Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүх үйлчилгээний төвтэй боллоо

2017 оны 07 сарын 20

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оныг шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, шинэ стандарт бий болгох зорилт дэвшүүлж, шүүхийн байр, ажлын зохион байгуулалт, харилцаа хандлагын цогц өөрчлөлтийг бий болгон хэрэгжүүлэх, үйлчилгээг сайжруулах шилдэг төсөл шалгаруулах уралдаан зарласан. Энэхүү уралдаанд Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүх оролцож, шалгараад орон нутагтаа үйлчилгээний байгууллагын стандартад нийцсэн, тавтухтай орчинд шүүхийн үйлчилгээг хуулийн хугацаанд чирэгдэлгүй түргэн шуурхай авах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох, хэрэг маргааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах орчинг хангасан "Шүүхийн үйлчилгээний төв”-тэй боллоо.

    Шүүхийн үйлчилгээний төвтэй болсноор иргэд шүүхэд хандах талаар болон хууль эрх зүйн бусад мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар хүлээн авах боломж бүрдээд байна. Засвар, тохижилтын ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. 

    Тухайлбал иргэд нэхэмжлэл, өргөдөл, гомдлоогаргах зориулалтын ширээ сандлыг байрлуулж, хэрэг маргааны төрлөөр нэхэмжлэлийн загварыг байршуулсан нь тухайн иргэн загварын дагуу нэхэмжлэл, өргөдөл, гомдлоо бичих өөртөө үйлчлэх хэсгийг бий болгосон. Мөн шүүхэдхэрхэн хандах, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтээ яаж гаргах, шүүхийн захиргааны ажилтнуудын талаар хэн, хэрхэн гомдол гаргах талаарх зааврыг энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан схем бүхий мэдээллийн самбар байрлуулсан нь иргэдшүүхийн үйлчилгээний талаар анхан шатны мэдээлэл авч, шүүхээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлээд байна. 

 

 

    Захиргаа, иргэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцыг схемчилэн байрлуулсан. Энэ нь иргэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг маш ойлгомжтой байдлаар харуулж байна.

    Түүнчлэн шүүх хуралдааны танхимын хүрээлцээг нэмэгдүүлэн нэг танхимыг шинээр байгуулсан бөгөөд хуралдааны танхимуудыг зөвлөлдөх тасалгаатай болголоо. Мөн тус шүүхээр үйлчлүүлж буй өмгөөлөгчдийн шүүхэд ажиллах нөхцөлийг сайжруулан өмгөөлөгчид хэрэгтэй танилцах өрөөг шинээр бий болгосон юм. 

    Нээлтийн ажиллагаанд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар хорооны дарга П.Батжаргал нар болон тус шүүхийн шүүгч, захиргааны ажилчид, шүүхээр үйлчлүүлж буй иргэд оролцлоо.



 

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top