Хотын дарга С.Батболд Чингэлтэй дүүрэгт ажиллалаа

2017 оны 05 сарын 11

Бүтээн байгуулалт, хот тохижилтын ажил ид өрнөж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан баг дүүргийн иргэдтэй уулзаж, хийгдэж байгаа ажилтай газар дээр нь танилцаж  байна.  Мөн иргэдийн өмнө тулгамдсан  зарим асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх ажлыг дүүргийн удирдлагуудтай зөвшилцөж шийдвэрлэлээ. Хотын даргаар ахлуулсан баг ажлаа  Чингэлтэй дүүргээс эхлүүлсэн юм.

Чингэлтэй дүүрэг нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын захирамжийн дагуу энэ сарын 11,12-ны өдрүүдэд дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт” зохион байгуулж байгаатай танилцсан юм. Сургалтад тус дүүргийн төр захиргааны байгууллагын болон хувийн хэвшлийн 85 аж ахуй нэгж байгууллагын 1352 албан хаагч хамрагджээ.

Томоохон хотууд, хүн ам олноор төвлөрсөн газруудад болзошгүй гамшгаас урдчилан сэргийлж байнга бэлэн байх учиртай. Гамшиг болсон тохиолдолд ялангуяа төрийн албан хаагчид өөрсдөө эхлээд мэдлэгтэй байх ёстой. Гамшигт өртсөн иргэдэд хэрхэн туслах, хурдан хугацаанд бий болсон нөхцөл байдлаас гарах гэх мэт мэдлэгтэй байх нь зүйтэй. Энэ хоёр өдрийн сургалтыг үр дүнтэй хийж ажиллаарай  гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С.Батболд хэллээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат “Энэ онд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, иргэдийнхээ ажиллаж, амьдрах орчныг сайжруулах,  цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэх зэрэг олон ажилд  төлөвлөлт хийгээд ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд “Жишиг өрхийн эмнэлэг” “Жишиг хороо”, “Жишиг эрүүл мэндийн үйлчилгээ” үзүүлэх асуудалд онцгойлон анхааран ажиллаж байна.  Мөн  Улсын болон нийслэлийн төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа гэдгийг тодотгосон.  Тамгын газрын баг хамт олон гар сэтгэл нийлэн ажиллаж  чаддаг.  Хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлэхдээ иргэдийнхээ санал хүсэлтийг  илүүтэй харгалзан үздэг учраас  зөв, оновчтой хийгдэж байгааг тодотгосон юм.  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С. Батболд хэлэхдээ  “Бид нийслэлийн эрх зүйн байдлаа шинэчлэх асуудалд онцгой анхаарч, хуулийн төслөө Засгийн газарт өргөн барьсан байгаа. Энэ хуулийн төсөлд дүүргүүдийн статусыг нэмэгдүүлэхээр тусгасан.  Өнөөдөр манай  нийслэлийн дүүргүүд хүн  амын төвлөрөл ихэссэн. Харьцуулж хэлэхэд хамгийн багадаа 2-3 аймгийн хэмжээний хүн амтай. Түүнчлэн нийгэм эдийн засгийн үзүүлэлт маш өндөр байна. Гэтэл дүүрэг, сум хоёр ижил статустай  яваа нь  төрийн үйлчилгээг иргэддээ хүртээмжтэй хүргэхэд хүндрэл бэрхшээл  байгаа нь үнэн. Төрийн албан хаагчид их ачаалалтай ажиллаж байгааг  хотын даргын хувьд ойлгож байна. Хэрэв эрх зүйн орчноо сайжруулж чадвал  дүүргийн статус тодорхой болно. Мөн  та бүхний маань ажиллах нөхцөл, орчин  сайжирах  тодорхой өөрчлөлтүүд орно. Гэхдээ хуулийн өөрчлөлтийг хүлээхээс илүүтэй  төрийн үйлчилгээг иргэддээ хүртээмжтэй болгох тал дээр анхаарч байна.  Удахгүй  иргэдийн хэлж  заншсанаар  6 буудлын  орчим  Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулна.  Ингэснээр  та бүхэн маань  Драгон, Мишээл, Дүнжингарав руу явах биш  ойрхон үйлчлүүлэх боломж бүрдэнэ” хэмээлээ.

 Жишиг өрхийн эмнэлэг удахгүй ашиглалтад орно

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны  нутаг дэвсгэрт  “Жишиг өрхийн эмнэлэг”  удахгүй ашиглалтанд орно. Өрхийн эмнэлэг нь нийтдээ 1000 метр квадрат талбай бүхий 2 давхар барилга юм. Тус эмнэлэгт эмэгтэйчүүд, хүүхэд, шүд, нүд, эхо, рентгэн зураг авах зэрэг эрүүл мэндийн анхан шатны бүхий л үйлчилгээг үзүүлэх боломжтой аж. 12 дугаар хорооны хувьд дүүргийнхээ хамгийн их хүн амтай хороо учраас  иргэд нь эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж, хүрэлцээ муу байснаас  хотын  төвийн эмнэлэг  явж цаг  их алддаг байдал  байхгүй болж байна. Өрхийн эмнэлэг гэхээр л  үйлчилгээ муу, жижигхэн  байшин байх мэт ойлголтыг  Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар халж, анх удаа “Жишиг өрхийн эмнэлэг” ийнхүү зориглон барьжээ. Иргэдийн хувьд ч заавал дүүрэг, 3 дахь шатлалын эмнэлгийг зорихгүйгээр  өрхийн эмнэлгээсээ эмчилгээ, үйлчилгээгээ авч байна.

Азийн хөгжлийн банк, Туркийн Стамбул хотын хамтын ажиллагааны хүрээнд 15 өрхийн эмнэлгийн барилга баригдана. Жишиг гэж хэлж болохуйц энэ эмнэлгийг бусад дүүрэг, хороонд  стандартын дагуу барих  ажлыг хийх нь зөв гэж хотын даргын хувьд бодож байна. Эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах  орчин нөхцөл сайжирснаар иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжрах бололцоотой  гэж  хотын дарга  хэлсэн юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн жишиг төвийн барилгыг барьж ашиглалтад оруулж байна.  Нийслэлийн Эрүүл мэндийн газар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран  ажиллаж, орчин үеийн зураг технологийн дагуу  хийсэн анхны жишиг өрхийн эмнэлэг юм.  Энэ эмнэлэг нь  тухайн хорооны иргэдэд үйлчлэхээс  гадна ойролцоох хорооны иргэдэд зарим амбулторын тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулна. Дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар амбулторын байдлаар ажиллах боломжтой” гэдгийн онцоллоо.

С.Батболд:  Иргэдээ  дэмжиж, бизнес эрхлэх орчныг бүрдүүлж өгөх учиртай

Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийн Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай  нийслэлийн удирдлагууд танилцлаа. Бизнес инкубатор төв  нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа болон  анхлан эхлэхийг хүссэн иргэддээ сургалт зохион байгуулж, төсөл бичих,  зөв тооцоо, менежмент хийхийг зөвөлдөг.  Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамруулах, ажлын байраар түр хангах, бизнесийн хүндрэлтэй үеээ даван туулахад нь  тусалдаг.  Тиймээс ч  Бизнес  инкубатор төвд  сургалт, үйлдвэрлэл тасралтгүй  өрнөж байдаг байна. Тус төв нь нэг дор 13 үйлдвэрлэгчийг бойжуулах хүчин чадалтайгаар анх баригдаж байжээ. Өнөөдрийн байдлаар дөрвөн салбар нээжээ. Өнгөрсөн жил 30 зөөврийн ажлын байрыг нэмж байгуулсан. Энэ жилээс дахин 30 зөөврийн ажлын байрыг нэмж байгуулснаар 90 орчим үйлдвэрлэгчийг бойжуулах хүчин чадалтай болно гэдгийг тус төвийн удирдлагууд хэлж байв.

Тухайлбал Чингэлтэй дүүргийн 15 хорооны иргэн Б.Мандахбилэг “Хуульч мэргэжилтэй.  3 жилийн өмнө тус төвийн  оёдол, эсгүүрийн сургалтанд гэргийтэйгээ хамрагдсан. Одоо  спорт хувцас оёж , зах зээлд нийлүүлдэг болсон.  Эрэлт их байна. Залуус  спортоор их хичээлдэг болсон учраас тасралтгүй л оёдол, эсгүүр хийж байгаагаа  хотын даргад танилцуулсан. Удахгүй энэ төвөөс  өрх тусгаарлан гарна” гэж  хэллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Иргэд өөрсдөө ажлын байр бий болгож орлого олох, бизнесээ бойжуулж, хөгжүүлэх бололцоог олгож байгаа энэ төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлага байна. Төр, нийслэлээс ажлын байрыг олноор бий болгох хүчин чадал байхгүй. Иргэдээ   бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. БИТ-өөр дамжсан үйлдвэрлэгчдээ бид борлуулалт дээр нь дэмжин ажиллах хэрэгтэй. бусад орнуудын туршлагаас үзэхэд борлуулалт дээр маш сайн дэмжин ажилладаг” хэмээж байв.

Үүний дараа Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажилтай газар дээр нь танилцлаа. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Асар өргөө” ХХК хийж гүйцэтгэж, 2016 оны гуравдугаар улиралд хүлээлгэн өгөхөөр болсон хэдий ч өнөөдрийг хүртэл барилгын ажил нь дуусаагүй байна. Энэ барилгыг баригдаж эхлэхэд хорооны иргэд баярлаж, хүүхдүүд нь цэцэрлэгт хамрагдах нь гэж бодсон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл  ажил нь зогсонги байгаа нь гэрээ хийсэн компанийн  буруугаас үүдэлтэй гэдгийг шүүмжиллээ. Хотын дарга хариуцлагагүй, хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй байгаа газруудтай хамтран амжиллах гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээг авна гэдгийг “Асар өргөө” ХХК-ийн удирдлагуудад санууллаа. Түүнчлэн шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг дуусгах үүрэг өглөө.  Чингэлтэй дүүрэгт өрнөж байгаа бүтээн байгуулалт болон  хот тохижилтын ажил, тулгамдсан асуудалтай  хотын дарга С. Батболд газар дээр нь  танилцаад зогсохгүй тус дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийн сонсож,  нийслэлийн засаг даргын тамгын газраас хийж, хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрээ танилцууллаа хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
таныг дэмжигч(103.10.22.102) 2017 оны 05 сарын 11

сайхан л юм шиг хэн мэдэх юм

0  |  0
Top