Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр /2017.06.20/ БНХАУ-ын Тяньжин хотын Худалдааны хорооны дэд дарга Жү Вейшаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, Улаанбаатар худалдааны танхимын ТУЗ-ын гишүүн Ч.Ганхуяг, Тяньжин худалдааны хорооны хэлтсийн орлогч дарга Жөү Ли болон холбогдох албаны хүмүүс байлцав.
Хоёр хот 1992 оноос хойш найрамдалт харилцаа тогтоон өнөөдрийг хүртэл харилцан туршлага солилцож, хамтран ажилласаар ирсэн байна. Хотуудын цаашдын харилцаа холбоог хэрхэн шинэ шатанд хүргэж, хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, холбоог хэрхэн дэмжиж өгөх талаар талууд санал солилцсон юм.
“Улаанбаатар хотын эдийн засаг, бизнесийн зүгээс хамгийн их тулж ажилладаг байгууллага бол Улаанбаатар худалдааны танхим байгаа. Монгол улс, Хятад улс хоорондын худалдааны харилцаа маш өндөр хэмжээнд байдаг. Бид өөрийн улсаас гаргадаг бараа бүтээгдэхүүн болоод үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн Хятадаас авахаас гадна өндөр технологиудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх, Монголын аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд Тяньжин болон бусад том эдийн засгийн бүс хотуудын оролцоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Улаанбаатар худалдааны танхимын ТУЗ-ын гишүүн Ч.Ганхуяг хэллээ
Жү Вейшан “Хоёр хотын найрамдалт харьцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгаад баяртай байна. Бид Тяньжин хотын ЗДТГ-ыг төлөөлж ирсэн. Хоёр хотын цаашдын хамтын ажиллагаа, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэн хамтран ажиллах талаар санал солилцохоор ирээд байна. Засгийн газраас хамтран ажиллах үйл ажиллагааг дэмжин, баталж өгснөөр худалдаа наймаа, хөрөнгө оруулалт зэргийг хоёр хотын бизнес эрхлэгчдэд нээж өгөх боломжтой болно. Мөн та бүхний хэлсэн хамтын ажиллагааны талаарх саналууд тун боломжийн санагдаж байна. Хамтран ажиллах боломж бий. Хоёр улсын Засгийн газар, хотын захиргаа, бизнес эрхлэгчид хамтран ажилласнаар хамтын ажиллагаа маш хурдацтай хөгжинө гэж бодож байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )