Энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах’’ жил болгон зарласантай холбогдуулан иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуй нэгж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилгоор Цэвэрч-Баянзүрх аяныг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.
Дүүргийн Засаг даргын Захирамжийн дагуу зохион байгуулагдаж буй уг аянд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуй нэгж байгууллага, иргэд оролцох юм. Цэвэрч-Баянзүрх аян энэ оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн Бямба гаригт цэвэрлэгээг зохион байгуулж ажлын хэсэг тайлан мэдээг тухай бүр нь нэгтгэн дүгнэнэ.
Түүнчлэн аяны хүрээнд Гудамж зам талбайг тохижуулах, Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Байгууллага, аж ахуйн нэгжийн гадна хаяг, хаягийн байгууламжийг холбогдох журамд нийцүүлэх, Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, Гудамж зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зэрэг тохижилтийн ажлуудыг зохион байгуулна.
Цэвэрлэгээний явцад ажлын хэсэг бүрэн хяналт тавих бөгөөд хангалтгүй оролцсон байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авах юм. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )