны тамгын газар “нис нис” хэмээсэн зартай бичиг довтолгон “гамин цэргийн эсрэг тэмцэх ардын намын төлөөлөгч нарт цэрэг элсүүлэхэд тусал” хэмээн зарлигдав. Хошууны гүн Намсрайн Билэгсайхан өөрийн хошууны бичиг, цэргийн эрдэмтэй нэр хүнд бүхий зохиогч Дагвын Дашзэвэг, занги Чагдагийн Базарсад багийн дарга Чойжамцын Дамдинсүрэн, Гончигийн Бумцэнд нарын 70 гаруй хүмүүсийг элсүүлж Мээрэн Бавуудоржоор удирдуулан мордуулж Ялгуунбаатар Сумъяа дүү Самъяа Дэмбэрэл нарын хамт Цэрэндорж хоёр дүүгийн хамт өвгөн Бадгаа 3 хүүгийн хамт 68 дайчин эрс тэмцэлд нэгдэн босож Өвгөн баатар Сумъяаг Сүхбаатар “эцэг жанжин” хэмээн хүндлэн угтаж бүх цэргийн дэд жанжнаар тохоон томилж хувьсгалын анхны ялалтыг байгуулсан юм.
Хошууны ард олон ч аль бололцоогоороо мал хөрөнгөө ардын журамт цэргийн уналга ачлага, хоол хүнсэнд нэмэр болж тусласан юм. Харин энэ байдлыг гамингууд олж мэдээд дээрх жигшүүрт аллагыг хийсэн байна.
Г.Эрхэмбаяр / Идэр дээд сургуулийн багш /
Сэтгэгдэл ( 2 )
уран зохиолын хэсэг. харин ямар номноос авсанаа дурдсангүй