Ши Жин Пин ерөнхийлөгч болсон түүх ба ”Хятад мөрөөдөл”

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 01

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жин Пин нь чадварлаг удирдагчдын нэг билээ. Түүнийг Путинтай дүйцэхүйц хэмжээний удирдагч гэдэг. Учир нь тэрбээр БНХАУ-д ерөнхийлөгч болоод олон ажлыг хийсэн нь үр дүнгээ сайн өгсөн байдаг. Түүнийг хэрхэн ерөнхийлөгч болсон тухай тийм ч их мэдээлэл байдаггүй. Тэгвэл түүний хувийн амьдрал, улс төрийн карьерийнх нь тухай хүргэе.

Тэрбээр БНХАУ-ын бүх нийтийн орлогч байсан Ши Жунсуны хоёр дахь хүүхэд юм. Мао Цэдуны 1966 онд эхлүүлсэн  коммунист үзэл суртлыг хадгалан капиталистуудын үлдэгдлийг цэвэрлэх зорилготой “Соёлын хувьсгал”-ын шуурганд Ши Жин Пиний гэр бүл өртсөн байна. Улмаар 1968 онд түүнийг 15 настай байхад эцгийг нь шоронд хорьжээ.


Харин түүнийг  1969 онд Шанвси Мужийн Янчуань руу ажиллуулахаар явуулав. Тэрбээр тус мужийн  ХАА нэгдэлд зургаан жил ажилласан байна. Энэ хугацаанд орон нутгийн тариачидтай сайн харилцаа тогтоосон нь түүнд сайнаар нөлөөлж,тушаал ахин коммунист намд оржээ.


Тухайн үед  эцэг нь Бээжингийн шоронд хоригдож байсан юм. Гэсэн хэдий ч 1974 онд намын албан ёсны гишүүн болсноор түүний улс төрийн замнал эхэлжээ. Ши жин Пин 2007 онд Шанхай хотын намын даргаар томилогдов. Төд удалгүй Хятадын коммунист намын байнгийн хороонд сонгогдон 2008 онд БНХАУ-ын дэд ерөнхийлөгч болжээ. 2012 онд Хятадын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болсноор тэрбээр Хятадын хамгийн дээд албан тушаалтан болж, БНХАУ-ын дарга буюу тус улсын төрийн тэргүүн болов.

Тэрбээр албан тушаалаа хүлээн аваад эрх мэдлийг бэхжүүлэх алхам хийсэн нь Хятадын засаглалын системийг үндсэнд нь өөрчилсөн байна. Дэн Сяопинаас хойш Хятадын удирдагчдын бий болгосон байгууллагууд, намын элитүүдэд төвлөрсөн Хятадын удирдлагын тогтолцоог өөрчилсөн юм. Улмаар ойрын зөвлөхүүдээс бүрдсэн баг, шийдвэр гаргах параллель бүтцүүдэд тулгуурлах болов.

Ши Жин Пиний дотоод бодлого  “Хятад мөрөөдөл”  хэмээх үзэл санаанд зангилагддаг байна. 2012 оны арван нэгдүгээр сард гаргасан Ши Жин Пиний Хятад мөрөөдөл гэдэг нь харьцангуй хөгжингүй нийгмийг бий болгож, үндэстнээ сэргээн босгох зорилготой аж. Түүний Хятал мөрөөдөл" нь хоёр төрлөөр 100-гийн тоонд хүрснээр биелэх учиртай аж. Тодруулбал Хятадын коммунист намын 100 жилийн ойгоор буюу 2021 он гэхэд харьцангуй чинээлэг нийгмийг бий болгох юм. Харин БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор буюу 2049 онд бүрэн хөгжсөн үндэстнийг бий болгох шинэчлэлийн зорилгод хүрэх гэнэ. 2012 онд албан тушаалаа хүлээн авсныхаа дараагаар Ши Жин Пин төрийн өмчийг хувьчлах эдийн засгийн бодлогыг явуулж, газар сайгүй шинэ сэтгэлгээ нэвтрүүлж байсан нь үр нөлөөгөө өгч эхлээд байгаа аж.

Түүний удирдлага дор хэрэгжүүлж буй эдийн засгийн шинэчлэлийн бодлого нь үндсэн гурван зорилготой

1. Иж бүрнээр нь шинэчлэлийг гүнзгийрүүлэх буюу эдийн засагт төрийн оролцоог хумих. Эсрэгээр нь зах зээлийн эдийн засагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломж олгох замаар 2020 онд тодорхой зорилтуудад хүрэхэд чиглэнэ.

2. Хотжилтын шинэ хэлбэрийг дэмжих буюу хөдөөнөөс хотод шилжин ирж байгаа тариачдыг бүртгэлд хамруулна. Тэдэнд нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх замаар хотжилтыг дэмжин Хятадын эдийн засгийн хөдөлгөгч хүч болгох зорилго.

3. Инновацийн макро эдийн засаг эдийн засгийн өсөлтийг тодорхой хэмжээнд барих. Инфляцийн түвшинг өсгөхгүй байх, ажилгүйдлийг хамгийн доод төвшинд байлгахад орших аж.

 120 дээд тушаалын албан хаагчийг авилгын хэргээр баривчлав

Ши Жин Пин нь Хятадын өмнөх удирдагчдаас илүү авилга хээл хахуультай тэмцэж иржээ. 2012 онд Хятадын коммунист намын 12-р их хурлаар  авилгын эсрэг компанит ажлынхаа хүрээнд “Бар, ялааг ялгахгүй намнах” буюу авилгад автсан намын өндөр албан тушаалтан, орон нутгийн намын ажилтантай хайр найргүй тэмцэхээ амласан байна. Энэ үгэндээ ч хүрч  2016 оны байдлаар 120 дээд тушаалын албан хаагчийг авилгын хэргээр баривчлав. Үүний 12 нь цэргийн дээд тушаалтан, төрийн өмчит компанийн хэд хэдэн гүйцэтгэх захирал, улс төрийн товчооны гишүүн Жоу Юнкан гэх мэт таван өндөр албан тушаалтан байв. Мөн 100 мянга гаруй хүнийг авилгын хэрэгт татсан байна.

Үүнтэй холбогдуулан тэрбээр  2013 оны сүүлээр “Үндэсний аюулгүй байдал”-ын зөвлөлийг шинээр байгуулжээ. Тэргүүнээр  Ши Жин Пин, гишүүдээр ерөнхий сайд Ли Көцян, Хятадын ардын их хурлын байнгийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Жан Дэжян нар ажилладаг байна. Түүнчлэн Хятадын батлан хамгаалах хүчинд шинэчлэлт хийх шийдвэрийг 2015 онд гаргасан юм.  Ингэхдээ хуурай замын цэргийн тоог бууруулж  тэнгисийн цэрэг болон агаарын хүчний бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэхээр зорилт тавьж байгаа юм. Мөн Хятадын ардын чөлөөлөх армийн цэрэг долоон тойрогтой байсныг тав болгон өөрчилсөн байна. Улмаар тойргийн командлагчид, тэнгисийн цэрэг, агаарын хүчин, цөмийн бус пуужин хүчнээс бүрдэх нэгдсэн хүчнийг удирдахаар зохион байгуулав. Энэ бол 1949 оноос  Хятадын ардын чөлөөлөх армид хийж буй хамгийн өргөн хүрээг хамарсан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болжээ.

Хятадын гадаад бодлого нь АНУ-тай тэгш харилцаатай байхад оршдог

Ши Жин Пиний гадаад бодлогын хувьд урт хугацааны зорилгод хүрэх санал санаачлагыг нэлээдгүй дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал тэрээр Ази Номхон далайн мөрөөдөл гэх ойлголтыг 2014 онд Бээжинд болсон АПЕК-ийн уулзалтын үеэр танилцуулав. Энэхүү үзэл санааны гол цөм нь Азийн асуудлыг гадны оролцогчийн нөлөөгүйгээр Азийн орнууд л шийдвэрлэх ёстой гэдэгт оршино. Ши Жин Пиний гадаад бодлогын гол тулгуур нь бүс ба зам санаачлага юм. Энэ нь эртний торгоны замыг сэргээн, Ази Европыг дэд бүтцээр холбох мега төсөл аж. Хэрэв энэ санаачлага  амжилттай хэрэгжвэл 4,4 тэрбум хүнийг хамруулан, дэлхийн нийт бүтээгдэхүүний 55 хувь, тогтоогдсон эрчим хүчний нөөцийн 75 хувь үүнд хамрагдсан оронд ноогдох юм. Энэ санаачлагыг санхүүжүүлэх зорилгоор дэлхийн 70 орныг гишүүнээр элсүүлэн Азийн дэд бүтэц хөгжлийн банк 100 тэрбум ам долларын дүрмийн сантай торгоны зам зэрэг, олон улсын санхүүгийн механизмыг бий болгожээ. Хятадын гадаад бодлогын бас нэгэн чухал чиглэл нь АНУ-тай харилцах харилцаа юм. Ши Жин Пин БНХАУ-ын удирдагч болоод АНУ-д хийсэн анхны айлчлалаар Калифорни мужийн Санниландсд 2013 оны зургадугаар сард Обаматай уулзахдаа Хятад Америкийн харилцааг “Шинэ төрлийн их гүрнүүдийн харилцаа” хэмээн нэрийджээ. Энэ нь Хятад АНУ-тай мөргөлдөөнд оролгүйгээр  түүхэнд байгаагүй их гүрнүүдийн харилцааг бий болгох гэсэн зорилгыг илэрхийлж байгаа юм. Харин АНУ-ын засаг захиргаа Ши Жин Пиний энэ томъёоллыг төдийлөн хэрэглээд байдаггүй байна.  Дэлхийд хүн амын тоогоороо нэгдүгээрт,  эдийн засгаар хоёрдугаарт орох их гүрнийг Ши Жин Пин 2022 он хүртэл удирдах юм.  

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.118.252) 2025 оны 03 сарын 13

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

1  |  0
embrosia(58.123.151.188) 2025 оны 03 сарын 13

etseg n shorond uhsen baihnee

1  |  0
Чука(203.91.115.38) 2025 оны 03 сарын 13

”300 саяаар бууруулж 2 сая орчим болгоно”. Бичсэн юмаа харж нягталж нийтлэл дээ.

2  |  0
Close menu