Дэлхийн II дайны өмнө Сталинд бичсэн Гитлерийн НУУЦ захидал

2017 оны 05 сарын 30

Энэ захианы тухай хамгийн анх И.Буничийн түүхэн романд өгүүлсэн байдаг. Германы Фюрер 1941 оны 5-р сарын 14-нд Сталинд захиа бичиж, ЗХУ-ын хилийн ойролцоо цэргээ байршуулсан нь үнэн хэрэгтээ Английн эсрэг дайтах гэж байгаатай холбоотой гэж тайлбарлажээ. Тэгэхээр 1941 оны зун ЗХУ-ын Улаан арми сүйрсэн шалтгаан нь Гитлерийн энэ захиатай холбоотой бололтой. Гитлерийн захиаг бүрэн эхээр нь танилцуулъя.

Хүндэт ноён Сталин.

Английг төр улсын хувьд бүрмөсөн устгахгүйгээр та бидний болон ирээдүй үеүдийн хувьд бат бөх энх тайвныг Европт тогтоох боломжгүй гэсэн эцсийн шийдвэрт хүрсэн мөчид би энэ захиаг танд бичиж байна. Таны сайн мэдэж байгаачлан би энэ зорилгодоо хүрэхийн тулд цэрэг дайны цуврал ажиллагаа явуулах шийдвэрийг аль хэдийн гаргасан билээ. Гэхдээ эцсийн тулааны цаг ойртох тусам надад улам олон асуудал тулгарсаар байна.

Германы ард түмэн ямар ч дайнд таагүй ханддаг, тэр тусмаа Английн эсрэг дайнд. Яагаад гэвэл Германы ард иргэд англичуудыг ахан дүүсийн барилдалгаатай ард түмэн гэдэг учраас хоорондоо дайтахыг эмгэнэлт үйл явдал хэмээн үздэг. Би ч бас тэгж боддогоо нуухгүй. Англичуудын цэрэг армийн өнөөгийн нөхцөл байдлыг бодолцоод би хүмүүнлэг нөхцлөөр найрамдахыг Англид нэг бус удаа санал болгож байсан. Гэтэл миний энхийн саналд өгсөн доромжилсон хариултууд, мөн англичуудын цэргийн үйл ажиллагаагаа байнга тэлж, энэ дайндаа бүх дэлхийг татан оруулах гэсэн эрмэлзэл нь арлуудад /Английн/ халдан орж, энэ улсыг бүрмөсөн бут цохихоос өөр аргагүй гэдэгт намайг итгүүллээ. Гэхдээ Английн тагнуул “ахан дүүсийн барилдлагаатай ард түмэн”-ий сэдвийг өөрийн зорилгод овжин ашиглаж, түүнийг суртал ухуулгадаа нэлээд амжилттай хэрэглэх болсон. Иймээс арлууд руу довтлон орж, эзлэх гэсэн миний шийдвэрийг эсэргүүцэх үзэл санааг Германы нийгмийн олон давхарга, түүний дотор төр ба цэргийн удирдлагын дээд түвшний зарим төлөөлөгч өвөрлөж явна.

Миний орлогчдын нэг ноён Гесс /миний бодлоор тэр хэт ядарсны улмаас ухаан солиорсон байх/ Лондонд очин, ядаж л өөрийн итгэмээргүй алхмаар англичуудыг эрүүл саруулаар дахин бодож үзэхийг уриалсныг Та аль хэдийн мэдэж байгаа байх. Надад ирсэн мэдээллээс үзэхэд иймэрхүү санаа бодол, хандлага миний армийн зарим генералд ч байгаа. Ялангуяа Англид сурвалжит хамаатан садантай, эртний нэгэн язгуур угсаа, гаралтай хүмүүс иймэрхүү бодол агуулж байна. Үүнтэй холбоотойгоор би дараах нөхцөл байдалд сэтгэл түгших боллоо. Дайсны нүд, нисэх хүчнээс хол газарт довтлох цэрэг армиа бүрдүүлж буйтай холбоотойгоор, тэрчлэн Балканд явуулсан саяхны ажиллагааны улмаас миний армийн олон тооны, 80 орчим дивиз ЗХУ-ын хил дагуу байгаагаас бидний хооронд цэргийн зөрчил үүсч магадгүй тухай өнөөгийн энэ цуу яриа дэгдсэн бололтой.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top