Хятадын нарны цахилгаан станцууд дэлхийн эрчим хүчний ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 05

Нарны цахилгаан эрчим хүчний томоохон паркуудын эх орон болох БНХАУ технологиороо дэлхийн эрчим хүчний бодлогод нөлөөлөх хандлагатай нь ажиглагдаж байна. Гэвч эдгээр төслүүд хэр ирээдүйтэй вэ?

Хятадын хойд бүс нутаг болох Датон мужийн дээгүүр нисэхэд хоёр аварга панда баавгайн дүрс нүдэнд тусна. Нэг нь тан руу гараараа даллах аж. Эдгээр нь хэдэн мянган нарны зайн хавтан бөгөөд нийлээд 100 орчим га талбайг эзэлсэн 100 МВт цахилгаан эрчим хүчний эх үүсвэр юм. Хятадын стандартаар энэ нь харьцангуй бага хэмжээнд тооцогддог ч үнэхээр эх оронч санааг илэрхийлдэг. Учир нь энэхүү асар том парк Хятадын үндэсний бэлэг тэмдэг болсон хулсны баавгайны хэлбэр дүрстэй баригдсан юм.

Хятад улс нь дэлхийн аль ч оронд байхгүй нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай /130 ГВт/. Тус улсын томоохон хэмжээний нарны цахилгаан эрчим хүчний паркуудын тоонд 4 сая нарны зайн хавтан бүхий Longyangxia Dam Solar Park мөн дэлхийд хамгийн томд тооцогдож буй Тэнгэр цөл дэх станц /1500 МВт/ ордог.


Хэдэн сая долларын өртөгтэй эдгээр төслүүд үр ашгаа өгч ногоон эрчим хүчний зорилгод нийцэх болов уу?

Зах зээлийн судалгааны Bloomberg New Energy Finance компанийн үзэж буйгаар БНХАУ дэлхийд нарны зайн хавтангийн технологийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ мэдээллээс үзвэл дэлхийн нарны зайн хавтангийн 60 хувийг Хятад дангаараа үйлдвэрлэж байгаа аж. Мэдэж хэрэг тус улсын засгийн газарт энэхүү бүтээгдэхүүний эрэлтийг өндөр байлгах эдийн засгийн сонирхол бий. Холимог эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх нь тус улсын бодлогын нэгэн гол зорилго болоод байна. Учир нь цахилгаан эрчим хүчнийхээ гуравны хоёрыг нүүрсээс гаргаж авсаар л байна.

Хятадын өргөн уудам, нар шарсан хойд болон баруун хойд бүс нутаг нь нарны эрчим хүчний парк байгуулахад нэн тохиромжтой бөгөөд өртөг нь ч харьцангуй боломжийн. ОУЭХА тэмдэглэснээр БНХАУ нарны эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгодоо заасан хугацаанаас даруй гурван жилийн өмнө хүрчээ.

Нарны зайн хавтанг мөнхийн цэвдэгийг хайлуулахад ашиглан мод тарьж газраа нөхөн сэргээсээр. Зарим улс төрийн хувьд эмзэг бүс нутагтаа нарны эрчим хүчний станцууд барьж байгуулж буй Хятадын энэхүү зорилгын ард өөр учир шалтгаан байхыг үгүйсгэх аргагүй. Сүүлийн арав гаруй жилд Хятад Улс Түвд болон түүний ойр орчмын дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавин энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг ихээхэн дэмжиж байгаа. Үүнийг зарим хүмүүс тэрхүү улс төрийн зорилготой нь холбон тайлбарладаг.

Гэсэн хэдий ч нарны эрчим хүчний асар том паркуудыг аглаг талд барих нь сул талтай. Учирыг нь мэдэхийн тулд Хятадын түүхийг дахин нэг эргэн харах хэрэгтэй. 1935 онд газар зүйч Ху Хуанён Хятадын зүүн хойд нутгаас өмнөд төв нутаг хүртэл “Хугийн шугам” хэмээн нэршсэн шугам татаж тус улсын газар нутгийг бараг ижил хэмжээний хоёр хэсэгт хуваасан билээ. Хүн амын хувьд энэ хоёр хэсэг нь харьцангуй өөр. Хятадын хүн амын 94 хувь нь энэхүү шугамын зүүн талд, харин дөнгөж 6 хувь нь баруун хэсэгт нь амьдарч байна.


Хонгконгийн их сургуулийн эрдэмтэн  Юань Хугийн хэлснээр Хятадын салхи, нарны эрчим хүчний эх үүсвэрийн хувиарлалт үүнээс тэс өөр юм. Тус улс дахь нарны зайн хавтангуудын ихэнх нь эрчим хүчний гол хэрэглэгч болох томоохон хот, суурин газруудаас алс байрлаж байдаг. Үр дүн нь эдгээр хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээн дэхь нарны эрчим хүчний эзлэх хувь хэмжээ үнэхээр бага.

Хятадын цахилгаан эрчим хүчний зөвлөлийн мэдээллээс үзвэл 2018 оны эхний 6 сарын байдлаар дээрх хувь хэмжээ дөнгөж 14.7 хувь байна. Өөрөөр хэлбэл 200 МВт нарны эрчим хүчний нөөцийн  6 хүрэхгүй хувийг хэрэглэж байна гэсэн үг юм. Үүний гол шалтгааныг бид цаг агаар зэрэг хянаж үл болох хүчин зүйлстэй холбон тайлбарлаж болох. Гэсэн хэдий ч энэхүү үзүүлэлт хэт бага буйг Ху тайлбарлахдаа нарны эрчим хүчний паркуудыг цахилгаан эрчим хүчний хэрэглэгчидтэй холбосонг хэдэн зуун километр урт шугамаар цахилгаан дамжуулах явцад эрчим хүчний алдагдал их гардаг. Үүнийг Ху “ноцтой үл нийцэл” хэмээн томъёолов.


Эл асуудлыг шийдвэрэх үүднээс Хятад улс илүү боловсронгуй цахилгаан дамжуулах технологи боловсруулах ородлого хийсээр байна. Үүнийн нэг хувилбар нь өндөр хүчдэлийн цахилгаан шууд дамжуулах шугам юм. Төлөвлөснийг бодвол эдгээрийг тийм ч хурдан бариагүй л байна. Хятадын нарны эрчим хүчний салбарт тулгарч буй бас нэг хүндрэл нь 5 дугаар сард тус улсын засгийн газар нарны эрчим хүчний томоохон төслүүдийг хэт өндөр өртөгтэй хэмээн үзэж татаасаа тансантай холбоотой аж. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний төрийн сангийнх нь өр 15 тэрбум ам.доллараас давсанаас үүдэлтэй юм. Энэ бол том цохилт. Өнгөрсөн жил тус улсад 53 ГВт нарны эрчим хүчний үүсгүүрийг суурилуулсан бол энэ жил 35 ГВт-ын суурилуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм. Ийм нөхцөлд эрчим хүчний хөрөнгө оруулагчид нарны цахилгаан эрчим хүчний асар том, алслагдмал станцуудын төслөөс нүүрээ буруулж өөр боломж хайхад хүргэж байна. Томоохон хот сууринд байшингийн дээвэр дээр нарны зайн хавтан байрлуулж цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчид шууд борлуулах нь илүү ирээдүйтэй хэмээн зарим нь санал болгож байна. Гэсэн хэдий ч Ху зэрэг судлаач, шинжээчид асар том хэмжээний нарны эрчим хүчний паркын төгсгөл Хятад Улс төдийгүй хаана ч харагдахгүй байна гэсэн байр суурь дээр баттай зогсоно.

Хятадын нөлөө нь зөвхөн өөрийн газар нутаг дээр хэрэгжүүлсэн төслүүдээр хязгаарлагдахгүй. Хилийн чанад дахь олон мега төслүүд Хятадын нөлөөг батжуулж байгааг бид ойлгох учиртай. Энэтхэг зэрэг олон улс оронд нарны эрчим хүчний томоохон паркууд баригдаж байна. Угсралтын ажил дуусах үед эдгээр паркууд “дэлхийн хамгийн том” гэсэн шошго зүүхээр өрсөлдөх болно. Ихэнх нь Хятадтай шууд холбогдоно. Жишээ нь Египетийн Бенбан цогцолбор 1600-2000 МВт хүчин чадалтай байхаар төлөвлөгдөж 37 кв.км талбай эзлэх сүрлэг байгууламж. Үүнийг барьж буй компаниудын нэг нь хятадынх.  Датон дахь панда баавгайны хэлбэр бүхий паркийг байгуулсан Panda Green Energy хулсны баавгайг санагдуулах хэлбэр бүхий нарны цахилгаан эрчим хүчний паркыг олон олноор Хятадын хаа нэгтээ байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ бол тус компаний “Панда 100” хөтөлбөрийн зорилго юм. Тус компани  мөн бусад улс оронд хараа булаах нарны эрчим хүчний паркуудыг барихаар зорьж байгаа. Тэгэхээр хэдхэн жилийн дараа “панда+регби бөмбөг” парк Фижид, “панда+агч модны навч” парк Канадад бий болох нь.

Нарны цахилгаан эрчим хүчний станц олноор баригдахын хэрээр ирээдүйд нэгэн хүндрэлтэй асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага тулгарна.  Энэ бол нарны зайн хаягдал хавтан. Хавтан ашиглах хугацаа 30 орчим жил байдаг бөгөөд  хүхрийн хүчил зэрэг химийн хорт элемент орсон байдаг тул дахин боловсруулахад хүндрэлтэй аж. 2040 гэхэд Хятадад хаягдал хавтангийн асуудал толгойны өвчин болох магадлалтай ба одоогийн байдлаар энэ бүх хаягдлыг хэрхэх талаар ямар нэгэн тодорхой төлөвлөгөө алга л байна. Хэдийгээр энэ нь цөмийн хог хаягдлыг бодвол магадгүй арай хялбар хэдий ч нарны эрчим хүч үнэхээр ногоон технологи гэдгийг батлахын тулд энэхүү саадыг зайлшгүй давах учиртай.  

Хямд өртөгтэй нарны цахилгаан эрчим хүчний эрэлт ирэх жилүүдэд олон тооны эх үүсвэр бий болход хүргэх нь дамжиггүй. Өнөөдөр асар том санагдаж буй эдгээр төслүүд тооны хувьд нэмэгдэж, хүрээ нь илүү тэлэх хандлагатай.

Бидэнд хүлээх л үлдлээ.

Эх сурвалж: www.bbc.com

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top