Б.Галсанжамц: Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй заалт шинээр орсон

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг ирэх арваннэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдөхөөр болсонтой холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын Ахлах мэргэжилтэн, хошууч Б.Галсанжамцаас тодрууллаа. 

-Ирэх арваннэгдүгээр сараас эхэлж мөрдөгдөх Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм хамгийн анх 1925 онд аливаа гал ус, уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэх талаар батлагдаж байсан. Үүнээс хойш 12 удаа шинэчлэн найруулга хэлбэрээр өөрчлөгдсөн.

Энэхүү дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцөлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Өнөөдөр хэрэгжиж байгаа дүрэм 23 бүлэг 165 зүйл заалт, гурван хавсралттай. Харин шинэчилсэн найруулгаар 7 бүлэг 224 зүйл заалт, дөрвөн хавсралттай болгож өргөссөн. Гэхдээ шинэ дүрэм журам гэж ойлгож болохгүй. Ерөнхийдөө байсан зүйлийг энгийн байдлаар зохицуулсан. Мөн шаардлагатай зүйлийг нэмж оруулсан байгаа.

-Нийт хэдэн заалтад өөрчлөлт оруулсан бэ?

-Нийт 60 гаруй заалт шинээр орсон байгаа.

-Шинээр мөрдөгдөх  дүрэм өмнө нь батлагдсан хууль дүрэмтэй хэрхэн уялдаж байгаа вэ?

-Дүрэм нь Монгол Улс нэгдэж орсон гэрээ, конвенцод болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн үндсэн агуулгатай нийцэж байх ёстой. Мөн нийгэмд үүсч байгаа асуудал болон хөгжлийг дагаж сайжирч байх хэрэгтэй.

Тэр дундаа зам тээврийн ослоор хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудлыг зохицуулах үндсэн үүрэгтэй. Дүрмийг шинэчлэн найруулах хэд хэдэн үндэслэл байгаа. Тухайлбал, Замын дохио, тэмдгийн тухай конвенцуудтай нийцүүлж, зарим тэмдгүүдийг оруулах шаардлагатай байгаа. 2015 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Тэгэхээр энэ агуулгатайгаа дүрмийг нь нийцүүлэх шаардлагатай.

Мөн бусад салбар хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг дүрэмд тусгах шаардлагатай. Тухайлбал, Төмөр замын тухай хууль, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон Тусгай дуут дохио хэрэглэх журам гэсэн хэм хэмжээнүүдийг дүрэмтэй уялдуулах шаардлагатай. Манай улсын хувьд зам тээврийн осол маш их гардаг. Жилдээ 50 хүүхэд зам тээврийн ослоор нас барж байна. Энэ нь нийт нас баралтын 10 хувийг эзэлдэг. Гадны орнуудад хүүхдийн нас баралтыг “тэг” болгохоор ажиллаж байна. Зарим орнууд “тэг” болгож чадаж байна. Иймээс бид хүүхдийнхээ аюулгүй байдлыг онцгой анхаарах шаардлагатай.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Замын хөдөлгөөний дүрэмд орж буй өөрчлөлтүүдийг ЭНД дарж үзнэ үү

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.218.182) 2018 оны 09 сарын 11

TSUSAAR BICHIGDSEN DUREM GEJ YARDAG SHUUD HUULCHIHGUI

0  |  0
Зочин(202.179.11.10) 2018 оны 09 сарын 11

шинэчилсэн дүрмийг бүрэн эхээр нь хаанаас унших болох вэ?

0  |  0
Top