Ц.Энхжаргал: Зураач нар төрийн халамжаас гадуур амьдардаг

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 29

Энэ сарын 26-нд Монголчуудын нүдийг баясгасан “Plein Air” уран зургийн үзэсгэлэн Art Gallery-д нээлтээ хийгээд байгаа юм. Тус үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн шагналт СГЗ Зураач Ц.Нарангэрэл болон Урчуудын эвлэлийн шагналт СГЗ Зураач Ц.Энхжаргал нар хамтран гаргасан байна. Үзэсгэлэнг сонирхохоор олон хүн ирсэн байх бөгөөд энэ үеэр үзэсгэлэнг гаргасан хүндтэй эрхмүүдтэй ярилцлаа.

Ц.Нарангэрэл: Бид хоёр үеийг дамжсан зураач нар


- “Plein Air” үзэсгэлэнд нийт хэчнээн зураг тавигдсан бэ. Ихэвчлэн байгалийн зурагнууд байна?

- Нийтдээ 150 орчим зураг тавигдсан. Үүний 80 орчим нь миний зураг. Энхжаргалын маань 60 орчим зураг бий.  “Plein Air” гэдэг нь зураачдын хэл юм. Агаар, салхинд зурах гэсэн утгатай Франц үг юм.  Монголоор тайлбарлавал хээрийн дадлага буюу яг тухайн байгаль дээр очиж зурахыг хэлж байгаа юм.  Энэхүү үзэсгэлэнд байгалийн сэдэвтэй зурагнууд тавигдсанаараа онцлог. Бид зургаа яг бодит байгаль дээр нь очиж зурсан юм.

- Та хоёр бүх зургаа яг тухайн байгаль дээр нь очиж зурсан хэрэг үү?

- Тийм. Бид хамтдаа зун болгон аялж байгалийн зургийг зурдаг.  Зураач болгон өөрийн гэсэн арга барилтай. Энхжаргал бид хоёрын хувьд байгаль дээр нь очиж зурдаг бол зарим зураач нар толгойдоо төсөөлөн, хийсвэрээр зурдаг. Отгонтэнгэр хайрханыг зуръя гэхэд хайрхан дээрээ очиж байж зурдаг. Түүнээс биш төсөөлөөд зурж болохгүй. Байгаль хүнд асар их зүйлийг заадаг. Байгаль бол багш. Бид сургуульд байхдаа мэргэжлийн зураач багш нараар заалгадаг.  Харин дараа нь байгаль, амьдралаар хичээл заалгадаг. Тухайн байгалийн зургийг нэг цаг, бүтэн өдөр зурах тохиолдол ч бий. Зураг зурж байх явцад юу ч тохиолдож болно. Тухайлбал, цаг агаарын хувьд бороо орж, салхи шуурч хүндрэл учрах нь олон.

- Таны хувьд хол явж, хэцүү бэрхшээлийг даван туулсан зураг гэвэл?

- Хэцүү гэж хэлж болохгүй. Учир нь би өөрөө дурлаж байж, хол ч гэсэн очиж зурахыг хүссэн хүсэлдээ автан зургаа зурж байгаа юм. Сэтгэлийнхээ дуудлагаар явдаг гэж хэлж болно. Ер нь байгалийн зураач нар аялах дуртай болсон байдаг. Бид зөвхөн Монголдоо гэлтгүй Европын орнууд болон Гималайд очиж зургаа зурж байсан. Очсон газар болгон л сайхан байдаг. Сайхан байгальтай газар очиж, илбэх салхийг нь мэдэрч зурна гэдэг цаанаа нэг таатай. Гэхдээ тухайн байгалийг хүмүүст илүү сэтгэлд нь хүргэхээр зурах нь бидний үүрэг. Зүгээр хараад л адилхан зурна гэсэн үг биш. Яавал хүний сэтгэлийг хөдөлгөх вэ гэдгийг бодно. Үүний цаана урлагийн мөн чанар бий.

- Та амьдралынхаа явцад хэчнээн  зураг зурсан бэ. Онцлох зураг бий юу?

- Тоолох гэж үзсэн. Гэвч тоогоо алдсан. Сүүл рүүгээ тоолохоо байсан. Зурсан зураг бүр сайн уран бүтээл болж чадах уу гэвэл үгүй. Зураг гэж хэлэгдэхээр болсон эсэх нь он цагийн шалгуураар л тодорхойлогдоно. Хамгийн сайн шалгуур бол цаг хугацаа. Тиймээс би яг тэдэн бүтээл хийсэн гэж хэлэхэд хэцүү. Зураг болгон минь үр хүүхэд минь л гэсэн үг. Хүн аль нэг хүүхдэдээ илүү хайртай байдаггүйтэй адил миний уран зургууд ч гэсэн адилхан үнэ цэнэтэй.

- Та гадаадын олон оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан. Анхны бие даасан үзэсгэлэнгээ хэзээ гаргаж байв?

- Би дүрслэх урлагийн дунд сургуульд 20 гаруй жил багшилсан. Одоо чөлөөт уран бүтээлч. Монголдоо 1995 онд анх бие даасан үзэсгэлэнгээ өнөөдөр үзэсгэлэнгээ гаргаад байгаа Art gallery-д гаргаж байсан. Гадаадад 1997 онд анх бие дааж Туркийн Инстанбулд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байлаа.  Гадаадын улсуудад бие дааж хэд хэдэн удаа үзэсгэлэн гаргаж байсан.

- Зураач болгонд өөрийн гэсэн өнгө аяс, арга барил байдаг. Таны хувьд ихэвчлэн байгалийн сэдэвтэй зураг зурдаг. Яагаад байгалийн сэдэвтэй зураг зурах болсон бэ?

- Би байгалийн сэдэвтэй зургийг 1987 оноос хойш зурж байна. Миний багш бол ардын зураач Лувсангийн Гаваа гээд алдартай байгалийн зураач юм. Мөн театрын зураач байсан. Багшийнхаа нөлөөгөөр байгалийн сэдэвтэй уран зургийг зурах болсон болов уу гэж боддог.

- Та Монголын уран зургийн хөгжлийг хэрхэн дүгнэх вэ. Хуучин үеийг бодвол залуу уран бүтээлчид ямарч уран зураг зурсан чөлөөтэй болсон. Энэ нь залуу уран бүтээлчдэд илүү их боломжийг олгож байх шиг?

- Уран зургийн хөгжлийг нарийн тайлбарлах ёстой хүмүүс нь урлаг судлаач нар байх. Би өөрийн амьдарч буй цаг үеэ хамгийн сайн хөгжиж байгаа нь гэж хэлэх эрхгүй. Тэгж дүгнэх ёстой хүн нь ч би биш.  Үе үеийн зураач нар маань өөр өөрийн тухайн амьдарч байсан цаг хугацаандаа эзэн нь байж, чадварлаг гэгддэг байсан. Бид хуучин нийгмээсээ боловсрол эзэмшиж, уран зурагтай амьдралаа холбосон. Энхжаргал бид хоёрын хувьд хоёр үеийг дамжсан зураач нар. Миний хувьд энэ цаг үедээ өөрийн гэсэн өнгө төрх, хувь нэмрээ уран зурагт оруулж байгаа уран бүтээлчийн нэг. Биднийг залуу байхад буюу  социализмын үед янз бүрийн сэдэвтэй зураг зурж болдоггүй байсан. Нэг удаа би өвлийн харанхуй шөнө таван чоно нэг амьтныг зооглож байгаа тухай зурсан юм. Тухайн зургаа зурахдаа уран бүтээлчийнхээ давхар санааг оруулсан гэхэд болно. Тус зургийг Лхагвасүрэн найз маань хараад “Сайн зураг болж, гэхдээ хамаагүй нэр өгч болохгүй шүү” гэж байсан юм. Би зургаа “Хатуу өвөл” гэж нэрлэсэн. Зураг маань үзэсгэлэнд тавигдахад Дондог багш маш сайн болж гэж магтаж байсан. Дондог багшаар магтуулна гэдэг маш том үнэлгээ. Гэтэл үзэсгэлэнгийн дараа намайг дуудаад байцааж гарлаа. “Энэ чононууд хэн бэ. Энэ зургаан чоноо нэрлээдэх. Зургаа яагаад хатуу өвөл гэж нэрлэж байгаа юм” гэж асуулаа. Би ч энэ идүүлж буй бугын хувьд хатуу л зүйл боллоо гэж тайлбарласан. Бас нэгэн хөгжилтэй жишээ ярихад Энхжаргал маань нэг удаа Орос Монголын найрамдлын ойд зориулан зураг зурсан юм. Тус зурган дээр Орос, Монголын бага насны туранхай, хоёр хүүхэд тоглоомон мориор элсэн дээр тоглож байдаг. Хөдөөний хүүхдүүд багадаа туранхай байдгийг хүмүүс мэдэх байх. Гэтэл тус зургийг тухайн үед харчихаад дарга нар “Наад хүүхдүүдээ таргалуул. Чи Орос, Монголын найрамдлыг туранхай хүүхдүүдээр төлөөлүүлэн зурлаа” гэсэн /инээв/. Энэ мэт саар зүйлс байсан боловч, социализмын үед сайхан зүйл нь илүү олон байсан. Бид тухайн үед чанартай боловсрол эзэмшсэн. Монголын дүрслэх урлагийн ноён оргил болсон бүтээлүүд тухайн цаг үед хамгийн их туурвигдсан байдаг. Гэхдээ одоо үеийн залуус маань чөлөөтэй сэтгэж зурж байгаа нь олзуурхууштай.

- Монголын залуу үеийн зураач нарын авьяас чадварыг та хэрхэн дүгнэх вэ?

- Манай Монгол зураачид маш чадварлаг, авьяастай. Ганцаарчилсан уран бүтээлд түлхүү авьяас нь гардаг. Би 20 гаруй жил багшлахдаа энэ тухай мэдсэн. Надад Хятадын дүрслэх урлагийн сургуульд багшилдаг, зураач Хятад найз олон бий. Тэдгээр найзуудтайгаа уулзахаар надаас “Танай шавь нараас хэд нь зураач болж байна” гэж асуудаг. Би манайд нэг ангид сурч байгаа 10 хүүхэд тутмын тав нь зураач мэргэжилтэй болдог тухай хэлсэн. Гэтэл тэдгээр Хятад найз нар маань гайхаж “Манайд 1000 сурагч тутмын нэг нь зураач болдог” гэсэн юм. Үүнээс л Монгол хүний оюуны чадамж ямар өндөр болох нь харагдаж байгаа байх.

- Шүлэг бичдэг хүмүүс онгод орох гэж ярьдаг. Үүнтэй адил зураач хүнд онгод орох үе гэж бий юу?

- Онгод орохгүй байна гээд зурахгүй байна гэсэн үг биш л дээ. Гэхдээ заримдаа зурмааргүй үе тохионо. Заримдаа зурсан зургаа дараа нь харахаар нээрээ ч онгод орсон юм болов уу даа, бусад зургаасаа илүү боллоо гэж бодогдох үе бий.

- Зураач хүний мэдрэмж энгийн хүнээс илүү сайн хөгжсөн байдаг байх?

- Зураач хүнд харааны ур чадвар илүү сайн хөгжсөн байдаг. Урлагийнхны хувьд сонсох мэдрэмж нь илүү хөгжсөн байдагтай адилхан. Манайд харсан зүйлээ шууд тогтоогоод зурдаг зураач нар байсан. Тухайлбал, Өмнөговьд явж байгаад харсан зүйлээ Өвөрхангайд очоод шууд зурдаг чадварлаг зураач нар байсан юм.

 

Урчуудын эвлэлийн шагналт СГЗ Зураач Ц.Энхжаргалтай мөн ярилцлаа.


- Зураач Нарангэрэл та хоёрын хамтран гаргасан хэд дэх үзэсгэлэн бэ?

- Бидний хамтарсан тав дахь үзэсгэлэн. Нарангэрэл бид хоёрыг байгаль холбодог гэхэд хилсдэхгүй. Бид хамтдаа зун болгон аялж байгалийн зургийг газар дээр нь очиж зурдаг. Зургадугаар сараас есдүгээр сар хүртэл байнгын аялж зураг зурдаг гэхэд болно. Зуны турш зурсан бүтээлүүдээрээ жил болгон үзэсгэлэн гаргадаг. Нэг аялалд явахдаа 10-20 зураг зурдаг. Өвөлдөө харин хотдоо суурин байдаг.

- Та ямар төрлөөр зурдаг вэ. Өнөөдрийн үзэсгэлэнд таны зөвхөн байгалийг зурсан бүтээлүүд байна?

- Би сэдэвт зураг зурдаг. Болж байгаа үйл явдал буюу дайн гэх мэт. Гэхдээ биднийг сургуульд байхаас байгалийг зурж байх хэрэгтэй гэж заасан. Хавар намрын дадлагаар байнга байгальд очиж зураг зурдаг байлаа. Зураач хүн ямарч сэдвээр зурж байсан байгалийн зураг зурахаа больдоггүй. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнд байгалийн зургаа түлхүү оруулсан.

- Таны хувьд хэзээнээс уран зурагтай амьдралаа холбосон бэ?

- Цэцэрлэгт байхдаа л танк, машин гэх зүйлсийг зурдаг байсан. Ахлах ангидаа ороод ханын сонин гаргаж, зураг, сийлбэрийн дугуйланд явдаг байлаа. Улмаар дүрслэхийн дунд сургуульд орж, урлагийн Гавьяат зүтгэлтэн Дондог багшийн шавь болсон юм.

- Та гадаадад аль аль улсад үзэсгэлэнгээ гаргаж байсан бэ?

- Бие даасан үзэсгэлэнгээ Лондон, Англи, Франц, Япон, Орост гаргаж байсан. Хамтарсан үзэсгэлэн гэвэл олон оронд гаргаж байсан юм байна. Хятад гэх мэт хуучин социалист орнуудад гаргаж байлаа

- Нэг уран зурагны үнэ ханш хэд гэх үү?

- Янз янз байдаг. Сайн зураг 5 сая төгрөг хүрэх тохиолдол ч байна. Гэхдээ энэ нь их ховор байдаг. Харин муу зураг 100 мянга гэж үнэлэгдэх нь ч бий. Маш сайн бүтээл болсон зургаа зураач өөрөө гэртээ үлдээхийг хүсэх үе ч байна.

- Монголд уран зургийг төдийлөн үнэлдэггүй юм шиг санагддаг. Гадаадад Монгол зураач нар уран зургаа борлуулах боломж байдаг уу?

- Уран зураг худалдаж авах зах зээл нь Монголд хаагдмал. Харин гадаадад бол хүний бүтээлийг өндрөөр үнэлдэг. Гэхдээ Монголын Гавьяат цолтой зураач нар хүртэл гадаадад зураг худалдах нь хэцүү. Учир нь Монголын зураач нарыг сайн таньдаггүй, мэдэхгүй болохоор зургийг нь авдаггүй. Гадаадад  бүтээлээ туурвиад танигдсан Монгол зураач нар байдаг.

- Нэг зураг бүтэх зардал ойролцоогоор хэд болох вэ?

- Зотон даавуу дээр ихэвчлэн зурдаг. Зотон даавуу нь муугаасаа эхлээд сайн хүртлээ олон төрөл бий. Гадаадаас импортолж оруулж ирдэг. Зураач тосон будаг, бийр, зотон даавуу, жааз, дотуур жааз, арам, лак гээд бүх зүйлээ өөрөө худалдаж авдаг. Нэг зургийн материал гэхэд 50-60 мянган төгрөг болдог. Том зургийн материалын зардал 100 мянган төгрөгөөс илүү гардаг.

- Төрөөс зураач нарыг дэмжих дэмжлэг гэж бий юу?

- Байхгүй. Чөлөөт буюу бие даасан зураач нарт ямарч хөдөлмөрийн дэвтэр гэж байдаггүй тиймээс тэтгэвэрт гарахгүй гэсэн үг. Харин театрын зураач, сургуульд багшилж байгаа зураач нар тэтгэвэрт гардаг. Бие даасан уран бүтээлчийн хувьд зураг зарагдахгүй тохиолдолд гуйлгачин болдог гэхэд хилсдэхгүй. Банкнаас зээл авъя гэхээр бие даасан уран бүтээлчдэд зээл өгдөггүй. Бие даасан уран бүтээлчдэд тогтмол цалин, орлого байдаггүй. Ерөнхийдөө зураач нар төрийн халамжаас гадуур амьдардаг гэхэд болно.

- Зураач нар маань жил болгон үзэсгэлэн гаргадаг. Үзэсгэлэнгийн заалаа түрээсэлдэг үү?

- Урчуудын эвлэлийн гишүүн болохоор Art Gallery-д үзэсгэлэнгээ үнэгүй гаргадаг. Хэрэв өөр газар үзэсгэлэнгээ гаргавал долоо хоногийн сая гаруй төгрөг төлнө. Урчуудын эвлэлийн хорооноос ийнхүү боломж олгож байгаад баярлалаа гэж хэлмээр байна.

 - Зураачийн мэргэжил их хөдөлмөр шаарддаг юм шиг санагдлаа?

- Сайн мэдэхгүй хүмүүс зураачийг амархан мэргэжил гэж боддог байх. Гэвч зураач бол амаргүй мэргэжил. Нэг зураг бүтэх хугацаа янз бүр. Ганцхан зураг зурахын тулд олон километр явна. Мөн санхүүжилт хэрэг болно. Бид санхүүжилтээ өөрсдөө гаргах нь олон. Үүнийг мэдэхгүй хүмүүс зураач нарыг гэртээ сууж байгаад зургаа зурчихдаг гэж боддог. Нэг зурагны ард асар их хөдөлмөр байдаг. Бид ядрах боловч өөрсдөө уран зурагт дуртай, хайртай юм. Хөдөлмөрийн маань үр дүнд өнөөдрийн үзэсгэлэн гараад байна.

- Дараагийн үзэсгэлэнгээ хэзээ гаргах вэ. Ямар онцлогтой байх бол?

Ирэх жил үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байгаа. Дандаа том зургаар  сэдэвтэй, зохиомжтой зургаар үзэсгэлэнгээ гаргана.

- Залуу зураач нартаа хандаж юу гэж зөвлөх вэ?

- Залуу зураач нар маань бодит зургаа сайн зурж чадахгүй хэрнээ хэтэрхий эрт хийсвэр зураг зурдаг болоод байна. Харин үүний оронд бодит зургаа маш сайн зурж сурах хэрэгтэй гэдгийг хэлье. Тухайлбал, хүнийг зурахдаа гарын шуу гээд бүх хэсгийг нь маш сайн зурж сурах хэрэгтэй. Эхлээд бодит зургаа сайн зурдаг болоод хийсвэр зураг зурдаг болох юм. Мөн амьд байгалийн зургийг зурах нь зураач нарт маш их чадварыг өгөх болно. Энэ удаагийн үзэсгэлэнд маань байгалийн уран зургууд түлхүү орсон байгаа.

Ярилцсанд баярлалаа

Үзэсгэлэнд тавигдсан зургуудаас:




Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эргэлзээ(66.181.182.248) 2025 оны 03 сарын 13

Хятадад 1000 сурагчдын 1 зураач болдог харин манайд 10 сурагчдын 5 нь зураач болдог. Эндээс монгол залуучууд илүү авьяастай гэсэн дүгнэлт хийж байх юм. Гэтэл нөгөө талдаа монгол зураачдын зураг борлогддоггүй, дэлхий тэднийг таньдаггүй гэх юм?! Тэгвэл сайн зураач болоогүй байгаа хэрэг бус уу?

1  |  0
Kkk(66.181.161.86) 2025 оны 03 сарын 13

Ямар ядуу асуулт тавидаг хязгаарлагдмал оюун ухаантай сэтгүүлч вэ. Тэр зотон даавуу , хүний гар шуу зурах технологи хэнд хэрэгтэй юм бэ? Бүтээлийг нь онцолж бичээчээ. Хүүхэд шиг танк манк зурдаг нь хэнд хэрэгтэй юм бэ? Гадаадын зураачдын ярилцлага, тэдний бүтээлийн талаар бичсэн нь уншихад ч урамтай байдагшдээ. Аар шаархан юм яриж бичих юмаа. Элэг элэг

2  |  0
зочин(202.9.40.5) 2025 оны 03 сарын 13

сайхан зураачид байна

1  |  0
уншигч(202.9.40.5) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр сайхан зургууд байна. Манайхан ийм үзэсгэлэнг бүр том павильонд гаргах цаг хэзээ ирэх болоо?

2  |  0
Close menu