Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зохион байгуулсан бөгөөд захирал Ц.Сонгууль болон сургалтын албаны дарга С.Мөнхбат нар сургуулийнхаа талаар товч танилцууллаа.
Налайхын МСҮТ нь бүсийн хэмжээндээ тэргүүлдэг бөгөөд Политехник коллеж, МСҮТ-үүдийн дунд улсын хэмжээнд зарлагддаг ерөнхий эрдмийн болон мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцдог юм. Тус сургуулийн барилгын цахилгааны ангийн суралцагч Л.Төгөлдөр "Монгол ур чадвар" улсын уралдаанд тэргүүн байр эзлэж Монгол Улсыг төлөөлөн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болох дэлхийн ур чадварын уралдаанд оролцох эрхээ гардан авч сонгон шалгаруулалтанд бэлдэж байгаа байна. Тиймээс Ц.Сонгууль захирал байгууллагын дарга нарыг тус багш Ж.Уранцэцэг, оюутан Л.Төгөлдөр нарт урам хайрлаж, туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.
Үүний дараагаар өнгөрсөн 14 хоногийн шуурхай зөвлөгөөний биелэлийг ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяа танилцууллаа. Өнгөрсөн удаад 6 чиглэлээр үүрэг даалгавар өгөгдсөн бөгөөд биелэлт 90 гаруй хувьтай байна. Тухайлбал бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, энэ ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалтын зурваст нөхөн тарилт хийж 53 байгууллага 1500 ширхэг хайлаас, шар хуайс модыг тарьж суулган усалгаа хийсэн ба 4 аж ахуйн нэгж, 100 өрх, 1877 иргэн хамрагдаж, 4011 мод тарьжээ.
Мөн уламжлал ёсоор Эрүүл мэндийн нэгдлийн дарга Л.Байгаль 14 хоногийн өвчлөлийн Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Баттөгс нар хэв журам, нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн юм. Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр хэлэхдээ: “Дүүрэгт гэмт хэргийн гаралт харьцангуй буурсан үзүүлэлттэй гарсан хэдий ч согтуугаар болон эрхээ хасуулсан жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодох нь их байна. Иймд нийслэлийн Цагдаагийн газартай ярьж байгаад түр хугацаанд цагдаа нараа сэлгэн ажиллуулах бодолтой байна” гэсэн юм.
Үүний дараагаар Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэлээ.
Энэ жилийн хүүхдийн баярыг нийслэлийн нэгдсэн баярын өмнөх өдөр буюу 05 сарын 31-ны өдөр зохион байгуулах бөгөөд зам засварын ажилтай холбогдуулан нэгдсэн ёслолын парадыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн талаар танилцуулав. Мөн хороодод хуваарийн дагуу хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах юм. Үүний дараагаар Дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү мэдээлэл өгөхдөө: “Галлагааны улирал дууссан. Бид засвар үйлчилгээний ажилд эртнээс орохоор бэлдэж байна. Энэ зуны туршид хэрэглээний халуун ус өгөхөөр бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Зас засварын ажилтай холбоотойгоор хэсэг хугацаанд тасарна. Айл өрх, албан байгууллагуудаас 400-аад сая төгрөгийн өр авлага үүссэн. Тиймээс зарим өртэй байр, орцны хэрэглээний усыг таслаад байна” гэсэн юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өндөр зохион байгуулалттай зохион байгуулах, худалдаалагдаж буй хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, цагдаагийн байгууллага хамгаалалтыг зохион байгуулах, хог хаягдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх аян дуусаж байгаатай холбоотой 05 сарын 27-ны бямба гаригийн их цэвэрлэгээнд бүх байгууллагууд хариуцлагатай, өргөн хүрээтэй ажилтан, албан хаагчдаа хамруулах, АТБӨЯХ-ийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа /6-р сарын 1-ны дотор/ дүүрэгт бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж дуусгах зэрэг үүрэг даалгавар өглөө гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )