Иргэдийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх үүрэг өглөө

2017 оны 05 сарын 13

Хотын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн  43 жилийн түүхтэй “Эрдмийн өргөө-58” дугаар сургуульд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Дүүргийн тэргүүний цогцолбор  сургууль нь хичээлийн гурван байртай аж. Нэгдүгээр байр 1986 онд, хоёрдугаар байр 2001 онд Японы “Өвсний үндэс” төслөөр, гуравдугаар байр нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2015 онд тус тус ашиглалтад орсон байна. Сургуульд дүүргийн 15, 16, 17-р хороо, 19-р хорооны Шарга морьт, Гоодой, Санзай, Хуурай мухар, Баянбулаг, Майхан толгой, Хандгайтын 3000 орчим хүүхэд суралцдаг аж.

“Нийт багш нарын 60 хувь нь мэргэжлийн зэрэг цолтой. Боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнээр багш, сурагчдын хөгжлийг хангахын хамт хүүхдийн номын  ордон, тохилог халуун ус, үсчний газрыг тохижуулан хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй  орчинг бүрдүүлэн ажилладаг.

Түүнчлэн БНСУ-ын “WITH” ТББ-ын хөрөнгө оруулалттай олон улсын НАССР систем нэвтэрсэн Монголын анхны жишиг сургуулийн гал тогоотой. Сургуульд анхны  хоолзүйчийг  ажиллуулж сурагчдад эрүүл аюулгүй шим тэжээлээр баялаг хоолоор үйлчлэхийн зэрэгцээ  ШУТИС-ийн оюутнуудын шим тэжээл судлалын лаборатори болдог. Үдийн халуун хоол хөтөлбөрт 1648 сурагч хамрагдаж байгаа” хэмээн захирал Д.Болд сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулсан юм.

Сургуулийн танилцуулгын дараагаар хотын дарга С.Батболд Сүхбаатар дүүргийн захын хороодын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, энэ жил нийслэлд хийх ажлаа танилцуулсны зэрэгцээ тэдний санал хүсэлтийг сонсов. Иргэдийн дийлэнх нь гэр хорооллын дахин төлөвлөлт, гудамж талбайн тохижилтын асуудлыг хөндөн ярьж, шийдвэрлэж өгөхийг хүсч байсан юм. Тэдний асуусан асуултад холбогдох албаныхан тодорхой хариулт өгсөн бөгөөд нийслэлийн Засаг дарга харьяа газар, агентлагын дарга нарт иргэдээс ирсэн санал, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж байхыг үүрэг болгов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Сүхбаатар дүүрэгт ажилласныхаа дараа “Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Тус дүүргийн дийлэнх хэсэг нь хотын төвд байдаг. Хотын төв хэсэгт байрладаг хороод нь дахин төлөвлөлтөд хамрагдсан. Тиймээс өнөөдөр тус дүүргийн иргэдийн хувьд дахин төлөвлөлттэй холбоотой асуудлыг их хөндөн асууж байна. Сүхбаатар дүүрэгт анх удаа дахин төлөвлөлтийн шинэ концепц буюу Сервес центр бүхий нам давхрын орон сууц барих асуудлаар иргэдтэй уулзаж ярилцлаа.

Үүнийг иргэд маш эерэгээр хүлээж авч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц удаашралтай байгааг иргэд хэлж байна. Бид газар дээр нь ирээд үйл ажиллагаатай нь танилцаад үүрэг өглөө. Энэ мэт ажиллах юм бол “Цэлмэг ази” ХХК-ийн гэрээг цуцлах асуудпыг хөндөж ярилцана гэдгээ хэллээ. Иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар дүүргийн эмнэлгийнхэнтэй ярилцлаа. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь менежментийн гэрээгээр ажилладаг. Энэ гэрээний асуудлыг шийдэж, хувьчлалын асуудлыг нэг тийш нь болгож өгөх хүсэлт тавьсан. Үүнд бид гэрээг нь хараад үнэхээр иргэдэд үйлчлэх үйлчилгээ, чанарт ахиц гарсан байвал энэ асуудлыг шийдэхэд ямар ч асуудалгүй гэж үзэж байгаа. Түүнчлэн захын хорооллын иргэд автобусны эцсийн буудлыг сунгах, гудамж, талбайн тохижилт хийх, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх зэрэг асуудлыг ярьж, санал хүсэлтээ  хэлсэн. Үүнийг бид шат дараатай ажил хийж хэрэгжүүлж шийдэх болно” хэмээв.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Хотын дарга өнөөдөр манай дүүргийн нэлээд асуудал үүсгээд байгаа гол гол газарт ажиллалаа. Энэ онд өмнөх жилүүдэд хийж байсан хөрөнгө оруулалтын ажлуудыг үргэлжлүүлээд хийнэ. Тэр дундаа ногоон байгууламжийг байшин хорооллуудад түлхүү хийхээр төлөвлөсөн. Гэр хорооллын гэрэлтүүлгийг бүрэн шийдэхээр зорилт тавин ажиллаж байна. Гэрэлтүүлгийг 100 хувь шийдсэний дараа камержуулалтын ажлыг эхлүүлнэ. Учир нь гэрэлгүй газар камержуулалтын ажил хийгээд ямар ч нэмэргүй. 2020 он хүртэл Сүхбаатар дүүргийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Сургууль цэцэрлэгийн хувьд хотын даргын 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн дагуу бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгохоор зорилт тавин ажиллаж байна. Манай дүүрэгт сургууль, цэцэрлэггүй 4 хороо бий” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top