Иргэдэд аж ахуй эрхлэлтийн анхан шатны мэдлэг олголоо

2017 оны 07 сарын 05

Тариалалтын технологи, аж ахуй эрхлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгууллаа. Сургалтын зорилго Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г иргэд олон нийтэд таниулах, арга хэмжээний танилцуулга, хэрэгжилтийн мэдээ, мэдээллийг хүргэх, тариалсан хүнсний ногоогоо арчлах, тарих арга аргачлалд сургах анхан шатны мэдлэг олгох, хөтөлбөрт хамрагдаж буй иргэдийг чадавхжуулахад оршиж байгаа юм. Тус сургалтад нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр болон бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамрагдсан иргэд оролцов.

Сургалтын үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Нийслэлин Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ дагуу бид бүхэн ард иргэд, айл өрхүүдийн дунд судалгаа явуулсан байгаа. Уг судалгаанд үндэслээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 100 га газарт иргэдэд тариалалт хийж өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Өрх бүрийн амьжиргааг дэмжихийн тулд уг төсөлд 6 дүүргийн иргэдийг хамруулсан.

Дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргүүлж, бүртгэлээ явуулсан. Бидний зүгээс газрыг нь бэлтгээд үрийг нь өгч, услах ус худгаар нь хангаж байна. Энэ газарт ногоо тарьж буй иргэд хураасан ногоогоо өөрөө зарж өрхийн орлогоо бий болгох бүрэн боломжтой. Үүнд тухайн хүнээс ганцхан сэтгэл л шаардагдах юм. Өрхийн амьжиргааг дэмжих, түр ажлын байраар дэмжих төсөл нь “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй нэг ажил бөгөөд цаашид иргэдийн хэр идэвхтэй байхаас шалтгаалаад цар хүрээг өргөтгөх талаар ярилцах болно” хэмээв.

2017 онд уг төсөлд 566 иргэн бүртгүүлж, үндсэндээ бүлэгт хуваагдаж тодорхой хэмжээний газарт үрээ тарьж, аж ахуйгаа эрхлээд эхэлжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Top