Шинэ хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мониторинг хийжээ

2017 оны 07 сарын 24

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс "Эрүүгийн хууль” шинэчилсэн найруулга, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” шинэчилсэн найруулга, "Зөрчлийн хууль”шинэчилсэн найруулга, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” хэрэгжиж эхэлсэнтэй  холбогдуулан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөнд мониторинг хийлээ.
Энэхүү судалгаанд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 8, аймгийн сум дундын 21, сум дахь сум дундын 8, нийт 37 шүүх хамрагдсан юм. 
Мониторингийн судалгаанаас харахад 2017 оны 7 дугаар сарын 03-19-ний хооронд  дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн 48, зөрчлийн 6 хэрэг хүлээн авчээ. Харин аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хугацаанд эрүүгийн 83, зөрчлийн 93 хэрэг хүлээн авсан. Тэгвэл сум дахь сум дундын шүүх дээрх хугацаанд эрүүгийн 14, зөрчлийн 8 хэрэг хүлээн авчээ. Дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт эрүүгийн 145, зөрчлийн 107 хэрэг хүлээн авсан байна.
Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс харахад "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” шинэчилсэн найруулга-ийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр нэмэгдсэн "талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар”  хийх "урьдчилсан хэлэлцүүлэг”-ийг дүүргийн шүүх болон сум дахь сум дундын шүүхүүдэд урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй нь харагдаж байна. Харин Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хугацаанд урьдчилсан хэлэлцүүлгийг 3 удаа, Баян-Өлгий аймаг  2 удаа, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус бүр 1 удаа хийжээ. Системийн ажиллагаанаас харахад улсын хэмжээнд урьдчилсан хэлэлцүүлэг 9 удаа явуулсан байгаа нь нийт хүлээж авсан эрүүгийн хэргийн 1.45 хувьд нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулжээ. 
Шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэх явцад хууль болон эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системтэй холбоотой нийт 18 шүүхээс ирүүлсэн хүсэлт, гарсан асуудлыг дор бүр нь шийдвэрлэж ажиллалаа.
Цаашид Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд хэргийн хөдөлгөөний ажиллагааг нэг бүрчлэн бүртгэж байхыг анхааруулж байна.

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top