Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2017 оны 09 сарын 01

Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн баярын арга хэмжээнд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцлоо. Энэ жил тус сургуульд шинээр элссэн 3000 гаруй оюутны төлөөлөл, тус сургуулиас төрөн гарсан, Монголын анагаах ухааны бахархал болсон Ардын болон гавьяат эмч нар, эрдэмтэн профессорууд хуран цугларсан байв.

АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар баярын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн хоёрдугаар дайны гал дүрэлзэж байсан хүнд хэцүү цагт Монголын төр, засаг эх орондоо анагаах ухааны их сургууль байгуулж байжээ. Энэ онд манай сургуулийн 75 жилийн ой тохиож байна. Манай сургуулийн түүхэн замнал амжилт алдрын он жилүүд байснаар бид бахархдаг. Өдгөө Европын холбооны ASIIN байгууллага манай сургуулийн хүний их эмчийн хөтөлбөрийг магадлан итгэмжлээд байна. Бид ойрын ирээдүйд Ази, Номхон далайн баруун бүсийн анагаахын шилдэг 100 их сургуулийн нэг болох эрхэм зорилго тавиад ажиллаж байгаа. Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгтэй болох, эмнэлэг-сургалтын цогцолбор байгуулах зорилт маань амжилттай хэрэгжиж байна” гэж тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд тус сургуулийн шинээр элссэн болон нийт оюутнууд, эрдэмтэн багш нарт хичээлийн шинэ жил, удахгүй тохиох гэж буй АШУҮИС-ийн 75 жилийн ойн баярын мэндчилгээг хамтатган дэвшүүлэв.Тэрбээр “Ирээдүйн монгол иргэнийг эрүүл саруул, үнэ цэнэтэй хүн болгох эрхэм үйлсийн эзэд бол та нар юм. Алдраа дуурсгасан олон шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн мэргэд энэ сургуулиас төрөн гарсан. Тэдний найдвартай залгамж халаа нь болж, зөвхөн хичээлийн танхимаас олж авсан мэдлэгээр хязгаарлах биш, дэлхийн анагаах ухааны шилдэг ололт, дэвшилт арга технологийг эзэмшихийг эрхэм зорилгоо болгож суралцаарай хэмээн өнөөдөр энэ сургуулийн хаалгаар алхан орж буй оюутнууд та бүхэнд захья” гэлээ.

Эл арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top