“ИДЭР” дээд сургуулийн сэтгүүлчийн I курсын оюутнуудын шилдэг нийтлэлүүд

2017 оны 04 сарын 26

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1  

Мөнхбатын Сувд 

 ӨВӨЛ ИРЛЭЭ

(Асуудал дэвшүүлсэн өгүүлэл)                           2017.04.19 

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж, халтиргааны улирал эхэлж, хонгоны мах чангарах цаг нэгэнт болжээ. Автозамын халтиргаа гулгаа яагаад зогсохгүй байна вэ? Авто зам дээр гарах осол аваарын тоо хэрээс хэтэрлээ. Авто замын осол аваар гэлтгүй явган зорчигч ч хохирогч болох нь их байна. Замын цагдаагийн газраас замын нөхцөл байдлаас шалтгаалсан ослын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг мэдээлж байна. Халтиргаа гулгаатай байлгахгүйн тулд нийслэлээс хангалттай төсөв суулгасан. Бэлтгэл ажил буюу цас мөс хайлуулах бодис хангалттай нөөцөлсөн гэх мэдээллийг өгч байсан. Аман дээрээ бол цацаад л байдаг, ажил дээрээ бодит байж чадаж байна уу? гэдэг нь сонин.Харин энэ халтиргаа гулгаатай тэмцэж байгаа хүмүүс нь багажгүй шахуу хэдэн ТҮК-ийн ажилчид л байна. Өдөрт хамгийн их хүн холхидог “Арслантай гүүр” нь коток шиг болоод хөлдөж ядаж байхад хамгийн их халтирдаг плитагаар хийсэн нь Монгол Улсын улирлын байдалд үнэхээр таарсангүй. Халтиргаа гулгаатай энэ үед бид арай гэж явж байхад хөл муутай өвөө эмээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол гаралтгүй болжээ. Өвлийн халтиргаа гулгаа ихэссэн энэ үед хэцүү хэдэн зүйл байна. Зуны дугуйтай тээврийн хэрэгсэл, тормозны гэрэл ажилгаагүй тээврийн хэрэгсэл, дохио өгч мэддэггүй жолооч нар, гарцаар гардаггүй явган зорчигч. Энэ хэдэн асуудлаа эхний ээлжинд шийдэх хэрэгтэй байна. Замын халтиргаа гулгаа цаг минут өнгөрөх тусам улам нэмэгдэж үүнээс болж хүмүүс хөл гараа хугалж, амь нас бие сэтгэлээрээ хохирч байна. Аюулгүй байдлын үүднээс даруй арга хэмжээ авмаар юм. Халтиргааны улмаас замын түгжрэл ч ихсэж хүмүүсийн уурыг бараад эхэллээ. Хаа сайгүй түгжрээ, халтиргаа, осол... 10 минут яваад хүрэх газар бүхэл бүтэн цаг гаран түгжирч байгаа нь хүндрэлтэй. Улсын нийслэл Улаанбаатарын минь төв зам урдуураа улаан хөлтөн гаргахгүй шахам битүү, урагшаа хойшоо холхисон түгжрээ нь хүмүүсийн толгойны өвчин болжээ. Монгол улсыг  муухай харагдуулж байгаа нь гудамж, голын эргийн хог новш, гэр хороолол, утаа, замын түгжрэл огтхон ч биш харин ард түмнээ шулсан нам халхавчтай луйварчид юм. Ажилдаа яарсан хүмүүс догшин бурхад шиг бухимдуу, авто зам нь үерлэсэн гол шиг давчуу, 10 алхах зайгүй гудамж талбай битүү энэ үед хаашаа явж байгаагаа марттал түгжрэх юм даа. Хүйтний улиралд тулгардаг бас нэгэн асуудал бол яахын аргагүй агаарын бохирдлын эх үүсвэр болсон хорт хар утаа юм. Улаанбаатарын утаа эхэлж, нийслэлийнхэн нүүрсээ үнэртүүлж гүйлдээд, нийтийн тээврээр нудралцаад эхэллээ. Улаанбаатар хот маань хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын нэг болсон байгаа нь эмгэнэлтэй. Агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж гамшгийн хэмжээнд хүрч цөөхөн хэдэн Монголчуудын маань эрүүл мэндэд заналхийлж байна. Азийн цагаан дагина гэгддэг байсан хот маань Утаанбаатар гэдэг хочтой болоод удлаа. Утаа нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үүнээс болж элдэв төрлийн өвчин, харшил, хорт хавдарын өвчлөл нэмэгдэж байгаа юм. Амьсгалын замын өвчний ½ %,зүрх судасны өвчний  ¼ % нь агаарын бохирдолтой холбоотой байдаг. Хүүхдийн нас хэдий бага байх тусам агаарын бохирдолд өртөх нь их, өвлийн утааны цагт үр зулбах тохиолдол 4 дахин ихэсдэг гэх сэтгэл хөндүүрлэсэн тоо баримттай асуудлууд яригдсаар л...

Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016  онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын замын өвчин 26,8 %-р, зүрх судасны өвчлөл 18,1 %-р нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнд дан ганц гэр хороолол дахь хатуу түлш нөлөөлөөгүй. Өдөр тутамд замын хөдөлгөөнд оролцож буй 300мянга гаруй тээврийн хэрэгслийн яндангаас гарч буй утаа асар их хорт бодисыг агаарт цацдаг байна. Иймд төр засгаас сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн мэдэгдээгүй байгаа нь эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаанаас харагдаж байна. Манай улсын хувьд агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч, маш их хэмжээний мөнгө зарцуулсан ч дорвитой үр дүнд хүрч чадаагүй. Эрх баригчид өнгөрсөн жилүүдэд ард түмнээ торгох, татвар авах хуулиудыг хамгийн түрүүнд баталдаг байсан хэрнээ хүн ардынхаа эрүүл мэндэд заналхийлсэн аюулт хорт утаанаас салгах хуулийг санаачилж чадаагүй. Уг нь хуулийн хөшүүргээр богино хугацаанд амжилтанд хүрч чадсан туршлага аль ч улс оронд байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд утаагүй зуух, үртсэн түлш гээд дорвитой арга хэмжээг авдаг сантай болоод жаахан ч гэсэн үр дүн гарсан билээ. Эрх баригчид: ”Ард түмэн та нар утаандаа сайхан амьдраарай, харин бид утааны төсөлд зориулагдан орж ирсэн мөнгийг хувааж идээд хувьдаа завшчихсан учраас утааны улирал эхлэнгүүт далайн эрэг дээр амарч цэнгэж байгаад ирнэ ээ” гэсэн шиг хэнэггүй хандах юм. Утаа бууруулахад тууштай арга хэмжээ авахгүй бол20 жилийн дараа гэхэд эрүүл уушгитай хүн олдохгүй л болов уу?

Өвөл нь Утаанбаатар              

Зун нь Усанбаатар

Зам нь Удаанбаатар

Зүс нь Шороонбаатар

Барилга нь Нурсанбаатар

Баталгаа нь Мурьсанбаатар

Хотын дарга нь Улсын баатар

Хаа сайгүй Ууртайбаатар

Энэ бидний Улаанбаатарын үнэн төрх.

Шинжлэх ухаан хөгжсөн, цаг агаарын байдлыг хэдэн өдрийн өмнөөс мэдэх боломжтой өнөө үед яагаад бэлэн байдалтай ажилдаггүйг, жил бүр тэрбумаар нь жолооч нараас татвар авдаг хэрнээ яагаад замын халтиргаа гулгаанаас ангижирч чадахгүй байгааг, мэдээлэл технологийн эрэн үед яагаад мөс болж дагтаршсаны дараа техникээр бус хэдэн ТҮК-ийн ажилчиддаа хүрз,шүүр бариулан зогсоодгыг хотын захирагчаас асууя. Өдрөөс өдөрт хүрээгээ нэмэх гэр хороолол, утаа тортог, зах нь үл харагдах замын түгжрээ, гэрэлтүүлэг зэрэг асуудлууд хэзээ нэг шийдэгдэх юм бол оо.

Хариуцсан хариуцсан ажилаа хийцгээе эрхэм дарга нараа!

Хөөрхий ард иргэд чинь замын түгжрэл, халтиргаа, утаандаа дарлуулсаар л байна шүү!!!

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч,хөтлөгч-1

 Мөнхбатын Сувд

МИНИЙ БАХАРХАЛТ ААВ

                                                                 (Хөрөг найруулал)                                        2017.04.25

            Аав гэдэг энэ эрхэм нандин хүний алдрыг магтахад алдхан энэ цаас хүрэлцэхгүй билээ. Миний  аавыг Мөнхбат гэдэг. 1970 оны 12-р сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн. 1987 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд Маркетинг менежмент мэргэжлээр сурч, эр цэргийн албанд татагдан Ховд аймгийн Булган сум дахь 0130-р ангид алба хаасан. Багаасаа цэргийн хувцас хэрэглэлд нугасгүй дуртай байсан аав минь мөрөөдөлдөө хүрч чадсан юм. Голдоо улаан таван хошуутай, бор ногоон өнгийн малгайнаас сална аа гэж үгүй. Авахуулсан зураг бүртээ өнөө л малгайтайгаа. Аав маань байлдагчаас хурандаа цол хүртэл ид залуу халуун насаа дархан хилд зориулсан хүн. “Хүн хэдий чинээ үнэн чин сэтгэлээсээ хичээж, хүсэж тэмүүлж байна. Түүнийг амьдрал шагнадаг” гэж муу аав минь хэлдэг байж билээ. Аав маань цэргийн хүн болохоор ч тэр үү  танихгүй хүн харвал их хатуу, ууртай гэмээр ширүүн харцтай нэгэн гэж хардаг. Харин дотоод сэтгэл нь уужуу тайван, уяхан зөөлөн, үлгэр жишээ жинхэнэ монгол эр хүн. Өндөр хамартай, дугариг бор царайтай 40 хүрч яваа аавыг маань харсан хүмүүс 20 гарч яваа залуухан эр шиг харагддаг гэлцдэг байсан. Ажилсаг, цэвэрч, сайхан хоол хийдэг, зүтгэлтэй, дайчин, ууланд авирах дуртай ихэд найрсаг нэгэн. Гурвын гурван охин, хань ижилээ хүний дайтай авч явах гэж амьдралын хүнд ачааг нуруундаа үүрч явсан. Аавын минь энгэр яг талын энэ уул шиг, уулын энгэр хормой шиг уудам зайтай, ямар ч зүйлээс хамгаалагдаж, нуугдаж болох нөмөртэй санагддаг сан. Эгч дүү хоёроос илүү аав маань намайг эрхлүүлдэг байсан. Би бол аавын эрх охин. Намайг загнах нь битгий хэл муухай ч харж үзээгүй зөөлөн хүн дээ. Миний аав 2012 онд 42-хон насандаа авто ослоор бурхан болсон. Өсөж том болтлоо аавынхаа төлөө юу ч хийж чадаагүй. Ааваасаа авахаас биш, юу ч өгч үзээгүй явуулсандаа их л харамсдаг даа. Аавын минь авч байсан гавъяа цолоос дурдвал:

1997 онд ахлагч түрүүч болсон. Энэ үед аав маань хөл газар хүрэхгүй баярлаж байсан гэсэн. 2001 онд дэслэгч цол хүртэж, тушаал ахисан. 2008 онд хил хамгааллын дарга болсон. Ийнхүү жил ахих тусам тушаал ахисаар 2010 онд хурандаа цол хүртсэн юм. Аав маань ийм л  дайчин, зүтгэлтэй мундаг хүн. Дэндүү сайн хүн байсан болохоор бурхан хүртэл хажуудаа байлгах гэсэндээ авч явсан байхдаа. Та бол миний бахархал юм шүү аав аа!

 

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Энхтулгын Батжаргал

 АМЬДРАЛЫН ШҮТЭЭН

(Хөрөг найруулал)                                        2017.04.19

Хүний аливаа дурсамж дурдатгал сэтгэл зүрх, оюун тархинаас эхэлдэг. Эр хүн гэдэг айл гэрийн тулгуур багана, өмөг түшиг нь болж байдаг. Миний аавыг Шүрийн Энхтулга гэдэг.Тиймээ, Эцэг уул нурдаггүй, эхийн сүү ээддэггүй болохоор элэг зүрхнээс минь гардаггүй байж болох юм. Монгол эр хүн, эцэг хүн үр хүүхдүүддээ хангай шиг түшигтэй хан уул шиг санагддаг хэмээн ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай ачит ааваа ийн дурсчээ.Миний хувьд ч гэсэн нэгэн төгс төгөлдөр томоос том ертөнц, юугаар ч орлуулшгүй орон зай юм.

Аав маань ухаантай, хурдан шалмаг, даруу төлөв, шударга, тууштай эгэл жирийн л нэг хүмүүн. Сэтгэл нь цагаахан, ямар ч хүнтэй эв зүйгээ ололцоод өөрийгөө хүрээлүүлж чаддаг гайхамшигтай. Аав маань гэрт байхад манайх гэдэг айл хүнээр тасарна гэж ер үгүй. За баяр наадмаар бол бүр хэлэх юм биш. Ямар сайндаа муу ижий минь гуанз, цайны газар шиг л байх юмаа гээд л инээдэг сэн. Хүнд сайн ч нөхөр хэрэгтэй, муу ч нөхөр хэрэгтэй байдаг гэж л сургадаг. “Ямар ч хүнийг хүн гэдгээр нь хүлээн авч бай ядуу ч, баян ч бай тэр бол хүн” гэсэн үг нь сэтгэлд дандаа уяатай байдаг. Аавынхаа амьдралын замналаас дурдвал:

  • 1984-1987 онд Цэргийн алба хааж
  • 2003-2005 тоо бүртгэгч
  • 2008-2012 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 1-р багийн даргаар ажиллан ард олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан ажил хөдөлмөрийн төлөө гэсэн хичээл зүтгэлээр дүүрэн нэгэн.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгийн байгууллагаас удаа дараа үнэлэн “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медал”, “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, “Ардчиллын эрх чөлөө” зэрэг шагналаар шагнан энгэрийг нь мялаажээ.

 Аав минь хурдан моринд хамаг сэтгэл зүрхээ зориулна. Уяж сойсон хурдан ажнай нь наадамд удаа дараалан айрагдан аавыг минь олон ч баярлуулсан даа. Би айлын бага болоод ч тэрүү аавын амин охин. Хэрэг тарих бүртээ “Ээжийг аргалаарай" гээд л ааваараа өмгөөлүүлнэ. Хүүхдүүддээ гар хүрч байсныг одоо хүртэл би санадаггүй. Мэргэн ухаан, ончтой сургаалаараа биднийгээ хүмүүжүүлдэг, үлгэрлэдэг тийм агуу хүн.

Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино

Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна

Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж

Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг аа” гэсэн Ц.Хулан найрагчийн ”‘Аавдаа” шүлгийг унших бүртээ хангай шиг түшигтэй, уул шиг нөмөртэй хайрт аавынхаа ачийг нь хариулж дийлэхгүй ч гэсэн санаа сэтгэлийг нь зовоохгүй байх юм сан гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Эрдмийн охийг шимтэн хүртэж, ачит аавынхаа магнайн үрчлээг тэнийлгэн царайд нь гэрэл цацруулахыг харах хувь заяа надад бий. Тиймээ, Ааваа би таны цайлган сэтгэл. цагаахан хүслийн тань үргэлжлэл.

 

Сэтгүүлч -Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч 1

Энхтулгын Батжаргал

МИНИЙ НҮДЭЭР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ

                       (Асуудал дэвшүүлсэн өгүүлэл)                           2017.04.25

          Байгалийн баялаг, гүний нөөц, алт, хүдэр, зэс, нүүрс гээд эх орон минь үнэхээр баян нутаг билээ. Гагцхүү энэ их баялгийн эзэн нь болж үр өгөөжтэй, эргэлттэйгээр зарцуулахгүй байгаа нь харамсалтай. Монголын өнөөгийн нийгэм, ард иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг нөмрөөд байгаа томоохон сүүдэр бол эдийн засгийн хямрал билээ. Эдийн засгийн хямрал гэдэг нь цалин хөлс хэмээх мөнгөөр үнэлэх хөдөлмөр, татвар, санхүүгийн байдал  уналтад орох үзэгдэл юм.Монгол улсын өнөөгийн зах зээлийн нийгэм уналтад орж, нийгэмд хямрал үүсч ард иргэдийн амьдрал өдөр ирэх тусам уруудсаар л.

            Улс төр нь бонд үүсгэж бусад орноос мөнгө зээлж авч, иргэдээ өрөнд оруулж буй нь нүднээ илхэн. Хямралаас гарах дорвитой арга хэмжээ авалгүй энэ хэвээрээ удвал Монгол улс ядуу буурай орны  тоонд нэн тэргүүнд бичигдэх биз. Өрөвдөлтэй биш гэж үү? Өвөг дээдсийн үлдээсэн энэ их баялгийн эзэн нь болж бид яагаад чадахгүй байна вэ? Саяхан Өвөрхангай аймгийг барьцаалан зээлж авч буй тухай мэдээгээр сонссон. Мөн “Таван толгой” компани 51% нь “Rio Tinto” компаний мэдэлд байдаг нь хачирхалтай бас эмгэнэлтэй.Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2016 оны эхний 9 сард 4012.7 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6064.4 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн  төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2051.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1184.4 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 0.8 хувиар буурч, зарлага 23.4 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Эдийн засгийн уналтаас гарах нэг зам бол ажилгүйдлийг бууруулах явдал. Баялаг бүтээгчдийг дэмжин иргэдэд ажлыг байр нийлүүлэх арга зам.  Мөн бид ихэнх зүйлээ гаднаас экспортолж хэрэглэдэг. Иймээс хямралаас гарах энгийн арга зам бол экспортлогч биш импортлогч орон болох явдал гэж би боддог. Импортлогч орон болохын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь нүдээ олсон шийдэл болно. Монголчууд бид “Юу бий түүгээрээ дайл” гэдэг. Бидний хамгийн чухал хэрэглээ бусдаас ялгарах чанар бол мал сүрэг, байгалийн баялаг минь. Иймээс мах, сүүн бүтээгдэхүүн мөн малаас гарах арьс шир, ноос ноолуурыг боловсруулан төрөл бүрийн чанартай бүтээгдэхүүн гарган бусад орнуудад их хэмжээгээр импортлох нь эдийн засгийн уналтаас гарах нэгэн гарц юм гэж бодож байна.

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Батцэцэг овогтой Шинэцэцэг

УЛААНБААТАРЫН ТҮГЖРЭЛ УУР БУХИМДЛЫН ЭХ ҮҮСВЭР

(Асуудал дэвшүүлсэн өгүүлэл) 2017.04.19

1 сая 300 мянга гаруй хүн амтай Улаанбаатар хотод өглөө ажилдаа гарахад орой гэртээ ирэхэд хүмүүсийн үнэтэй цагийг үрж, духны арьсыг үрчийлгэдэг замын түгжрэл гэж улиг болсон хэрнээ ужгирч буй асуудал байна. Уур барсан замын түгжрэлийг багасгах гэж хотын захиргаанаас зарим нэгэн ажил хийж байгаа ч дорвитой үр дүн гарч, зам сийрэгжихгүй л байна. Гэхдээ уур бухимдал бол эхний энгийн асуудал, цаашлаад монгол улсын эдийн засаг, нийгэмд нэлээн хор хөнөөл, хохирол учруулдаг билээ. Тэдгээр тооцоог хийхийн тулд:

  1. Замын хөдөлгөөнд шууд ба шууд бус нөлөөлөгч хүчин зүйл
  2. Замын түгжрэлээсшууд ба шууд бус шалтгаанаар үүсч буй хохиролууд
  3. Ирээдүйд замын түгжрэл ямар болох зэргийг судлах шаардлага гарч байна.

Авто замын түгжрэлээс хамгийн их хохирол амсдаг давхарга бол жолооч нар. Нэг өдөрт дунджаар 1 цаг түгжирдэг гэж үзвэл замын хөдөлгөөнд оролцох хугацааг 8 цагаар тооцоход жилд 45 өдрийг буюу 360 цагийг зөвхөн түгжрэлд үрдэг гэсэн тооцоо гарч байна. Нийслэл хотод замын хөдөлгөөнд автомашин жолоодож 5 цагийн турш оролцдог иргэдээс авсан санал асуулгаар тэдний 79,2 % нь зорилтот ажлынхаа дөнгөж 37 %-ийг амжуулдаг юм байна. Өөрөөр хэлбэл 3 ажилтутмын нэгийг нь амжуулж хоёрыг нь түгжрэлээс шалтгаалан хойш тавьдаг гэсэн үг. Мэдээж энэ бол хувь хүний болон нийгмийн бүтээмжинд шууд сөрөг нөлөөтэй. Түгжрэлийн хор нөлөөг дурдахын бол нийгмийн бүтээмж, ёс журам алдагдаж, цаг хугацаагаар хохирч, уур уцаар, бухимдал, бензиний сул хаягдал, агаарын бохирдол ихсэх зэрэг хор нөлөөтэй байна. Улаанбаатар хотын агаарыг дулааны цахилгаан станцуудаас гадна автомашины хөдөлгөөнт эх үүсвэр бохирдуулж байна. Тээврийн хэрэгслүүдийн 80 орчим хувь нь стандартын хэм хэмжээнээс илүү түлш хэрэглэж, хорт утаа ялгаруулж байна. Жилдээ 70 тонн хорт утааг агаарт цацдаг гэсэн мэдээ ч байдаг байна. Энэ нь бидний шууд амьсгалах орчинд нөлөөлдөг бохирдлын 20 хувийг үүсгэдэг байна.

            Жилээс жилд хэдэн мянгаараа нэмэгдэж буй автомашины тоог дагаад замын түгжрэл ихэссээр... Ёжтойхон хэлэхэд зам биш зогсоол болчихжээ. Хүн, машин аль аль нь өдрөөс өдөрт өссөөр байгаа болохоор өнөөдөр хотынхон маань “түгжрэл” гээчид орчихоод бухимдсаар байна. Автобус унаанд явж байхдаа  миний хамгийн ихээр сонсдог үг бол “Уучлаарай түр хүлээж байгаач, би түгжрэлд ороод гацчихлаа” гэх утга нэгт үгс билээ. Өглөө ажил  цуглах буюу 07:30-09:00, өдөр 11:50-13:00 цаг, орой тарах буюу 17:00-19:30 цагийн хооронд хөдөлгөөний ачаалал хамгийн оргилдоо хүрч байна. Хичээлд ирэх, тарах үед ихэнх хүмүүс бухимдалтай байдгийн шалтгаан нь энэ. Замын буруу бүтээн байгуулалт, замын эвдрэл гажгаас шалтгаалсан хөдөлгөөний  хэт удааширлаас үүдсэн бөөгнөрөл, олон салаа зам байхгүй сонголтгүй зам, ослын дараах хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслийг байрлуулах зурвас байхгүй, гэрлэн дохионы давтамж зэрэг нь түгжрэлд шууд нөлөөлж байна. Миний бодлоор эдгээрээс хамгийн том түгжрэлийн буруутан нь 250 метр тутамд байх гэрлэн дохио юм шиг санагддаг. Машин хэдхэн алхам яваад л гэрлэн дохион дээр зогсоно. Баруун дөрвөн замаас Улаанбаатар Их сургууль хүртэл 13-15 гэрлэн дохиотой, тэр болгон дээр нөгөөх зовлонтой түгжрэл гацаа үүсдэг.

Замын цагдаагийн газрын тоо бүртгэлээс харахад өдөрт дунджаар 300 гаруй машинд улсын дугаар өгдөг гэсэн мэдээлэл байна. Ийм байхад түгжрэл ихсэхгүй гээд яах билээ. Гэхдээ Улаанбаатараас хэд дахин олон тээврийн хэрэгсэлтэй Улан-Үдэ хотод түгжрэл гэсэн ойлголтыг жолооч нар нь бараг мэддэггүй юм байна. Энэ ямар учиртай вэ? Өнөөг хүртэл түгжрэлийн талаар бие дасан судалгаа шинжилгээний ажлыг шийдвэр гаргах түвшинд хийж байсангүй. Түгжрэлийн хор уршиг нийгэмд хэрхэн нөлөөж байгаа, ямар хор уршиг учруулж байгааг тооцож гаргасангүй. Гэтэл энэ төрлийн зовлонг туулж байгаа орнууд энэ талын судалгааны институтыг засгийн газрын түвшинд гаргаад үйл ажиллагаагаа эхлээд олон жилийн нүүр үзэж байна.  Холоос биш дэргэдээсээ жишээ авахад Шанхай хотын төв замын уулзвар дээрх дүүжин гүүрийг ашиглалтанд оруулснаар замын хөдөлгөөний ачааллыг 50 хүртэл хувиар бууруулсан бодит тоо баримт байдаг байна. Түгжрэлийн эсрэг нийслэлийн удирдлагаас хэрэгжүүлж байгаа ажил байхгүй биш байгаа. Жишээ гэвэл дугаарын хязгаарлалт хийсэн. Энэ шийдвэр нь хэдийгээр маш зөв гаргалгаа байсан боловч маш олон тооны иргэд хууль бус дугаар хэрэглэх, боломж бүхий иргэд хоёр автомашин хэрэглэх зэргээр энэхүү захирамжийн үр дүнг бууруулсан. Дараа нь гэвэл нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиход зориулсан. Энэ шийдвэр гарснаас хойш зөвхөн нийтийн тээврээр зорчих хугацаа багасах болсноос биш нийтийн тээврээр зорчигчдын тоо нэмэгдээгүй. Өөрөөр хэлбэл автомашины тоо буураагүй гэсэн үг. Миний бодлоор авто замын хэт их ачааллыг бууруулах хамгийн шилдэг арга бол авто замын сүлжээг сайжруулах, нэг түвшинд огтолцдоггүй гүүрэн замыг байгуулж гэрлэн дохионы зохицуулалтыг халах асуудал гэж бодож байна. Би бол жирийн нэг оюутан. Энэ бол миний үзэл бодол. Гэхдээ замын түгжрэл нийгэмд тулгамдаад байгаа асуудал яахын аргагүй мөн гэдэгтэй зөрөлдөх нэгэн байхгүй биз ээ. Уур бухимдлын эх үүсвэр, байгаль экологийг хордуулж байгаа Улаанбаатарын түгжрэлийг нэн яаралтай шийдвэрлэх нь учирч болох хохирлуудыг бууруулах болно.

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Батцэцэг овогтой Шинэцэцэг

НЭГ Л ХҮНИЙ ТӨЛӨӨ АМЬДАРДАГ БҮСГҮЙ

                                              (Хөрөг найруулал)                                        2017.04.25

            Зуны эхэн сар... 1980 оны 5 дугаар сарын 1-ний нартай, хуртай тийм нэгэн сайхан өдөр энэ хорвоод хүний заяаг олж төрсөн тэр нэгэн азтай хүн бол миний ээж. Хүн амьтны хайрыг татсан энэ охиныг нүдээрээ инээмсэглэхэд хэн хүнгүй уярмаар. Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой энэ охин аав ээжийнхээ эрх танхил, хонин бууз хочтой Батцэцэг гэгч охин. Төрсөн нутаг нь Дархан-Уул аймгийн төв хэдий ч өссөн нутаг нь Цагаан-нуур хэмээх хөдөө газар билээ. Аймгийнхаа сургуульд сурч, амралт болгоноор гэртээ ирдэг байсан гэдэг. Гэртээ ирэхээрээ адуу мал хөөгөөд л явчихдаг нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм. Тэрээр арван жилдээ ч даруухан охин байсан бөгөөд сургуулийнхаа шилдэг сурагч нь байж билээ. Төрөл төрлийн авъяастай болохоор хаана юу болно тэнд явж л байдаг байсан. Ээж минь 1990-1997 он хүртэл тасралтгүй аймгийнхаа шилдэг сурагч нь болж, урлагийн наадамд эхний гурван байрыг бол алгасалгүй авдаг байжээ. Ээжийнхээ сургуульд байхдаа авч байсан шагналуудыг харахад бахархууштай санагддаг. Нутгийн хүмүүс түүнийг “чөрийсөн туранхай юм байж дөчин литрийн савтай усыг төвөггүй өргөөд явчихдаг гөө мөн чадалтай хүүхэн шүү” хэмээн ам уралдаж ярьцгаадаг. Эмэгтэй хүн гэхэд эрвэгэр дэрвэгэр даашинз огтхон ч сонирхдоггүй, жинсэн өмд, намхан ултай гутал өмсөж байнга л ийш тийшээ гүйж явдаг. Миний ээж өндөр нуруутай, тэгш мөртэй, шугам шиг тэгш шулуун хөлтэй, зарим хүмүүс мисс гэж дуудах нь олонтаа. Өөгүй шар царай, нимгэн зовхи, нуугдмал давхраа, будсан мэт ягаан уруул гээд ээж минь энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг өөртөө шингээсэн гайхалтай эмэгтэй. Тэрээр 1997 оны хавар саахалт айлын Рэнцэн гэх хархүүтэй учирч байсан юм даа. Хүнийг юм гуйхад үгүй гэж хэлж чаддаггүй, хэн нэгэн бээрсэн явж байвал хувцасаа тайлаад өгөхөд ч бэлэн зөөлөн харцтай, шингэн хоолойтой, зөв сэтгэлтэй, эелдэг ааштай миний ээж аз жаргалд насаараа бялуурч чадаагүй юм аа. Нулимс урсгам явдал ээжийг минь энэ хорвоод амьдрах тэнхэлгүй болтол нь шаналгасан юм. Энэ бол эр нөхрөө алдсан хэрэг байлаа. Нүдэн дээр нь амраг хань нь энэ хорвоог орхиж байхад юу ч хийж чадаагүйдээ ээж минь гэмшээд бардаггүй юм.

Хорь хүрээгүй насандаа хонгор жаахан үр төрүүлчихээд анайгийн охин, ээжийн дүү гэж хэл халтируулан дуудаж байсан гэнэн цагаахан сэтгэлтэй бүсгүй. Эр нөхрөө алдаад нэг сар ч болоогүй байхад нь элгийг нь дэвтээж төрсөн охин нь юм болохоор нулимсаа цийлэгнүүлэн, охиноо байн байн үнсдэг байсан гэдэг. Түүний хувьд амьдрах ганц шалтгаан нь охин нь байсан юм. Амьдрах шалтгаанаа олсон болохоор ээж минь хатуу бүхнийг сөрөөд гарсан хатуужилтай эмэгтэй. Би ээжээсээ өөр ийм эрэлхэг зоригтой эмэгтэйг харж байсангүй ээ. Ээжээрээ үргэлж бахархаж явдаг. Өдгөө дөнгөж гучин долоохон настай ч бие нь маш сул дорой. Аргагүй дээ эмэгтэй хүнд ахадмаар барилгын ажлыг мэргэшиж, арав гаруй жил ажиллаж байна. Мэдэхгүй хүн харвал үнэхээр эрүүл чийрэг эмэгтэй гэж хармаар. Энэ нь ээж минь ядарч байгаагаа хэн нэгэнд харуулахыг хүсдэггүй тэр зангаас нь болдог биз. Гэхдээ дэргэдээс нь харж байгаа бидэнд үнэхээр бие сул эмэгтэй юм шүү дээ. Гэвч хэзээ ч өвдөж байна гэж хэлж үзээгүй тэвчээртэй эмэгтэй. Уг нь миний муу ээж чинь айлын таван хүүхдийн дундах хүүхэд юм шүү дээ. Гэвч ах эгч хамааатан садангүй юм шиг харь газар ажиллаж арван найман жил зөвхөн охиныгоо гэж л амьдарсан. Олсон хэдэн төгрөгөө охин руугаа л явуулдаг байлаа. Өөрийгөө гаргуунд нь хаяж, хувцасаа нөхөж өмсөх нь холгүй амьдарсаар ирсэн. Заримдаа ээжийгээ ажлын төлөө төрчихсөн юм шиг гэж боддог байлаа. Гэвч ээж минь ажлын төлөө биш миний төлөө төрсөн юм байна. Би ээжийнхээ охин нь болж төрсөн болохоор би энэ дэлхийн хамгийн азтай охин.

Өвдчих вий гэж сэтгэл нь энэлж

Өлсчих вий гэж санаа нь зовж

Даан ч нялхаараа юм даа гэж өр нь өмөлздөг ижий минь

Ижийгээс минь өөр буянтан надад үгүй ээ.

 

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Мөнхдалайн Мягмардорж

 БИД ХОЖИМДООГҮЙ

                                        (Асуудал дэвшүүлсэн өгүүлэл)2017.04.19

Олон 100, 1000 жил Хүмүүн биднийг хайрлан халамжилж, тэтгэн тэжээсэн эх дэлхий цаашид хэр удаан оршин тогтнох нь бидний үйл хөдлөлөөс шууд хамааралтай. Харин бид дараа хэмээн тайвшран алхсаар, төгсгөлийг нь хүлээх мэт гунхсаар. Бид одоо, яг одоо л байгаль ээжээ хайрлаж илүүтэйгээр чин сэтгэлээсээ сэргээхийн тулд хөдлөх хэрэгтэй. Ийнхүү ярьсан зүрх сэтгэл бүрийн галыг дүрэлзтэл асаан зоригтойгоор хамтдаа эх орноо, байгаль ээжээ аврах цаг аль хэдийн болсон. Тиймээс яг одооноос эх болсон байгалаа хамгаалах үйлсэд өөрийн сэтгэлээ зориулцгаая. Уур амьсгалынгамшиг,ундны ус, ой модны хомсдолоор байгаль ээж биднийг цочроож бидэнд дохио өгсөөр байгаа энэ үед дэлхийн ихэнх улсын иргэд байгаль ертөнцийн зүй тогтолд тохируулж тогтвортой хөгжих нь эх дэлхийн насыг уртасгах ганц зөв зам гэдгийг ухаарсаар байгаа нь бахархууштай. Хүмүүн бид өөрсдийн гэр болсон байгальтайгаа илүү ойр байж, нөхөн сэргээхэд өөрийн хувь нэмрээ оруулснаар үр хүүхэддээ хэмжээлшгүй их өв хөрөнгийг үлдээх нь гарцаагүй үнэн юм.
Бидний өвөг дээдэс ч энэ үйлсийг орхигдуулалгүй хатуу чанд сахин үр ач нараа хүрээлэн буй орчин, эх нутагтаа хайр хүндэтгэлтэйгээр ханддаг болгон хүмүүжүүлж ирсэн.  Тэд гол горхийн эхээс мод огтлох, усанд улаан, цагааныг оруулах, хог үнсээ ил задгай хаях, дархлагдсан уулнаас мод огтлохыг хатуу хориглон сургамжилж ирсэн гайхалтай уламжлал Монголчууд бидэнд байгаа. Тиймээс ч ан амьтан, ургамлыг нь агнаж, тасдаж болдоггүй онгон дагшин газар хэмээн хүндэтгэн аргадаж, булаг шандаас эхлээд томоохон голууддаа хир буртаг оруулахгүйг эрхэмлэн, Хан тэнгэр, Хатан ээжий хэмээн өргөмжлөн уул усныхаа оноосон нэрийг ч дэргэд нь дуудалгүй “Өндөрхайрхан”, “Алтай”, “Далай ээж” гэх мэтээр төлөөлүүлэн ярьдаг байсан нь байгальдаа хичнээн элэгтэй ханддаг байсны тод илрэл юм. Өнөөдөр Монголчууд бидний ихэнх нь эдгээр ёс заншлаа мэддэг ч түгээн дэлгэрүүлэхгүй байгаагаас залуучууд үл мэдэн байгаль эхтэйгээ зохисгүй харьцсаар, сүйтгэн өвтгөсөөр байгаа нь хатуу боловч гашуун үнэн юм. Дайны хажуугаар дажин гэгчээр эх орны минь газарт шунахайран алт хайгч, олворлогчид нэмэгдсээр газар шороог сэндийчин тэдний зөрчил хэрээс хэтэрсээр байна. Хуулиар бол тэд нөхөн сэргээлт хийх ёстой боловч үнэнхүү ор нэр төдий хийсэн болоод л Монголын ард түмний өмч байгалын баялагийг аваад арилцгааж байгаа нь харамсаад харамсаад баршгүй. Монгол улсын иргэн би, та л өнөөдөр үүний эсрэг нэг боловч зөв үгийг, үйлдлийг хийхгүй бол хожим харамсах гэдэг эдгэршгүй өвчинд өртөх болно. Шувуудын жиргээ гол шугуйгаар урсахыг сонсоод л баймаар, хөлийн өлмийг цэцэгс л илээсэй, хөх толботууд л Монголдоо амьдраасай.Монголчууд аа. Бид Монгол эх орныхоо онгон дагшин байгаль эхээ хайрлан хамгаалж, аварч үлдэхэд хожимдоогүй байгаа шүү. Хожим бид харамсахааргүй утгатай амьдарцгаая.

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Мөнхдалайн Мягмардорж

ЗҮРХЭНД УЯАТАЙ ЗҮҮНХАНГАЙ НУТАГ МИНЬ

                                                 (Байгалийн зураглал)2017.04.25

Хан Хөхийн нурууны зүүн төгсгөлийн хэсэгт байрладаг.Баруун талаараа Өндөрхангайсум,хойд талаараа Баруунтуруун сум, зүүн талаараа Завхан аймгийн ТэсБаянхайрханСонгино сумдтай, өмнө талаасаа Завхан аймгийн Сантмаргац сумтай тус тус хил залган оршдог. Улаанбаатар хотоос 1080 км, Увс аймгийн төв Улаангом хотоос 360 км зайд оршдог. 1905 оны газар хөдлөлтийн ул мөр болох Ханхөхий-Булнайн хагарал Зүүнхангай сумын нутгийн таллан хуваадаг. Хойд хэсгээрээ ой уулархаг, өмнөд хэсгээрээ талархаг газрын гадаргатай. Хар ус, Эх гол, Нарийн гол, Баянгол, Цэцэрлэгийн гол, Цавдан, Согоо зэрэг жижгэвтэр гол нууруудтай. Ойт хээрийн бүсэд оршдог.Хүүгээ тоссон аав шиг дааган Хайрханы бараа цайгаа аягалсан Ээжий шиг Цавдан нуурын цалгиатай мяралзан урсах булаг шанд нь хүн малаа ундаалсан өврийн сайхан хангайтай. Согоо нуурын мяралзаа нь сонин домог хүүрнэдэг цонжин хадны үзэсгэлэн нь хотол олноо баясгасан Далан түрүүний хөндийг нь урин салхи аргадсан Хүнхийн гивантай рашаан нь мөнхийн шидээр ундаална. Тэгш буянтын хөндийг нь туурайгаар тамгалах хүлгүүд нь хүртэл эцэж сульдхаа мэдэхгүй уралдах нь бахадмаар сайхан төрийн тахилгат Хан Хөхий ууландаа сүүгээ өргөн залбирч хувь заяагаа даатгах учиртай төрсөндөө баярлаж явдгаа би. Ой хөвч тайгаар нь буга согоо сүлжилдсэн, булаг шанд горхины урсах чимээнд нь нялх хүүхэд ч үл зүүрмэглэх тийм л нэгэн намуухан зөөлөн.Талдүүрэн бэлчих таван хошуу мал нь налайгаад таана хүмлийн үнэр хамар цоргиулам сайхан. Тэртээ 3000 жилийн түүхийн үнэт өвийг хадгалсан агуйнууд, хадны сүг зургуудыг нь үзэх гэж аялал жуулчдын хөл тасрахгүй. Уулсын оргилоор нь манан бууж, усны шувууд нь ганганалдан нууранд чуулж, хад асганд нь аргал, Янгир дүүлсэн гайхам сайхан Зүүнхангай нутаг сэтгэлд гоёхон. Аян нүүдлийн дөрөөг элжгэн халхаар овоглосон алтаар дүүцүүлж сольшгүй түүхийн улбаагаар баян миний Зүүнхангай нутаг минь.

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Сашагийн Нарантуул               

                                                             МИНИЙ БОР АХ

(Хөрөг найруулал)                          2017.04.25

            Сэлэнгэ мөрний ай сав амар амгалан, сэвшээ салхи суунаглан буусан мананг хөөнө, сэтгэл нэг л тавиун эхлэх өглөө юутай сайхан. Энэ өглөө сэтгэлийн минь гүнд, итгэлийн минь  оргил, харцныхаа  баясал болсон ахынхаа тухай бодож суулаа. Нэг эхийн хэвлийнээс цуван мэндэлсэн амин хэлхээ. Нас нэмэх тоолондоо  илүү ухаажиж муу дүүгээ гэх сэтгэл нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг мэдрэх минь юугаар ч үл төсөөлөм тийм нэгэн гайхалтай мэдрэмж байдаг юм аа. Бага наснаасаа өдийг хүртэл хамт өссөн болохоор миний хэлэх үг, хийх үйлдэл минь хүртэл таны гаргадаг араншинтай  өвчсөн юм шиг ямар адилхан гээч. Аавыг эзгүйд намайг эцгийн хайраар хайрлаж, хэн хүнээс илүүтэй байлгах гэж үргэлж миний төлөө сэтгэл гаргадаг, хангай шиг нөмөртэй, уул шиг түшигтэй миний баатар. Хааяа дэргэд нь суугаад, алсыг ширтэн ямар нэгэн зүйлийг сэтгэлдээ баясалгаж байхыг нь харахад л, ухаан сууж амьдралд бэлтгэх цаг чинь ирсээн дүү минь гэж сургах мэт. Гаднаас нь харахад ширүүн байрын төрхтэй, хэн хүнтэй эелдэг харьцаад баймгүй зантай ч дотоод сэтгэлдээ гүндүүгүй, өрөвч зөөлөн, цайлган, багахан зүйл дээр  жаахан хүүхэд шиг баярладаг энэ хүнийг Сашагийн Наранцогт гэнэ. Нутгийнх нь түүнийг Цогоо нэрээр нь андахгүй. Цогоо гэгч энэ хүн одоо дөнгөж хорин долоохон настай идэр залуухан нэгэн бөгөөд хүү охин хоёрынхоо сайн аав, хайрт гэргийнхээ сайн хань нь  болж яваа жирийн монгол малчин залуу. Түүний уяж сойсон морьд нь хурдтай гэж жигтэйхэн, сумандаа болон аймаг бүсийн уралдаанд чамгүй хурдлан уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныхоо магнайг тэнийлгэн шанадас сорьсон  олон  удаагийн наадмаас  айраг түрүү хүртсэн. Мөн түүний хурдыг өөрийн адуугаа болгох гэсэн хүмүүс цөөнгүй  зорьж ирнэ. “Зүүнбүрэн” нутгийнх нь зон олон нь ч түүний тухай мөн хурдан хүлгүүдийнх нь талаар ам булаацалдан  сайшаан ярьцгаана. Түүний өнгөрүүлсэн  бага нас нь бусадтай адил биш байлаа. Зургаадугаар ангиа төгсөөд өвөө эмээгээ даган малын захад  гарч, өвөөгийнхөө хурдны морийг унаж,  яваа яваандаа малд илүү нүдтэй болж, бүр сүүлдээ хурдны морь сойж хөдөөгийн ахуйд суралцаж одоог хүртэл өөрийн амьдралыг үүнтэйгээ холбож, таван хошуу мал амьд эрднийхээ буянг өөрийн малд сурсан эрдэмтэй хослуулан сайхан аж төрж явна. Хэн хүнээс тэрчлэн гараад байдаггүй уужуу бодол ухаан саруул нэгэн билээ. Одоо өрх гэрийн тэргүүн, эцэг хүн болсон болохоор өглөөний нартай хамт эртлэн босож эхнэртэйгээ хамт  саалинд гарч тугалаа тавина, морьдоо будаалж, хашаа хороогоо цэвэрлэн, түлээ модоо бэлтгэх... гээд наад захаасаа ажил нь ундраад л байна. Тэр болгоныг өдөрт нь хийж амжуулах гэж цаг хугацаатай үргэлж уралдана. Би айлын отгон тэгээд эмэгтэй хүүхэд учраас тэр болгон гадаах ажил хийгээд байдаггүй, ямар нэгэн зүйлд санаа амар, бодож санах зүйлгүй өссөн. Одоо бодохнээ энэ нь миний гэр бүл тэр тусмаа миний хайртай бор ахын дулаан нөмөр гэж санагдана. Буруу зүйл хийхэд үйлдлээр бус үг хэлээр ойлгуулж ахын сургах үйл хэргээ, дүүдээ зохих ёсоорнь үл харамлан зориулж байдаг тань үргэж миний тархинд, зүрхэнд ухаарал хэвээр оршин бий. Агаа ...үргэлж, миний дүү хичээл номдоо шамдан суралцаж өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээж, сайхан амьдрах хэрэгтэй шүү гэж захидаг үгийг чинь муу дүү нь  үргэлж санаж яваа. Хүний зэрэгт хүн, хүмүүний ертөнцөд хөл алдалгүй яваа минь ах таны л ач буян. Таньдаа хязгааргүй хайртай шүү.

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Сашагийн Нарантуул               

Үл тасрах уламжлал

                                               (Асуудал дэвшүүлсэн өгүүлэл)                              2017.04.25

Монгол гэх зургаан үсгээр дэлхийд гоёдог

Монгол гэх нэрийн дор алдраа мөнхөлдөг гайхамшигт ард түмэн бол хөх толбот монголчууд бид мөнөөсөө мөн. Цээл сайхан хоолойгоороо уул усаа магтан дуулж, ухаан билэг,тунгалаг оюунаараа цэц булаацалдан наадаж, уран налархай хөдөлгөөнийг бүжиг болгон цэнгэж, удирдан манлайлах чадвар, эв эеийг эрхэмлэн дээдлэх сургаалаа, үеийн үедээ өвлүүлэн үлдээдэг түүхэн замналтай ард түмэн билээ. Дэлхийд цор ганцаараа тоонот гэрт аж төрж Тэмүүжин гэх дэлхийн алдартны хойч үе болж яваа бахархалт хүмүүс. Ийнхүү бид монголчууд, чингисийн үр удам гэж чанга хашгирмаар болох сайхан. Гэвч энэ цаг үед бид монголчууд гэж хэлэхээс биш,  монголоо гэсэн сэтгэл, өв уламжлал тэр тусмаа соёлын үнэт өв болсон ардын урлагаа тээн хөгжүүлэхээ умартан харь орны соёл урлагийг илүүд үздэг жихүүн цаг үе иржээ.  XXI зуун мэдээлэл технологийн эрин зуун. Манайх шиг цөөхөн хүн амтай орон бусад орны соёлын нөлөөнд автахад цаг хугацааны л асуудал болоод байна. Уг нь өөрийн орны өв уламжлал, соёл урлагийг өргөжүүлэн хөгжүүлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь бидний томоохон  үүрэг хариуцлагын нэг юм. Монголын төрт улс хэмээх Хүннү гүрний үеэс эхлэн, морин хуур буюу тэр үед Күнхэү хэмээн нэрийддэг байсан хөгжмийн зэмсэгийг өвөг дээдэс минь бидэнд өвлүүлэн үлдээсэн  билээ. Тэр үед энэхүү  хөгжмөөр үл хуурддаг хүн байдаггүй байсан бөгөөд аян замд явж ирсэн болон тулалдаанд ялалт байгуулсан, ан авд олзтой явж ирсэн баатруудаа сайшаан найр хийн Күнхэүгээ дугарган сайн эрсийн тухай амнаас ам дамжин ирсэн дуугаа аялан дуулцгаадаг байсан түүхтэй. Харин одоогийн монголын залуучууд маань ардын язгуур урлагаа тээн хөгжүүлж,  үндэсний хөгжим тоглож сурна гэхээсээ илүүтэйгээр гитар, төгөлдөр хуур гэх хөгжмийг ихэд сонирхох болжээ. Мөн эцэг эхчүүд маань хүүхдээ бага наснаас нь эхлээд л гадаад хэлний сургалттай  цэцэрлэг сургуульд элсүүлэн суралцуулах болжээ. Энэ үеэс эхлэн хүүхэд нийгмийн харилцаанд орж өөрийн үзэл бодолоо бий болгох цаг  үе нь ирсэн байдаг юм. Үүнээс хойш юу сурч мэдэх, эх орон гэж чухам юу болох, эхлээд ямар зүйлийг өөрийн ухамсарт бий болгох ёстой вэ гэдгийг заан сургахыг нэн тэргүүний алхам болгох нь зүйтэй. Улаанбатар хотын 10 цэцэрлэг, дунд сургууль тус бүрийн нэг нь гадаад хэл иргэншлийн сургалттай байна. Монгол улс хөгжихийн хэрээр энэ тоо төд удалгүй дахин нэмэгдсээр байхыг үгүйсгэх аргагүй. Хэрэв энэ байдал  удаан үргэлжилсээр байвал монгол соёл, ардын хөгжмийг сурах хүсэлтэй хүн үгүй болох ч магадлалтай юм. Монгол соёл урлагийн хамгийн чухал үнэт өв бол морин хуур хөгжим. Энэхүү хөгжим нь толгой, чих, нуруу, цар, нум, дээд доод маар, нум мөн хоёрхон чавхдасаас бүрддэг хөгжим бөгөөд монгол сайхан аялгуунуудыг бүр дэлхийн сонгодог зохиолуудыг ч бүгдийг нь эгшиглүүлэн гаргаж чадах гайхамшигт аяз дугаралттай хөгжмийн зэмсэг юм. Монгол айл өрх бүр дэлхийд цор ганц зөвхөн монгол бий энэхүү гайхамшигт соёлын өв өө хоймортоо залах нь зөв зүйтэй хэрэг юм. Ингэснээр өргөө гэрийнхээ жаврыг  үргээн хуурдаж байхын зэрэгцээ үр хүүхдүүддээ заан сургаж, уламжлалт соёл урлагаа таслалгүй авч үлдэх их үйлд томоохон хөрөнгө оруулж, уламжлал гэх зүйлийг цааш дамжуулах нэг алхмыг бий болгох явдал болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erka(202.126.89.106) 2023 оны 09 сарын 18

Goe boljee\n

1  |  1
Top