Ноён ирээдүй эрдэмтнээ захиалж байна

2017 оны 10 сарын 18

Монголын суут соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн, Хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэвийн эрхлэн гаргадаг “Дал” сонины нэрэмжит буланг “Зиндаа” сэтгүүл уламжлал болгон хөтлөн явуулдаг билээ. Энэ удаа “Ноён ирээдүй эрдэмтнээ захиалж байна” нийтлэлийг нь сонгон нийтэлснээ уншигч танаа толилуулж байна.

 


 

Ноён Ирээдүй гуай гэрт маань хэдийнэ ороод иржээ. Эхээс төрөхдөө нялхас өөртөө таарах өлгий, өл залгах сүү шаарддаг. Тэрийг нь өгч байтал өдөр хоногоор өсч торниод өмсөх хувцас нь багадаж, өргөө гэртээ ч багтахгүй болж “эр өсч эсгий сунадаг”. Тэгвэл Ноён Ирээдүй гуай мөн л тиймэрхүү араншинтай боловч төрүүлсэн эцэг эхийгээ амар заяа үзүүлэхгүй боолчилсоор нэг л мэдэхэд өнгөрчихдөг. Ирээдүй цагийн эх, эцэг нь нийгэм, түүний байгууламж юм болохоор нийгмийнхээ бэл бинчин, бие тэнхээ, оюун ухаан, зан араншингаас ирээдүй шууд хамааралтай.

Хүй нэгдлийн нийгэмд ирээдүй нь болох боолын нийгэм төрөх гэж удаан дуншсан. Боолын нийгэмд ирээдүй нь болох хамжлагат /феодал/ нийгэм бас л удтал дуншиж байж төрсөн. Харин хамжлагат нийгэмд ирээдүй нь болох хөрөнгөтний нийгэм харьцангуй бага дуншиж төрсөн. Тэгээд хөрөнгөтний нийгэм ирээдүйгээ хүлээсээр нэлээн урт хугацаа өнгөрлөө. Ирээдүй чинь нийгэм журмаар эхлэх эв хамтын нийгэм гэж герман эрдэмтэн Маркс зөгнөөд тунхгийг нь Энгельс бичсэнээс хойш 160 жилийн ой ноднин өнгөрлөө. Гэвч тэр зөгнөл хэрэгжиж чадаагүй л байна. Хэрэгжүүлэхийг мөрөөдөж янз бүрийн хувьсгалч нар хувьсгал хийсэн.

Зуу гаруй жил дуншсан боловч эв хамтын гэх тэрхүү коммунист нийгэм төрж амжсангүй. Төрсөн хэмээн зарлавч “дутуу төрсөн” хүүхэд адил үлгэн салган юм “хий үзэгдэл” болон өнгөрсөн энэхүү урт хугацаанд өнөөх хөрөнгөт /капиталист/ нийгмийг булшилна гэж тунхагласан пролетари гэдэг үгээгүйчүүд нь өөрчлөгдөн хувьссаар одоо “пролетарнит” биш “когнитариат” гэдэг давхрага хөгжингүй орнуудад буй болж эхэллээ. Энэхүү “когнитариатуудыг” одоо айсуй /магадгүй үүдээр шагайчихаад буй/ Ирээдүй бугай захиалсан байж мэдэх болоод байна. Учир нь Ирээдүй гэдэг ноёныг үгээгүйчүүд буюу пролетариат биш когнитариатууд залж авчрах нь тодорч эхлээд байна.

Нийгмийн ухаан /түүний дотор үзэл суртал, улс төр, эдийн засаг, хууль зүй, ёс суртахуун, шашин/ өнөө үед “философын гуйланчлал” гэж нэрлэгдэх хэмжээнд хүртэл ханшаа алдаад байгаа тул Ноён Ирээдүй гуайн “захиалгат хувцас”-ыг хийж өгөх оёдолчин нь когнитариатаас /эрдэмтэйчүүд/ өөр хэн ч биш ажээ. “Орон бүхний пролетаричууд нэгдэгдүн!” гэж зуу гаруй жил уриалсан ч тэрхүү “Үгээгүйчүүд” нэгдэж чадсангүй. Тэгэх ч арга байгаагүй.

Тэгвэл одоо “Орон бүхний “Когнитариатууд” нэгдэгтүн!” гэж уриалбал түүнийг хэрэгжүүлэх арга хэдийнэ гараад иржээ. Хэн ч “когнитариатууд нэгдэгтүн!” гэж уриалаагүй байхад тэдгээр “эрдэмтэйчүүд” нэгдсээр байна. Тэднийг “Интернациональ” биш “интернет” нэгтгэсээр байна. Америкийн эрдэмтэн гэртээ сууж байгаад Японы эрдэмтэнтэй зүс зүсээ харалцаад л хамт байгаа юм шиг яриа хөөрөө өрнүүлж чаддаг болжээ. Саяхан л “байна уу, байна уу, утасны хороо” гээд хоолой мэдэн хашгирч аймаг, сумтай “төмөр утсаар” ярьдаг байсан монголчуудын өнөө үеийнхэн мөн л дэлхийн аль ч улс оронд явж буй анд нөхөд, үр хүүхэдтэйгээ “утасны хорооноос” биш гэрээсээ л интернетээр харилцчихдаг болоод байна. Тэгэхээр гэр оронд маань Ноён Ирээдүй гуай ороод ирчихжээ. Тэр ноёнтонг хэн гэж нэрлэхээ манайх байтугай дэлхийн томоохон орны нийгмийн ухааны эрдэмтэд өнөө хэр шийдэж нэгэн мөр болгож чадаагүй байна. Олон хувилбар гарч байгаа боловч нийтээр хүлээн зөвшөөрөх түгээмэл ойлголтод хүрч амжаагүй явна. Гэвч ноён Ирээдүйн алхаа асар хурдтай айсуй яваа болохоор удаашрах бол мөхөхтэй адил юм.

“Иц” гэж тэр Ирээдүй бугайг нэрлэгсдийн санаа нь түүний мөн чанарт дөхөж очиж байгаа юм. Иц гэдэг нь “Инфоцивилизация” /Мэдээлэлийн соёл иргэншил/ гэсэн утга агуулж байгаа ажээ. Иц гэдгийг бас монгол маягаар “ирээдүй цаг” гэж ч ойлгож болохоор юм. “Инфоцивилизация” гэж нийгмийн байгууламжийг нэрлэхэд өрөөсгөл талтай мэт ойлгогдож болно. Гэвч орчин үеийн эдийн засаг, үйлдвэрлэл тэр ч байтугай ахуй амьдрал цөм мэдээлэл агууламжаар цэнэглэгддэг болсон тул хөгжлийг түргэсгэх, чанаржуулах хүчин зүйл нь дэвшилттэй шинэ мэдээллийн эх булаг гэж үзээд дэлхий дахин “инновация” /манайхан төгөлдөржил гэж нэрлэх болоод байгаа/ хэмээх шинэчлэн сайжруулах категорт онцгойлон анхаарч байна.

“Мэдээлэлжсэн нийгэм” гэдэг нэр томьёо ч хэрэглэгдэх боллоо. Нэгдсэн Үндэстний байгууллагад зөвлөх эрхтэй Олон улсын “Мэдээлэлжүүлэлтийн Академи” байгуулагдаад цөөнгүй жил өнгөрсөн бөгөөд Монгол Улсад түүний дүүг “Мэдээлэл судлалын Академич”, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Шавийн Арвай болон тэргүүн комиссар П.Даш нар үүдийг нээж өрхийг татсаар нэлээн хэдэн он өнгөрсөн баримт ч гэсэн дэлхийн инфоцивилизацаас монголчууд хоцрохгүйг чармайж буйн баримт яах аргагүй мөн.

Дэлхийн болон Монголын мэдээлэлжүүлэлтийн Академийн 10-160 14 тоот үнэмлэх бүхий академичийн хувьд миний бие “Мэдээлэлжүүлэлтийн соёл” сурталчлах тухай нэг бус удаа нийтлэл бичиж хэвлүүлсэн бөгөөд энэ удаа “Иц” /Ирээдүй цагийн/-ын захиалга ямархуу гол зүйлд хандаж буйг манай амьдрал байдлаас ургуулан бодсоноо өгүүлж байгаа минь энэ билээ. “Одоогийн оршин тогтносоор буй нөхцөл байдлыг хадгалан үлдээх боломж тэг хувилбар зааж байна” гэсэн эрдэмтдийн судалгаа гарсан бөгөөд үүний үндэстэй гэдгийг улс орнуудын, түүний дотор манай орны нийгмийн байдал тод гэрчилж байна.

“Шугаман бус орчлон хүн төрөлхтний гэр орон” гэдэг онолыг аваад үзсэн ч гэсэн дээрх таамнал үндэстэй байгаа нь илэрхий. “Мэдээлэлжсэн соёл иргэншил бол пролетариатыг /үгээгүйчүүдийг/ когнитариатаар /эрдэмтэйчүүд/ солих” захиалга өгсөөр байна. Тэгвэл манай улсад Когнитариатуудыг бэлтгэж байгаа юу? Сүүлийн 20-иод жилд шинээр байгуулагдсан их, дээд сургуулиудынхаа тоогоор манай улс дэлхийд дээгүүр яригдахаар болсон. Хоёр сая гаруйхан хүнтэй, жилд тавин мянгаас нэг их хол давахгүй хүүхэд төрдөг орон гэхэд хоёр зуугаад их, дээд сургуультай болсны 120-иод нь хувийнх гэж байгаа. Ийм олон сургуульд сурган бэлтгэж буй төгсөгчид нь Ноён Ирээдүй гуайн захиалгын цэсэнд бараг байхгүй мэргэжилтэй гардаг.

Цахим эрин, био эрин, нанотехнологийн эринтэй золгочихоод байхад монголын хоёр зуугаад их, дээд сургуулиуд түүхч, хуульч, эдийн засагч, хэлмэрч гэхчлэн урьдын нийгмийн ухаан гэгдсэн бүтээлч биш баримтлагч нарыг бэлтгэдэг бөгөөд эд нар нь төгсөгчдийн 90 гаруй хувийг эзэлдэг боловч төгссөн хойноо “диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн” эгнээг өргөтгөсөөр байна. Аргагүй шүү дээ. Цагийн эрхээр ханш нь унасан мэргэжлээр хайран залуу насныхаа гал дөлтэй жилүүдийг алдаж, эцэг эхийнхээ түрийвчийг хоослон, нийгэмд илүүдсэн “мэргэжилтэн” болох нь хувь хүмүүст ч, улс үндэстэнд ч хайран бизээ.

“Юм олшрохоороо үнээ бардаг” гэж ардын аман хуулийг зөрчиж тооны хойноос хөөцөлдсөөр байгаад их, дээд сургуулиуд, сонин хэвлэлүүд, зурагтын сувагнууд, төрийн бус байгууллагууд тэр ч байтугай академиудаар ч Монгол Улс “баян” орон боллоо. Гэтэл ядуурал улам л нэмэгдээд байдаг нь “Сүүгүй үнээ” олширч “Сүүдэргүй үзэгдэл” газар авсных юм. Ноён Ирээдүй гуайн үйлчлэгч бэлтгэхэд ШУТИС гэж нэрлэгдсэн Шинжлэх ухаан Техникийн Их сургуульд хүмүүс найдлага тавьсаар байгааг “Үндэстний ирээдүйг тээж яваа сургууль” гэж нэрлэн нийтлэл бичсэн цаг минь хорьдугаар зууны төгсгөлд билээ. Өөр нэг найдлага бол сүүлийн жилүүдэд өрнө, дорнын томоохон их сургуулиудад суралцаж буй монгол залуус юм. Тэдэн дотроос цахим ухаантан, нанотехнологичид, робот зохион бүтээгчид төрж гарах нь тун их магадлалтай байна. Гагцхүү тэднийгээ өлгийдөн авч, өсгөж өндийлөгөхөд санаа тавих нь монгол төрийн хойшлуулшгүй үүрэг юм.

Хэрэв санаачлага дутваас авьяаслаг, эрдэмлэг залуусыг маань “Эдийн засгийг эрдмийн засгаар” сольж буй хөгжингүй улс орнууд яахын зуургүй үрчилж авах болно. Тэдэнд мөнгө биш оюун ухаан үнэтэй гэдгийг Ноён Ирээдүй гуай хэдийнэ “шивнэчихсэн” байгаа. Гэтэл манайхан сүүлийн хориод жилд “мөнгө зээлдэхэд” амташсаар ирлээ. Уул нь “мөнгө биш ухаан зээлдэх” нь илүү ашигтай сан. “Хүнд үйлдвэржүүлэлтийн дараах дэлхийн соёл иргэншлийн хэлбэршил төрөл арилжин хувьсана” гэсэн эрдэмтдийн нэгэн онош 0,21 хувийн магадлалтай байгаа нь бусад таван төрлийн дүгнэлтээс хамгийн өндөр оноотой байгаа тул нийгмийн ухааны баримжаагаар төлөвлөгөө, төсөл, программ зохиодог хоцрогдлыг ханшгүй болгоход хүрлээ. Гэтэл бид бүхэн сэтгэлгээний “унаагаа юүлж” чадаагүй л цогиулж явна.

Хүнд үйлдвэржүүлэлтийн нийгэм /манайх түүнийг үзээгүй/ эд барааны хэлбэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд /түүнийг хийх зэвсэг, хэрэглүүрийн хамт/ гол зорилго, гол үүрэгтэй байсан. Түүнийг хэрэгжүүлэгч нь эдийн засагч хүмүүс (Homo economicus) байсаар хэдэн зууныг элээсэн. Одоо хүнд үйлдвэржүүлэлтийн дараах /постиндустриальное общество/ шатан дээр гишгэхэд эрдэмтэй хүн (Homoscientisticus) мэдлэгийн эдийн засагч нь, арга технологийн зууч нь болох шаардлага гарч хөгжингүй орнууд манайхан шиг дарга, түшмэдийг биш харин эрдэмтэй хүн (Homoscientisticus), аргатай хүний (Homo technologicus) ханшийг өндөрт өргөдөг болж байна. Ийм хүмүүсийг ч Ноён Ирээдүй гуай захиалсаар байна.

Ноён Ирээдүй гуай бол цахим ухаантай /электроника/, бичил аргатай /нанотехнология/, хувилгадас гарвалтай /геномика/ төрж байна. Цахим ухааных нь / электроника/ хэрэглээ болох компьютер, интернетийн ололтыг дэлхий дахин мэдэх, эзэгнэх боллоо. Үүнээс харин монголчууд бид хоцроогүй яваагийн маань нууц нь “гүйцэж түрүүлэх” хэнээрхлээс хол байж “угтаж учрах” сэтгэлгээгээр хандсаны ач юм. Энэ тухайд бол “Мобиком” анхдагч төдийгүй монголчуудын харилцаа холбооны үйлст хувьсгал хийж үндэстнийхээ өмнө гавьяа байгуулсан юм.

Ирж буй эрин бол хүмүүсийн хооронд байтугай улс гүрний хоорондын харилцах чадварыг шинэчлэх эргэлтийн цаг бөгөөд үүнд нэгд, зам харилцаа, хоёрт холбоо харилцаа, гуравт мэдээлэл харилцаа, дөрөвт худалдаа харилцаа зэргийг хамарсан иж бүрэн харилцах чадварын /коммуникабельность/ шинэ тогтолцоог буй болгох төлөвтэй учир харилцаажуулагдах нийгэм / коммуникационное общество/ байгуулах уриа хүн төрөлхтөн дундын нийтлэг уриа болж байна. Тийнхүү “коммунист нийгмийн төлөө биш коммуникацат /communicatio/ нийгмийг байгуулахын төлөө” гэсэн үзэл санаа бүх нийтийг эзэмдэж эхэллээ. Хорьдугаар зууны нийгмийн болон улс гүрнүүдийн хорт хавдар болсон зэвсэглэлээр хөөцөлдөх өвчин нь цөмийн, биологийн, химийн зэвсгүүдийг өндөр үнээр буй болгосон зуун болж өвгөрлөө.

Одоо бидний босгоор нь алхаж ороод буй хориннэгдүгээр зуун бол хүнийг үй олноор устгаж, байгаль эхийг шархлаах зэвсгээр хөөцөлдөх зуун биш харин олон түмнийг, нийгмийг, улс үндэстэнг мэдлэгээр зэвсэглэхээр хөөцөлдөх зуун болох тавилантай ажээ. Өнгөрсөн зууны өвчнөөс аврах хүчин бол когнитариатууд юм. Тэднийг бэлтгэх гол хэрэглүүр бол мэдээлэлжүүлэлтийн соёл иргэншил юм. Улс орнуудад мэдээлэлжүүлэх соёл иргэншил хүүхэд багачуудаас эхлэн өрнөсөөр байна.

Цахим тоглоом, цахим номноос эхлээд гар утас, компьютер сургалтыг дамжин хэвлэл сонин, радио, кино, зурагтын нэвтрүүлэг, интернетээс мэдээлэл авч байгаа нь манайд ч сүүлийн жилүүдэд их хурдтай болж ноён Ирээдүй гуайн таалалд нийцэж эхэллээ. Ялангуяа “Цахим монгол” хөтөлбөр /Сайханбилэгийн/ нийгмийн маань алхааг хурдасгахад сайн нөлөө үзүүлж байгаа нь мэдээж сайшаалтай. Харин нийгмийг мэдээлэлжүүлэхэд онцгой үүрэгтэй цөөнгүй их, дээд сургуулиуд ялангуяа эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүд, тэдний толгойн харуул байх ёстой шинжлэх ухааны Академийн тухайд бол шинэ зууны когнитариатуудыг /эрдэмтэйчүүд/ бэлтгэхэд хуучин хөрөө, сүхний аргаар ажиллаж, эрдмийн болон эрдэмтний ханш унасаар байна.

Монголын шинжлэх ухааны Академийн гишүүдийн дийлэнх олонхи нь нийгмийн ухааныхан байгаа нөхцөлд үнэндээ хусран академи болон хувирчээ. Хорьдугаар зууны туршид “тахин шүтсэн” тэр нийгмийн ухааны ханш унаж дампуурсан нөхцөлд түүнийг хамгаалах оюуны тэнхээгүй болсон эрдэмтэд үнэн хэрэгтээ тэтгэврийнхэн болон хувирчээ. Гэтэл том нэрийг нь зээлдээд хаягийн төдий “академиуд” манайд цуу яриагаар бол хагас зуугийн тоонд хүртэл олширчээ. Ядаж л академич, доктор, доцент, магистр, бакалавр гэхчилэн гадаадын хуулбар нэрсээсээ эхлээд бүх үзүүлэлтээрээ шинэчлэгдэхгүй бол монголын шинжлэх ухааны Академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн ихэнх нь “гаднаа гяланцаг, дотроо паланцаг” болон хувирч байх ажээ.

Орчин үеийн цахим /электроник/, бичил арга /нанотехнологи/, гарвал хувилгадас /геномика/ зэргээр биш юм гэхэд тулгамдсан асуудлуудыг шийдчих лаборатори, тоноглолтой, төрөлжсөн юмуу иж бүрэн цогцолбор бүхий хүрээлэнгүүдтэй, улс болоод аж ахуйнуудаас захиалга авч хэрэгжүүлэх арга, билгийг хослуулсан ажиллагаатай эрдмийн удирдах, чиглүүлэх төв шаардлагатай болжээ.

Электроник /цахим ухаан/, нанотехнологи /бичил арга билэг/, гарвалзүй /генетика/, мэдээлэлжүүлэлтийн аж үйлдвэр тэр ч байтугай инноваци /төгөлдөржилт/, дизайн /донж/, маркетинг / гүйлгээжилт/ хүртэл өөрийн сайн талтай ч бас дагуулах уршигтай дэвшил юм. Энэ тухай жич ярих асуудал болно. Манай нийгэм одоогоор “мэдээллийн өлсгөлөнд” байна. Мэдээлэл багтаамж сайтай эдийн засаг, мэдээлэл зүйн мэдлэгтэнгүүдийн нийгэмлэггүйгээр хүн төрөлхтний супер нэгдэл тогтнож чадахгүй гэж ноён Ирээдүй мэдээлж байна.

 Л.Түдэв “Дал“ сонин (Дугаар 300/2)

 

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Долдой(202.9.41.162) 2017 оны 10 сарын 22

Арвай,Даш мэтийн адгийн шаарууд, нэр төр, мөнгөний төлөө төрүүлсэн эхээ ч зарчихаас сийхгүй этгээдүүд шүү дээ!!! Даш гэгч 14 тэрбумыг идээд, 14 хүний амь авчихсан аймшигтай муухай араатан даа. Манайд ашиглаж байсан сансарын холбоо барьдаг ганц гар утсыг одоогийн суусан оюунаа гэгчтэйгээ холбоо барих гэж америк авч явсанмхойгуур нь нисдэг тэрэг унаж хүмүүс сүйрсэн. Тэр утсыг энэ бөгсний өвчит шар өвгөн авч яваагүй бол олон хүний амь аврагдөх байлаа. Ер нь их мунаг өвгөн. Хилийн цэрэгт оюунцэцэг гэгч хүүхнийг өдөр шөнөгүй хажуудаа байлгасныг нь тэднийхэн сайн мэднэ дээ. Хүн чанараа гээсэн, шун

0  |  0
Баяраа (66.181.160.17) 2017 оны 10 сарын 21

Түдэв гуай яах аргагүй манай үеийн их соён гэгээрүүлэгч , энэ цаг үеийн төлөвийг оношилжээ, энэ үнэнийг ухаж эргэцүүлэхийн оронд дайрч давшилж байх шив дээ, нийгмийн ухаан гэх үеэ өнгөрөөсөн мэргэжил эрдэмтэд монгол орны хөгжилд оруулсан нь тун бага, харин түүний оронд юм бүтээдэг талын эрдэм боловсрол ухаан хэрэгтэйг хаа хаанаа ойлгох хэрэгтэй байна. Түдэв гуайд баярлалаа сайхан өгүүллэг байна.

0  |  0
Монголын ирээдүй(103.212.116.238) 2017 оны 10 сарын 19

Түдэв гэж цагийн аясаар салхины нөлөөгөөр ухсан нүхэндээ хэвтэж байдаг хашир хөгшин бурхи шүү дээ. Уйдахаараа хааяа нэг хүхнээсээ гарч ирж, бусдыг хошгоруулах гэж үзнэ. Угаасаа дарга нарт долигонож, тэднийг магтан дуулдаг шанд нь эрх ямба горьддог долдойчуудын тэргүүн эгнээнд хамаг насаа өнгөрүүлсэн хүн. Намаа бус Цэдэнбалыг магтаж, зохиолчдоо бус Филатоваг шүтэн биширч насыг барсан хүн одоо Монголчуудаа элдвээр хэлж доромжлох дон өвчин туссан бололтой. Өнгөрсөн цаг үед хэлмэгдсэн олон сайхан эх оронч зохиолч найрагчдыг үл тоомсорлож ирсэн хүн шүү.

0  |  0
чё(202.72.245.122) 2017 оны 10 сарын 19

Монгол хэл дээр зөв тайлбартйа шижнлэх ухааны ухагдхууны тайлбар нэршилыг гаргаж Телевиз олон нийтээр суртачилах юмсан Өнөөдөр залуус нэг ухагдхууныг зөьхөн өөрсдийн ойлгосоноор ярьж бөөн маргах юм Ямар үг байх нь чухал биш ,Зүигүүр нь төмөр замын бие даасан татах нэгж,цахилгаан ,шингэн түлшээр ажилладаг олон янзын хөдөлгүүтэй гэх мэт

0  |  0
ё(202.72.245.122) 2017 оны 10 сарын 19

орчин үеийн заллуус судалгааг үзэн ядаж зөвхөн өөрсдийн сонссоныг БАТАЛГАа маягтай сэтгэх болж

0  |  0
ё(202.72.245.122) 2017 оны 10 сарын 19

Монгол хэл дээр шинжлэх ухааны ухагдхууныг буулгахгүй бол сүйрэх нь хэлний баялаг ядуурах нь Гол нв ямар үг нь чухал биш нэрлэсэн ухагдхууны агуулгын тайлбар чухал

0  |  0
хо хо(150.129.142.78) 2017 оны 10 сарын 18

Марксын тодорхойлсон нийгмийн 5 байгууламжийг цээжилчихсэн гар юм. хүй нэгдэл, боол ч гэх шиг. Түүхээс харахад тэдгээрийг туулаагүй нийгмүүд маш олон бдаг. Орчин цагийн түүхэнд нийгмийн байгууламжийн үечлэлийг шал өөрөөр үздэг болсныг мэдээд, дараа нь элдэв цэцэрхэл сараачиж бх хэрэгтэй

0  |  0
зочин(182.160.32.213) 2017 оны 10 сарын 18

Суут муут ч гэх шиг.

0  |  0
ч(202.72.245.122) 2017 оны 10 сарын 18

Дэлхйин банк чинь эрдэм шинжилгээний байгуулагуудыг хаах гэж шахдаг оронд нь Оксфорд гэх мэтийн өөрсдийн системыг дэмжүүлж ирээдүйн гар хөлөө бэлддэг

0  |  0
Иргэн(202.5.196.34) 2017 оны 10 сарын 18

Чухам үнэнийг айлджээ. Манай том их сургуулиуд, ШУА нь улс төрчдийн тоглоом болж захирал дарга нарыг нь УИХ, ЗГ-ийн томчууд хаалгадаж томилуулах болсон. Хамт олон нь тэднийгээ авч хэлцдэггүй, тоодоггүй болсон тул хөгжил байхгүй болсон

0  |  0
од(202.131.243.186) 2017 оны 10 сарын 18

ухаан муутай урагшгүй хүмүүст мөнгө асар их гай болдгийг харж байна 90оноос мөнгө биш бүсээ чангалсан бол яах байсан болдоо ухаантай хүн ерөнхийлөгч болсон ч болоосой

0  |  0
Top