Сонгуулийн үеэр уран бүтээл хийх осолтой буюу “Уяач “ киноны угшил

2017 оны 06 сарын 21

Сонгууль болгоны үед л сонин хөгжилтэй тохиолдол гардаг. Жишээ нь: Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох анхны сонгуулийн эхэн үед нийслэлд нэгэн халамцуу эр нэр дэвшигчийг эндүүрэн өөр хүн тэвэрч аван инээдэм болж байв. Тэрбээр Сүхбаатарын талбай дээр алхаж явсан сэтгүүлч Цогийн Түдэв гуайд баяр хүргэн тэвэрч аваад үнсэж үнгэн сүйд болж билээ. Мань эр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн эрдэмтэн зохиолч Л.Түдэвтэй амьдааг нь эндүүрч хөглөсөн нь тэр.

Социализмын үед АИХ-ын депутатаа сонгох сонгуульд говийн нэгэн сумын сонгогчид саналаа бараг бүгд л өгөөд байв. Үдэш хуулийн хугацаат цаг дөхөөд саналын хайрцгаа хаах гэтэл нэгэн сонгогч саналаа өгөөгүй байжээ. Тэгээд сонгуулийн комиссынхон болон сумын дарга нар сандарч тал тал тийш эрлийн хүмүүс  томилжээ. Нутгийнхан хүнээ мэдэх бас газар байршлын баримжаа таамаг сайтай тулдаа эрлийн нэг хэсгийн нөгөө сонгогчийг  мухар ганганд согтуу хэвтэж байхыг олон арай гэж цагтаа амжуулан “хүчээр “ санал өгүүлэн санаа амарцгаасан гэдэг. Тэр сонгуулиас хойш сонгууль болохоор л нөгөө эрийг мотоцикльтой хүнээр авахуулан заавал  үдээс өмнөдөө саналыг нь өгүүлдэг болсон байна. Сонгуулийн иймэрхүү хүндэт зочин тэр үед бас өөр аймаг сумд мэр сэр байсан гэдэг. Энэ бол өмнөх зууны сонгуулийн сонин.

Энэ зууны нэг сонгуулиар тохиолдсон өөр нэгэн хөгжилтэй явдлын талаар сэтгүүлч ,зохиолч Б.Галаарид ингэж өгүүллээ. “ 2012 оны УИХ-ын сонгууль ид халуун дээрээ байх цаг дор "Сэмүүн" студийн Баяр бид хоёр Ховд аймаг руу нислээ. Уяачдын тухай, морь уях монгол эрдмийн тухай нэг сайхан баримтат кино хийнэ гэж ярьсаар "хувьсгалын тохироо" сая нэг юм бүрдээд ийнхүү яаравчлан ниссэн хэрэг. Ховдод голдуу л таньж мэддэг хүмүүс нэр дэвшжээ. Сонгуулийн халуурал, синдром ид гаарч байна. Бид хоёр улстөрөөс жаахан цэрвэмхий болохоор аймгийн төвөөс бушуухан холдож, Ховд голын хойт биед гаран майхан сэлт босгож, хөлөө голын усанд дүрсэн шигээ, ганц нэг уяач дуудан хууч хөөрсөн шигээ нэг өдрийг үдэв. Мянгадын уяач, их сайхан хуучилдаг хөгшин бид хоёрын яриа нийлж байгаа гэж жигтэйхэн. Маргаашийн мандахын улаан нарнаар уяач өвгөний яриаг бичихээр тохирч, өөр уяач байвал дагуулаад ир хэмээн уран бүтээлч хүний өлөн зангаар Ховд нутгийн уран бүтээлч андуудаа "зовоож", тэд маань ганц хоёр лонх шар айраг "зовоож", сонгуулиас даанч хол сэдвээр "буу халцгаав".

Ховд голын хөвөөнд ийнхүү нэгэн шөнийг өнгөрөөгөөд өглөө нь камер сэлтээ бэлдэн ярилцлага өгөх уяачаа хүлээтэл ирсэнгүй. Өөр хүн ч ирсэнгүй. Үд өнгөрч байтал манай хэдэн найзуудын нүд нь орой дээрээ гарчихсан давхиж ирлээ. "Цаана чинь сүйд болж байна. Ардчиллынхан голын цаана майхан босгочихсон, уяачдыг дуудан уулзаж байна гээд бөөн хэл ам. Аймгийн уяачдын холбоо мэдэгдэл гаргасан. Аймгийн МАН-ынхан АН-ынхандаа эсэргүүцэл илэрхийлсэн байна" гэж дуулгав. Уяач өвгөний ирээгүйн учир тодорхой боллоо. Аймаг тойрсон хэдэн уяачдаас яриа авчих санаа маань бүтэхгүй, аягүй бол улстөрийн хэрүүл болох шинжтэй. Би ийм хөгийн улстөржилтөөр далимдуулж "Танай Ховдынхон үнэхээр хошин шогчид юм аа" хэмээн нөгөө муу "Сэмүүн" Баярыгаа үгээр идээстэй, Баяр маань үс нь сэгсэлзэж, сахал нь сөрвийж ирээд бас үгийн хариу бариатай. Хэсэг зөвлөсний эцэст Хар ус нуурын хөвөөнд байгаа уяачдын гал дээр очихоор шийдэв.

Тэнд цөөвтөр хоног шумуултай байлдан "ялаархсан" бидэн хоёр зураглаачдаа уяачдын галд үлдээгээд нийслэл хотруу буцахаар Ховдод эргэн ирлээ. Сонгуулийн хаалтын шоу болоод энд тэндгүй туг далбаа, дуу хуур, хөл хөдөлгөөн болж байна. Баяр бид хоёр дахиад л олны хөлөөс дайжин голын хөвөөнд хонохоор майхан пүүгээ, тогоо шанага боллоо. Тэр оройжин бидний дэргэдүүр төрөл бүрийн машин тэрэг эргэлдэж, хүмүүс нь бууж ирэхгүй мөртөө үе үе гэрэлтүүлж түвэг болоод олигтой амраасангүй. Энэ хүмүүс дээр хэн хэн ирж очиж байна, мөнгө тараах нь уу үгүй юу гэхчлэн хардацгааж байсныг нь бид хэзээ хойно ойлгож, мэдсэн бол муу шаарнуудаар үхтэл нь тоглодог байж хэмээн бөөн инээдэм болж билээ. 

Маргааш нь төвийн нэлээд хэдэн сэтгүүлч онгоцонд хамт суулаа. Дандаа л сонгуульд ажилласан хүмүүс гэнэ. "Аяллын цаг"-ийн Г.Бадамсамбуу явж байна. Хэний ч гэлээ сонгуульд явсан юм байх. Мань эр асууж байна аа.

-Та хоёр сонгуульдаа юу?
-Үгүй ээ,үгүй. Уяачдын тухай нэг кино хийх гээд л явж байна.
-Пөөх, наадах чинь нээрээ их гоё үг байна шүү. Уяачдын тухай гэж...
Мань хүн бид хоёрыг сонгуулийн үеэр уран бүтээл хийх гээд тэр хол явж байна гэдэгт итгэсэнгүй. Баяр маань сүүлд нь "Уяач" гээд сайхан кино хийсэн. Сайн ч бүтээл болсон. Би харин цаг завгүйн улмаас дуустал нь хамт ажиллаж чадаагүй ч бүтээх явцад нь хэд хэдэн удаа хошуу нэмсээн. Хамгийн гол нь сонгуулийн үеэр уран бүтээл хийх осолтой гэдэг сургамжтай үлдсэн. Сонгууль ч ер нь хүнийг ховонд амархан хутгаж мэдэх золиг шүү. Энэ түүхийг эргэн санах бүртээ "Би мөн тэнэг хүн шүү. Сонгууль өнгөрөөгөөд л явахгүй" гэж өөрийгөө шоолдог билээ гэж тэр нэгэн  хөгжилтэй бас сургамжтай явдлын гол баатарын нэг  сэтгүүлч, зохиолч  Б.Галаарид анд маань нэгэнтээ яриагаа дуусгасан юм .

Нээрэн ид сонгуулийн үед ямар нэгэн уран бүтээл хийнэ гээд олны дунд явна гэдэг хэцүү байх шүү. Кино хийхээр Ховдод очсон манай хоёр уран бүтээлчийн дээрх явдал нөхөддөө сургамж болох биз. Хэдийгээр тухайн үедээ  бүтэл муутай ч тэр үйл явдал “Уяач “ киноны нэгэн угшил эхлэл болсон нь байх аа.

                                                                    Ц.Тавилан

                                                                www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top