Б.Сарантуяа: Тайзан дээр маш гайхалтай дуу бүтээгээд од болж зогсох сайхан

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 18

 Д.Жаргалсайхан  "De facto" нэвтрүүлгийнхээ  энэ удаагийн зочноор гавьяат   жүжигчин, дуучин Б.Сарантуяаг урьж ярилцжээ.

-Сайн байна уу. Манай нэвтрүүлэгт оролцохоор ирсэнд баярлалаа. Эхлээд зочныхоо бага нас, мэргэжлээ сонгосон талаар ярилцдаг юм. Та хаана төрсөн бэ?

-Улаанбаатар хотын III төрөхөд мэндэлсэн.

-Дуучин болохоор хэзээ шийдэв?

-Дуу дуулах хүсэлтэй маань холбоотой байсан байх. Таван наснаасаа л дуучин болохыг хүсч мөрөөдсөн.

-Юу танд нөлөөлсөн бэ?

-Зурагтаар концерт үзэж байхдаа сайн дуучин болох юмсан гэж бодож эхэлсэн дээ.

-Анх тайзан дээр гарснаа санаж байна уу?

-Саналгүй яах вэ. Дархан хотын орос IV сургуульд сурч байхад манай ангийнхан бүгд гараа өргөөд байхаар нь дагаад өргөсөн чинь хоор дууны дугайланд орчихдог юм байна. Тэгээд л анх тайзан дээр гарч үзсэн. Улаанбаатарт Зөвлөлтийн 23 дугаар сургуульд нэгдүгээр анги төгсөх жил аав маань Дарханы үйлдвэрийн даргаар очсон юм.

-Олны өмнө анх ямар дуу дуулсан бэ?

-МҮОНРТ-ээр цаасан шувууны тухай дуу дуулсан.

-Орост амарч байсан уу?

-Үгүй. Одоо хүртэл амарч үзээгүй л байна.

-Таны ээж Якут гаралтай хүн. Та ээжтэйгээ монголоор ярьдаг уу, эсвэл оросоор уу?

-Багадаа орос, монголоор хольж ярьж байсан. Одоо бол англи, ихэвчлэн монголоор ярьж байна.

-Дуучин болоход таны аав ямар нөлөө үзүүлсэн бэ?

-Миний аав намайг эдийн засагч юмуу, арай өөр мэргэжил эзэмшүүлэхийг бодож байсан. Аав, ээж минь намайг хичээлээ давтахгүй, сургуулиа төгсөхөд асуудал үүснэ гэдэг үүднээс урлагийн хүн болохыг дэмждэггүй байлаа.

-Тэгээд ХААИС-ийн нягтлан бодогчийн ангид орсон юмуу?

-Их сургуулийн худалдааны эдийн засагчийн ангид конкурс өгөөд шалгалтынхаа оноогоор ХААИС-д хуваарилагдсан. Тэр үед хүүхдүүд энэ сургуульд сурахаас айдаг байсан. Учир нь сургуулиа төгсөөд эх орны хэрэгцээтэй газар явна гэж гарын үзэг зурдаг байлаа. Орос сургууль төгссөн хотын хүүхдэд хөдөө явж ажиллана гэдэг хүнд санагдсан.

-Явахад бэлэн байсан уу?

-Болох л байсан байх даа. Уртын дадлагаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хийж байлаа. Ээж минь аавын хийж өгсөн шар авдрыг ачиж өгөөд машин хөдөлтөл харж, гараа даллаад л үлдэж байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм.

-Мэргэжлийн дуучин болоод урлагийн сургуульд сурахаар хэзээ шийдсэн юм бэ?

-1990-ээд оноос мэргэжлийн дуучин болохоор зорьсон. ХААИС-д сурч байхдаа хичээлээсээ чөлөө аваад СУИС-д конкурс өгсөн юм. Хоёр жил дараалан өгөөд гурав дахь жилдээ тэнцсэн. Тэр үед эстрадын анги байгаагүй учраас дуурийн дуучны ангид орсон. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Хайдав багшийнхаа удирдлага дор олон жил дуулж, дасгал уншсан даа. Сайн багштай байсан учраас дуучныхаа гарааг дажгүй эхэлсэн гэж боддог шүү.

-Хэзээ өөрийгөө дуучин болжээ гэж бодсон бэ?

-2004 онд "Best of Saraa" тоглолтоо хийсэн. Тэгэхэд Сингапураас сайн хөгжимчид уриад уран бүтээлийнхээ шилдэг 30 дуугаа дуулсан. Хоёр өдөр болсон тоглолтоор нийт 60 дуу амьд хөгжимтэй дуулахдаа одоо л гайгүй дуучин болж байна даа гэж бодсон. Гэхдээ сарын өмнө энэ тоглолтынхоо бичлэгийг үзэхэд хангалтгүй юм шиг санагдсан. Ер нь өөрийгөө болсон гэж боддоггүй. Дотоод нөөц боломж, хүсэл эрмэлзэл их байна.

-1990 оны ардчилал таны амьдралд өөрчлөлт өгсөн үү?

-Би чөлөөт уран бүтээлч. Тэр үед Баянмонгол чуулгад дуучнаар орох хүсэлт өгсөн. Намайг авах хүсэл байсан ч орон тоо байгаагүй. Тэр нь ч болсон юм болов уу гэж боддог. Тэгээд "Хөх тэнгэр" хамтлаг байгуулсан. Ардчилал амьдралд маань сайнаар нөлөөлсөн шүү.

-Та нар Сингапур явж байсан. Тэнд хэр хугацаатай байсан бэ?

-Хамтлагийнхаа Ганхуяг, Пүрэвдорж ахтай 6-8 сар болсон. "Зүүдний говь" цомгоо бичүүлсэн. Шөнийн цэнгээний газарт 200 гаруй англи дуу дуулснаар хэлний   мэдлэг сайжирсан. Энэ нь бидний хувьд томоохон сургууль болсон доо.

-Гурвуулаа дуулдаг байсан уу. Ямар тоглолт үзүүлдэг байв?

-"Хөх тэнгэр" хамтлагаасаа түр гараад гурвуулаа хувийн амьдралаа хөөсөн гэх үү дээ.

-Мөнгө олж чадсан уу?

-Их мөнгө хураагаагүй. Харин олон юм сурч, гран при шагналынхаа суурийг тавьсан гэж болно. Монголын хамгийн анхны СD гаргасан дуучин Оюунтүлхүүрийн дараа бид цомгоо гаргасан. Мөн 1993 онд болсон "Asia Dausy" олон улсын хөгжийн наадмаас гран при шагнал хүртэж, 10 мянган доллараар шагнуулсан. Энэ бол маш их мөнгө байлаа. Монголдоо ирэхэд бага хурлын дарга байсан Н.Багабанди гуай хүлээн авч уулзсан. Засгийн газар баяртайгаар хүлээн авч, онцлон тэмдэглэсэн нь миний хувьд сайхан байлаа. Дуучны гараа маань үүнээс эхэлсэн. Өөрөөр хэлбэл, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн цагаас гэсэн үг.

-Та Өвөрмонгол, Буриадад концерт тоглодог уу?

-Буриадын цагаан сарын баярт зочноор оролцож, дуулж байсан. 2002 онд Дуурийн театрт нь урилгаар очиж, бие даасан тоглолт хийсэн. Өнгөрсөн жил "Олонху" наадамд оролцож бичил тоглолтоо толилууллаа. Харин Өвөрмонголд анх "Инээмсэглэл", "Соёл-Эрдэнэ" хамтлагтай ХААИС-ийн оюутан байхдаа явж дуулж байлаа. Монголын ододтой хамт тоглолтоор явж байсандаа өөрийгөө их азтай гэж боддог шүү.

-Сэтгэлд хамгийн тод үлдсэн дуу гэвэл?

-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, төрийн шагналт, ардын зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг "Зүүдний говь" маань байна. Энэ дуугаараа "Asia Dausy", 1991 онд Шанхайд болсон наадмаас мөнгөн медаль хүртсэн. Энэ дуугаа дуулахаар зөвхөн говь биш, Монгол нутгаа бүтнээр нь боддог юм.

-Та хэчнээн цомог гаргаад байна?

-13 цомог гаргасан. Одоо 14 дэхээ гаргах гэж байна.

-Эдгээр цомгоосоо алинд нь хамгийн хайртай вэ?

-"Аргагүй амраг" цомогтоо их хайртай.

-Яагаад?

-Хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн. 35 мянган доллараар Сингапурт хийлгэсэн. Хоёр ч удаа хэвлэгдсэн. Одоо дуунуудаа шинэчилж гурав дахиа гаргах гэж байна. Ард түмэнд маань хамгийн их хүрсэн цомог. Энэ цомогт эртний дуунууд багтсан байгаа. "Энэ хүүхнүүд үү", "Нүгэл буян" киноны дуу гээд л. "Хайрын бурхан" дуугаа бичүүлсний дараа хит болох нь дээ гэж бодож байсан маань биеллээ олсон.

-Таны анхны хайр хэн бэ?

-Анхны хайр гэхээсээ шохоорхол гэж хэлж болох залуу байдаг л даа. Би ер нь бардам зантай. Хайр сэтгэлийн араас хөөцөлдөж гүйгээгүй.

-Харамсдаг уу?

-Үгүй. Энэ голдирлоороо явж байгаа нь зөв юм болов уу гэж боддог. Гэхдээ бид одоо сайн найзууд. Амьдрал их баялаг.

-Таны анхны нөхөр хэн билээ?

-Намайг хоёр удаа гэрлэлтээ батлуулсан гээд сайтад биччихсэн байна лээ. Би хурим хийж үзээгүй. Харин дуучин Ганхуягтай амьдарч байсан. Урлагийн ертөнцөд орж ирээд сайхан хүнтэй учирсандаа баяртай байдаг. Одоо уулзахаар ахтаигаа уулзаж байгаа юм шиг л дотно санагддаг.

-Таны хүүгийн эцэг...?

-Бидний дундаас хүүхэд гараагүй. Тэр үед урлагтаа санаа тавьж байсан учраас хүүхэдтэй болохыг яараагүй юм.

-Таны хоёр хүүхэд хэдэн настай вэ?

-5,14 настай.

-Дуучин болох уу?

-Болохгүй байх. Хүү маань дуулах дуртай ч дуулаад явахыг нь төсөөлөхгүй байна. Харин охин маань тал талын авьяастай.

-Та ямар шашин шүтдэг вэ?

-Монголчууд шарын шашинтай, үүнийг л хүндэтгэдэг. Гэхдээ би Христийн сүмд явж байсан. Бөө мөргөлийг ч үгүйсгэдэггүи.

-Зөн билэг совинд итгэдэг үү?

-Итгэдэг.

-Хамгийн хайртай дуу гэвэл?

-...

-"Тэр намайг дурсдаг болов уу" дуу ямар вэ. Хэн нэгэнд зориулж дуулсан уу?

- Үгүй. Хүмүүс дандаа ингэж асуудаг юм. Нэг хүнд зориулсан дуу биш. Манай найз бүсгүйчүүд ....тэр намайг дурсдаг болов уу.... гээд амандаа аялаад машиндаа сонсоод ганцаараа явах дуртай гэдэг. Ер нь бол уран бүтээлдээ хувийн амьдралаа оруулах дургүй.

-Шинээр ямар уран бүтээл хийж байна?

-Студид их ажиллаж байна. Шинэ дуу гаргаж байгаа. Мартагдсан дуунуудаа ч сэргээж байна. 20 жилийн өмнө зохиогдсон "Хархорин" дуугаа дахиад дуулна.

-Яагаад?

-Одоо зохиогдож байгаа дуунууд аялгуу, шүлгээрээ хуучны дууг гүйцэхгүй байна. Тиймээс хуучин дуунууддаа сэтгэл хоргодох юм.

-Уран бүтээлээ хийх эрч хүч урмыг хаанаас авдаг вэ?

-Зүүд. Зүүдээ манана. Мөн намайг хүрээлж байгаа хүмүүс алга ташилт, урам зориг өгдөг.

-Танд шинэ жилийн сайхан дуу олон бий. Үүний талаар ярьж өгөөч?

-"Шинэ жилийн шөнө сайхан" дууг дуулсан түүх их инээдтэй. Монголын радиод "Хөх тэнгэр" хамтлагаараа бичлэг хийлгэж байсан юм. Тэгсэн хөгжмийн зохиолч Энхбаяр энэ дууг чи бичүүлээч, одоо шинэ жил болох гэж байна, халтуур хийхэд хэрэгтэй гэхээр нь зөвшөөрөөд бичүүлчихсэн. Дараа нь их сайхан дуу болсныг мэдсэн. Одоо ч гэсэн хүмүүс шинэ жилээр энэ дуугаа дуулаач гэж хүсдэг. 2004 онд "Шинэ жилийн цагаан шөнө" дуугаа дуулсан. Ая нь их сайхан санагдсан. Миний хоёр дахь хайртай дуу.

-Энэ дуундаа та бүжиглэдэг үү?

-Шинэ жилийн үдэшлэгт дуулахдаа бие маань тайзан дээр байгаа ч сэтгэл хэдийнэ бүжиглэж байдаг юм.

-Бүжгийн сургуульд явдаг уу?

-Бүжиглэдэггүй гэж шүүмжлүүлж, би өөрөө ч бүжиглэх дургүй гэдэг байлаа. Гэхдээ 1995 онд бүжиглэдэг байсан. Бас охиноо бүжиглэж байхыг хараад дахин бүжиглэж эхэлсэн шүү.

-Та хэзээ, ямар үед өөрийгөө Монголын поп хөгжмийн од гэж мэдэрсэн бэ?

-Ямар ч байсан фенүүд дайраад л гар, бөгжнөөс татаад л асуудал үүсгэдэг байдалд дургүй л дээ. Доргио байснаас тайзан дээр маш гайхалтай дуу бүтээчихээд од болж зогсох нь сайхан байдаг. Үзэгчид үнэн сэтгэлээсээ алга таших үед би өнөөдрийн хувьд од болчихлоо шүү гэж боддог.

-Сайхан дуугаараа та олон хүний сэтгэлийн хөгийг хөнддөг. Ер нь Монголд одын амьдралаар амьдрах хэцүү юү?

-Хэцүү санагддаггүй. Би аль болохоор олон нийтийн газар даруухан хувцаслаж явдаг. Харин том хүлээн авалт, үдэшлэг ч юмуу, одуудын цугладаг газар жинхэнэ од шиг явахыг хүсдэг. Бусад үед папарацидуулахыг хүсдэггүй. Хааш яаш хувцасласан, сонин царайтай хэвлэлийнхэнд харагдахгүйн тулд хичээдэг. Урьд нь бол чөлөөт хувцас, саравчтай малгай өмсөөд нүүрээ будахгүй явдаг байлаа. Харин одоо өдөрт олон хувцас, малгай, гутал солих шаардлагатай болсон. Энэ нь ч миний амьдралын хэв маяг болжээ.

-Та материаллаг талаасаа санасан амьдралдаа хүрч чадсан уу?

-Хүрээгүй байх. Хүний хэрэгцээ хязгааргүй. Миний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Гэхдээ хүсэл маань үе үе өөрчлөгдөж байдаг. Тэр хүслээ биелүүлэхээр сонирхол буурчихдаг юм. Жишээлбэл, шинэ машин, байшинтай болсны дараа дахиад л өөрчилмөөр санагддаг. Үүний тулд эдийн засгийн тогтвортой, найдвартай эргэлт байх хэрэгтэй. Тйймээс Сараа байнга ажиллах ёстой. Ер нь дуулахаасаа илүү рекламд тоглож мөнгө олох нь их.

-Таны хамгийн ойр, хамгийн том спонсор хэн байна?

-Байнга хамтарч ажилладаг ХААН банк байна. Мөн нэрээ хэлүүлэхийг хүсдэггүй спонсорууд бий. Түүнчлэн МSC, Магнай трейд, АПУ зэрэг хамтран ажилладаг.

-Монгол Улсын ойрын ирээдүйг яаж төсөөлж байна?

-Нов ногоон, талаараа дүүрэн малтай, цэнгэг устай, чийгтэй агаартайгаар төсөөлж байна.

-Монгол Улс таны хэлсэн шиг байгаасай. Зарим хамаагүй асуултад хариулсан танд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top