Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороонд хүрч ажиллах зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллалаа. Тэд хамгийн эхэнд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн захиргааны албан хаагчидтай уулзсан юм.
Тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хотын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн болон УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч, Баянгол дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал нарыг хүлээн авч, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Манай дүүргийн хувьд бүх төсөл төлөвлөгөөт ажил нь бэлэн байдаг учраас шийдвэрлэхэд амар байдаг. Тиймээс өнгөрсөн 7 хоногт дүүргийн хэмжээнд байгаа бүх чингэлгийг зөөж, газар чөлөөлөх ажлыг төлөвлөж байна. Баянгол дүүрэг нь мөн эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь шийдэж байгаа ганц дүүрэг юм. Иймээс “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд иргэдийн санал хүсэлтийг сонсч, асуудлыг шийдвэрлэн 4000 айлыг орон сууцжуулах боломж бүрдэж байна” хэмээлээ. Түүнчлэн Баянгол дүүргийн удирдлагууд өнгөрсөн сард хороодоор явж, үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй нь танилцсан байна. Энэ ажлын хүрээнд хороодод тулгамдаж байгаа асуудлуудыг эрэмбэлжээ. Тиймээс Засаг дарга С.Одонтуяа хороодод тулгамдаж буй асуудлуудаас нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй ажлуудыг өнөөдрийн уулзалтаар холбогдох албаны хүмүүст мэдэгдэж, асуудлыг шийдвэрлэхийг хүсэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Баянгол нь Улаанбаатар хотын томоохон дүүргүүдийн нэг. Энэ дүүргээс бид хотын төв хэсгийн өнгө зүс, нүүр царайг, олж харж болно. Мөн гэр хорооллын хэсгийг ч харж болно. Тиймээс Баянгол дүүргээс хотын дүр зургийг жижиг хэлбэрээр нь олж харах боломжтой. Дүүргийн нүүр царай ямар байхаас шалтгаалан нийслэлийн өнгө төрх ямар байх нь шалтгаална. Мөн уг дүүрэгт Ардчилсан нам ялсан байгаа. Тэгэхээр дүүргийг ямар намын, хэн удирдаж байгаагаас үл хамааран бидний зорилго нэг байх учиртай. Энэ бол хотын хөгжлийн асуудал. Тиймээс бид нэг зорилго, чиглэлээр ажиллана. Нийслэл нь Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь, эдийн засгийн үзүүлэлтийн 60-70 хувийг эзэлж байгаа юм.
Хотын хөгжил, статус ямар байхаас хамаараад Монгол Улсын хөгжлийг тодорхойлно. Тиймээс хотын эрх зүйн байдлыг шинэчлэх ёстой гэж бодож байгаа. Хуулийн шинэчилсэн найруулга ойрын хугацаанд УИХ-д өргөн баригдах байх гэж найдаж байна. Өнөөдөр захиргааны албан хаагчидтай уулзаж байгаа учраас би та бүхнээс хариуцлага нэхнэ гэдгээ албан ёсоор хэлье. Төрийн захиргааны байгууллага, албан хаагчдын нэг гол дутагдал иргэдийнхээ, нийгмийнхээ гүнд орж ажиллахгүй байгаа явдал.
Дөрвөн хананы дунд суугаад нэгэн рүүгээ бичиг цаас шидэлцээд, мөнгө, санхүү багагүй зарцуулдаг хэрнээ тэр нь үр дүн багатай байна. Төрийн захиргааны шинэчлэлийн хүрээнд албан хаагчид амьдрал дунд орж ажиллах хэрэгтэй. Энэ асуудлыг би дүүрэг бүрийн захиргааны албан хаагчдад хэлж байгаа. Саяхан Орон нутгийн хөгжлийн сангаас хийх ажлын жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтыг НИТХ-ээр мөн баталсан. Эдгээр төслүүдийн ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтраад уялдаа холбоотой хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцлов.
Энэ жил жил Баянгол дүүрэгт нийслэлийн төсвөөс 7 тэрбум 356 сая , улсын төсвөөр 4 тэрбум 400 сая, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас 1 тэрбум 359 сая төгрөгийн хөрөнгө оруулалт зэрэг нийтдээ 21 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Баянгол дїїргийн Гэмтэлийн араас доошоо уруудсан замыг мод ч їгїй євч їгїй хоосон замын хооронд байгаа талбайгзїлэгжїїлэх эсвэл багасган замыг нэг урсгал нэмэн тїгжрэлийг нь багасгамаар байна шїї