Авто тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаатар Өмнөговь аймагт хоёр хүний амийг авч одсон ослын шалтгааны талаар дэлгэрэнгүй тайлбар өгснийг хүргэж байна.
-Өмнөговь аймагт зам тээврийн ноцтой осол болжээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хилийн зурвасын наана байдаг Цагаан хадны гаалийн хяналтын талбайгаас нааш 45 км-т Жавхлант толгойн орчим осол болсон гэж бидэнд мэдээлсэн. "Өрнө дорно транс" компанийн хятад жолоочтой машин хоосон цаанаас ирж явсан. Наанаас нь "Хурд авто" компанийн ачаатай хоёр тэрэг ар араасаа явж байсан. Түрүүчийн машин цаанаас ирж явсан хятад жолоочтой машинтай мөргөлдсөн юм байна. Машины бүхээгт богино холбоо үүсч шатсанаас хятад жолооч амь үрэгдсэн. Гэтэл наанаас ирж байсан хоёр дахь машин түрүүчийн машины араас мөргөснөөс жолооч нь хүнд гэмтэж орой нь 19 цагийн үед нас барсан байна. Энэ ослыг урьдчилсан байдлаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурд хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Тэнд дөрвөн машинтай 10-аад замын цагдаа 60 км тутамд хянаж байдаг. Осол болохын өмнөхөн хяналтын цэгт "Хурд авто" компанийн хоёр машиныг замын цагдаа зогсоож жолооч нарт хурдаа тохируулж явахыг анхааруулсан байна лээ.
-Нүүрсний замыг хаасан байсан. Хэний зөвшөөрлөөр нээсэн юм бол?
-Дөрөвдүгээр сарын 17-21-нд Авто тээврийн газраас ажлын хэсэг гарах тушаал гарч Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга миний бие хоёр байцаагчийн хамт нүүрсний тээвэрлэлтийг газар дээр нь очиж үзсэн. Замын нөхцөл байдал тээвэрлэлт хийх боломжгүй гэсэн улсын байцаагчийн акт гарсан. Мөн Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Мэргэжлийн хяналтын газраас "Замын нөхцөл байдал нүүрсний тээвэрлэлт хийх бололцоогүй тул хааж өгнө үү" гэсэн хүсэлт удаа дараа ирсэн. Энэ үед аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уурхайн ачилтыг зогсоосон байсан. Хятадын хоёр анги орж ирж хайрган хучилттай нүүрсний замыг зассан. Хажуугаар нь ирэх наймдугаар сард ашиглалтад орох хатуу хучилттай замын ажил хэвийн явж байгаа. Бид зам засварын ажлыг хоёр удаа очиж үзсэн. Эхний удаа очиж үзэхэд шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт хийж тэдэнд гурван шаардлага тавьсан. Нэгдүгээрт, зам зарим хэсэгтээ нарийсалттай, хоёрдугаарт, тойрог уруу дээр үзэгдэх орчин багатай, тойргийн налуу стандартын бус, гуравдугаарт, тэмдэг тэмдэглэгээ тавих шаардлагатай байна гэсэн. Ингээд дөрөвдүгээр сарын 12, 13-нд дахин очиж үзээд замын нөхцөлд тавьсан шаардлагыг хангасан учраас замын нөхцөл байдалтай нь харьцуулж гаргасан актаа цуцалсны үндсэн дээр Авто тээврийн газраас нүүрсний тээвэрлэлт явуулах зөвшөөрлийг сэргээсэн.
-Засмал зам ашиглалтад орвол жолооч нар хурдаа улам л хэтрүүлж, осол нэмэгдэх байх даа?
-Тэгэх байх гэж санаа зовж байна. Бид 30 км-ээс илүүгүй хурдтай явахыг жолооч нарт байнга анхааруулдаг. Гэвч хурдаа хэтрүүлээд байдаг. Манай газраас зам дагуу хяналт тавьдаггүй. Харин хилийн боомт дээр манай хяналтын цэг байдаг. Тэгэхээр замын цагдаа нар л нүүрсний зам дагуу хяналт тавьдаг гэсэн үг. Засмал зам ашиглалтад орохоор нүүрсний жолооч нарын хурдыг хянахын тулд зам дагуу GPRS тавих хэрэгтэй болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )