Санхүүгийн зах зээл БАНК, ДААТГАЛ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ гэсэн үндсэн гурван тулгууртай. Харин манайд банк гэсэн нэг л тулгуур нь хөгжиж, цэцэглээд нөгөө хоёр нь хөгжил дутуухан мөлхөж байна гэсэн шүүмж дагуулдаг. “Хөрөнгийн зах зээл бол хөгжлийн хөшүүрэг юм байна” гэх үгсийг С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ хэлж, бүхэл бүтэн нэг жилийг хөрөнгийн захыг хөгжүүлэх өдөр хоногууд болгон зарлаж байв. Лондонгийн биржтэй “Стратегийн түншлэлийн гэрээ” байгуулсан, өндөр үнэтэй арилжааны систем авсан, хууль эрх зүйн орчин олон улсын жишгийн дагуу шинэчлэгдсэн гэхчлэн харвал хийгдсэн алхмууд бий.
“Монголын хөрөнгийн бирж” өнгөрсөн онд 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийж, ТОП-20 индекс 68.9 хувиар өссөн нь үүдээ нээснээс хойшхи түүхэн дээд үзүүлэлт болсон.
Зах зээлийн үнэлгээ 67.4 хувь өсч 2.4 их наяд төгрөгт хүрснийг сүүлийн 5 жилийн хамгийн дээд үзүүлэлт гэж биржийн удирдлага тодотгож байсан. Гэхдээ хөрөнгө оруулалт, мөнгөний урсгалын үндсэн чиглэлийг банкны сектор атгасан хэвээрээ байгааг тодотгоё. Хөгжингүй орнуудад хөрөнгө оруулалтын 50-аас дээш хувь нь хөрөнгийн зах дээр эргэлдэж байдаг. Манай улсын тухайд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхтэй зэрэгцээд төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг сайжруулах, компаниудын менежмент, засаглалыг сайжруулах, хээл хахууль, авлига гарч болох системийг өөрчлөх боломжууд гарч ирнэ гэх хүлээлт бий. Мөн хөрөнгийн зах зээл мөнгө санхүүжилт босгох томоохон дэд бүтэц тул хөгжлийг нь дагаад банкны зээлийн хүү буурах боломж бүрдэнэ гэдгийг ч МХБ-ийн удирдлага хэлдэг. Ер нь санхүүгийн зах зээлийг тэнцвэртэй хөгжүүлэхэд нарийн зохицуулалт шаардлагатай нь тодорхой юм.
Тэгэхдээ хөрөнгийн захаас гадагшлах шинэ мэдээллүүд нэмэгдсээр байгааг дашрамд тодотгоё. Тэрчлэн хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээллүүдээс хүргэе.
-“Мандал Даатгал” ХК анхдагч зах зээлийн захиалга авч эхэллээ-
Үнэт цаас, даатгалын салбараас үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж буй анхны компани бол "Мандал даатгал" ХК юм. Тус компани нийт хувьцааныхаа 25 хувь буюу 1,560,754 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 4800 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 7.49 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн сурталчилгааг эхлүүлсэн. "Мандал даатгал" ХК нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг сайжруулах, түүнчлэн, СЗХ-ноос батлагдсан "Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага"-ын дагуу зарцуулахаар төлөвлөсөн гэж мэдэгдэж буй. Хувьцааны андеррайтерийн үйлчилгээг "Голомт капитал ҮЦК" ХХК, аудитын үйлчилгээг “Улаанбаатар Аудит Корпораци” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн Батбаяр энд Партнэрс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байгаа аж. Үнэт цаасны худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 4-н буюу өнөөдрөөс эхлэн 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хүлээн авч байгаа юм байна.
-“Ард Даатгал”-ын 7.5 сая ширхэг хувьцааг нийтэд санал болгоно-
Мөн “Ард Даатгал” ХХК анхдагч зах зээл дээр хувьцаагаа гаргахаар болсон. Санхүүгийн зохицуулах хороо “Ард Даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25.0 сая хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн. Улмаар “Ард Даатгал” ХХК 30 хувь буюу 7.5 сая ширхгийг 700 төгрөгийн үнээр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн юм. “Ард Даатгал” ХХК-д “БиДиСек ҮЦК” ХХК андеррайтерийн үйлчилгээ үзүүлж байгаа. “Ард Даатгал” ХХК нь 2018 оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нэмэлт хувьцаа гаргаж, анхдагч зах зээл дээр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгохоор шийдвэрлэсэн юм.
Э.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Хэт нуршаа. Түүхий бантан ийм биз. Хэн унших вэ малаа
nurshaa horongo