СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн УГААРТАЖ амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 04

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уурхайн нүхэнд дөрвөн иргэн нас барсан хэрэг энэ сарын 1-ний өдөр гарчээ. Тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хороонд байрлах Зоригийн тоосгоны үйлдвэрээс 500 метрийн зайд байх 10 метр гүн уурхайн цооногоос биедээ ил шарх сорвигүй дөрвөн цогцос олдсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Цооногт Налайх дүүргийн харьяат 17-23 насны гурван иргэний цогцос байсан ба 50 орчим насны эрэгтэйн цогцсыг таниулах ажиллагаа явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Урьдчилсан дүгнэлтээр дээрх иргэд нь нүүрстөрөгчийн дутуу исэл /298 ppm/-д хордож нас барсан гэх ба талийгаач нар уурхайн цооногт хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй байгаа аж.


-СҮҮЛИЙН 4 ЖИЛД УУРХАЙН ОСЛООР 48 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ-

Манай улсад 100.000 гаруй бичил уурхайчин байдаг гэсэн албан бус тоо бий. Зөвхөн Налайхын нүүрсний бичил уурхайн 200 гаруй аманд 3000 орчим хүн ажилладаг. 2014-2018 оны байдлаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт иргэд бичил уурхайгаар нүүрс олборлохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсний улмаас 43 хүний бие махбодид хүндэвтэр, 12 хүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирч, 48 хүний амь нас хохирсон гэх мэдээлэл байна.

Эдгээр ослын гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөөгүйгээс үүдсэн байдаг. Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт иргэд бичил уурхайгаар нүүрс олборлохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс бие махбодид нь гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон хэрэг тэдгээрийн шийдвэрлэлтийн байдал, цаашид энэ төрлийн хэргийг таслан зогсоох, бууруулах талаар сүүлийн таван жилийн судалгааг хийжээ. Эрхзүйн талаас авч үзвэл, хувиараа бичил уурхайгаас ашигт малтмал олборлох тухай зохицуулалт, дүрэм журам, акт байдаггүй учир энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг байна.

Өөрөөр хэлбэл, тухайн цооногийн эзэмшигч хуулийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал хангах субъект болж чаддаггүй учраас хэрэг шалгалтын явцад талийгаачийн оршуулгын зардлыг гаргуулж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хаах тохиолдол олон байдаг ажээ.

Гэвч өнөөдрийг хүртэл иргэд амь насаа эрсдэлд оруулж газрын гүн рүү 20-80 метр хүртэл гар аргаар цооног ухаж олборлолт явуулсаар байгаа ба жилээс жилд ослоор нас барах хүмүүсийн тоо өссөөр байгаа нь анхаарал татах асуудлын нэг гэдгийг албаныхан хэлж байна.

-ЭНЭ ТӨРЛИЙН ХЭРГИЙГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ БАЙНА-

Хяналтын прокурор С.Энхмаа “Манай дүүрэгт амьжиргаагаа залгуулах гэж ил аргаар уурхай ашигладаг иргэд олон байдаг. Ямар ч зөвшөөрөлгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын стандарт, дүрмийг баримтлахгүйгээр уурхайн цооногт нүх ухаж орж, амь насаа алдах тохиолдол олон гардаг. Ийм хэргийн газрын үзлэгт прокурор яг хэрэг болсон цооног нүх рүү орох боломж байдаггүй. Зөвхөн аврах ангийн алба хаагчид орж, цогцсыг гаргаж ирсний дараа үзлэг хийдэг. Гэхдээ нүх рүү орох боломжгүй гээд бид зүгээр зогсоод байдаггүй. Мөрдөн байцаагчид зохих зааварчилгаа, чиглэлээ өгдөг. Зарим тохиолдолд хонон өнжин хэргийн газарт ажиллах шаардлага ч гардаг. Аврах ангийнхан гаргаж ирэх гэж удсан тохиолдолд прокурор, мөрдөн байцаагч нүхний гадаах үзлэгээ хийгээд, цогцсыг гаргаж иртэл нь байж байдаг. Өвлийн 40 хэмийн хүйтэнд 2 хоног ажилласан тохиолдол ч бий. Энэ төрлийн хэргийг шүүх шийдвэрлэхгүй байгаа. Ил аргаар ашигт малтмал олборлох талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Цооногын эзэн хэргийн субъект болж чаддаггүй. Хохирогч нар уурхайн цооногийг эзэмшдэг хэн нэгэн хүнтэй тохироод нүүрс олборлох гэж ороод амь насаа алдах тохиолдол олон бий” гэлээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top