”Солонго” сэтгүүл Монгол, Хятад орны нөхөрлөлийн гүүр болон ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

ӨМӨЗО-ны Өдрийн сонины харьяа “Солонго” сэтгүүлийн 25 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Блюй Скай зочид буудлын Топаз танхимд боллоо. Энэхүү арга хэмжээнд “Солонго” мэдээллийн төвийн захирал Л.Наранхүү, ӨМӨЗО-ны Өдрийн сонины дэд ерөнхий редактор Уртнаст, МУИС-ийн Күнзийн Институтийн  захирал, хятад судлаач, хэл бичгийн ухааны доктор М.Чимэдцэеэ, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, нийтлэлч  Б.Галаарид нар болон “Солонго” сэтгүүлийг шимтэн уншигчид оролцсон юм. Тус сэтгүүл нь 1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй төдийгүй өдгөө “Солонго” сонин, Solongonews.mn, Solongo.ru сайт, Солонго гар утасны АПП, Микро Блог, ВиЧат болон улам бүр өргөжин тэлсээр байгаа юм. “Солонго” сэтгүүл нь Улсын засаг, ард түмний зан заншил, аж амьдрал, соёл, хүмүүнлэгийн чиглэлээр нийтлэлийн бодлогоо баримтлан ажилладаг байна. Мөн тус сэтгүүл нь 2014 оны есдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотноо албан ёсны төлөөлөгчийн газрыг ажиллуулж байна.  

ӨМӨЗО-ны Өдрийн сонины дэд ерөнхий редактор Уртнаст хэлэхдээ ""Солонго” сэтгүүл нь уламжлалт мэдээллийн хэрэгслээс орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд болон хөгжиж олон хэлбэр агуулга, эх сурвалжтайгаар мэдээллийг хүргэж ирсэн. Хятад , Монгол хоёр улсын засгийн газрын анхаарал, дэмжлэгийн дор хоёр талын хэвлэл мэдээллийн салбарын харилцаа гүнзгийрч боловсон хүчнээ сурталчлах, солилцоо, хамтарсан сургалтын арга хэмжээ зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Хоёр улсын харилцаа сайжирсаар байна" хэмээв.


-“Солонго” мэдээллийн төвийн захирал Л.Наранхүү: Удаан жилийн үнэн сэтгэлтэй энэхүү сэтгүүл болж чадлаа-

“Солонго” сэтгүүлийн 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэхүү ойн хүрээнд Солонго сэтгүүлийн хийж ажлын талаар бидэнтэй хуваалцана уу.

Солонго мэдээллийн төвд анхаарлаа хандуулдаг уншигч, үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Яг одоо явагдаж буй Солонгын энэхүү өдөрлөг дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд бид Солонго хэвлэл мэдээллийн форум зохион байгуулж байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүрээнд зохион бичлэгийн уралдаан хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Ийм аргаар бид “Солонго” сэтгүүлийнхээ 25 жилийн ойг уншигчдынхаа дэргэд нь ирж тэмдэглэж байгаа юм. Энэхүү сэтгүүл нь Монгол, Хятад орны нөхөрлөлийн гүүр болон ажиллаж байна. Удаан жилийн үнэн сэтгэлтэй энэхүү сэтгүүл гэдгийг форумд оролцсон зочид төлөөлөгчдийн үгээс сонслоо. Бидний ямагт баримталдаг зарчим бол уншигчид юу хүсэж байна вэ гэдэг. Мөн сэтгүүлийн байр суурь бодол баримтлалыг авч явах нь хамгийн нэн тэргүүний чухал зүйлийн нэг. Тиймээс ийм арга хэмжээг жил бүр зохион байгуулах, харилцан дасах, өөрсдийгөө таниулах, гэх мэт зүйлийг эрхэм зорилгоо болгож байна. Өнөөдөр та бүгдийг бидний 25 жилийн ойн баярт хүрэлцэн ирж бидэнтэй баяр жаргалыг маань хуваалцаж буйд гүнээ талархаж байна.

Уг форумын үеэр “Миний мэдэх хөрш орон” зохион бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа. Тус уралдаан нь хоёр орны найрамдалт харилцааг илтгэж буй бөгөөд сурагчид Монгол бичгээр, Хятад хэлээр зохион бичлэгээ ирүүлсэн юм.


Монгол бичгээр ирүүлсэн зохион бичлэгийн Нэгдүгээр байрт 14 дүгээр сургуулийн сурагч Т.Хишигдэлгэр, Хоёрдугаар байрт, 14 дүгээр сургуулийн сурагч Э.Жавхлан, Э.Уянга, Гуравдугаар байрт 14 дүгээр сургуулийн сурагч А.Энхтуул, С.Дарьсүрэн, Т.Халиун нар тус тус байр эзэлжээ. Харин Хятад хэлээр ирүүлсэн зохион бичлэгийн Нэгдүгээр байрт Монгол-Хятад Найрамдал сургуулийн сурагч Б.Энхжин, Хоёрдугаар байрт Монгол-Хятад Найрамдал сургуулийн сурагч Ля Жа Шин, Жан Мишээл, Гуравдугаар байрт Монгол-Хятад Найрамдал сургуулийн сурагч  Мэж Солонго, Мон Жан, Жү Юн Жү нар тус тус байр эзэлсэн байна.

14 дүгээр сургуулийн 12 “Б” ангийн сурагч Т.Хишигдэлгэр: “Манай ангийн багш энэ тэмцээний талаар бидэнд дуулгасан. Энэхүү зохион бичлэгийн сэдвийг сонсоод шууд л манай монголчууд нүүдэлчин ард түмэн хөрш гэдэг зүйл маш чухал гэдгийг мэддэг юм. Тиймээс Монгол улсынхаа онцлог болсон нүүдэлчин ахуй соёл, мал аж ахуйтай холбон хөрш гэдэг үгийг гаргаж ирэхийг оролдсон” гэв.


Монгол-Хятадын Найрамдал сургуулийн сурагч Б.Энхжин: “Хятад хэлийг суралцаад долоон жил болж байна. Миний хувьд Хятад улс маш сонирхолтой улс гүрэн шиг санагддаг. Түүнээс гадна би бичих сонирхолтой. Тиймээс энэ уралдаанд өөрийн сонирхолын дагуу оролцсондоо маш их баяртай байна”  гэлээ.

Б.АМИРДАА

WWW.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ану(64.119.24.141) 2018 оны 11 сарын 18

Үнэхээр сэтгэл өнөдөр байна Манай сургуулийн ангийн охин миний найз 1 дүгээр байранд орсонд баяртай бн аа

0  |  0
Top