XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон Монгол хүн

2017 оны 06 сарын 08

Амжилтын түүхийг бичиглэн үлдээх "Зиндаа" сэтгүүл дугаар бүртээ 50 онцлох амжилт, үйл явдлыг нэрлэдэг ажээ. Монголын гэрэл гэгээтэй, амжилт ялалттай түүхийн нэг болж, дурсагдан үлдэх 50 гол амжилтаар ямар ямар үйл явдал, хүн нэрлэгдэж вэ? Энэхүү 50 мэдээг уншигч танаа цувралаар өдөр бүр хүргэхээр боллоо. Амжилт бүрийг алдаршуулъя.

Дэлхийн Шинжлэх ухааны Академийн гишүүн, академич Х.Намсрай тэргүүтэй эрдэмтэд эрин зууны гэхээр нээлт хийсэн нь дурын тооноос интеграл авах гайхамшигт томьёонуудыг олжээ. Физик, математикийн алинд нь ч хэрэглэгдэх эл нээлт нь дэлхийн шинжлэх ухаанд "Намсрайн интеграл" хэмээн нэрлэгдэх аж. 

Академич Х.Намсрай ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргасан эрдэмтэн хүн. Тэрээр бичил буюу микро ертөнцийг зураглан бичдэг квант механик, квант орны онолд математик тооцооны хувьд тохиолддог хүндрэл бэрхшээлийг арилгах арга замыг нээсэн байна.

 

Академич Х.Намсрай шинжлэх ухааны салбараас Чингис хааны одон авсан анхны эрдэмтэн. Физикийн шинжлэх ухаантай хагас зуунаар холбогдсон тэрээр Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх бөгөөд 1968 онд Москвагийн их сургуулийг төгссөнөөс хойш эрдэм шинжилгээний ажилд шамдан амьдралынхаа ихэнх цагийг судалгааны ажилд зориулжээ.

Түүний бүтээл дэлхийн олон орны ном, сэтгүүлүүдэд хэвлэгдэж, эрдэм шинжилгээний ажлын гол үнэлгээ болсон ишлэлийн 6 гэсэн өндөр рейтинг авч байсан. Онолын физикийн салбарт "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт", "Намсрайн арга, схем", "Намсрайн хязгаарлалт" гэсэн нэр томъёо гарсан нь түүний бүтээлийг дэлхийн мэргэжил нэгт эрдэмтэд, судлаачид хүлээн зөвшөөрч буйн илрэл юм.

Тэрээр хөгжиж буй орны Дэлхийн Академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Англи улсын Кэмбриж хот дахь Шинжлэх ухааны мэдээллийн олон улсын институтийн шалгаруулалтаар XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон билээ. Мөн онолын бүтээлүүдийг туурвихын зэрэгцээгээр эх орныхоо боловсрол мэдлэгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, нийт 21 ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлж олны хүртээл болгожээ.

Математикийн салбарт Интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан байна. Түүний эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл нь дэлхийн олон улсад хэвлэгджээ. Тэрээр ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжлэх ухааны нэгдсэн институт, АНУ-ын Сиракусын их сургууль, Английн Лондоны их сургууль, Швейцарь улсын Женев хот дахь Европын цөмийн шинжилгээний лаборатори, Герман улсын Хайдельберг,Гамбургийн их сургууль, Италийн Триест хот дахь Олон улсын онолын физикийн төв зэрэг газруудад ажиллаж байжээ.

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top