Налайх барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн ажил эрчимжинэ

2017 оны 05 сарын 26

Өнгөрсөн 7 хоногт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийсэн. Энэ үеэр “Дахин Улаанбаатарт нэмж нэг ч барилгын материалын үйлдвэр байгуулахгүй гэсэн бодлого барьж байна. Тиймээс Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлж, төслөө өгөөд байгаа үйлдвэрүүдийг эхнээс нь үйлдвэрээ байгуулж эхлэхийг үүрэг болгосон. 

Энэ хүрээнд 05 сарын 25-нд буюу өнөөдөр НБМҮТП-д байршиж үйл ажиллагаа явуулах хүсэлтээ ирүүлсэн үйлдвэрүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтанд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, БХБЯамны барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Цэрмаа, Нийслэлийн үйлдвэр инновацийн газрын парк хариуцсан мэргэжилтэн Ц.Төмөрбаатар, НБМҮТП-ын дарга С.Батжаргал болон 12 үйлдвэрийн төлөөлөл оролцсон томоохон уулзалт боллоо.

Уулзалтаар барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвлөлт болон үйлдвэрүүдэд тавигдах ерөнхий шаардлага болон төслөө ирүүлсэн зарим үйлдвэрийн талаар мэдээлэл солилцлоо.

Төлөвлөлтөөр энд жижиг дунд үйлдвэрлэлийн бүс, ханын материал үйлдвэрлэлийн бүс, үйлдвэр үйлчилгээний бүс, ган хийц эдлэлийн үйлдвэрийн бүс, инженер хангамжийн бүс, тээвэр ложистикийн бүс, төмөр битон хийц эдлэлийн бүс, олон нийт үйлчилгээний бүс гэсэн үйлдвэрийн хэсгүүдтэй байх бөгөөд энд байгуулах үйлдвэрүүд нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх, тухайн үйлдвэрийн 30 хувьд ногоон байгууламж байгуулах зэрэг хэд хэдэн шаардлага тавьж байгаа юм. Одоогийн байдлаар энд 40-өөд үйлдвэр, үйлдвэр байгуулах саналаа өгснөөс 15 үйлдвэр нь төслөө ирүүлсэн байна. 

НБМҮТП байгуулах ажлыг санаачилж, олон жил энэ асуудлыг хөөцөлдөж яваа Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы хэлсэн үгэндээ: "Энэ парк байгуулагдсанаар дүүрэгт төдийгүй, нийслэл, улсын эдийн засаг, хөгжилд маш том хувь нэмэр орох юм. Налайх дүүрэгт дэд бүтцийн асуудал үе шаттай шийдвэрлэгдэж байна. Улаанбаатар-Налайхыг холбосон 4 эгнээ, 2 урсгалтай авто замын ажил удахгүй эхэлнэ. Мөн Богд хан төмөр замын төслийн хүрээнд ҮТП-ыг дэмжих, үйлдвэрүүд, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төмөр замыг Налайхыг дайруулан барихаар төлөвлөн ажиллаж байна. Үүнийг дагаад дүүргийн хөгжил хамт явах ёстой. Нэн тэргүүнд үйлдвэрүүд дүүргийн иргэдийг ажлын байраар хангах, сургаж дадлагашуулах, МСҮТ, Герман Монголын АМТИС-тай хамтран ажиллах ёстой" гэлээ. 

Энэ үеэр МУЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Богд хан төмөр замын төсөл Налайх барилгын материалын үйлдвэрлэл технологийн парктай хэрхэн уялдах талаар УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар танилцуулга хийж, мэдээлэл хүргэлээ. 

Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ажиллаж эхэлснээр 2020 он гэхэд үйлдвэрлэлийн өсөлт Улсын хэмжээнд барилгын материал үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэх юм. Мөн тооцооллоор зөвхөн үйлдвэр технологийн паркийн хэмжээнд 1500 гаруй ажлын байр шинээр бий болох юм.

Ингэснээр барилгын өртөг буурна, хотын төвлөрлийг сааруулахад нөлөө үзүүлнэ, Налайх дүүрэг хот болон хөгжих эдийн засгийн үндэс суурь бүрдэнэ гэж үзэж байна. 
Эхний ээлжинд дэд бүтэц шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой хэв хашмал дахин боловсруулах үйлдвэр, өнгөлгөөний тоосгоны үйлдвэр, шил, шилэн хийц эдлэлийн үйлдвэр, дулаалгын материалын үйлдвэр, метал хийц эдлэлийн гэсэн 5 үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top