ТОЙМ: Наадмын тасалбарын үнэ 16-24 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 08

Тасалбарын үнэ багцаасаа хамаарч өөр, өөр 

Үндэсний их баяр наадмын тасалбарыг долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төв дэх салбаруудаар худалдана. Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулна. Тасалбарын үнийн хувьд долдугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөг.

Наадам Урианхай сурын харваагаар эхэллээ

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өчигдөр Урианхай сурын харваагаар наадам эхэллээ. Сурын талбайд болох наадам өнөөдөр Буриад сурын харваадолдугаар сарын 9-нд Хүүхдийн сурын харваагаар үргэлжилнэ. Харин долдугаар сарын 10-нд Хүй долоон худагт Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаан болно.

Жуулчдын нүдийг юугаар хужирлах вэ?

Эрийн гурван наадмаас гадна жуулчдын сонирхлыг татах сонирхолтой уралдаан, урлаг соёлын хөтөлбөрүүд бий. Тухайлбал, 

Долдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд “Дээлтэй монгол” наадам
Долдугаар сарын 11-нд Хүй долоон худагт Холч морьдын уралдаан 
Долдугаар сарын 10-13-нд  Хүй долоон худагт “Сэрсэн тал” Соёлын наадам
Долдугаар сарын 11-13-нд Хүй долоон худагт Морьтон Монголчууд” сонгомол морьдын үзүүлэх тоглолт

Хүчит бөхчүүдийн бүртгэл маргаашнаас эхэлнэ

Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэлийг Монголын үндэсний бөхийн холбоо хариуцах ба долдугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-18.00 цагт “Монгол бөхийн өргөө”-нд бүртгэнэ. Үндэсний их баяр наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдана. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. Харин өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг долдугаар сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт бүртгэнэ.

Наадмын цаг агаартай танилцаарай

Долдугаар сарын 8-нд зуун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 10-11-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хуацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN

 

Top