СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижууллаа

2017 оны 06 сарын 29

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны тохижилтын хүрээнд эмнэлгүүдийн гаднах талбайн тохижилт, автозамыг өргөтгөх ажлыг шат дараатайгаар хийж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах тохижилтын ажил өнөөдөр дуусч, нээлтийг хийлээ. 

Тус эмнэлгийн гаднах тохижилтын ажлыг өнгөрсөн сарын дундуур эхлүүлсэн бөгөөд 376 м2 асьфалтан хучилт, 962 м2 эко хавтан хучилт, 640 м2 чулуун зам хийж, авто замыг өргөтгөн тусгай зориулалтын 6, энгийн 60 автомашины  зогсоол бий болгожээ. Мөн 2030 м2 газарт ногоон байгууламж, 181 м талбайд хайлаас, 780 м2 газарт явган зам тавьж, 32 цэгт гэрэлтүүлэг, амрах  талбай бүхий тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн гаднах иж бүрэн тохижилтын ажлын нээлтийн үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гаднах талбайд ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн эмнэлэг бол бидний энэ жилийн 4 дэх ажил. Тун удахгүй ГССҮТ-ийн гаднах талбайн тохижилтын ажил дуусч, нээлтийг хийх болно. Ирэх намар бид Хавдар судлалын үндэсний төвийн гаднах талбайг иж бүрэн тохижуулж дуусна. Ерөнхийдөө 2017 онд томоохон 6 эмнэлгийн гаднах тохижилтыг иж бүрнээр хийж байгаа юм. Ийнхүү эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд таатай орчинг бүрдүүлж, уур бухимдалгүйгээр эрүүл мэндийн тусламж авах боломж бүрдүүлж байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top