Монголын нийтийн болон эстрадын дууны урлагт хүч түрэн орж ирж буй дуучин М.Янжиндарь Монгол Улсын төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа агсны шүлэг “Чандмань эрдэнэ” дууг сэргээн дуулж клип хийлгэсэнийг та бүхэндээ толилуулж байна. Залуу дуучин маань 2015 онд СУИС-ийн эстрадын дуулаачийн ангийг Монгол Улсын ардын жүжигчин Ч.Мөнхшүрийн удирдлага дор төгсчээ.
Хэдийгээр урлаг хэмээх их айлд хөл тавиад удаагүй ч ардын дууг эстрад хэлбэрт оруулан шинэчлэн дуулж, өөрийн гэсэн өнгө аяс бүхий уран бүтээлүүдээ олны сонорт хүргэсээр явна.
Монгол Улсын төрийн шагналт,хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим,Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа агсны шүлэг “Чандмань эрдэнэ” дууг үе үеийн дуучид өөр өөрийн донж маягаар дуулсан байдаг.
Тэрээр өмнө нь хөгжмийн зохиолч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан М.Туяагийн хөгжим “Бодлын цас”, “Инээд бэлэглэе”, “Улаанбаатар” дууг сэргээн дуулсан юм.
Соёлын тэргүүний ажилтан,хөгжмийн зохиолч Б.Цэрэндондовын зохиосон “Ээжийн гол”,”Нарийний гол” хоёр дууг дуулсан бөгөөд энэ тухайгаа дурсахдаа өөрийн төрж өссөн нутгийнхаа хоёр голын тухай дууг анх дуулж, дүрсжүүлсэндээ бэлэгшээж явдаг хэмээн өгүүлсэн.
Түүний төрж өссөн нутаг нь Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал гэдэг газар аж. Дууны урлагт хөтөлсөн багшийнхаа тухай ярихдаа,” Багш маань сонгодог урлагийн мастер, дуурийн дуулаач хүн. Тиймээс бидний дуулаачийн тавилт маань сонгодог маягаар тавигдсан. Дуурийн дуулаач багштай эстрад дуулаачийн анги байсан болохоор бид илүү давуу талтай. Бараг хос мэргэжилтэй гэж болохоор юм. Эстрадын анги төгссөн мөртлөө яагаад ардын дууг сэргээж дуулж байгаа юм бэ гэвэл хуучны уран бүтээлийг сэргээж өнөөгийн залуучууд болон нийт сонсогчдодоо таниулах, өвлүүлж үлдээх нь уран бүтээлч бидний үүрэг гэж боддог” хэмээн ярьсан юм.

Сэтгэгдэл ( 2 )
Zaa bolidoo
Goe bna oooo